Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 183/ШШ2021/00752

 

 

 

 

 

2021 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 183/ШШ2021/00752

Улаанбаатар хот

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

   Нэхэмжлэгч: Б.Б-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: У.Б,

Хариуцагч: О.Т, 

Хариуцагч: Д.Б нарт холбогдох

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 43 212 819 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Т хариуцагч У.Б, О.Т, Д.Б, хариуцагчийн өмгөөлөгч Н.Б, гэрч Ц.Ц, нарийн бичгийн дарга Т.Нарантүвшин нар оролцов.

Нэхэмжлэлийг 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авав.

ТОДОРХОЙЛОХ нь: 

  Нэхэмжлэгч Б.Б-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2019 оны зун багын найз Д.Б-аар дамжуулан У.Б-тэй танилцаад хагас боловсруулсан махны бизнес хийнэ гэхээр нь Хаан банкнаас 2019.9.05-ны өдөр өөрийнхөө нэр дээр 11 800 000 төгрөгийг, эцэг Н.Б-ийн нэрээр 2019.9.27-ны өдөр 20 000 000 төгрөгийн зээлээс 18 200 000 төгрөг нийт 30 000 000 төгрөгийг жилийн 21.6 хувийн хүүтэй У.Б-т зээлдүүлсэн. Ингээд мөнгөө буцааж чадахгүй аргаа бараад 2019.12.18-ны өдөр У.Б-тэй зээлийн хэлцэл хийж сарын 3.2 хувийн хүүтэй, хэрэв зээлдүүлэгч зээлийг эргүүлж төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцож зээлдэгчээр төлүүлэх эрхтэй гэж гэрээндээ заасан. Би Хаан банкнаас авсан зээлээ хугацаандаа төлж чадахгүйд хүрсэн тул иргэн П.Б-ээс 2020.03.16-ны өдөр 6 500 000 төгрөгийг зээлж зээлийн хүүнд 2 080 000 төгрөг сарын 8 хувийн хүүтэй бас төлсөн бөгөөд 10 712 819 төгрөгийг төлж хохирсон. Тухайн үед хашаа байшингийн бичиг баримт гармагц зээлийн барьцаанд тавиад өгье, мөнгө бүтнэ гэсээр өнөөдрийг хүрсэн. Шүүх хуралдааны явцад бүх үйл баримт тодорхой боллоо. Нэхэмжлэгч Б.Б нь дансаар 32 700 000 төгрөгийг Д.Б-т шилжүүлсэн гэдэг нь талуудын тайлбар болон нотлох баримтаар тогтоогдож байна. Иргэний хуулийн 281 дүгээр зүйл, 282 дугаар зүйл, 232 дугаар зүйлийн 232.6-д заасны дагуу Б.Б-ээс олгосон үндсэн зээл 21 000 000 төгрөг, зээлийн хүү 10 712 000, нийт 40 712 819 төгрөг шаардснаас Д.Б нь 15 000 000 төгрөгийг төлсөн гэдгийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд үлдэгдэл төлбөрийг хариуцагч Д.Баас гаргуулах нь зүйтэй байна. Нэгэнт У.Б, Б.О.Т нарт дансаар болон бэлнээр мөнгө өгөөгүй, тэдэнтэй зээлийн харилцаанд ороогүй гэдэг нь шүүх хуралдааны явцад тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагын хариуцагч У.Б, Б.О.Т нар холбогдох хэсгээс татгалзаж байна, Д.Б-аас уг мөнгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч У.Б, түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Б нь найз Д.Б-аар дамжуулан манай нөхөр О.Т болон надтай 2019 оны зун танилцсан ба бидний мах борлуулдаг хувийн бизнест тулгуурлан хагас боловсруулсан махны бизнес хийхээр тохирсон. Хөрөнгө оруулалтыг Б.Б, түүний найз Д.Б, мөн манай нөхөр О.Т-ийн хамт хөдөө орон нутгаас мах нийлүүлэх, хагас боловсруулах үйлдвэрлэлийн ажилд хамтран оролцох, би махыг хагас боловсруулах зориулалт бүхий бүрэн тоног төхөөрөмжтэй ажлын байрыг түрээслэх ажлыг хариуцсан. Бид махыг хагас боловсруулан бэлэн болгож Монгол улсад байгаа Хятад иргэдэд борлуулснаар гарсан ашгийг адил тэнцүү хуваан хүртэхээр амаар тохиролцсон. Нийт 30 000 000 төгрөг Д.Б өөрийн данснаас миний данс руу 2 хуваан шилжүүлсэн. Махыг хагас боловсруулах бүрэн тоног бүхий үйлдвэр үнэтэй, олдохгүй байхад хүч хөдөлмөр гарган нэг сарын 5 000 000 төгрөгөөр 3 сарын хугацаатай түрээслэхээр тохирч 15 000 000 төгрөгийг танил н.Х-д шилжүүлсэн. Мах хагас боловсруулах үйлдвэрлэл эхлэх үед Хятад иргэдийн гадагшаа нийлүүлэх квот дууссан ба корона өвчин дэлгэрч бидний төлөвлөсөн бизнес явагдаагүй. Үлдсэн мөнгөөр Д.Б О.Т нар хөдөө орон нутаг руу маханд явсан боловч алдагдал хүлээж эрсдэлд орсон. Би Б.Б-ээс мөнгө аваагүй, түүнийг ямар эх үүсвэрээр мөнгө олсныг мэдэхгүй. 2019.11.24-ний өдөр Д.Б надад өмнө нь 9 000 000 төгрөгийн махны өртэй байсан болохоор үнийн дүнг хасч 21 000 000 төгрөгийг түүнд төлөхөөр тохиролцсон гар бичвэр бий. Бид хэрвээ ямар нэг эрсдэл гарвал хэрхэх талаар ямар нэгэн байдлаар тохиролцоогүй байсан ба Д.Б-ын шилжүүлсэн мөнгөнөөс би нэг ч төгрөг хувьдаа ашиглаагүй. Б.Б-ээс над руу элдэв дайралт ирээд байхаар нь түүний шахалтаар анх зээлийн тухай тохиролцоогүй боловч 2019.12.18-ны өдөр 21 000 000 төгрөгийн зээлийн гэрээ бичгээр хийсэн. Б.Б-ийн нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн хамтан хариуцагчаар татсанд Д.Б, О.Т нар ямар бодол байр суурьтай байгааг мэдэхгүй гэв.

