Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 50

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Э.Болормаа даргалж,

Нарийн бичгийн дарга Г.Энхмөрөн

Улсын яллагч Г.Мөнхтүвшин

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Э.Батбаяр, Д.Энхтуяа

Шүүгдэгч Б.Цогт-Очир, Н.Хишигбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Замын-Үүд дэх Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 89 дүгээр зүйлийн 89.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Батцэнгэлийн Цогт-Очир, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 89 дүгээр зүйлийн 89.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Алдар-Очир овогт Намхайдоржийн Хишигбаяр нарт холбогдох эрүүгийн 201710010014 тоот хэргийг 2017 оны 03 сарын 29-ний өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1981 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Дорноговь аймгийн Даланжаргалан суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, боловсролгүй, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Дорноговь аймгийн Замын-Үүд сум 1 дүгээр баг, 10 дугаар хэсэг, 114-20 тоотод оршин суух хаягтай, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 97 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1 дэх хэсэгт зааснаар 3 сар 1 хоногийн баривчлах ялаар шийтгүүлж, 2008 оны 06 сарын 06-нд хугацаа дуусч суллагдсан, улсаас авсан гавьяа шагналгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн Боржигон овогт Батцэнгэлийн Цогт-Очир /РД:EB81102510/

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1990 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг, 11-р хороо, нуурын 22-544 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн  Алдар-Очир овогт Намхайдоржийн Хишигбаяр /РД: УК90112318/

Холбогдсон хэргийн талаар: /прокурорын яллах дүгнэлтэнд авагдснаар/

Шүүгдэгч Б.Цогт-Очир нь Н.Хишигбаяртай бүлэглэн урьдчилан үгсэн тохиролцож Н.Хишигбаярыг 55-83 УБУ улсын дугаартай УАЗ-469 маркийн авто машинд нуун Дорноговь аймаг Замын-Үүд сум авто замын шалган нэвтрүүлэх боомтоор 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хууль бусаар Монгол Улсын хил нэвтэрсэн гэмт хэрэг үйлдсэн,

Шүүгдэгч Н.Хишигбаяр нь Б.Цогт-Очиртой бүлэглэн урьдчилан үгсэн тохиролцож Б.Цогт-Очирын жолоодож явсан 55-83 УБУ улсын дугаартай УАЗ-469 маркийн авто машинд нуугдаж Дорноговь аймаг Замын-Үүд сум авто замын шалган нэвтрүүлэх боомтоор 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хууль бусаар Монгол Улсын хил нэвтэрсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

-Шүүгдэгч Б.Цогт-Очир шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгт: ...Би 2016 оны 10 дугаар сарын дундуур Эрээнд Хишгээтэй таарсан. Тэгсэн чинь Хишигбаяр бичиг баримтгүй болчлоо, хүнд тус болох гээд өөрөө хэцүү байдалд орчихлоо хойшоо гармаар байна гэсэн. Тэгэхээр нь би боломж гарвал хилээр гаргаж өгье гэж хэлсэн. Тэгээд 2016 оны 11 сарын эхээр би Эрээнд ачаа зөөхөөр орсон байсан. Тэгсэн чинь Н.Хишигбаяр миний дугаар руу хятад дугаараас залгаад Н.Хишибаяр байна уулзая гэсэн. Тэгээд 2016 оны 11 дүгээр сарын 10-ны үед Хишигбаяртай Жa Хуа гэдэг буудалд уулзсан...Тэгээд уулзаад хил гармаар байна, хүнд тус болоод гадаад паспортоо барьцаанд тавьсан чинь хулхидуулчихлаа гэхээр нь би маргааш гаргаж өгье одоо ачаатай байна гэсэн. Тэгээд маргааш нь буюу 2016 оны 11 дүгээр сарын 11-ний оройн 17 цагийн үед Хишигбаярыг машиндаа нууж хилээр гаргахаар болсон. Тэгээд би машинаа Жа Хуa буудлын гадаа байрлуулсан байсан. Миний машины ачаа дүүрэн чихмэл тоглоом байсан. Тэгээд бид хоёр буудлаас гараад 55-83 УБУ улсын дугаартай саарал өнгийн бардактай УАЗ-469 маркийн машинд ачсан ачаан дунд нь суулгасан. Хишигбаярыг ачааны голд суулгаад ачаануудаа тойруулаад тавьсан байсан. Гаднаас харахад ачаа дүүрэн машин л харагдана. Би Хишигбаярыг машиндаа нууж хил нэвтрүүлсэн нь үнэн. Хятадын хил дээр машиныг маань шалгаагүй, шууд штамба дараад л гаргасан. Тухайн үед оройн 17 цаг өнгөрч байсан. Орой байсан болохоор гадаа харагдах байдал муу байсан. Гаднаас харахад мэдэгдэхгүй. Тэгээд Хятадын хилээр ороод шалгуулаад, ямар нэгэн зөрчилгүй явсан. Цааш Монголын хил дээр очоод хилийн хяналтанд орохоос өмнө 1000 төгрөгийн хураамж авдаг хэсэг дээр очиход машинууд оочирлож зогссон байсан. Тэгээд би машинаас буугаад, Хишигбаярыг жолоон дээр суулгаад Хишгээд ...хорио цээр дээр очиж машинаа зогсоогоод цаашаа гараад яваарай, тэгээд вокзал дээр очоод байж байгаарай гэж хэлсэн. Тэгээд би машинаа шалгуулаад араас нь явсан. Хишгээтэй вокзал дээр уулзаад манай гэр рүү явцгаасан. Маргааш нь Хишгээ хот явлаа гээд манайхаас гараад явсан. Би ч урагшаа ачаандаа явсан. Тэрнээс хойш уулзаагүй. Буудлын тооцоо, ууж идэх зүйлд 1400 юань төлсөн. Хилээр нууж гаргана гээд мөнгө тохирсон зүйл байхгүй гэв.     

