Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 2024/ШЦТ/408

 

 

 

 

 

 

 

      2024            4           04                                          2024/ШЦТ/408  

 

 

 

                                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Жавхлан,

улсын яллагч Б.Одонтуяа, хохирогч Г.***, иргэний нэхэмжлэгч Г.***,

шүүгдэгч Г.*** нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэйгээр явуулсан шүүх хуралдаанаар:

Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.***д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2403 00047 0058 дугаартай хэргийг 2024 оны 3 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын Иргэн, 1987 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, ***, ам бүл 2, хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн *** тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,

  *** /РД:***/,

 

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч Г.*** нь 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 19 цаг 07 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, 26 дугаар гудамж, 42г хашааны баруун замд “Тоёота Акуа” маркийн, *** тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо явган хүний зохицуулдаггүй гарцаар гарч явсан явган зорчигч Г.***, Г.*** нарыг мөргөж, явган зорчигч Г.***ын эрүүл мэндэд нь хөнгөн хохирол, явган зорчигч Г.***ийн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2024 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 80 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд, хохирлын талаарх баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.  

 

Нэг. Гэм буруутайд тооцох тухайд: шүүгдэгч Г.***.

1. Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон болно.

            2. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлэг, гэм буруугийн дүгнэлтийг дүгнэн үзээд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлт үндэслэлтэй гэж дүгнэлээ.

3. Хэргийн үйл баримтыг сэргээн тогтооход: Шүүгдэгч Г.*** нь 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 19 цаг 07 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, 26 дугаар гудамж, 42г хашааны баруун замд “Тоёота Акуа” маркийн, *** тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1. Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна, мөн дүрмийн 16.1. Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас гарцаар гарч явсан явган зорчигч Г.***, Г.*** нарыг мөргөж, явган зорчигч Г.***ын эрүүл мэндэд нь хөнгөн хохирол, явган зорчигч Г.***ийн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол тус тус учруулсан үйл баримт тогтоогдлоо.  

Энэ нь хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, зам тээврийн осол дээр тогтоосон акт, гэрэл зургууд /хх6-15/, шинжээчийн 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 959, 961 дугаартай дүгнэлтүүд /хх33-34, 39-40/, Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас /хх35-36/,

хохирогч Г.***ийн “...2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр би төрсөн дүү ***ын хамтаар Баруун салааны замын хажуугаар явж байгаад дүүгийнхээ гэр лүү орох гээд тухайн замын явган хүний гарцаар баруунаас зүүн зүгт зам гарч байхад урдаас хойд зүгт чиглэн ирж байсан машины гэрэл гялбаал ороод ирсэн. Тэгээд эхлээд манай дүү ***ыг шүргээд намайг машиныхаа урд хэсгээр мөргөөд унагасан юм. Тэр жолооч их хурдтай ирж байсан ба тухайн үед мөргөснийхөө дараа машинаа гудам руу оруулж зогсоогоод жолооч нь бууж ирээд уучлаарай эгчээ тоормосоо гишгэж амжсангүй гэж хэлж байсан. Тэгээд манай дүү цагдаа, түргэн дуудаад жолооч намайг түшээд машиндаа оруулаад суулгасан юм. Тэгээд түргэний машин ирээд эмч нь үзээд гар нь хугараагүй байна зөөлөн эдийн гэмтэл юм шиг байна. ГССҮТ-д үзүүлж зургаа даруулж харуулаарай гэж хэлээд яваад өгсөн. Цагдаа нар ирээд үзлэг хийсний дараа ГССҮТ рүү очиж үзүүлэхэд миний зүүн гарын мөр хугарсан байна гэж хэлээд гипс тавьсан юм...” гэсэн мэдүүлэг /хх18/,

