Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 2024/ШЦТ/350

 

 

 

 

 

 

 

   2024            3              21                                         2024/ШЦТ/350  

 

     

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

      Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхбаатар даргалж, шүүгч Ц.Амар, Л.Баатар нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Жавхлан,

улсын яллагч А.Намдаг, иргэдийн төлөөлөгч С.Мөнхжаргал,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.***, түүний өмгөөлөгч Д.Жаргал,

шүүгдэгч Д.***, түүний өмгөөлөгч Ц.Батзаяа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.***д холбогдох эрүүгийн 2308 00000 1164 дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1959 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Увс аймагт төрсөн, 64 настай, эрэгтэй бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, эхнэрийн хамт, Сонгинохайрхан дүүрэг *** тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,

  *** /РД:***/,

 

Холбогдсон хэргийн талаар:

   Шүүгдэгч Д.*** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 6 дугаар сарын 19-ний өдөр *** тоотод Д.***тай маргалдан, зодолдож улмаар хохирогчийн цээжин тус газарт нь хутгалж хүнийг алсан хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 1016а дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд болон хохирлын талаарх баримтууд, мөн 2хх108-212, 1хх57, 60, 61-64, 84-88, 162-163, 200-201, 204-205, 2хх7, 34, 139-141 талд авагдсан баримтууд, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэлээ.  

 

Гэм буруутайд тооцох тухайд: шүүгдэгч Д.***: 

1. Шүүх хуралдаанд шүүгдэгч Д.*** гэм буруугаа хүлээн зөвшөөрч оролцсон бол, түүний өмгөөлөгч эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон. 

2. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч улсын яллагчийн байр суурийг дэмжиж, мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид учирсан сэтгэл санааны хохирол болон гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлыг төлүүлэх байр суурьтай оролцсон.

3. Шүүхийн иргэдийн төлөөлөгч шүүгдэгчийг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэсэн дүгнэлт гаргажээ.

4. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд, талуудын мэтгэлцээн, шүүх хуралдаанд гаргасан талуудын тайлбар, мэдүүлэгт дүгнэлт хийн улсын яллагч, шүүхийн иргэдийн төлөөлөгчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Д.***г хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна. 

5. Хэргийн үйл баримтыг сэргээн тогтооход: 2023 оны 6 дугаар сарын 19-ний өдөр *** тоот шүүгдэгч Д.***гийн гэрт амь хохирогч Д.***, шүүгдэгч Д.*** нар нь хамтдаа согтууруулах ундааны зүйл уусан. Улмаар хоорондоо маргалдан амь хохирогч Д.*** шүүгдэгч Д.***г нүүр тус газарт гараараа цохиж зодсон, үүнд уурлан шүүгдэгч нь хохирогчийн цээжинд хутгалж, цээжний хөндий нэвтэрч уушги гэмтээсэн шархны улмаас цээжний хөндийд цус алдаж, хохирогч нас барсан үйл баримт тогтоогдлоо.  

Энэ нь шуурхай удирдлагын тасгийн дуудлагын лавлагааны хуудаст “эрэгтэй хүн цээжиндээ хутгалуулсан байдалтай ухаангүй байна, гудамжны буланд нэг хүн орилоод байна, хутгалсан хүн нь байж магадгүй” гэсэн дуудлага /1хх2/, “*** /34н, эр/ цээж, дал, өвдөг тус газраа хоёр удаа хутгалуулан ирсэн, биеийн байдал нь хүндэвтэр байж байгаад нас барсан” гэсэн дуудлага /1хх3/, хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургууд /1хх5-23/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх24-29/, эргүүлийн офицерын энгийн камерын бичлэг, түүнд үзлэг хийсэн тухай тэмдэглэлд амь хохирогч нас барахаасаа өмнө “...манай баз хүргэн ах болох *** нь намайг хутгалчихсан...” гэж хэлснийг тусгасан, холбогдох гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх46-53/,

- гэрч Ч.***ын “...22 цагийн үед би гэр рүүгээ орж явахад ***гийн доод талын айлын хашааны гадаа эрэгтэй хүн цус болсон хэвтэж байсан ба *** гэр рүүгээ хутга барьчихсан орж явсан. Тэгээд манай хөрш айлын хүн цагдаа болон эмнэлгийн байгууллагад дуудлага өгсөн...” гэсэн мэдүүлэг /1хх66/,

