Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 102/ШШ2021/00975

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 102/ШШ2021/00975

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Г.Г /РД:00000/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: НК ******* ХХК /РД:000000/-д холбогдох,

 

2020 оны 11 сарын 11-ний өдөр байгуулсан Цахим зээлийн эрх нээх тухай гэрээний тусгай нөхцөл: Хувь хүний зээлийн шугамын 3 дугаар хэсгийн хүү тохиролцсон хэсгийг хүчингүйд тооцуулах, зээлийн хүү, шимтгэлд төлсөн 3,775 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Мөнхдөлгөөн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Батхуяг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Лхамсүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Г.*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Мөнхдөлгөөн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* Кредит ******* ХХК нь гар утасны numur аппликейшнээр дамжуулан зээл олгодог банк бус санхүүгийн байгууллага юм байна. Миний бие ******* Кредит ******* ХХК-тай 2020 оны 11 сарын 11-ний өдөр Цахим зээлийн эрх нээх тухай гэрээг байгуулсан. Гэрээг байгуулахдаа уг компанийн Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 2-р хороо, 2-р хороолол, Энхтайваны өргөн чөлөө, Гранд плаза цогцолбор, 8 давхарын 806 тоот хаягт байгуулахаар очсон. Намайг очиход уг байранд байрлах Киоск машин дээр очоод байгуулчихаж болно гэж уг байгууллагын харилцагчийн төвийн ажилтан хэлсэн учраас Киоск машин дээр өөрийн хурууны хээг уншуулж улмаар гэрээний нөхцөлүүдтэй танилцсаны дараа киоск машины дэлгэц дээр гарын үсэг зурах хэсэг гарч ирсэн, дэлгэцэн дээр хуруугаараа гарын үсгээ зурж гэрээг байгуулсан. ******* Кредит ******* ХХК нь цахим зээлийн эрх нээх тухай гэрээ нь Монгол улсын Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-д Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж заасан шаардлагыг хангаагүй гэрээ гэж үзэж байна. Учир нь тус хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-т Хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийнэ гэж заасан байна. Үүнээс харахад хэлцэл буюу гэрээг бичгийн хэлбэрээр байгуулна хэмээн хуульд тусгайлан заасан тохиолдолд заавал бичгээр байгуулах хуулийн шаардлагыг хангасан тохиолдолд хүчинтэй хэмээн тооцогдохоор заасан байна. Улмаар уг хуулийн 43 дугаар зүйлд Хэлцэл хийсэн гэж үзэх шаардлагуудыг тусгасан ба 43.2-т Бичгээр хийх хэлцлийг дараахь тохиолдолд хийсэн гэж үзнэ, 43.2.1 талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан; 43.2.2 хэлцэл хийх тухай саналыг зөвшөөрсөн талын хүсэл зоригийг илэрхийлсэн захидал, цахилгаан, албан бичиг, телефакс, эдгээртэй адилтгах бусад баримт бичгийг нөгөө тал хүлээн авсан; хуульд зааснаар бүртгүүлэх буюу нотариатаар гэрчлүүлбэл зохих хэлцлийг ийнхүү бүртгүүлсэн буюу гэрчлүүлсэн; 43.2А.цахим хэлбэрээр хэлцэл хийх бол талууд хүсэл зоригоо илэрхийлсэн цахим баримт бичиг үйлдэж, Цахим гарын усгийн тухай хуульд заасан тоон гарын үсэг зурсан гэж зааснаас харвал цахим хэлбэрээр үйлдсэн баримтад Цахим гарын үсгийн тухай хуульд заасан шаардлагыг хангасан цахим гарын үсгээр гарын үсэг зурж байж бичгээр байгуулагдах хуулийн шаардлагыг хангахаар байна. Цахим гарын үсгийн тухай хуулийн 4.1.1-д зааснаар цахим гарын үсэг гэж цахим баримтад гарын үсэг зурсан этгээдийг тодорхойлох зорилготой цахим баримт бичигт хавсаргасан буюу нэгтгэсэн үг, үсэг, тоо, тэмдэг, дүрсийг агуулсан цахим өгөгдлийг, 6.1-д Энэ хуулийн 18 дугаар зүйлд заасан тоон гарын үсгийн гэрчилгээ олгох тусгай зөвшөөрөл эзэмшигч /цаашид тусгай зөвшөөрөл эзэмшигч гэх/-ээс олгосон тоон гарын үсгийн гэрчилгээгээр баталгаажсан тоон гарын үсгийг ердийн гарын үсэгтэй адил хүчинтэйд тооцно хэмээн тус тус зааснаас харвал тоон гарын үсэг гэж холбогдох төрийн эрх бүхий байгууллагаас тусгай зөвшөөрөл авсан цахим, тоон гарын үсэг олгох хуулийн этгээдэд иргэн, хуулийн этгээд хүсэлт гаргасны дагуу гэрчилгээнд үндэслэн авдаг тоо, дүрсний өндөр нууцлалтай мэдээллийн технологийн кодчлолтой өгөгдөл байх нь ******* Кредит ******* ХХК-ийн киоск машинаар дамжуулан байгуулж буй Цахим зээлийн эрх нээх тухай гэрээнд гарын үсэг зуруулах ажиллагаа нь Иргэний хууль болон Цахим гарын үсгийн тухай хуулийн дээрх шаардлагуудыг хангахгүй байх тул Иргэний хуулийн 282.3-т заасны дагуу бичгээр байгуулагдах хуулийн шаардлагыг хангаагүй зээлийн гэрээ гэж нэхэмжлэгч миний зүгээс үзэж байна. Иймд уг банк бус санхүүгийн байгууллага нь зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй тул зээлийн хүү, шимтгэл авах эрхгүй байгаа тул Цахим зээлийн эрх нээх тухай гэрээний тусгай нөхцөл: Хувь хүний зээлийн шугамын 3 дугаар хэсэг: Зээлийн хугацаа, хүү, нэмэгдүүлсэн хүү гэх хэсэгт заасан хүү авах хэсгийг хүчингүйд тооцуулахаар шаардаж байна. Миний бие 2020 оны 12 дугаар сарын 29-ний өдөр numur аппликейшн ашиглан 80,000 төгрөгийн зээлийг 23 хоногийн хугацаатай авсан. Уг зээлийг 2021 оны 1 сарын 4-ний өдөр эргэн төлсөн бөгөөд зээлийг 23 хоног ашиглаагүй байтал 23 хоног ашиглах төлбөрийг мөн л надаар гаргуулж нийтдээ хүүд 1,775 төгрөг, шимтгэлд 1,600 төгрөг, нийтдээ 83,375 төгрөгийг төлсөн. Иймд дээрх байдлаар төлсөн 3,375 төгрөгийн хүү, шимтгэлийн төлбөрийг төлөх үндэслэлгүй гэж үзэж байх тул төлбөрийг буцаан гаргуулж, хуулиар хамгаалагдсан эрх ашгийг хамгаалж өгнө үү хэмээн нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

Хариуцагч ******* ******* ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Батхуяг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* нь Финтек бизнесийн загварыг ******* аппликейшнаар дамжуулан амжилттай нэвтрүүлж, хэрэглэгчдэдээ хиймэл оюун ухаанд суурилсан технологийн шийдэлд тулгуурласан барьцаагүй, хурдан шуурхай, цахим зээл олгох үйлчилгээг 2018 оноос хүргэж эхэлсэн. Финтек гэдэг нь технологийн дэвшлээр дамжуулан илүү хялбар санхүүгийн үйлчилгээг хүргэж буй шийдэл бөгөөд дэлхий нийтээр технологийн дэвшил улам бүр идэвхжиж, тэр дундаа ухаалаг гар утасны асар хурдтай өсөн нэмэгдэж буй хэрэглээг дагаад санхүүгийн үйлчилгээг технологийн дэвшилтэй хослуулан хүмүүсийн цаг завыг хэмнэсэн олон янзын үйлчилгээг хялбар шуурхай хүргэдэг олон боломжуудыг Финтек бий болгон ажиллаж байна. Финтекийн энэхүү хөгжил нь дэлхий нийтийг маш богино хугацаанд хамарсан үзэгдэл болж, дэлхийн улс орнууд санхүүгийн хөгжлийн түвшинд нийцсэн зохистой зохицуулалтыг бий болгохын тулд зохицуулагч байгууллагууд нь Сандбокс гэдэг ойлголтыг бий болгож, зах зээлийн оролцогчидтойгоо хамтран ажиллаж байна. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын 1-т Иргэний хуулийн 282.3-т хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэсэн заалтыг үндэслэн *******-ийн цахим зээлийн эрх нээх тухай гэрээний тусгай нөхцөлд Хувь хүний зээлийн шугамын 3 дугаар хэсгийг зээлийн хугацаа, хүү, нэмэгдүүлсэн хүү гэх хэсэгт заасан хүү авах хэсгийг хүчингүйд тооцуулахаар шаардсан байна. Монгол Улсын Иргэний хуулийн .2-т Хуульд өөрөөр заагаагүй бол цахим хэлбэрээр хийх хэлцэл нь хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд цахим баримт бичиг үйлдэж, тоон гарын үсэг зурж илгээснийг гэрээний нөгөө тал нь хүлээн зөвшөөрч тоон гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно гэж заасан байна. Энэ заалтад заасны дагуу цахим хэлбэрээр хийгдсэн хэлцэл гэж үзэхийн тулд нэг этгээдээс цахим баримт бичиг үйлдээд, уг баримтад Цахим гарын үсгийн тухай хуульд заасан тоон гарын үсгийг зурж илгээснийг нөгөө тал хүлээн авч мөн тоон гарын үсгээр өөрийн гэрээ байгуулах хүсэл зоригийг илэрхийлсэн үйлдлүүдийг ойлгохоор байна. Иргэний хуулийн 1.2-т зааснаар Иргэний хууль тогтоомж нь иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын эрх тэгш, бие даасан байдал, өмчийн халдашгүй байдал, гэрээний эрх чөлөө, хувийн хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байх, иргэний эрх, үүргийг ямар нэгэн хязгаарлалтгүйгээр хэрэгжүүлэх, зөрчигдсөн эрхийг сэргээлгэх, шүүхээр хамгаалуулах зарчимд үндэслэнэ. Иргэний эрх зүйн харилцааны эрх тэгш, шударга ёсны зарчим ёсоор үзэхэд *******-ын зээлийн үйлчилгээ нь хариу төлбөргүй байх боломжгүй бөгөөд гэрээлэгч талууд сайн дураараа хүсэл зоригоо илэрхийлж, харилцан зөвшөөрсөн нөхцөлийнхөө дагуу оролцсон харилцаанаас үүдэх үүргээ бүрэн, зохих ёсоор гүйцэтгэх ёстой. Өөрөөр хэлбэл хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлж, гэрээ байгуулсан талууд нь гэрээний үүргээ шударгаар биелүүлэх ёстой. Нэхэмжлэгч *******-өөс 80,000 төгрөгийн зээл авч, түүнд төлсөн хүү, шимтгэл нь хууль зөрчсөн болох тухай үндэслэлгүй шаардлага гаргаж, зээлийн үйлчилгээнд огт төлбөр төлөхгүй гэж нэхэмжлэл гаргаж байгаа нь үүргээ шударгаар биелүүлэх буюу шударга байдлын зарчимд харшилж байна. Иймд нэхэмжлэгч Г.*******ийн гаргасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү хэмээн шүүхээс хүсэж байна гэжээ.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г.******* нь хариуцагч ******* ******* ******* ХХК-д холбогдуулан 2020 оны 11 сарын 11-ний өдөр байгуулсан Цахим зээлийн эрх нээх тухай гэрээний тусгай нөхцөл, хувь хүний зээлийн шугамын 3 дахь хэсгийн хүү тохиролцсон хэсгийг хүчингүйд тооцуулах, зээлийн хүү төлсөн 1,775 төгрөг, шимтгэлд төлсөн 1,600 төгрөг нийт 3,775 төгрөг буцаан гаргуулах шаардлага гаргажээ.