иргэний нэхэмжлэгч Г.***ын “...Би эгч Г.***ийн хамтаар 2023 оны 12 дугаар сарын 28-ны орой 19 цагийн үед автобусанд суух гэж байгаад авч явах гэж байсан халуун савтай хоолоо мартчихаад буцаад гэр лүүгээ орох гээд замын баруун талаас зүүн тал руу гарахаар явган хүний гарцаар гарч байх үед урдаас хойд зүгт чиглэн явж байсан 1 машиныг өнгөрөөчхөөд ардаас нь ирж байсан машин хол байхаар нь гарах гэхэд гэнэт л нэг гэрэл маналзаад ороод ирсэн. Тэгээд эхлээд намайг шүргээд тэр машин хажуу тийшээ болоод эгчийг мөргөөд цаашаагаа гудам руу ороод зогссон. Тэгээд жолооч нь бууж ирэх хооронд би өндийж босоод цагдаа болон түргэн дуудсан юм. Тэгээд түргэний эмч ирээд бид хоёрыг үзээд зөөлөн эдийн гэмтэлтэй байна ГССҮТ-д очиж үзүүл гэж хэлчхээд яваад өгсөн. Тэгээд цагдаа нар ирж үзлэг хийсний дараа ГССҮТ-д очиж үзүүлэхэд хөнгөн гэмтэлтэй байна гэж намайг хэлж эгчийг бол мөр нь хугарсан байна гэж хэлээд гипс тавиулсан юм...” гэсэн мэдүүлэг /хх20/, хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын эрүүл мэндэд учирсан гэмтлийг тодорхойлсон шинжээчийн дүгнэлтүүд, мөрдөгчийн магадалгаагаар нотлогдон тогтоогдож байна.

            4. Хохирогч Г.***ийн биед үзлэг хийсэн шинжээчийн 959 дугаартай дүгнэлтэд “Г.***ийн биед зүүн гарын атгаал ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй....” гэж /хх33-34/,

            Иргэний нэхэмжлэгч Г.***ын биед үзлэг хийсэн шинжээчийн 961 дугаартай дүгнэлтэд “...Г.***ын биед ууц, зүүн өгзөгт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь тухайн осол гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй....” гэж /хх39-40/ тус тус тодорхойлжээ.

            5. Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн объектив талын бүрэлдэхүүний шинж нь жолооч Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн үйлдэл болон ашиглалтын шаардлага хангаагүй тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцсоноос үүдэн осол гарсан, улмаар тухайн буруутай үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хуульд заасан хохирол учирсан байхыг шаарддаг.

6. Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн магадалгаанд “...Жолооч Г.*** нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1. Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, амын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна, 16.1. Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан гэх үндэслэлтэй байна. Явган зорчигч Г.***, Г.*** нар нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлгүй байна” /хх51/” гэжээ.

7. Дээрх тохиолдолд шүүгдэгч Г.*** нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгөөгүй зөрчил гаргаж, явган хүний гарцаар гарч байсан явган зорчигч нарыг мөргөж зам тээврийн осол гаргажээ.

9. Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Г.***ыг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас 1 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал. 

10.1. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.*** нь хохиролд баримтаар 700.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Г.*** нь хохиролд 135.000 төгрөгийг тус тус хүлээн авсан нэхэмжлэх зүйлгүй гэжээ. Мөн хохирогч Г.*** нь цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжлэх хүсэлтэй байгаа гэжээ.

10.2. Иргэний нэхэмжлэгч С.*** “...хохирогч Г.*** эрүүл мэндийн төвөөс эмчилгээ үйлчилгээ авсан байх бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 418.000 төгрөгийн зардал гарсан болох нь эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын лавлагааны баримт бичгээр тогтоогдож байна. Дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагчаас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү...” гэжээ. /хх24/,

11. Шүүгдэгч Г.***ы жолоодож явсан Тоёота Акуа маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь Дашнямын Сосорбурамын нэр дээр бүртгэлтэй боловч /хх27/ шүүгдэгч Г.***ы эзэмшил, өмчлөлийнх гэж үзэхээр байна. Учир нь тус хэрэгт иргэний хариуцагч Д.Сосорбурам мэдүүлэхдээ “...уг машиныг миний нэр дээр авсан боловч *** унаж явдаг юм. Салахаасаа өмнө бид хоёр авч байсан бөгөөд одоо ***ы өөрийнх нь машин байгаа юм. Нэр дээрээ шилжүүлж ав гэхээр авахгүй байгаа. Би хохирлыг төлж барагдуулахгүй. Буруутай этгээд төлж барагдуулна...” гэжээ. /хх30/,

12. Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй”, 505.2 дахь хэсэгт “Гэм хор учруулах үед хохирогч цалин хөлс, орлогогүй байсан бол тэрээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй хэмжээний нөхөн төлбөр шаардах эрхтэй”,

Мөн хуулийн 228 дугаар зүйлийн 228.3 дахь хэсэгт “Эрүүл мэндийг хохироосноос хохирогч хөдөлмөрийн чадвараа алдсан буюу хөдөлмөрийн чадвар нь буурсан, эсхүл хэрэглээ зардал нь нэмэгдсэн бол гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд хохирогчид сар тутам мөнгө /тэжээн тэтгэхтэй холбогдсон тэтгэлэг/ төлөх замаар гэм хорыг арилгах үүрэгтэй.”, 228.4 дэх хэсэгт “Хохирогч эмчилгээний зайлшгүй зардлыг урьдчилан төлүүлэхээр гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээдээс шаардах эрхтэй” гэж тус тус заасан.

Мөн Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ” гэж, 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт “Сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах бөгөөд бусад эдийн бус гэм хорыг гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөн хэлбэрээр арилгана” гэж заасан.

13. Хохирогч Г.*** нь шүүх хуралдаанд цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн бөгөөд түүний эрүүл мэндэд учирсан гэм хорын болон сэтгэл санааны хохирлыг гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдаж байна.

14. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх заалтад “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад” нөхөн төлүүлнэ гэж заасан.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Төр, нийтийн эрх ашгийг хамгаалах шаардлагатай гэж үзвэл прокурор иргэний нэхэмжлэл гаргах, гарсан нэхэмжлэлийг дэмжих эрхтэй.” гэж заасан ба тус хэрэгт иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгчөөр Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын эрх зүйн асуудал хариуцсан мэргэжилтнийг тогтоосон нь хуульд нийцжээ. Улмаар иргэний нэхэмжлэгчээс “...манай эрүүл мэндийн даатгалын сангаас хохирогч Г.***ийн эмчилгээний зардалд зарцуулсан 418.000 төгрөгийг буруутай этгээдээс гаргуулж өгнө үү” гэж /хх24/ холбогдох баримтыг хавсаргажээ. Тус иргэний нэхэмжлэгчийн ирүүлсэн эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээний мэдээлэлд хохирогч Г.***ийн 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс хойших эмчилгээ үйлчилгээ авсан задаргаанд 418.000 төгрөг гэжээ. Тиймээс даатгалын санд нөхөн төлүүлэх зардлыг хариуцан төлбөл зохих иргэний хариуцагчаас гаргуулан 418.000 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сангийн 100900020080 дугаарын дансанд төлүүлэхээр шийдвэрлэв.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

15. Улсын яллагчаас шүүгдэгч Г.***д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжээр торгох ял оногдуулах дүгнэлт гаргасан бол шүүгдэгч нь хөдөлмөр эрхэлдэг байдлыг харгалзан ял оногдуулж өгнө үү гэжээ.

16. Хэрэгт авагдсан нотлох баримтаас шүүгдэгч Г.*** нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалтайд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

17. Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан, хэргийн нөхцөл байдлын хувьд гарцаар зам хөндлөн гарч байсан явган зорчигч нарыг мөргөж, нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан, нэг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг нь харгалзан үзлээ.

18. Иймд шүүгдэгчийн болгоомжгүйгээр хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хувийн байдлын хувьд хөдөлмөр эрхэлдэг зэргийг харгалзан торгох ялыг сонгон оногдуулах нь зүйтэй гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгж буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэв.

 

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

19. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.***ыг 1000 нэгж буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгчээс 418.000 /дөрвөн зуун арван найман мянга/ төгрөг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сангийн 100900020080 дугаарын дансанд төлүүлсүгэй.

5. Хохирогч нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой цаашид гарах зардал болон сэтгэл санааны хохирлыг Иргэний хэргийн шүүхийн журмаар гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдсугай.

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй /иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах эрхтэй/ болохыг мэдэгдсүгэй.

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             М.МӨНХБААТАР