Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 2024/ШЦТ/94

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******, улсын яллагч Ховд аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Хосбаяр, шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар эрүүгийн ******* дугаартай хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн ******* ургийн овогт *******ын *******, ******* оны ******* дугаар сарын *******-ны өдөр Ховд аймгийн суманд төрсөн, 33 настай, , тусгай дунд боловсролтой, мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл , , хүүхдүүдийн хамт Ховд аймгийн сумын дугаар () багийн тоотод оршин суудаг, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

Холбогдсон хэргийн талаар: Ховд аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Хосбаяр “яллагдагч *******ийг 2023 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хооронд Ховд аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт байх гэрээсээ Ёндоо Ёндоо гэх фейсбүүк хаягаар шууд дамжуулалт хийж, өөрийн нэр дээрх дугаартай Хаан банкны харилцах дансаар тоглогч нарын мөнгийг шилжүүлэн авч үр дүнг нь урьдчилсан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог техас покер гэх мөрийтэй тоглоомыг цахим орчинд зохион байгуулсан нь нотлогдсон” гэж дүгнэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

А. Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

1. Шүүх хуралдаанд талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судалсан байна. Үүнд:

- Улсын яллагч: Хаан банкны дугаартай дансны хуулга (хавтаст хэргийн 11-15 дугаар хуудас), Ёндоо ёндоо гэх фейсбүүк хаягт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 16-18 дугаар хуудас), Хаан банкны дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 28-1 дугаар хуудас), шүүгдэгч *******ийн Хаан банкны дугаартай дансанд үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 125-128 дугаар хуудас), яллагдагчийн мэдүүлэг (хавтаст хэргийн 113-114 дүгээр хуудас) зэргийг шинжлэн судалсан, шүүгдэгч нотлох баримт шинжлэн судлаагүй болно.

2. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудыг хооронд нь болон хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримттай харьцуулан дүгнэж дараах нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.

2.1. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан “...Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх тасгаас ирүүлсэн Хаан банкны тоот данс ашиглан мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй” гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 2 дугаар хуудас);

- *******ийн Хаан банк дахь ************* тоот дансанд 2024 оны 01 дугаар сарын -ны өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл орлого орсон дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 11-15 дугаар хуудас);

- “Ёндоо ёндоо” гэх фейсбүүк хаягт үзлэг хийсэн “...Гэрч *******ийн эзэмшлийн хар өнгийн “SAMSUNG” маркийн гар утсыг *******ээр өөрөөр нь дэлгэцийн кодыг нь тайлуулан, фейсбүүк хаягт нэвтэрч ороход “Ёндоо Ёндоо” гэсэн нэртэй урт буржгар үстэй, 4-5 нас орчим хүүхдийн анимейшн хэлбэрийн профайл зурагтай фейсбүүк хаяг байв. Уг хаягийн “Friends” хэсэгт ороход нийт 2900 найзтай байв. Мөн “About” хэсэгт нэвтэрч ороход Gender хэсэгт Famale гэсэн бичиглэлтэй, Date of birth хэсэгт “13 December 2002” гэсэн бичиглэлтэй байв. Гэрч *******ээр өөрөөр нь “Ёндоо ёндоо” фейсбүүк хаягийн мессеж хэсэгт нэвтрэхэд Zulaa Zulka, Мэргэн бөөдий, , , Aztai Loto, Tuul Tuul гэх фейсбүүк хаягтай хүмүүстэй харилцсан байв. гэх фейсбүүк хаягаас “Зээлээр суулгаад өгөөч тэгэх үү найз, маргааш өдөр АТМ ороод өгье” гэх утгатай мессеж явуулсан байх ба “дахиад нэг суулгачхаач тэгэх үү, өглөө яг хийнэ найзаа, амиллаа баярлалаа найз ***********” гэх дугаарын данс бичсэн байв. Гэрч Э. ******* нь Ёндоо Ёндоо гэх хаягаас “Харин тэгэхээс хаяг данс 2-оо солино, харин ээ өөр фейсбүүк хүнгүй явсан” гэх мессежнүүдийг явуулсан байв. Гэрч *******ийн зөвшөөрлөөр 6 ширхэг гэрэл зургаар бэхжүүлж авав” гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 16-17 дугаар хуудас);

- *******ийн Хаан банк дахь *********** тоот дансанд 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл, 2024 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл орлого орсон дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 28-92, 93-1 дугаар хуудас);