 

Хариуцагч ******* ******* ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь зээлийн гэрээ хуульд нийцсэн хүчин төгөлдөр хэлцэл тул нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэх үндэслэлээр маргажээ.

 

Нэхэмжлэгч Г.******* нь хариуцагч ******* ******* ******* ХХК-тай 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Цахим зээлийн эрх нээх тухай гэрээг байгуулсан байх бөгөөд гэрээний дагуу хариуцагч ******* ******* ******* ХХК нь нэхэмжлэгч Г.*******ээс Numur апликейшин ашиглан зээл авах хүсэлт гаргасан тохиолдолд 50,000-2,000,000 төгрөг хүртэл хэмжээний зээлийг шилжүүлэх, хариуцагч нь гэрээнд заасан хугацаанд зээлсэн мөнгийг хүүгийн хамт буцаан төлөх үүргийг тус тус хүлээсэн байна.

 

Хариуцагч ******* ******* ******* ХХК нь зээлийн үйл ажиллагаа явуулах эрх бүхий этгээд мөн болох нь Санхүүгийн зохицуулах хорооноос олгосон тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, хуулийн этгээдийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбараар нотлогдож байна. Гэрээг байгуулахад нэхэмжлэгч гэрээний нөхцөлтэй танилцаж, гэрээ байгуулахыг зөвшөөрч Киоск" машин ашиглан гэрээнд гарын үсэг зуржээ. Талууд хүсэл зоригоо илэрхийлэн гэрээнд гарын үсэг зурсан байх тул Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-т зааснаар бичгээр хэлцэл хийгдсэн гэж үзнэ. Уг гэрээний агуулга, хүлээх үүрэг, хариуцлага зэргээс дүгнэвэл талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох хэлцэл байх бөгөөд хүчин төгөлдөр хэлцэл байна.

