| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Багашарын Азбаяр |
| Хэргийн индекс | 102/2020/03963/И |
| Дугаар | 102/ШШ2021/00751 |
| Огноо | 2021-03-23 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 03 сарын 23 өдөр
Дугаар 102/ШШ2021/00751
| 2021 оны 03 сарын 23 өдөр | Дугаар 102/ШШ2021/00751 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б.Э /РД:00000/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Т.Б /РД:00000/-д холбогдох,
1,800,000 төгрөг гаргуулах, нэхэмжлэгч Б.Э-д холбогдох 2,200,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Э, хариуцагч Т.Б, гэрч Т.Пүрэвсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Лхамсүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т.*******тэй 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр зайрмаг худалдаалах ТҮЦ машин mibet хөлдөөгчөө худалдах, худалдан авах гэрээ байгуулж 2020 оны 7 сарын 02-ны өдөр Т.*******гээс 2,000,000 төгрөг авч, үлдэгдэл 1,800,000 төгрөгийг 2 хувааж 7 сарын 18-ны өдөр 1,000,000 төгрөг, 8 сарын 03-ны өдөр 800,000 төгрөгийг авахаар гэрээнд тусгаж харилцан тохиролцсон. Т.*******гийн дүүтэй ярилцаад, надад зарах ТҮЦ байгаа. Үйл ажиллагаа явуулахаар ашигтай байдаг, хямдхан зармаар байна чи сонирхох уу гэж асуутал манай эгч сонирхож магадгүй асуугаад үз гэж хэлсэн. Т.*******тэй утсаар яриад, уулзаж тохиролцоод наймаа хийхээр болсон. Би урьдчилгаа 2,000,000 төгрөгийг нь өгье, үлдэгдэл 1,800,000 төгрөгийг нь 10 хоногийн зайтай өгөхөөр тохиролцсон. Манай дүүгийн гэрт очиж, хөргөгч, зайрмагийн машиныг үзэж, шалгаад худалдаж авахаар болсон. Бэлхэд байсан ТҮЦ-ийг мөн үзээд худалдаж авахаар болсон. Өөр худалдаж авах хүмүүс байгаа, чи яг мөнгө өгнө биз гэж асуухад би хэлсэн, ярьсандаа байна гээд худалдаж авсан. Үүний дараагаар очиж уулзахаар олон шалтаг хэлж байсан. Хариуцагчийн дэлгүүрт хулгай орсон гэтэл намайг хулгайлсан гэх зэргээр дүү нь хэлээд, надаас зугтаагаад байсан. Би байшин барьж байгаа надад хүн хүч хүрэлцэхгүй байгаа учраас ТҮЦ-ээ зарж байгаа гэдгийг тухайн үед хэлсэн. ТҮЦ-ийг огт ажиллуулаагүй гээд байгаа. Манай ахад очин ашиг олохгүй байна гэж хэлсэн байсан. Би бүх зүйлийг зааж өгсөн гэхдээ цахилгаан болон мэргэжлийн хяналтын байгууллагыг аргалж өгнө гэж хэлээгүй. Мөнгөө нэхэхээр хэл, амаар доромжлоод, шүүх цагдаагийн байгууллагад ханд гэж хэлдэг. Иймд 1,800,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Т.******* шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Т.******* миний бие 2020 оны 07 сарын 02-ны өдөр Б.*******гаас зайрмаг худалдаалах зайрмагны машин, хөлдөөгч худалдан авч гэрээ хийсэн. 2020 оны 07 сарын 18-ны өдөр 1,000,000 төгрөг, 2020 оны 08 сарын 03-ны өдөр 800,000 төгрөг өгөхөөр тохиролцсон. Б.*******гаас худалдан авсан ТҮЦ нь сэндвичээр хийгдсэн учир хүнсний үйлдвэрлэл буюу эрүүл ахуйн шаардлага хангахгүй, зайрмагны машины араас нь тос гоождог гэх шалтгааны улмаас өдийг хүртэл ашиглаагүй. Баянгол дүүргийн эрчим хүч цахилгаан залгаж өгөөгүй, сүүн зайрмагны ТҮЦ-нд зөвшөөрөл өгөөгүй, Баянгол дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтэс нь сэндвичэн ТҮЦ-нд хүнсний үйлдвэрлэл, худалдаа эрүүл ахуйн шаардлага хангахгүй гэх шалтгаанаар өнөөдрийг хүртэл нэг удаа ашиглаагүй болно. 