-Шүүгдэгч Н.Хишигбаяр шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгт: ...Би эхнэртэйгээ 2013 оноос хойш Нарантуул зах дээр лангуун дээр бараа зардаг байж байгаад, 2015 оны өвөл БНХАУ-ын Эрээн хотод ажиллаж, амьдрахаар явсан. Тэгээд 2016 оны 3 дугаар сард Эрдэнэxүүгийн Батжавхлан гэдэг залуутай танилцсан...2016 оны 5 дугаар сарын 25-нд Батжавхлан над дээр ирээд мөнгө зээлэх хүн олж өгч туслаач, 5 хоногийн дотор буцаагаад өгнө гэсэн. Тэгээд Баатараас 8000 юань Батжавхланд зээлж өгүүлэхээр болж гадаад паспортыг нь барьцаанд тавиулсан. Тэгээд Батжавхлан хэлсэн хугацаандаа мөнгө болон хүүгээ төлөөгүй. Тэгээд Батжавхлангийн зээлсэн мөнгө хүүтэйгээ нийлээд 16000 юань болж байсан. ...Батжавхлан штамба даруулчихаад буцаад БНХАУ-д ороод ирнэ гэхээр нь би өөрийн, том охин Мөнх-Арвины гадаад паспортыг Батжавхлангийн гадаад паспортын оронд барьцаанд нь тавьсан. Тэгээд тэр өдрөө Батжавхлан БНХАУ-д орж ирээгүй. ...2016 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр охин болон миний гадаад паспортын сарын штамба даруулах хугацаа байсан. 2016 оны 09 дүгээр сарын 04-нд Монголд орж ирж штамбаа даруулаад 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Эрээнд буцаж ороод өөрийн гадаад паспортыг том охиныхоо гадаад паспорттай хамт Баатарт буцааж өгөөд таньдаг 2 хүний паспорт болон машиныг нь буцааж өгсөн. Тэгээд 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр би Баатар дээр очоод дахиад сарын штамба даруулах хэрэгтэй байна. Паспортаа аваад буцаад ороод ирье гэсэн чинь Батжавхланг олж ир, үгүй бол мөнгийг нь оронд төл, үгүй бол паспортыг чинь өгөхгүй, чи батлан дааж авсан, чиний харлах надад хамаагүй гэж хэлсэн. Тэгээд 2 хоног гуйсан боловч гадаад паспортыг минь өгөөгүй учир охин бид 2 харласан /штамба хугацаа хэтэрсэн/. Тэрнээс хойш эхнэртэйгээ муудалцаад хэд хоног гадуур явсан. Тэгээд 2016 оны 10 дугаар сарын 23-нд гэртээ очиход Баатар нэг залуутай намайг хайгаад явж байсан гэсэн. Хайж явахдаа байрны эзэнтэй уулзсан, мөн намайг ална, бөөрийг нь зарна гэх зэргээр үглэж байсан гэсэн. Тэгээд Баатартай 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр очиж уулзахдаа Батжавхлангийн мөнгийг цувуулж төлнө, 6000 юань өгнө гээд 7 хоногийн дотор 2000 юань өгнө гэж хэлсэн. Тэр үед Баатар хятад цагдаатай хамт байсан, тэгээд надад чи консул дээр очоод түр үнэмлэх аваад гарах гэж оролдвол чамайг гаргахгүй надад өртэй учир чамайг хориулж чадна гэж хэлсэн. Тэгээд амалсны дагуу түүнд 1500 юань өгсөн. Тэрнээс хойш Баатарт мөнгийг нь төлж чадахгүй болохоор хилээр нууцаар гарахаар бодож эхэлсэн. Тэгээд Цогоо ахтай 2016 оны 11 дүгээр сарын эхээр уулзсан. Уулзахдаа Цогоо ахад нэг найзаасаа болоод түүний оронд өрөнд ороод, дээрээс нь харлачихлаа гээд Монголруу ямар нэгэн аргаар явмаар байна гэж хэлсэн. Тэгээд Цогоо ахад намайг машинаар гаргаад өгөөч ээ гэсэн. Тэгсэн чинь Цогоо ах тус болъё, мөнгө төгрөг гээд хэрэггүй гэсэн юм. ...2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 12-13 цагийн орчимд Цогоо ахын байрлаж байсан Жа Хуа буудалд очсон. Тэгээд өрөөнд нь орсон чинь Цогоо ах нэг шил архи уугаад сууж байсан. Тэгээд би гарч дэлгүүр ороод ахиж нэг шил архи авчирч ууж дуусгаад 16 цагийн үед байхаа буудлаас гарсан. Буудлын гадаа УАЗ-469 маркийн саарал өнгөтэй 55-83 УБУ улсын дугаартай бардктай машин байсан. Тэгээд бид 2 машинд сууцгааж Цогоо ах жолоо бариад, би жолоочийн хажуу талд явган сууж явсан. Тэгээд БНХАУ-ын хил рүү ойртоод машинаа зогсоосон. Тэгээд Цогоо ах бид хоёр машинаас буугаад ачиж явсан ачаа барааг янзалж дунд нь зай гаргасан. Ачаа нь цаасан хайрцаг том, жижиг зүйлс байсан. Юу ачиж явсныг нь мэдэхгүй. Тэгээд Цогоо ах цаад талаараа ороод машины дунд талд зай гаргасан газар суучих би цаасан хайрцагтай зүйлээр чамайг халхлаад тавина гэж хэлсэн. Тэгээд би машины баруун урд талын хаалгаар ороод машины дунд талын хэсэгт нэг хүн багтхаар зай гаргасан газарт нь суусан. Тэгээд Цогоо ах миний урд цаасан хайрцагтай зүйл тавьж намайг нуусан. Гадна болон дотор талаас миний сууж байсан хэсэг харагдахгүй далд байрлалтай. Мөн ачааны дунд суугаад явахад миний толгойг давсан ачаатай, ачаагаа чихсэн байсан. Тэгээд л БНХАУ-ын хилээр гараад Монголын хил рүү ордог хаалга байсан тэнд машинууд оочирлож зогсож байсан. Тухайн үед гадаа харанхуй болсон байсан, хил хаах ч болсон байсан. Тэгээд би Монголын хил дээр ирсэн үү, би гарч бие засья, бууж болох уу? гэж хэлсэн чинь болно гээд урд минь тагласан хайрцагтай ачааг авсан. Тэгээд би машинаас буугаад бие засчаад Цогоо ахтай гадаа зогсоод уулзсан чинь чи машинаа жолоодоод ачаагаа шалгуулдаг хэсэг дээр очоод машинаа зогсоогоод цаашаа Замын-Үүдийн төв рүү явчих гэж Цогоо ах хэлсэн. ...Эхнэр маань 11 сарын 13-нд Эрээнээс орж ирсэн. Галт тэргээр явахдаа Бааска ахын нэр дээр галт тэрэгний тасалбар авсан. Тэгээд очоод 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Улсын бүртгэл дээр очоод хуучин гадаад паспортаа хаясан гээд хүчингүй болгоод 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр шинэ гадаад паспорт аваад орой нь Замын-Үүдийн унаанд суугаад 2016 оны 12 дугаар сарын 24-ний өглөө Замын-Үүдэд ирээд Вокзалаас Монголын хил дээр очоод бичиг баримтаа шалгуулж байхдаа саатуулагдсан. ...Тохирсон зүйл байхгүй. Өөрийнхөө чадах чинээгээр л өгсөн. Цогоо ах ч мөнгө нэхээгүй. 2400 юань өгсөн. Буудлын мөнгө болон ууж идэх юм гээд өгсөн. ...Тухайн үед нь зохих байгууллагад нь мэдэгдээгүй миний буруу гэв.

- Гэрч Э.Дөлгөөний мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: ...2016 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Замын-Үүдийн авто замын шалган нэвтрүүлэх боомтын гарах чиглэлд бичиг баримтын шалгагчаар үүрэг гүйцэтгэж байсан. Тухайн өдөр өглөөний 10 цагт над дээр Н.Хишигбаяр гэгч залуу шалгуулахаар ирсэн. Тэгээд түүний гадаад паспортыг авч шалгалт хийхэд ямар нэгэн зөрчил байгаагүй. Шинэ гадаад паспорттой явж байсан. Хуучин гадаад паспортыг нь асуухад хаясан, гээсэн гэж хариулсан. Тэгээд зөрчил байгаагүй тул түүний гадаад паспорт дээр өөрийн Замын-Үүд 31 гэсэн дугаартай штамба цохиурыг дарсан. Тэгээд ISM програмд нэвтэрч Н.Хишигбаярын хил нэвтрэлтийг шалгахад 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр гарсан мэдээлэл байсан ба буцаж Монгол улсад орж ирсэн мэдээлэл байгаагүй. Тэгээд Н.Хишигбаярыг буцаад дуудаад Чи Эрээнд хэд хоносон, хэзээ орж ирсэн бэ гэж асуухад би эгчээ санахгүй хэдхэн хоносон гэж хариулсан. Тэгээд түүнийг саатуулсан. Хилээр орж, гарч байгаа иргэний гадаад паспортыг авч эзэмшигчтэй нь зургийг нь тулгаж хараад, паспортын хүчинтэй хугацаа, тухайн иргэний хилээр нэвтэрсэн мэдээлэл зэргийг харгалзан шалгалт хийдэг. Хэрэв зөрчилтэй буюу зураг өөр, хил нэвтрэлт дутуу, хүчин төгөлдөр байх нөхцөл алдагдсан байвал гүнзгийрүүлж шалгалт хийдэг гэжээ. /хх-ийн 180/    