- гэрч Э.***ын “...2023 оны 6 дугаар сарын 19-ний орой 22 цаг 04 минутын үед гэж санаж байна Сонгинохайрхан дүүргийн *** тоотын гадна 103 түргэн тусламжийн машин ирчихсэн эмч анхны тусламж үзүүлээд байж байсан бөгөөд манай эргүүлийн офицер дэслэгч Ө.*** нь түргэний машин дотор орж хохирогчтой ярилцаж байсан. Тухайн үед би машины гадаа хаалганы хажууд зогсож хамтрагчийн аюулгүй байдлыг хамгаалж байгаад ярилцаж байгаа талаар нь сонсоход хохирогчийн овог нэрийг асуухад *** гэх бөгөөд хэн өөрийг нь хутгалсан талаар асуухад “Манай баз хүргэн *** намайг хутгалсан" гэж хэлснийг сонссон бөгөөд хэлсэн үгийг нь манай эргүүлийн офицер бид хоёр сонсоод шууд дуудлага мэдээлэл өгсөн тоот руу тухайн сэжигтэн этгээдийг олж тогтоон баривчлахаар орсон юм. Тэгэхэд хашаа руу нь явж ороход үүдэнд хар өнгийн Акуа маркийн авто машин байсан гэж санаж байна, аваар нь асчихсан урд талын хоёр хаалга онгорхой урд салхины шил нь хагарсан байдалтай дотор нь нүүр болон өмсөж байсан хөх өнгийн футболк нь битүү цус болчихсон байдалтай хөл нүцгэн буурал үстэй нэлээн согтуу байдалтай хүн сууж байсан. Тухайн үед эргүүлийн офицер Ө.*** бид хоёр шууд машинаас буулган гавлаад байшин руу авч ороод хохирогчийн хутгалсан гэх хутгыг хайж байгаад байшингийн зүүн талын буланд газар хар өнгийн иштэй өргөн хутга хэвтэж байсан. Тэгээд эргүүлийн офицер бид хоёр сэжигтнийг машинд суулгаж хэлтсийн бүрэлдэхүүнийг хэргийн газарт иртэл хамгаалалт авч ажиллаж жижүүрийн бүрэлдэхүүн ирж үзлэгийг хийж эхлэхэд сэжигтэн этгээдийг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан учир эрүүлжүүлэхээр эрүүлжүүлэхийн цагдаа жолоочид хүлээлгэн өгч эрүүлжүүлсэн...” гэсэн мэдүүлэг /1хх71/,

- гэрч А.***ын “...Би 2023 оны 6 дугаар сарын 19-ний орой 21 цагийн үед гэж санаж байна, гэртээ эхнэр, дүүгийн хамт зурагтаар кино үзээд сууж байсан юм. Тухайн үед Тулгаа гэх манай нэг гудамжны залуу Төгсөө ахаа, Оюунаа эгчээ гэж орилж хашхираад эхнэр бид хоёрыг дуудсан юм. Тэгэхэд нь би эхнэрийн хамт шууд гүйгээд хашааны онгорхой дутуу барьсан хэсэгт очиход Тулгаа энд хүн уначихсан хэвтэж байна гэж хэлээд Тулгаа утасныхаа гэрлийгээ асаагаад бид гурав харахад хэн болох нь мэдэгдэхгүй нүүр болон цээж хэсэг нь битүү цус болчихсон хүн хэвтэж байсан бөгөөд манай эхнэр шууд эмнэлгийн болон цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн. Түүнээс хойш тусламж ирэх хүртэл хохирогчоос би "Чи зүгээр үү" гэж асуухад .."Би зүгээр цагдаа, түргэн битгий дуудаарай *** ах намайг хутгалчихаар нь амиа аврахын тулд гэрээс нь гараад зугтчихсан юм" ... гэж хэлээд хэвлий хэсгээр өвдөөд байна гээд газарт хэсэг хоёр тал руугаа өнхрөөд байсан. Удалгүй түргэн тусламжийн машин ирээд хохирогчийг машин дотор оруулж хэвтүүлэх үед цус их алдаж байсан бөгөөд Тулгаа нь "Энэ хүн чинь ***гийн хүргэн *** байна шүү дээ" гэж надад хэлээд машинд оруулахад цагдаа нар ирчихсэн эхнэр бид хоёроос мэдүүлэг авна гэж хэлэхээр нь бид хоёр гэр лүүгээ очиж хүлээж байгаад жижүүрийн бүрэлдэхүүн ирэхэд хохирогч ***гийн худ болох Урнаа гэх хүнийг дуудаж өгөөд эхнэрийн бие өвдөөд байхаар нь гэртээ харьж унтаж амарсан...” гэсэн мэдүүлэг /1хх74/, цогцост хийсэн шүүх шинжилгээний дүгнэлт, гэрэл зургууд /1хх84-95/, болон шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэсэн мэдүүлэг /1хх200/ зэргээр нотлогдон тогтоогдож байна. 

6. Цогцост хийсэн шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 7 дугаар сарын 18-ний өдрийн 1723 дугаартай дүгнэлтэд “...Талийгаачийн цогцсын шинжилгээгээр цээжний баруун талд далны шугамаар 7, 8-р хавирганы завсраар 8-р хавирганы дээд ирмэгээр, цээжний хөндий рүү нэвтэрч, баруун уушгины доод дэлбэнг хавж нэвт гарсан шарх, цээжний баруун талын 5, 6-р түвшинд суганы дунд шугамаар, цээжний зүүн талын 5-6-р хавирганы түвшин суганы дунд шугамаар шарх, баруун өвдөгний шарх, зүүн өвдөгний өнгөц шарх, духанд зулгаралт, цус хуралт, дээд уруулд, хүзүү, хоёр тохой, баруун өвдөгний зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Талийгаач нь дээрх цээжний хөндий нэвтэрч уушги гэмтээсэн шархны улмаас цээжний хөндийд цус алдаж нас баржээ. Дээрх цээжний хөндий нэвтэрсэн шарх нь гэмтлийн хүнд зэрэгт бусад шарх гэмтлүүд нь дан дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт, бусад зулгаралт, цус хуралт гэмтлүүд нь тус тус гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Талийгаачийн цогцост хийсэн шинжилгээгээр үхэлд хүргэх архаг хууч өвчин илрээгүй. Талийгаачийн цусанд 3.3 промилли спиртийн агууламж илэрсэн нь согтолтын хүнд зэрэгт хамаарна. Цусанд мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй. 01 бүлгийн цустай байна. Талийгаачид эмнэлгийн тусламж үзүүлсэн талаарх эмнэлгийн бичиг баримт илрээгүй байна..” /1хх84-95/ гэж үхлийн шалтгааныг тодорхойлжээ. Түүнчлэн хэргийн материалаар хийсэн шүүхийн эмнэлгийн шинжээчийн 1122 дугаартай дүгнэлтэд “талийгаач Д.***д эмнэлгийн тусламж үзүүлээгүй байна. Д.***д эмнэлгийн зохих тусламж үйлчилгээ үзүүлсэн ч  амь насыг аврах боломжгүй байжээ” гэжээ. /2хх145-149/

7. Хэргийн үйл баримтыг улсын яллагч үндэслэлтэй тогтоосон байх ба гэрч нарын мэдүүлэг, хэргийн газрын үзлэг, тэмдэглэл, цагдаагийн алба хаагчийн энгэрийн камерын бичлэг, түүнд үзлэг хийсэн тэмдэглэлүүд, цогцост үзлэг хийсэн болон шүүх эмнэлгийн дүгнэлтүүд нь харилцан нэгнээ нотолсон, нотолбол зохих байдал бүрэн тогтоогдсон гэж дүгнэв. Өөрөөр хэлбэл шүүгдэгчийн хохирогчийг хутгалсан үйлдлийн шууд шалтгаант холбоогоор амь хохирогч цээжний хөндий нэвтэрч уушги гэмтээсэн шархны улмаас цээжний хөндийд цус алдаж амь насаа алдсан, эмнэлгийн зохих тусламж, үйлчилгээ авсан ч амь насыг аврах боломжгүй байжээ.

8. Шүүгдэгч Д.*** нь намайг түрүүлж цохиж унагаасан, зодоод байсан гэж хэлэлцүүлэгт мэдүүлсэн бөгөөд шүүх эмнэлгийн шинжээчийн 8064 дүгнэлтэд “Д.***гийн биед 2 нүдний зовхины цус хуралт, зүүн шанаа, зүүн бугалганы цус хуралт, нуруу, зүүн шуу, өвдөгийн зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Учирсан гэмтлүүд тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэжээ. /1хх162-163/ Хэргийн нөхцөл байдлын хувьд амь хохирогч Д.***, шүүгдэгч Д.***  нар нь их хэмжээний согтолттой, амь хохирогч шүүгдэгчийг түрүүлж зодож цохисон, улмаар шүүгдэгч нь уурлан хутгалсан нөхцөл байдал тогтоогдсон ба шүүгдэгч талаас гэм буруугийн талаар маргаагүй байна.   

