Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 2024/ШЦТ/442

 

 

 

 

 

 

 

 

    2024            4           11                                          2024/ШЦТ/442              

 

 

 

 

                                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Жавхлан,

улсын яллагч С.Батгэрэл, шүүгдэгч М.*** нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.***д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2308 00692 2220 дугаартай хэргийг 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1974 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Төв аймагт төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, хувиараа барилгын ажил эрхэлдэг, ам бүл 2, найзын хамт Баянзүрх дүүргийн *** тоотод оршин суух, урьд:

- Баянхонгор аймгийн сум дундын шүүхийн 1995 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 15 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял,

- Баянгол дүүргийн шүүхийн 2002 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 167 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124 дүгээр зүйлийн 1, 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ял,

- Баянзүрх дүүргийн шүүхийн 2013 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 137 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 10 жил 01 сарын хорих ял тус тус шийтгүүлж байсан,

  *** /РД:***/;

 

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч М.*** нь согтуурсан үедээ 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 12 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн *** тоотод хохирогч Ц.***тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан толгойн тус газар нь заазуураар 1 удаа цохиж, духанд шарх, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл үүсгэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 1456 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.  

 

Нэг. Гэм буруутайд тооцох тухайд: шүүгдэгч М.***.

            1. Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон болно.

            2. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар, мэдүүлэг, гэм буруугийн дүгнэлтээс дүгнэн үзэхэд шүүгдэгч М.*** нь согтуурсан үедээ 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 12 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн *** тоотод хохирогч Ц.***тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан толгойн тус газар нь заазуураар 1 удаа цохиж, духанд шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдлоо.

            Энэ нь хохирогч Ц.***ын “Би 2023 оны 01 дүгээр сарын 31-ний орой 21 цагийн үед би танил ах болох ***гийн Сонгинохайрхан дүүргийн *** тоот гэрт нь очиж хоносон юм. Намайг ***гийн гэрт очиход Соёлт гэх нэртэй зүс таних ах байсан. Тэгээд бид 3 тухайн өдрөө унтаж амарчихаад 2023 оны 02 дугаар сарын 01-ний өглөө босоод 11 цагийн орчимд ***, Соёлт бид гурав 0,75 литрийн Хараа архи уугаад сууж байтал 12 цаг өнгөрч байхад гаднаас 2 үл таних эмэгтэй, 1 үл таних эрэгтэй нар 2 шил архи барьчихсан орж ирсэн. Тэгээд бид нар хоорондоо танилцаад архиа хувааж уугаад байж байтал гаднаас ирсэн *** гэх залуу хамт ирсэн 1 эмэгтэйгээ элдэв бусаар хэлээд доромжлоод нөгөө эмэгтэйтэйгээ хэрэлдээд байсан. Тэгэхээр нь би тухайн залууд “маргалдахаа болиочээ, эмэгтэй хүнийг янз янзаар хэлээд” гэтэл нөгөө 2 маргалдахаа больсон. Тэгээд удалгүй дахиад маргалдаад байхаар нь би ***д “болиоч чи, эр юм байж яасан арчаагүй юм, наад хэрүүлээ хийх газраа хийгээч” гэж хэлсэн чинь *** сандал дээр сууж байснаа босч ирээд над руу дайрах гээд байхаар нь *** ***ыг “боль чи, наадах чинь миний дүү байгаа юм” гээд аваад гарсан. 3-5 минутын дараа ***, *** 2 орж ирээд *** ах “Төмөрөө, Соёлт 2-оос бусад нь явцгаа гэж хэлсэн. Тэгсэн чинь *** *** ахаас уучлалт гуйгаад ахаа намайг уучлаарай би дахиж хэрүүл хийхгүй жоохон байя л даа гэж хэлсэн чинь *** за за хэрүүл хийхгүй бол яахав дээ хэсэг байж болно” гэж хэлсэн. Тэгээд бүгдээрээ ширээ тойроод сууцгаагаад юм яриад архиа тойруулж ууж байгаад хоол хийхээр болоод *** хөргөгчнөөс мах гаргаад гал тогооны шүүгээнээс бор өнгийн модон иштэй заазуур аваад ширээн дээр тавьсан байсан. Тэгээд бүгдээрээ сууцгааж байтал нэг мэдсэн миний толгойн дундуур тас гээд нэг юмаар цохих шиг болсон. Тэгээд би өндийгөөд хартал *** миний урдаас мах хэрчих гэж байсан заазуурыг баруун гартаа барьчихсан над руу дахиад дайрч байсан. Тэгэхээр нь би ***ыг цааш нь түлхсэн чинь хамт байсан Сараа гэх эмэгтэй ***ы гараас заазуурыг нь булааж авсан. Соёлт ***ыг газарт дарж хэвтсэн. Тэгсэн чинь миний толгой халуун оргиод зүүн талын хөмсөгний дээд хэсгээс нүд дараад маш их хэмжээний цус гарсан. Тэгэхээр нь би цагдаа дуудлаа гэж хэлээд ***гийн гэрээс гараад цагдаагийн хэлтэс дээр ирээд би айлд танихгүй хүнд заазуурдуулчихлаа гэж хэлсэн чинь надтай хамт 2 цагдаа ***гийн гэрт очсон. ***гийн гэрт ортол *** агсам тавиад байгаа бололтой орилж хашгираад байж байсан. Тэгээд 2 цагдаа ***ыг авч явсан. Цагдаа нар түргэн тусламж дуудаад миний толгойг үзүүлсэн чинь шарх чинь гүн байна, одоогоор 4 оёдол тавьлаа, яаралтай гэмтэл яваарай гэж хэлэхээр нь би эхнэр, хүргэн ах хоёрыгоо дуудаад гэмтлийн эмнэлэг рүү хамт явсан юм. *** нэлээн их хэмжээний согтолттой байсан. Гэнэт л ширээн дээр байсан бор өнгийн модон иштэй заазуур барьж аваад намайг заазуурдсан. Яагаад намайг заазуурдсаныг нь би мэдэхгүй” гэсэн мэдүүлэг /хх16-18/,