 

Хариуцагч О.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Б өөрөө махны бизнес эрхэлдэг бөгөөд хятад иргэдтэй хамтран хагас боловсруулсан махны бизнес хийхээр болж санхүүг түүний найз Б.Б, Д.Б нар гаргах, миний найз эмэгтэй У.Б-ээр хагас боловсруулсан мах боловсруулах ажлын байр олуулах, би мах бэлтгэх ажилд туслахаар төлөвлөн тохирсон. Би Д.Б-тай хамт Б.Б-ийн гэрт очсон нь үнэн боловч түүнээс би мөнгө аваагүй, миний хажууд тэд мөнгө, төгрөг авч өгөлцөж байгааг хараагүй. Тухайн үед мөнгийг ямар эх сурвалжаар олсон, хэрхэн хэнд шилжүүлсэн болох, зарцуулалтыг мэдэхгүй. Хагас боловсруулсан махны бизнес амжилттай болвол /багцаа тооцоогоор 100 000 000 төгрөг/ орлогоо 3 тэнцүү хуваах, хуримтлал үлдээхээр тохиролцсон. Энэ орлогын мөнгө хуваахад Батчимэгийн нэр түүнд оногдох хувь тооцоогүй. Д.Б маш өндөр түрээсийн ажлын байр авах гэхэд нь Батчимэг хямд ажлын байр олж өгсөн гэж сонссон. Түүний олсон ажлын байрны түлхүүрийг Д.Б биеэсээ салгаагүй гэдгийг би мэдэж байна. Мөнгө санхүүгийн талаар надад ямар нэг мэдэл байгаагүй, миний гар дээр захиран зарцуулах мөнгө ирээгүй. Б.Б, Д.Б нар Хятад иргэдийн гадагшаа нийлүүлэх квот дуусаж, төлөвлөсөн бизнес амжилтгүй болонгуут надаас мөнгө нэхэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч Б.Д.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Б.Б нь нийт 40 712 819 төгрөгийг О.Т, У.Б бид нараас хувь тэнцүүлэн гаргуулахаар гэжээ. Энэ мөнгийг 3 хүнд хуваахаар 1 хүнд 13 570 940 төгрөг болж байна. Гэтэл би өөрийн эзэмшигч Хаан банкны 5807052694 тоот дансаар 2019.9.04-ний өдөр 6 500 000 төгрөг, 2020.7.02-ны өдөр 100 000 төгрөг, 2020.07.03-ны өдөр 20 000 төгрөг, 2020.7.06-ны өдөр 20 000 төгрөг, 2020.07.07-ны өдөр М гэдэг хүнээс 100 000 төгрөг аваад Б.Б-д бэлнээр өгсөн. 2020.07.16-ны өдөр 950 000 төгрөг, 2020.7.23-ны өдөр 1 500 000 төгрөг өгсөн. Мөн эхнэр н.Ц-ын Хаан банкны 00000000 тоот дансаар Б.Б-ээс бэлнээр 5 000 000 төгрөг авсан. 2019.10.01-ний өдөр Ж.Б-ы 00000000 тоот данс руу 4 500 000 төгрөг шилжүүлсэн. Мөн Б.Б-ийн зээлийн төлбөр гэж 2020.04.16-ны өдөр П.Б-ийн Хаан банкны 0000000 тоот данс руу 520 000 төгрөг шилжүүлсэн. Б.Б-ийн 0000000 тоот Хаан банкны данс руу 2020.11.04-ний өдөр 200 000 төгрөг шилжүүлсэн. Мөн Б.Б-д 1 000 000 төгрөгийн дээл бүхий бараа өгсөн. Нийт 15 410 000 төгрөг болж байна. Энэ нь бүх дансны хуулгаар тулгасан болно гэв.