9. Эрүүгийн эрх зүйн онолд гэм буруугийн санаатай хэлбэрийг дотор нь шууд санаатай болон шууд бус санаатай гэсэн төрөлд хуваан авч үздэг. Шууд болон шууд бус санаа хэлбэрийн хувьд аль аль нь гэмт этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгэмд аюултай шинжийг ухамсарласан байдаг, оюун санааны шинжээрээ адилхан. Харин шууд санаа нь гэмт этгээд үйлдлийнхээ хор уршгийг мэдэж, хүсэж буюу үр дүнг чухалчилж түүнд хүрэхийн тулд идэвхтэйгээр үйлдлээ хэрэгжүүлсэн байдаг бол, шууд бус санааны хувьд зөвхөн хор уршиг учрах боломжтойг урьдаас мэдсэн ч түүнийг чухалчилдаггүй, үйлдлээрээ түүнд хүргэсэн, хор уршигт “яасан ч яахав” гэсэн идэвхгүй байр сууринаас хандсан байдгаараа ялгагддаг онцлогтой.  

Дээрх тохиолдолд шүүгдэгч нь амь хохирогчтой маргалдан түүнд зодуулсандаа уурлан цээж хэсэгт хутгалсан, мөн хутгаар зүүн, баруун суга, өвдөг зүсэгдсэн шарх үүссэн зэргээс хүний эрүүл мэнд, амь насны халдашгүй байдалд халдаж буй хууль бус үйлдэл болохоо ухамсарлаж үйлдсэн буюу уг үйлдлийн улмаас бусдын амь насанд хохирол учрахыг мэдэж, хүсэж үйлдсэн, үйлдлээ зориуд хэрэгжүүлсэн гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдлээ хэрэгжүүлсэн гэж дүгнэлээ. Мөн түүний их хэмжээний согтолттой, үйлдлээ сайтар санахгүй байгаа нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх, хөнгөрүүлэх үндэслэл болохгүйг дурдах нь зүйтэй.

10. Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Д.***г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал. 

11. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар үйлийн 1, 2 дахь хэсэгт Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас  хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө... зэрэгт шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцох,  гэмт хэрэг үйлдэж  хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор  уршигт тооцохоор, шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг мөнгөн дүнгээр тооцож, тогтооно гэж заасан.

12. Шүүгдэгч Д.*** нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид гэм хорын хохирол болох оршуулгын зардалд 16.100.000 төгрөг төлснийг талууд харилцан зөвшөөрсөн болно.  

13. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс зан үйлтэй холбоотой зарим баримт бүрдүүлэх боломжгүй зардал болон 49 хоног хураасны зардал 10.897.600 төгрөг, үүн дээр  хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид учирсан сэтгэл санааны хохиролд 99.000.000 нэхэмжилж байна гэжээ.

14. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс сэтгэл санааны хохирлыг Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт заасныг үндэслэн нэхэмжилсэн. Иргэний хуулийн 511 дүгээр зүйлд эдийн бус гэм хорыг арилгахтай холбоотой хуулийн өөрчлөлт орсон. Гэхдээ 2022 оны 12 сарын 23 өдрийн Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын 80 дугаар зүйлийн 80.6 дахь хэсэгт “Сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой Шүүх шинжилгээний тухай хууль болон дагалдах бусад хуулийн зохицуулалтыг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.” гэж зааснаас үзэхэд Иргэний хуулийн эдийн бус гэм хорын зохицуулалтын нэмэлт өөрчлөлтийг мөн адил 2023.07.01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр хуульчилжээ. 

Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Хуульд зааснаас бусад тохиолдолд иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэхгүй” гэж заасан нь Иргэний хууль тогтоомжийг хүчин төгөлдөр болсон үеэс үүссэн эрх зүйн харилцааг зохицуулахад хэрэглэнэ гэсэн агуулгыг илэрхийлэх бөгөөд үүний цаад зорилго нь нийгмийн харилцааны тогтвортой байдлыг хангахад чиглэдэг байна. Шинээр батлагдсан хууль тогтоомжид буцаан хэрэглэх нөхцөлийг тусгасан, эсхүл гэрээний үүргийн талаар илүү тааламжтай журмыг тогтоосон бол Иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэх боломжтой бөгөөд эдгээрээс бусад тохиолдолд дээрх ерөнхий зарчим үйлчилнэ.[1]

Иймд Сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой Шүүх шинжилгээний тухай хууль болон Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өмнөх харилцаанд үйлчлэх талаар заагаагүй тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэл санааны хохирол нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