-Гэрч Э.Түмэнжаргал мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ...Эрдэнэxүүгийн Батжавхлан гэдэг залуу 2016 оны 5 сарын 25-нд манай нөхрөөр дамжуулан 8000 юаниар гадаад паспортоо Баатар гэдэг Өвөрмонгол хүнд 7 хоногийн хугацаатай тавиулсан...2016 оны 08 дугаар сарын 06-нд Батжавхлангийн сарын штамба даруулах өдөр байсан. Тэгээд манай охины гадаад паспортыг нөхрөөр маань дамжуулж аваад Баатарт барьцаанд тавиад тэр чигтээ алга болсон. Батжавхлангийн гадаад паспортыг 8000 юаниар барьцаанд тавихдаа нөхөр маань Батжавхланг мөнгөө төлж чадахгүй бол өөрөө төлнө гэсэн гарын үсэг зурсан байсныг нууж байгаад нөхөр маань 9 дүгээр сарын сүүлд хэлсэн. Тэгээд 2016 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр нөхөр болон 2 охины маань штамба даруулах өдөр байсан. Тэгээд 2 хүний гадаад паспорт, нэг машин Баатарт барьцаанд тавиад Замын-Үүд рүү ороод сарын штамбаа даруулаад буцаж 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр ороод хүмүүсийн гадаад паспорт, машиныг өгөөд буцаагаад Н.Хишигбаяр болон том охины гадаад паспортуудыг Баатарт буцааж өгсөн. Тэгээд 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр сарын штамба даруулах өдөр болоод Баатараас сарын штамба даруулаад ирье гээд 2 гадаад паспортаа гуйхад өгөөгүй  Тэр Батжавхлангаа олж ир эсвэл оронд нь мөнгийг нь төл  гээд гадаад паспортуудыг өгөөгүй. 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр дахиад гуйхад бас л өгөөгүй. ...нөхөр том охин маань сaрын штамба даруулж чадаагүй харласан. ...Баатар дээр очсон чинь Хятадын Цагдаатай хамт байсан тэгээд нөхрийг маань айлгаж дарамталсан гэсэн. ...2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Баатарт сарын дотор 6000 юань өгнө гэж амалснаас хойш л хууль бусаар хил нэвтрэх талаар нөхөр маань бодож эхэлсэн. Би дургүйцсан...хориглоод дийлээгүй. Консул дээр очоод үнэнээ хэлээд гарах талаар ярьж байсан. ...нөхөр маань Баатар гэж хүнээс айгаад консул руу яваагүй. Тэгээд Цогоо ахтай уулзаад хилээр хэрхэн гарах талаараа ярилцсан байсан. Би хилээр нуугдаж гарах талаар зааж зөвлөсөн зүйл байхгүй. ...Бааска ахынд нэг хоноод 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Замын-Үүдээс Улаанбаатар чиглэлийн галт тэргэнд сууж явцгаасан гэжээ. /хх-ийн 168-170/