- Шүүгдэгч *******ийн дээрх нотлох баримтуудаар давхар нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрч яллагдагчаар өгсөн “...Ховд аймгийн сумын багийн тоотод амьдарч байгаад 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 2024 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл гэртээ өөрийнхөө Samsung A52 маркийн гэр утсаар лайв хийж техас покер тоглуулсан юм. Намайг лайв хийж хөзөр тоглуулахад танихгүй хүмүүс орж ирж 6 хүний ширээнд 10’000 төгрөг хийгээд 50’000 төгрөг болгож базаад хожсон хүн нь 50’000 төгрөгөө авна. Би нэг хүний 10’000 төгрөгийг авдаг байсан. Нэг тоглолт дунджаар 10-20 минут үргэлжилдэг. Ер нь л 6 хүнтэй тоглодог. Дээрх хугацаанд хэдэг төгрөг олсон гэдгийг санахгүй байна. Энэ хугацаанд хэдэн удаа тоглоом тоглуулсан гэдгээ ч мэдэхгүй байна. Дансны хуулгаа харахад хүмүүс орж мөнгө хийж байгаа нь харагдах боловч дээрх орлогууд дотор миний өөрийн орлого бас байгаа. Бас орлого бүрийг би авна гэсэн үг биш юм. Орсон хүмүүсийн мөнгөнөөс нэг хүний мөнгийг би өөртөө авдаг. Заримдаа хүмүүс зээлээр тоглоод мөнгө өгөхгүй байх тохиолдолд бий. Тийм учир хэдэг төгрөг олсон гэдгийг тооцоолох боломжгүй гэж бодож байна. Дунджаар 2024 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл 1 сая орчим төгрөг олсон гэж бодож байна. Би үүнийг хуулиар зохицуулсан гэдгийг огт мэдээгүй учир хийсэн. Өөрийн үйлдэлдээ гэмшиж байна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 113-114 дүгээр хуудас) зэргээр шүүгдэгч ******* нь 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хооронд Ховд аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт байх гэрээсээ Ёндоо Ёндоо гэх фейсбүүк хаягаар дуу дүрсний шууд дамжуулалт хийж, өөрийн нэр дээрх дугаартай Хаан банкны харилцах дансаар тоглогч нарын мөнгийг шилжүүлэн авч үр дүнг нь урьдчилсан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог техас покер гэх мөрийтэй тоглоомыг цахим орчинд зохион байгуулсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогдож байна.

3. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт:

3.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Олон нийтийн газар, эсхүл мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор шоо, хөзөр, бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан бол” гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилжээ. 

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэргийн үндсэн шинжийг олон нийтийн газар, эсхүл мэдээлэл технологи ашиглан ашиг олох зорилгоор шоо, хөзөр ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан үйлдэл байхаар хуульчилсан байна.

Харилцаа холбооны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.14-т “мэдээллийн технологи” гэж компьютер, харилцаа холбооны сүлжээ ашиглан цахим өгөгдлийг үүсгэх, боловсруулах, хадгалах, дамжуулах, солилцох, үйлчилгээ үзүүлэх, бусад тоног төхөөрөмжтэй холбогдох, тэдгээрийн аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааг хамруулахаар хуульчилжээ.

Иймээс шүүгдэгчийн ашиг олох зорилгоор гар утаснаасаа олон нийтийн цахим сүлжээ буюу фейсбүүк орчинд “Ёндоо ёндоо” гэх фейсбүүк /facebook account/ хаягаар дуу дүрсний шууд дамжуулалт /live/ хийж тоглоомд оролцох хүсэлттэй тоглогч нараас мөрий буюу хүн тус бүрээс 6000,10000, 20000 төгрөг авч тоглоомд оролцуулан, хожсон тоглогчид мөнгө шилжүүлж, цаасан хөзрөөр “Техас” нэртэй тоглоом тоглох боломжийг бүрдүүлж, зохион байгуулсан үйлдлийг мэдээллийн технологи буюу гар утас ашиглан мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэж үзнэ.

Шүүгдэгч *******ийн өөртөө ашиг олох зорилгоор бусдын эрх зүйн мэдлэг дутмаг байдлыг ашиглан мэдээллийн технологи буюу гар утас ашиглан мөрийтэй тоглоомыг тоглуулсан нь энэ гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан нөхцөл болжээ.

3.2. Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн дөрөвдүгээр бүлэгт заасан гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал болон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан уг гэмт хэргийн хүндрүүлэх шинж тогтоогдоогүй болно. Иймд шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.

4. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

4.1. Энэхүү гэмт хэргийн улмаас нийтийн ашиг сонирхол зөрчигджээ. Мөн энэхүү гэмт хэрэг нь бусдыг мөрийтэй тоглоомд донтуулж, цаашлаад мөрийтэй тоглогчийн болон гэр бүлд нь эд хөрөнгийн хохирол учруулаад зогсохгүй, гэр бүл салалт, амиа хорлоход хүргэх зэрэг сөрөг үр дагавруудыг бий болгодог хор уршигтай.

Шүүгдэгч ******* нь 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хооронд мөрийтэй тоглоом зохин байгуулж, өөрийн нэр дээрх дугаартай Хаан банкны харилцах дансаар тоглогч нарын мөнгийг шилжүүлэн авч нийт 5’177’600 төгрөгийн орлого олсон байна.

Дээрх орлого нь мөрийтэй тоглосон хүмүүсийн хөрөнгө боловч мөрийтэй тоглох нь Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 5.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчил юм. Өөрөөр хэлбэл мөрийтэй тоглосон этгээдүүд нь хууль бус үйлдэл хийж эд хөрөнгийн хохирол хүлээсэн тул буцаан олгох үндэслэлгүй юм. Иймд шийтгэх тогтоолоор шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй гэж дүгнэв.