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс хойш энэ талаар Б.*******д удаа дараа хэлсэн. Мөнгөө авч худалдан авсан бүтээгдэхүүнээ буцаах санал гаргасан боловч өдийг хүртэл аваагүй. Иймд Б.*******гаас 2,200,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Т.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Б.******* гэх хүнийг танихгүй. Хаанаас намайг олж мэдсэнийг нь мэдэхгүй байна. Манай дүүтэй очиж уулзаад, ТҮЦ-ийг байрлуулж, үйл ажиллагаа явуулах аргыг нь зааж өгнө гээд миний утасны дугаарыг авсан байсан. Манай дүү тухайн үед над руу залгаад, ТҮЦ нь бэлэн, зайрмагийн машин, хөлдөөгч зэрэг байгаа юм байна. Утасны дугаарыг чинь асуугаад олон удаа орж ирээд байна утасны дугаарыг чинь өгчих үү гэж асуухаар нь өг гэж хэлсэн. Дүүгээрээ дамжуулж нэхэмжлэгчтэй уулзаж байсан. Энэ хүн 2-3 өдөр утсаар ярьсан учраас уулзаад зайрмагийн машин, хөлдөөгчийг нь үзэхэд худалдаж аваад удаагүй шинэ хөлдөөгч байсан. Дараа нь ТҮЦ-ийг очиж үзсэн. Надад зээл авсан мөнгө байсан. Нэхэмжлэгч надад тэр болзлыг өөрөө эхэлж тавьсан. 10 хоногийн зайтай мөнгөө төлөхөөр болсон. Өдөрт 200,000-300,000 төгрөгийн ашигтай байдаг. ТҮЦ-д суух хүнээ олчихвол болдог, ашигтай гэж хэлсэн учраас нэхэмжлэгчийн хэлсэн хугацаагаар тохиролцсон. Надад цааш нь судлаад, үзэх цаг зав байгаагүй учраас 2-3 цагийн хооронд гэрээ байгуулж, уг асуудлыг шийдсэн юм. 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр урьдчилгаа мөнгөө өгчхөөд, наадмын дараа 07 дугаар сарын 12-ны өдөр очиж ТҮЦ-ийг авсан. ТҮЦ худалдаж авснаас хойш огт ажиллуулаагүй, цахилгаан татаагүй, зөвшөөрөл өгөхгүй байгаа. Үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг улсаас олгохгүй байгааг нь мэдэхгүй нэхэмжлэгчээс худалдаж авсан нь буруу болсон гэжээ.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Т.*******д холбогдуулан 1,800,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч 2,200,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гарган маргажээ.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Б.*******, хариуцагч Т.******* нар шүүхэд ...2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 2х2 хэмжээтэй ТҮЦ, зайрмагны машин, хөлдөөгчийг нийт 3,800,000 төгрөгөөр худалдах-худалдан авахаар харилцан тохиролцож, нэхэмжлэгчээс ТҮЦ, зайрмагны машин, хөлдөөгчийг хариуцагчид шилжүүлэн өгч, хариуцагч төлбөрөөс 2,000,000 төгрөгийг төлсөн гэж тайлбарлажээ.
Хариуцагч нь нэхэмжлэгчид 1,800,000 төгрөгийг төлөхөөс татгалзаж, төлбөрт төлсөн 2,000,000 төгрөг, ТҮЦ зөөхөд гарсан зардал 200,000 төгрөгийг буцаан гаргуулах сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ ...нэхэмжлэгч нь ТҮЦ байрлуулах газар олж өгөхөөр тохиролцсон боловч газар олж өгөөгүй, ТҮЦ-нд зайрмаг хийх, худалдах зөвшөөрлийг эрх бүхий байгууллагаас олгоогүй, олгохгүй гэсэн тул үйл ажиллагаа явуулж чадаагүй хэмээн тайлбарлажээ.