15. Мөн хэрэгт авагдсан /1хх231-2хх06, 2хх109-111/ хохирлын баримтаас нотлох баримтын шаардлага хангасан баримтыг шүүх үнэлж хохирлын үнийн дүнг тогтоодог бөгөөд нотлох баримтын шаардлага хангахгүй баримтгүй, нотлох баримтын шаардлага хангаагүй тамга тэмдэггүй баримтыг нэхэмжлэлийн үнийн дүнгээс хасаж тооцоход нийт 15.751.340 төгрөгийн хохирлын баримттай зардал хэрэгт авагджээ. /1хх231-2хх06 тал 13.250.130 төгрөгийн, 2хх109-111 тал 2.501.210 төгрөгийн/ Тиймээс шүүгдэгч талаас 16.100.000 төгрөг төгрөг төлсөн, баримттай зардлыг төлсөн гэсэн дүгнэлтийг хүлээн авч, хэрэгт авагдсан баримтын хэмжээнд хохирол төлсөн гэж дүгнэв.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

16. Улсын яллагчаас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлтийг гаргасан бол хохирогчийн хууль ёсны төлөөлөгч “улсын яллагчтай санал нийлэхгүй, ял хөнгөдөж байна гэсэн бол” , түүний өмгөөлөгч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг хэрэглэх үндэслэлгүй гэсэн дүгнэлт гаргасан.

17. Шүүгдэгчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: Шүүгдэгч Д.*** нь гэм буруугаа анхнаасаа хүлээдэг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулаагүй, хохирол төлсөн, тохиолдлын шинжтэй гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлснийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх  дүгнэлт гаргасан.

18. Шүүгдэгч Д.*** нь хэрэг хариуцах чадвартай болохыг Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 532 дугаартай Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлтээр /1хх99/ тогтоосныг дурдах нь зүйтэй.

19. Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэхээр урьдаас тооцож төлөвлөсөн шинжгүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, баримтын хэмжээнд хохирол төлсөн, хэргийн нөхцөл байдлын хувьд хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн гэх үндэслэл тогтоогдсон. Учир нь амь хохирогч нь согтуурсан үедээ ахмад настай хүнийг нүүр тус газарт цохиж, зодон маргаан эхлүүлсэн байх тул энэ талаарх шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлт үндэслэлтэй гэж үзсэн. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.4 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

20. Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд согтуугаар хүний амь хохироосон үйлдлийн шинж байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар их, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалтай зэргийг харгалзан үзлээ.

21. Хүнийг алах гэмт хэрэг нь 8 жилээс 15 жил хүртэл хугацаагаар хорих ялтай хүнд гэмт хэрэг бөгөөд хэргийн нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд хорих ялыг хөнгөрүүлэн оногдуулах үндэслэл, журмыг шүүх хэрэглэх үндэслэлгүй гэж дүгнэсэн.

22. Иймд шүүгдэгч Д.***гийн хувийн байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэн нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 9 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах нь түүний гэм буруутай үйлдэлд тохирно гэж дүгнэв.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн байдал, хувийн байдлыг харгалзан нээлттэй хорих байгууллагад ялыг эдлүүлэхээр тогтоов.

 

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

23. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий 1 ширхэг дискийг хэрэгт хавсарган хадгалж, мөн хураагдан ирсэн цагаан өнгийн болон хар өнгийн бариултай хутга 2 ширхгийг тогтоол хүчин төгөлдөр болсны дараа устгуулахаар Эд мөрийн баримт устгах комисст шилжүүлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.

24. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.***гийн шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан болон цагдан хоригдсон /2023.6.20-2023.8.18, 2хх43/ нийт 59 хоногийг түүний эдлэх хорих ялд оруулан тооцох нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ***г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Д.***г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 9 /ес/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн баривчлагдсан, цагдан хоригдсон нийт 59 /тавин ес/ хоногийг түүний эдлэх хорих ялд оруулан тооцсугай.    

5. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан гэм хор нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий 1 ширхэг дискийг хэрэгт хавсарган хадгалж, мөн хураагдаж ирсэн цагаан өнгийн болон хар өнгийн бариултай хутга 2 ширхгийг тогтоол хүчин төгөлдөр болсны дараа устгуулахаар шүүхийн Эд мөрийн баримт устгах комисст шилжүүлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн түүнийг цагдан хорьсугай.

8. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  М.МӨНХБААТАР

    

 

      ШҮҮГЧИД                                  Ц.АМАР

 

                                           

                                                                     Л.БААТАР

 

[1] Улсын Дээд шүүхийн 2024.02.21-ний өдрийн №17 тогтоол,