 

Гэрээний 3.1 дэх хэсэгт Зээлдэгч нь энэхүү гэрээний холбогдох хавсралтад заасан тусгай нөхцөлийн дагуу зээлийн төлбөр, хуримтлагдсан хүү, хэрэв байгаа бол нэмэгдүүлсэн хүү болон бусад төлбөрийг ******* ******* ******* ХХК-ийн дараах дансуудад гүйлгээний утгыг тодорхой бичиж төлнө, мөн гэрээний тусгай нөхцөлийн Хувь хүний зээлийн шугам хэсгийн 3 дахь хэсэгт зээлийн хугацаа, хүү, нэмэгдүүлсэн хүү-г Зээлдэгч нь зээл авах хугацаагаа Numur апликейшинээс тухай бүр өөрөө сонгох бөгөөд нэг удаагийн зээл авах үнийн дүнгээс хамааран дараах хугацаагаар зээл олгоно. 1 сар, 3 сар, 6 сар, 9 саа Numur апликейшинд заасны дагуу зээлдэгчийн сонгосон хугацаанаас хамааран зээл хүү нь Numur апликейшинд заасан хэмжээтэй тэнцүү байхыг зээлдэгч хүлээн зөвшөөрөв. Зээлдэгч нь зээл, хуримтлагдсан хүүг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд зээлийн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүүг хугацаа хэтэрсэн хоног тутмаар тооцож төлнө гэж тусгажээ.

 

Талуудын хооронд байгуулагдсан гэрээнд зээлийн хүүг ...Numur апликейшинд заасан хэмжээтэй тэнцүү байхыг зээлдэгч хүлээн зөвшөөрөв гэж тусгасан нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ...зээлийн гэрээнд зээлийн хүүгийн хэмжээг тодорхой тусгах зохицуулалтад, нэмэгдүүлсэн хүүгийн талаарх гэрээний заалт нь мөн хуулийн 24 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т заасан зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно гэсэн зохицуулалтад тус тус нийцэхгүй байна.

 

Гэрээний хүүгийн талаарх тохиролцсон хэсгийг Иргэний хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар хүчин төгөлдөр бус гэж тооцох үндэслэлтэй байна.

 

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараахь тохиолдолд буцаан шаардах эрхтэй, 492.1.1-дхөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон гэж заасан.

 

Нэхэмжлэгч Г.******* нь хариуцагч ******* ******* ******* ХХК-ийн хооронд 2020 оны 11 сарын 11-ний өдөр байгуулагдсан Цахим зээлийн эрх нээх тухай гэрээний тусгай нөхцөл, хувь хүний зээлийн шугамын 3 дахь хэсгийн хүү тохиролцсон хэсэг буюу хүчин төгөлдөр бус хэлцлийн дагуу шилжүүлсэн 1,775 төгрөгийг хариуцагчаас буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

 

Харин зээлийн шимтгэлийн талаар гэрээний тусгай нөхцөлийн хувь хүний зээлийн шугамын 5 дах хэсэгт Зээлдэгч нь зээл авах бүрдээ зээл олголтын шимтгэл төлөх бөгөөд энэ нь тухайн авч буй зээлийн үнийн дүнгийн 2 хувьтай тэнцүү хэмжээтэй байна. Зээл олголтын шимтгэлийг тухай зээлийн дүн дээр нэмэгдэж нэхэмжилсний дагуу төлөхийг зөвшөөрөв гэж тохиролцсон байна. Нэхэмжлэгч нь хариуцагчаас 80,000 төгрөгийг зээлж, гэрээгээр тохирсон шимтгэлд 1,600 төгрөгийг төлсөн байх тул хариуцагч зээлийн шимтгэлийг буцаан өгөх үүрэг хүлээхгүй.

 

Зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгч 80,000 төгрөгийн зээл авч, хариуцагчид зээл 80,000 төгрөг, зээлийн хүү 1,775 төгрөг, шимтгэлд 1,600 төгрөг төлсөн талаар зохигч маргаангүй гэснийг дурдав.

 

Иймд нэхэмжлэгч Г.******* нь хариуцагч ******* ******* ******* ХХК-ийн хооронд 2020 оны 11 сарын 11-ний өдөр байгуулагдсан Цахим зээлийн эрх нээх тухай гэрээний тусгай нөхцөл, хувь хүний зээлийн шугамын 3 дахь хэсгийн хүү тохиролцсон хэсгийг хүчингүйд тооцож, хариуцагчаас 1,775 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,600 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон 

                                                ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх заалтыг баримтлан Г.*******, ******* ******* ******* ХХК-ийн хооронд 2020 оны 11 сарын 11-ний өдөр байгуулагдсан Цахим зээлийн эрх нээх тухай гэрээний тусгай нөхцөл, хувь хүний зээлийн шугамын 3 дахь хэсгийн хүү тохиролцсон хэсгийг хүчингүйд тооцож, хариуцагч ******* ******* ******* ХХК-иас 1,775 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.*******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,600 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгч Г.*******ээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 74,700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ******* ******* ХХК-иас 74,700 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.  

 

 


 

                                         

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.АЗБАЯР