Гэрч Ю.***гийн "...*** согтчихоод хамт ирсэн Сараа гэх эмэгтэйгээ элдэв бусаар хэлээд доромжлоод байсан. Тэгтэл *** ***д хандан чи болиоч ээ, эмэгтэй хүнийг янз янзаар хэлээд гэж хэлсэн чинь *** хэсэг чимээгүй болсоноо дахиад Сарааг хамгийн муухайгаар янхан, гичий гээд элдвээр хэлээд байсан. Тэгтэл *** ***д “болиоч чи, эр юм байж яасан арчаагүй юм” гэж хэлсэн. Тухайн үед бид нар хоол хийж идэх гээд ширээн дээр мах гаргаад тавьчихсан, махны хажууд бор өнгийн модон иштэй заазуур байсан юм. Тэгтэл *** гэнэт босч ирээд ширээн дээр байсан бор өнгийн модон иштэй заазуурыг аваад ***ын толгойн тус газарт нь заазуурдсан. Тэгтэл Соёлт ***ыг газар дарж унаад Сараа болохоор ***ы гарнаас заазуурыг нь булааж аваад болиулсан. Тэгтэл ***ын толгой хэсгээс их хэмжээний цус гарсан, цус нь тогтохгүй байсан. Тэгээд *** би цагдаа дуудлаа гээд гараад явчихсан ба 20-30 минутын дараа *** цагдаа нартай орж ирээд ***ыг аваад явсан" гэсэн мэдүүлэг /хх28-30/,

Гэрч Д.***гийн “...пид пад гээд дугарсан. Тэгэхээр нь орноосоо босоод хартал ***ын толгойноос цус гарчихсан, ***ы баруун гарт заазуур барьсан байсан. Тэгтэл Сараа ***ы гараас заазуурыг нь булааж авсан. Би ***ыг дараад газар хэвтсэн. Тэгтэл *** муу п... намайг шаачихлаа, би цагдаа дуудна гээд гараад явсан ба 20-30 минутын дараа *** цагдаа нартай орж ирээд ***ыг аваад явсан.“ гэсэн мэдүүлэг /хх33-35/,