Зохигч 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 2х2 хэмжээтэй ТҮЦ, зайрмагны машин, хөлдөөгчийг нийт 3,800,000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар харилцан тохиролцсоноор тэдний хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн байх бөгөөд уг хэлцэл хүчин төгөлдөр байна.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасны дагуу худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.
Хэрэв талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар гэрээнээс татгалзаж, гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар харилцан буцааж өгөх, мөн хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй болно.
Зохигч хэн аль нь 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Худалдан авсан гэрээ бичгээр байгуулж, 2х2 хэмжээтэй ТҮЦ, зайрмагны машин, хөлдөөгчийг худалдах-худалдан авахаар тохирч, үнээс 2,000,000 төгрөгийг бэлэн төлж, үлдэх төлбөрийн 1,000,000 төгрөгийг 2020 оны 07 сарын 18-ны өдөр, 800,000 төгрөгийг 2020 оны 08 сарын 03-ны өдөр өгөхөөр тохирч гарын үсэг болон хээг дарж баталгаажуулж байсан болохыг үгүйсгээгүй байна.
Шүүхэд гэрч Т.Пүрэвсүрэн өгсөн мэдүүлэгтээ ТҮЦ, зайрмагны машин, хөлдөөгчийг худалдах саналыг Б.******* тавьж байсан бөгөөд байршуулах газар олж өгөх талаар ярьж байсан боловч худалдах-худалдан авах гэрээг нэхэмжлэгч Б.*******, хариуцагч Т.******* нар өөрсдөө тохиролцож байгуулсан, хэлцэл хийхэд байгаагүйг мэдүүлсэн байна.
Хариуцагч нь нэхэмжлэгчийг худалдах-худалдан авах гэрээний дагуу ТҮЦ байрлуулах газар олж өгөх үүрэг хүлээсэн, төлбөрийн үлдэгдлийг үйл ажиллагаа явуулж олсон ашгаасаа төлөхөөр тохиролцсон гэж тайлбарласан боловч энэ талаар хэрэгт авагдсан нотлох баримтгүй, гэрчийн мэдүүлэг өөр баримтаар давхар нотлогдохгүй байх тул хариуцагч хариу тайлбар, татгалзаж буй үндэслэлээ нотолж чадаагүй гэж үзэв.
Нэхэмжлэгч гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн нь тогтоогдохгүй байх тул хариуцагч гэрээг цуцалж, 2,000,000 төгрөг, гарсан зардал 200,000 төгрөгийг нэхэмжлэгчээс буцаан гаргуулахаар шаардсан нь үндэслэлгүй юм.
Харин хуульд зааснаар худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг тохиролцсон хугацаанд төлөх үүрэгтэй учир хариуцагч нь нэхэмжлэгчид 1,800,000 төгрөгийг төлөхөөс татгалзах үндэслэлгүй.
Хариуцагч нь шүүх хуралдаанд нэхэмжлэгчийг зайрмаг худалдаалахтай холбоотой тусгай зөвшөөрөл авч өгөхөөр тохиролцоогүй бөгөөд үүрэг хүлээгээгүй гэж тайлбарласныг дурдах нь зүйтэй.
Иймд хариуцагч Т.*******гээс 1,800,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.*******д олгож, нэхэмжлэгч Б.*******гаас 2,200,000 төгрөг гаргуулах тухай хариуцагч Т.*******гийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч Т.*******гээс 1,800,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.*******д олгосугай.
2.Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.*******гаас 2,200,000 төгрөг гаргуулах тухай хариуцагч Т.*******гийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Б.*******гаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 43,750 төгрөг, хариуцагч Т.*******гээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 51,500 төгрөгөөс 51,150 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 350 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж хариуцагчид, хариуцагчаас 43,750 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АЗБАЯР