-Гэрч Н.Баасанжав мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ...2016 оны 11 дүгээр сарын 13-ны үдээс хойш Н.Хишигбаяр, Э.Түмэнжаргал 2 хамт манай гэрт ирсэн. Тэгээд хоноод маргааш нь явсан. Маргааш нь Хишгээ галт тэрэгний билет авах гэсэн юм паспортаа өгчих гэсэн. Тэгээд би паспортаа өгөөд билет аваад тэр 2 Улаанбаатар хотруу яваад өгсөн. ...Өөр зүйл мэдэхгүй гэжээ. /хх-ийн 186/

-Гэрч С.Болорбаатар мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ...Энэ автомашины эзэмшигч нь Зоригтбаатар гэж залуу байдаг, манай дүүгийн эхнэрийн дүүгийн машин юм. Би 55-83 УБУ улсын дугаартай автомашиныг 2014 онд дүүгээсээ 1.500.000 төгрөгөөр худалдаж авсан. Машины гэрчилгээг нэр дээрээ шилжүүлж аваагүй, Зоригтбаатарын нэр дээр байгаа. Тэгээд 2 жил унаж байгаад 2016 оны 10 дугаар сард Батбаярт 1.000.000 төгрөгөөр зарсан. Батбаярт зарахдаа гэрээ хийгээгүй шууд өгсөн. Ямар ч байсан Батбаярт зарсан гэжээ. /хх-ийн 190/

-Гэрч Т.Ариунтуул мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ...2014 онд 55-83 УБУ улсын дугаартай саарал өнгийн УАЗ-469-г Болорбаатар дүүгийнхээ эхнэрийн дүүгээс 1.500.000 төгрөгөөр худалдаж авсан машинаа 1.000.000 төгрөгөөр зарсан. Батбаяр надад 2 төлж өгсөн гэжээ. /хх-ийн 167/

-Гэрч Ч.Батбаяр мөрдөн бацаалтанд мэдүүлэхдээ: ...Би 55-83 УБУ улсын дугаартай УАЗ-469 маркийн автомашиныг 2016 оны 10 сард Болороо гэх залуугаас 1.000.000 төгрөгөөр худалдан авсан. Бичиг баримтаа нэр дээрээ шилжүүлээгүй байгаа. Болороо гэх залуугийн дүүгийнх нь нэр дээр байдаг. ...ачаагүй үедээ Цогоод машинаа өгдөг. ...би 2016 оны 12 дугаар сарын 20-ны хавьцаа БНХАУ-ын хил дээр машинаа хураалгасан. ...Одоо болтол авч чадахгүй байна гэжээ. /хх-ийн 187/

-Эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол /хх-ийн 1/

-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хянан үзэх хугацааг сунгах тогтоол /хх-ийн 2/

-Баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл  /хх-ийн 21-29/

-Шүүгдэгч Н.Хишигбаярын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 32/

-МУ-ын Үндэсний энгийн гадаад паспорт хүсэх мэдүүлэг /хх-ийн 33, 37/

- Шүүгдэгч Н.Хишигбаяр, Б.Цогт-Очир нарын Замын-Үүд Авто зам болон Төмөр замын боомтоор улсын хилээр  нэвтэрсэн лавлагаа /хх-ийн 46-50/

-55-83 УБУ улсын дугаартай УАЗ-469 маркийн тээврийн хэрэгсэл  2016.11.01-2016.12.01-ний өдрийг хүртэлх хугацааны цагаан хуудасны хуулбар /хх-ийн 61/

-55-83 УБУ улсын дугаартай УАЗ-469 маркийн тээврийн хэрэгсэл улсын хилээр нэвтэрсэн лавлагаа /хх-ийн 103/

-Шүүгдэгч Б.Цогт-Очирын жолооны үнэмлэхний лавлагаа /хх-ийн 140/

- Замын-Үүд дэх Сум дундын Прокурорын газрын Гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх тухай албан бичиг /хх-ийн 146, 204/

-Шинжээчийн 41 тоот дүгнэлт /хх-ийн 149/

-Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 162/

-Иргэний нэхэмжлэгчээр тогтоох тухай тогтоол /хх-ийн 163/

- Шүүгдэгч Н.Хишигбаярын оршин суугаа хаягийн тодорхойлолт, урьд ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас /хх-ийн 201-202/  

- Шүүгдэгч Б.Цогт-Очирын иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суух хаягийн тодорхойлолт, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 212-214/

-Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2008 оны 03 сарын 07-ны өдрийн 97 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 217-218/

-Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 221/

- Шүүгдэгч Б.Цогт-Очирыг Замын-Үүд Авто зам болон Төмөр замын боомтоор улсын хилээр  нэвтэрсэн лавлагаа /хх-ийн 225-227/      

-Мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчдод танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 235-237/ зэргийг шүүхийн хэлэлцүүлэгт судалсан болно. Эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хамааралтай гэж шүүх дүгнэсэн болно. 

Шүүгдэгч Б.Цогт-Очир нь Н.Хишигбаяртай бүлэглэн урьдчилан үгсэн тохиролцож Н.Хишигбаярыг 55-83 УБУ улсын дугаартай УАЗ-469 маркийн авто машинд нуун Дорноговь аймаг Замын-Үүд сум авто замын шалган нэвтрүүлэх боомтоор 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хууль бусаар Монгол Улсын хил нэвтэрсэн гэмт хэрэг үйлдсэн,

Шүүгдэгч Н.Хишигбаяр, Б.Цогт-Очирт нар нь бүлэглэн урьдчилан үгсэн тохиролцож шүүгдэгч Б.Цогт-Очирын жолоодож явсан 55-83 УБУ улсын дугаартай УАЗ-469 маркийн авто машинд нуугдаж Дорноговь аймаг Замын-үүд сум авто замын шалган нэвтрүүлэх боомтоор 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хууль бусаар Монгол Улсын хил нэвтэрсэн гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь шүүгдэгч нарын мөрдөн байцаалтын болон шүүх хуралдааны шатанд өгсөн мэдүүлэг, гэрч Э.Дөлгөөний Тэгээд ISM програмд нэвтэрч Н.Хишигбаярын хил нэвтрэлтийг шалгахад 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр гарсан мэдээлэл байсан ба буцаж Монгол улсад орж ирсэн мэдээлэл байгаагүй. Тэгээд Н.Хишигбаярыг буцаад дуудаад Чи Эрээнд хэд хоносон, хэзээ орж ирсэн бэ гэж асуухад би эгчээ санахгүй хэдхэн хоносон гэж хариулсан. Тэгээд түүнийг саатуулсан гэх мэдүүлэг, гэрч Э.Түмэнжаргалын Тэгээд Цогоо ахтай уулзаад хилээр хэрхэн гарах талаараа ярилцсан байсан гэх мэдүүлэг, шүүгдэгч Н.Хишигбаяр, Б.Цогт-Очир нарын Замын-Үүд Авто зам болон Төмөр замын боомтоор улсын хилээр нэвтэрсэн лавлагаа /хх-ийн 46-50/, 55-83 УБУ улсын дугаартай УАЗ-469 маркийн тээврийн хэрэгсэл  2016.11.01-2016.12.01-ний өдрийг хүртэлх хугацааны цагаан хуудасны хуулбар /хх-ийн 61/, 55-83 УБУ улсын дугаартай УАЗ-469 маркийн тээврийн хэрэгсэл улсын хилээр нэвтэрсэн лавлагаа /хх-ийн 103/ болон бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 Шүүгдэгч Б.Цогт-Очир, Н.Хишигбаяр нарыг урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн хууль бусаар Монгол Улсын хилээр нэвтэрсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч Б.Цогт-Очир нь 2008 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 97 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1 дэх хэсэгт зааснаар 3 сар 1 хоногийн баривчлах ялаар шийтгүүлж байсан боловч Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.3-д заасан ялтай байдал дууссан байх тул түүнийг анх удаа хүндэвтэр хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Цогт-Очир, Н.Хишигбаяр нарт ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Цогт-Очир, Н.Хишигбаяр нар нь гэмт хэрэг үйлдэхдээ 55-83 УБУ улсын дугаартай УАЗ-469 маркийн тээврийн хэрэгслийг ашигласан нь шүүгдэгч нарын болон гэрч Э.Түмэнжаргал нарын мэдүүлгээр мөн уг тээврийн хэрэгсэл нь шүүгдэгч Б.Цогт-Очир, Н.Хишигбаяр нарын эзэмшлийн бус гэрч Ч.Батбаяр нь 2016 оны 10 сард Болороо гэх залуугаас 1.000.000 төгрөгөөр худалдан авсан болох нь гэрч Ч.Батбаяр /хх-ийн 187/, гэрч С.Болорбаатар /хх-ийн 190/, гэрч Т.Ариунтуул /хх-ийн 167/ нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүдээр тус тус тогтоогдож байна. Гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл нь 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс хойш БНХАУ-ын хил дээр хураалгасан. Монгол Улсын нутаг дэвсгэрт орж ирээгүй байгаа нь шүүгдэгч Б.Цогт-Очир болон гэрч Ч.Батбаярын мэдүүлгээр батлагдаж байгаа тул гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийг Эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2-т зааснаар хураах боломжгүй байна.