Б. Эрүүгийн хариуцлагын талаар:

1. Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэрэг хариуцах чадваргүй гэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.

 2.1. Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлууд хамаардаг.

Шүүгдэгч *******ийн хувийн байдлын талаар шүүгдэгчийн иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 20 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 129 дүгээр хуудас), гэрлэлтийн болон хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 132-1 дүгээр хуудас), гэрч гийн мэдүүлэг (хавтаст хэргийн 136 дугаар хуудас), гэрч гийн мэдүүлэг (хавтаст хэргийн 137 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлжээ. Энэхүү нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбар зэргээр шүүгдэгч ******* нь хүүхдүүдийн хамт амьдардаг, тодорхой эрхэлсэн ажилгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэх хувийн байдал тогтоогдож байна.

2.2. Шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

3. Улсын яллагч “...шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450’000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гар утсыг улсын орлого болгох, гэмт хэрэг үйлдэж олсон 5’177’600 төгрөгийг улсын орлогод оруулах” гэх санал, шүүгдэгч тусгайлан санал гаргаагүй болно.

3.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах, хорих ялын аль нэгийг нь сонгож оногдуулахаар заажээ.

Шүүгдэгч *******т торгох ял оногдуулах нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ. Шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэх хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 1’000 (нэг мянган) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1’000’000 (нэг сая) төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т зааснаар шүүгдэгч торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй. Мөн тус зүйлийн 160.2 дахь хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаа дуусгавар болоход шүүгдэгч торгуулийг төлөөгүй бол шийдвэр гүйцэтгэгч торгуулийг төлж барагдуулаагүй шалтгаан нөхцөлийг судалж, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн зөвшөөрснөөр шийдвэрийг сайн дураар биелүүлэх хугацааг 30 хүртэл хоногоор сунгаж, шүүгдэгчийн саналыг харгалзан уг хугацаанд торгуулийг төлж барагдуулах хуваарь тогтоож болохоор журамласан.

Тодруулбал шүүгдэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т зааснаар торгох ялыг 120 хоногийн хугацаанд төлөх боломжтой бөгөөд тус зүйлийн 160.3-т зааснаар уг хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтан торгох ялыг хорих ялаар солих тухай сануулан тэмдэглэл үйлдэн гарын үсэг зуруулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлдэг журамтай бие даасан процесс болохыг дурдах нь зүйтэй.

3.2. Шүүгдэгч нь энэхүү гэмт хэргийг үйлдэж 5’177’600 төгрөгийн орлого олсон болох нь тогтоогджээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүний хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулдаг. Мөн тус зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хураан авсан орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулах ба тухайн орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлдэг журамтай.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж ...гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж хуульчилжээ. Хуулийн дээрх зохицуулалтын дагуу шүүгдэгч *******ийн цахим мөрийтэй тоглоом зохион байгуулахдаа ашигласан гэх Samsung А52 загварын гар утсыг заавал хураан авч улсын төсөвт шилжүүлэх ёстой.

Шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй тул прокурорын саналыг хүлээн авч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч *******ийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос 5’177’600 төгрөгийг албадан гаргуулж; мөн эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан техник хэрэгсэл болох Samsung А52 загварын гар утсыг тус тус улсын төсөвт шилжүүлэх нь үндэслэлтэй гэж дүгнэв.

3.3. Шүүгдэгч *******т Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны дугаар сарын 13-ны өдрийн 2024/ЦХШЗ/10 дугаартай захирамжаар Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна. Шүүгдэгчийг энэхүү хэрэгт холбогдуулан шүүхийн зөвшөөрөлтэй болон зөвшөөрөлгүйгээр баривчлаагүй, мөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно. Шүүгдэгчид торгох ял оногдуулсан тул түүнд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлэх нь зүйтэй.

4. Шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болно.

Хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн шүүгдэгчийн гадаад паспортыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч *******т буцаан олгохоор шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* ургийн овогт *******ын *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг 1000 (нэг мянган) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1’000’000 (нэг сая) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч *******ээс гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 5’177’600 (ан сая нэг зуун далан долоон мянга зургаан зуун) төгрөгийг түүний хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулж; гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан техник хэрэгсэл болох хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Samsung А52 загварын гар утсыг тус тус улсын төсөвт шилжүүлэх хөрөнгө хураах албадлагын арга хэмжээ авсугай.

4. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчид авсан Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлсүгэй.

5. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч *******т авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ хүчингүй болсон талаар Хил хамгаалах ерөнхий газарт мэдэгдэхийг шүүгчийн туслахад даалгасугай.

6. Шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

7. Хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн шүүгдэгч *******ийн гадаад паспортыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц буцаан олгосугай.

8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан оролцогчид давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Б.МӨНХЗАЯА