Шүүгдэгч М.***ы яллагдагчаар мэдүүлсэн “***тай би тухайн үед хамтран амьдарч байсан Сарантуяа гэх хүнтэй маргалдаж байтал голоор ороод миний малгайг авч шидээд “муухай хараад байна уу, алалцах уу” гээд байхаар нь миний уур хүрээд маргалдсан. *** миний биед гэмтэл учруулаагүй, ***ын биед гэмтэл учруулсан эсэхээ би их хэмжээний согтолттой байсан болохоор юу ч санахгүй байна” гэсэн мэдүүлэг /хх108/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх8/, гэмтэл согог судлалын үндэсний төвийн 2023 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн осол гэмтлийн тохиролдолыг бүртгэх хуудас /хх58/, хохирогчийн эрүүл мэндэд хохирол учирсныг тогтоосон шинжээчийн 2212 дугаар дүгнэлт зэргээр тус тус нотлогдож байна.

            3. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2212 дугаар шинжилгээний дүгнэлтэд “Ц.***ын биед духанд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд учирсан шинэ гэмтэл байна. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэжээ. /хх39-40/,

4. Хохирогчийн биед учирсан дээрх хөнгөн хохирол нь шүүгдэгчийн гэм буруугийн санаатай хэлбэрээр хохирогчийн толгойг заазуураар нэг удаа цохисон үйлдлээс шалтгаалан үүсгэгдсэн нөхцөл байдал тогтоогдож байна.

5. Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч М.***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал. 

6. Хохирогч тус гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохиролтой холбоотой баримтыг гаргаж ирүүлээгүй, сэтгэцэд учирсан гэм хорыг гаргуулахгүй гэжээ. /хх20/

7. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх заалтад гэмт “хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад” нөхөн төлүүлэхээр заасан.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Төр, нийтийн эрх ашгийг хамгаалах шаардлагатай гэж үзвэл прокурор иргэний нэхэмжлэл гаргах, гарсан нэхэмжлэлийг дэмжих эрхтэй.” гэж заасан ба тус хэрэгт иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгчөөр Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын эрх зүйн асуудал хариуцсан мэргэжилтнийг тогтоосон нь хуульд нийцжээ. Улмаар иргэний нэхэмжлэгчээс “...манай эрүүл мэндийн даатгалын сангаас хохирогч Ц.***ын эмчилгээний зардалд зарцуулсан 250.000 төгрөгийг буруутай этгээдээс гаргуулж өгнө үү...” гэж /хх113-114/ холбогдох баримтыг хавсаргажээ.    

Тиймээс даатгалын санд нөхөн төлүүлэх зардлыг хариуцан төлбөл зохих М.***аас гаргуулан 250.000 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сангийн 100900020080 дугаарын дансанд төлүүлэхээр шийдвэрлэв.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

8. Улсын яллагчаас шүүгдэгч М.***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 460 цагийн хугацаагаар нийтэд  тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлт гаргасан бол,  шүүгдэгч нь гэм буруугаа хүлээж байна гэжээ.

9. Шүүгдэгч М.***ы үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага нь “тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан ба шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалгүйг харгалзан үзлээ.

11. Иймд шүүгдэгч М.***ы гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, эрхэлсэн тодорхой ажилгүй байдлыг харгалзан нийтэд тустай ажлыг ялыг сонгон оногдуулах нь зүйтэй гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 460 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь гэм буруугийн хэлбэрт тохирно гэж дүгнэлээ.

 

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

12. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.

13. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн цагдан хоригдсон 19 хоногийг /2024.3.23-2024.4.11/ түүний эдлэх ялаас хасаж тооцох нь зөв байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.***ыг 460 /дөрвөн зуун жар/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн цагдан хоригдсон 19 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 152 цагаар тооцон түүний эдлэх ялаас хасаж эдлэх нийтэд тустай ажил хийлгэх ялын хугацааг 308 цагаар тогтоосугай.

5. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгчээс 250.000 /хоёр зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сангийн 100900020080 дугаарын дансанд төлүүлсүгэй.

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

8. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй. 

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй..

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             М.МӨНХБААТАР