Иймд шүүгдэгч нараас гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 55-83 УБУ улсын дугаартай УАЗ-469 маркийн тээврийн хэрэгслийн үнийг гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй гэж үзлээ. 55-83 УБУ улсын дугаартай УАЗ-469 маркийн тээврийн хэрэгсэл нь Шинжээчийн 41 тоот дүгнэлт /хх-ийн 149/-ээр 1.000.000 төгрөгөөр үнэлэгдсэн болно.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Батцэнгэлийн Цогт-Очир, Алдар-Очир овогт Намхайдоржийн Хишигбаяр нарыг урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн хууль бусаар Монгол Улсын хил нэвтэрсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 89 дүгээр зүйлийн 89.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Батцэнгэлийн Цогт-Очирыг 1 /нэг/ жилийн хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 89 дүгээр зүйлийн 89.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Намхайдоржийн Хишигбаярыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй. 

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Б.Цогт-Очирт оногдуулсан 1 жилийн хорих ял, шүүгдэгч Н.Хишигбаярт оногдуулсан 2 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч Батцэнгэлийн Цогт-Очир, Намхайдоржийн Хишигбаяр нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Н.Хишигбаярын Е-1797456, Е-1143825 дугаар бүхий энгийн гадаад паспортуудыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Оюуны өмч, Улсын бүртгэлийн Ерөнхий газарт шилжүүлсүгэй.

6. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар шүүгдэгч Б.Цогт-Очирт оногдуулсан 1 жилийн хорих ял, шүүгдэгч Н.Хишигбаярт оногдуулсан 2 жилийн хорих ялыг тэнсэж, тус бүр 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд хяналт тавьж ажиллахыг Замын-Үүд  сум дахь Сум дундын Цагдаагийн хэлтэс, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст тус тус даалгасугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр 49.2-т зааснаар шүүгдэгч Б.Цогт-Очир, Н.Хишигбаяр нараас 55-83 УБУ улсын дугаартай УАЗ-469 маркийн тээврийн хэрэгслийн үнэ болох 1.000.000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж улсын орлого болгосугай.  

8. Шүүгдэгч Б.Цогт-Очир, Н.Хишигбаяр нарын 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 5/68, 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 5/34 дугаартай албан бичгээр Монгол Улсын хилээр нэвтрэх эрхийг түдгэлзүүлснийг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар энэ шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.Цогт-Очир, Н.Хишигбаяр нарт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

10. Энэ шийтгэх тогтоолыг шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ   Э.БОЛОРМАА