 

Шүүх гэрч Ц.Ц-ын мэдүүлгийг сонсож, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлав.               

            ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Б хариуцагч У.Б, О.Т, Б.Д.Б нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 30 000 000 төгрөг, зээлийн хүү 10 712 819 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 2 500 000 төгрөг, нийт 43 212 819 төгрөгийг гаргуулахаар шаардсныг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ...2 500 000 төгрөгөөр багасгаж, нийт 40 712 819 төгрөгийг Д.Б-аас гаргуулахаар шаардсан ба хариуцагч О.Т, У.Б нарт холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзжээ.  

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 14 590 000 төгрөгийг хангаж, илүү нэхэмжилсэн 26 122 819 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба хариуцагч У.Б, О.Т нарт холбогдох хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

  Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Нэхэмжлэгч Б.Б нь дансаар 32 700 000 төгрөгийг Д.Б-т шилжүүлсэн гэдэг нь талуудын тайлбар болон нотлох баримтаар тогтоогдож байна. Иргэний хуулийн 281 дүгээр зүйл, 282 дугаар зүйл, 232 дугаар зүйлийн 232.6-д заасны дагуу Б.Б-ээс олгосон үндсэн зээл 21 000 000 төгрөг, зээлийн хүү 10 712 000, нийт 40 712 819 төгрөг шаардсанаас Д.Б нь 15 000 000 төгрөгийг төлсөн гэдгийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд үлдэгдэл төлбөрийг хариуцагч Д.Б-аас гаргуулах нь зүйтэй байна. Нэгэнт У.Б, Б.О.Т нарт дансаар болон бэлнээр мөнгө өгөөгүй, тэдэнтэй зээлийн харилцаанд ороогүй гэдэг нь шүүх хуралдааны явцад тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагын хариуцагч У.Б, Б.О.Т нар холбогдох хэсгээс татгалзаж байна, Д.Б-аас уг мөнгийг гаргуулж өгнө үү... гэж тайлбарлаж зээлийн гэрээ, дансны хуулга зэргийг ирүүлжээ.

Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигчдын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.

Хэрэгт Б.Б, У.Б нарын хооронд 2019 оны 12 сарын 18-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээг ирүүлсэн байх ба уг гэрээгээр 21 000 000 төгрөгийг 2019 оны 12 сарын 18-ны өдрөөс 2019 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл сарын 3.2 хувийн хүүтэй, хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцохоор харилцан тохиролцсон байх хэдий ч уг гэрээний дагуу нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч У.Бт мөнгө шилжүүлээгүй байх ба талууд энэ асуудлаар маргаангүй байна. /хх-21/

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан байх ба талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй байх тул уг гэрээний дагуу шаардах эрх үүсэхгүй юм.

Харин нэхэмжлэгч Б.Б, хариуцагч Д.Б нарын хооронд зээлийн гэрээ бичгийн хэлбэрээр байгуулагдаагүй хэдий ч талууд 2019 оны 09 сарын 05-ны өдөр 11 800 000 төгрөгийг, 2019 оны 09 сарын 27-ны өдөр 18 200 000 төгрөгийг, нийт 30 000 000 төгрөгийг зээлж авсан асуудлаар маргаагүй, түүнчлэн уг зээлээс хариуцагч нь 15 410 000 төгрөгийг төлсөн гэж тайлбар гаргасныг нэхэмжлэгч тал маргаагүй байх бөгөөд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлийн дутуу төлбөрийг шаардах эрхтэй байна.

 

Харин нэхэмжлэгч Б.Б нь зээлийн хүүнд нийт 10 712 819 төгрөгийг гаргуулна гэж нэхэмжлэл гаргасан хэдий ч энэ нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-д заасан Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно., 282.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана. гэж заасантай нийцэхгүй байх тул нэхэмжлэгч нь гэрээгээр тохирсон хугацааны хүү шаардах эрхгүй байна.

 

Дээрхийг нэгтгээд зохигч талууд зээлийн төлбөр төлсөн тооцооллын талаар маргаагүй тул хариуцагч Д.Б-аас зээлийн төлбөрт 14 590 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Б-д олгож, илүү нэхэмжилсэн 26 122 819 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч У.Б, О.Т нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.

 

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

                                                 ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Б-аас зээлийн гэрээний үүрэгт 14 590 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Б-д олгож, илүү нэхэмжилсэн 26 122 819 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч У.Б, О.Т нарт холбогдох нэхэмжлэлээсээ татгалзсныг баталж, энэ хэсэгт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Б-ийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 374 015 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Д.Б-аас улсын тэмдэгтийн хураамжинд 230 900 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Б-д олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Б.МӨНХЖАРГАЛ