| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чадраабалын Батчимэг |
| Хэргийн индекс | 102/2020/04492/И |
| Дугаар | 102/ШШ2021/00743 |
| Огноо | 2021-03-22 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 03 сарын 22 өдөр
Дугаар 102/ШШ2021/00743
2021 оны 03 сарын 22 өдөр Дугаар 102/ШШ2021/00743 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Батчимэг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: БГД, 0 дугаар хороо, 0 дүгээр хороолол 00 байр 000 тоотод оршин суух Ц овогтой Я-ны Б /РД:АА00000000/,
Нэхэмжлэгч: БГД, 0 дугаар хороо, 0 дүгээр хороолол 00 байр 000 тоотод оршин суух Б овогтой Ж-н Д /РД:АА00000000/ нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч:БГД, 00 дугаар хороо, А хороолол, АОС байр 00 тоотод оршин суух С овогтой Б-гийн О /РД: АА00000000/-д холбогдох,
Орон сууц худалдах-худалдан авах гэрээг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгуулж, орон сууцны хамтран өмчлөгч байсан болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ж.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.Энхтамир, хариуцагч Б.О, хариуцагчийн өмгөөлөгч С.Одгариг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Ундармаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Я.Б, Ж.Д нар нь улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүргийн 0 дугаар хороо, 0 дүгээр хороолол, 00 байрны 000 тоот 2 өрөө байрны хамтран өмчлөгчөөс хасуулах хэлцэл хийхээр нотариатч Д.Болдбаатарт хандаж байгаагүй бөгөөд энэхүү хэлцлийг гэрчилсэн гэх нотариатын тамга, гарын үсэг нь хуурамч болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн эрх бүхий шинжээчийн дүгнэлтээр тогтоосон болно. Улмаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 128/ШШ2020/0502 дугаар шийдвэрээр энэхүү хамтран өмчлөгч хасагдах хэлцлийг улсын бүртгэлд бүртгэсэн улсын бүртгэлийн байгууллагын үйлдлийг хүчингүйд тооцсон бөгөөд энэхүү шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон болно. Хамтран өмчлөгч хасагдах хэлцлийг улсын бүртгэлд бүртгэсэн үйлдлийг хүчингүйд тооцсноор өмнөх бүртгэл буюу орон сууцны өмчлөгчөөр Я.Б, Ж.Д, Б.О нарыг бүртгэсэн бүртгэл сэргэж, тус орон сууцны хамтран өмчлөгч нь Я.Б, Ж.Д нар байсан болох нь тогтоогдож байна.
Нотариатч Б.О-ны гэрчилсэн худалдах-худалдан авах гэрээний худалдагч тал болох Б.О нь хамтран өмчлөгч Я.Б, Ж.Д нарын зөвшөөрлийг зохих ёсоор авалгүйгээр иргэн Б.Цовообаясгалантай худалдах-худалдан авах гэрээ байгуулах замаар хамтран өмчлөгч нарынхаа өмчлөх эрхийг зөрчсөн гэрээг хариуцагч нотариатчаар гэрчлүүлсэн улмаар улсын бүртгэлд бүртгүүлсэн болох нь шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болно. Иймд 2015 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн Д.Очирдарь, Б.Цовоотбаясгалан нарын хооронд байгуулагдсан орон сууц худалдах-худалдан авах гэрээг нотариатч гэрчлэх үед улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаартай Баянгол дүүргийн 0 дугаар хороо 0 дүгээр хороолол, 00 байрны 000 тоот 2 өрөө байрны хамтран өмчлөгчөөр Я.Б, Ж.Д нар байсан болохыг тогтоож, Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.2, 128.3-т заасны дагуу хамтран өмчлөгчдийн зөвшөөрөлгүйгээр хийгдсэн 2015 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн өдрийн Д.Очирдарь, Б.Цовоотбаясгалан нарын хооронд байгуулагдсан орон сууц худалдах-худалдан авах гэрээг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцож өгнө үү. Нэхэмжлэгчийн зүгээс энэхүү худалдах-худалдан авах гэрээг байгуулсан иргэн Д.Очирдарь нас барсан, Б.Цовообаясгалан нь Монгол Улсын хилээр гарч яваад эргэн орж ирээгүй байгаа нөхцөл байдлыг харгалзан энэхүү гэрээг гэрчилсэн нотариатчийн үйлдэлтэй холбогдуулан нэхэмжлэл гаргаж байгаа болно гэв.
Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Я.Б, Ж.Д нар нь Д.Очирдарь, Б.Цовообаясгалан нарын хооронд 2015 оны 5 дугаар сарын 26-ны өдөр байгуулагдсан орон сууц худалдах-худалдан авах гэрээ-г гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй тооцуулахаар нэхэмжлэл гаргасан байна. Нотариатын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.1.1, 46.2, 46.3, Нотариатын үйлдэл хийх зааврын 2.2, 2.13-т тус тус заасныг зөрчөөгүй байсан тул нотариатын үйлдлийг хийсэн. Хэрвээ ямар нэгэн зөрчил илэрсэн бол хуульд заасны дагуу татгалзах байсан болно. Иймд нотариатын үйлдэл хууль зөрчөөгүй болно гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Я.Б, Ж.Д нар нь нотариатч Б.О-д холбогдуулан 2015 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн орон сууц худалдах-худалдан авах гэрээг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгуулж, орон сууцны хамтран өмчлөгч байсан болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, Нотариатын тухай хууль болон Нотариатын үйлдэл хийх зааврыг зөрчөөгүй гэж маргаж байна.
Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Баянгол дүүргийн тойргийн нотариатч Б.О нь 2015 оны 05 дугаар сарын 26-ны өдөр иргэн Д.Очирдарь болон Б.Цовообаясгалан нарын хооронд байгуулсан орон сууц худалдах-худалдан авах гэрээг гэрчилж, тус гэрээгээр худалдагч тал болох Д.Очирдарь Баянгол дүүргийн 0 дугаар хороо, 0 дүгээр хороолол, 00 дүгээр байрны 000 тоот 29 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч тал болох Б.Цовообаясгалан хариу төлбөрт нь 15,000,000 төгрөгийг 2015 оны 05 дугаар сарын 26-ны өдөр төлж барагдуулахаар харилцан тохиролцож, гарын үсэг зурж баталгаажуулсан. Гэрээний оролцогч Д.Очирдарь нь 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдөр нас барсан болох нь хэрэгт авагдсан баримт, зохигчийн тайлбараар тогтоогдож байна. /хэргийн 14 тал, 108/
Нэхэмжлэгч Ж.Д, Я.Б нар нь 2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр дээрх орон сууцны хамтран өмчлөгчөөс хасагдах хэлцлээр хасагдаж, тэдгээрийн төрсөн хүүхэд болох Д.Очирдарь орон сууцыг дангаар өмчлөх эрх үүссэн байх ба Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 128/ШШ2020/0502 дугаартай шийдвэрээр Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгөөс хамтран өмчлөгчөөс Ж.Д, Я.Б нарыг хасагдах хэлцлийг улсын бүртгэлд бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна. /хэргийн 140 тал/
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ маргаан бүхий орон сууцны хамтран өмчлөгчөөс нэхэмжлэгч Ж.Д, Я.Б нарыг хасагдах хэлцлийг нотариат батлаагүй үндэслэлээр уг хэлцлийг бүртгэсэн улсын бүртгэл хүчингүй болсон тул орон сууцыг дангаар өмчлөх эрхгүй Д.Очирдариас Б.Цовообаясгаланд орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлсэн худалдах-худалдан авах гэрээг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгохоор шаардлага гаргасан гэж тайлбарлаж байна.
Нотариатын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.7-д хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө, эрхийг бусдад шилжүүлэх гэрээ, хэлцлийг гэрчлэхдээ уг хөрөнгө, эрх нь тухайн этгээдийн хууль ёсны өмчлөл, эзэмшил, ашиглалтад байгаа эсэхийг нотлох эрхийн баримт бичгийг, хуулийн этгээдийн хувьд үүсгэн байгуулах гэрээ, дүрмийг үндэслэл болгоно гэж заасан.
Нотариатч Б.О нь иргэн Д.Очирдарь болон Б.Цовообаясгалан нарын хооронд байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг шилжүүлэх хэлцлийг гэрчлэх үед буюу 2015 оны 05 дугаар сарын 26-ны өдөр худалдагч тал болох Б.Очирдарь нь дангаар уг орон сууцны өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгэлтэй байсан болох нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож /хэргийн 107 тал/ байх ба нотариатч Б.О гэрээг гэрчлэхдээ уг хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг үндэслэл болгосон байх тул Нотариатын тухай хууль болон Нотариатын үйлдэл хийх зааварт нийцсэн гэж үзэхээр байна.
Харин худалдагч тал болох Д.Очирдарь тухайн хөрөнгийн өмчлөх эрхийг олж авах үндэслэл болсон хэлцлийг бүртгэсэн улсын бүртгэл хожим хүчингүй болсон нь түүний бусадтай байгуулсан хэлцлийг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгох үндэслэл болохгүй. Өөрөөр хэлбэл, нотариатч үйл ажиллагаа явуулахдаа Нотариатын тухай хууль болон нотариатын үйлдэл хийх зааварт заасан журмыг зөрчсөн бол нотариатчийн үйлдлийг хүчингүй болгох үндэслэл болно.
Мөн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх улсын бүртгэлээр тодорхойлогдох бөгөөд нэхэмжлэгч Ж.Д, Я.Б нар нь дээрх орон сууцны хамтран өмчлөгчөөр бүртгэлтэй байсан болох нь үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн хувийн хэрэгт авагдсан баримт болон үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байх бөгөөд нэхэмжлэгч нарын гаргасан орон сууцны хамтран өмчлөгч байсан болохыг тогтоолгох шаардлага нь нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах шаардлагын үндэслэл гэж үзэхээр байх тул бие даасан шаардлага гэж үзэхгүй.
Иймд хариуцагч Б.Оюун нь Нотариатын тухай хуулийн 46 дугаар зүйл, Нотариатын үйлдэл хийх заавар-ын 5-д заасныг зөрчөөгүй байх тул 2015 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн Д.Очирдарь болон Б.Цовообаясгалан нарын хооронд байгуулагдсан орон сууц худалдах-худалдан авах гэрээг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нотариатын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.7 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Оюунд холбогдох 2015 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн Д.Очирдарь болон Б.Цовообаясгалан нарын хооронд байгуулагдсан Баянгол дүүргийн 0 дугаар хороо, 0 дүгээр хороолол, 00 дүгээр байрны 000 тоот 00 м.кв талбайтай 2 өрөө орон сууц худалдах-худалдан авах гэрээг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.3-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАТЧИМЭГ