Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 2024/ШЦТ/316

 

 

 

 

 

 

     

   2024             03             12                                               2024/ШЦТ/316

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бямбаабаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сарантуяа,

улсын яллагч Р.Очирсүрэн,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ***,

шүүгдэгч ***, өмгөөлөгч А.Очбадрал,

шүүгдэгч ***, өмгөөлөгч Б.Энхтүвшин,

шүүгдэгч ***, өмгөөлөгч Б.Чинбат нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ***, ***, *** нарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шилжүүлсэн эрүүгийн *** дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, 2024 оны 03 дугаар сарын 05, 12-ны өдрүүдэд хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчдийн биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, *** овогт ***н *** (регистрийн дугаар ***), *** оны 10 дугаар сарын 02-ны өдөр төрсөн, *** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “***” ХХКомпанид жолооч ажилтай, *** дүүргийн *** хороо, *** гудамж *** тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.   

2. Монгол Улсын иргэн, *** овогт ***гийн *** (регистрийн дугаар ***), 19*** оны 01 дүгээр сарын 14-ний өдөр төрсөн, *** настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, *** борлуулалт үйлчилгээний ажилтнаар ажилдаг, *** аймгийн *** сум, *** баг, *** тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.  

3. Монгол Улсын иргэн, *** овогт ***ийн *** (регистрийн дугаар ***), 19*** оны 9 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн, *** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, автомашин засварчин мэргэжилтэй, “***” ХХКомпанид мужаан  ажилтай, *** дүүргийн *** хороо, *** байрны *** тоотод түр оршин суух, урьд 2 удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан.

 

Хэргийн товч агуулга: Шүүгдэгч ***, ***, *** нар үгсэн тохиролцож, бүлэглэн 2023 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс 2023 оны 5 дугаар сарын 06-ны өдрийг хүртэлх хугацаанд үргэлжилсэн үйлдлээр 87 харилцагчид хуурамч захиалга үүсгэн санхүүгийн программд шивж тус компанийн агуулахаас 31.441.600 төгрөгийн хүнсний барааг падаанаар гаргуулан авч мэдээллийг санхүүгийн Dmanager программаас устгуулан, барааг зарж борлуулан завшсан,

Шүүгдэгч ***, ***тай нар 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс 2023 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэлх хугацаанд үргэлжилсэн үйлдлээр Сонгинохайрхан дүүргийн *** хорооны нутаг дэвсгэрт байрлах “***” ХХКомпанийн агуулахаас авсан барааны орлогын мөнгийг компанийн дансанд тушаалгүйгээр хувьдаа завшиж 4.396.000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч *** нь 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрөөс 2023 оны 5 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх хугацаанд тус компанийн агуулахаас 9.017.050 төгрөгийн хүнсний бараа авч, орлогын мөнгийг компанийн дансанд тушаалгүйгээр хувьдаа завшсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

    1. Шүүх хуралдаанд оролцогчид мэдүүлэхдээ:

- шүүгдэгч *** “...Tнэ үйлдэлдээ маш их гэмшиж, харамсаж байна. Хохирол төлбөрт 17.000.000 төгрөгийг төлсөн”, 

- шүүгдэгч *** “...Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Гэм буруу дээрээ маргахгүй, хүлээн зөвшөөрч байна”,

- шүүгдэгч *** “...Хийсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна”,

- хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *** “...2023 оны 01-р сарын 01-ний өдрөөс эхлэн тайлан гарч эхэлсэн. Тайлан гаргах явцад бараа дутагдаж байсан бол 2023 оны 5 дугаар сард компанийн программ дээрх бараанууд устсан. Үүнтэй холбоотой шалгалт хийхэд ***, ***, *** нар үгсэн хуйвалдаж хуурамч барааны захиалга, буцаалт нэрээр программ дээрээс устгасан зэрэг үйлдлээр нийт 44.854.650 төгрөгийн барааг компанийн агуулахаас авч, хувьдаа завшсан байсан. Үүнээс *** 17.000.000 төгрөгийг буцааж төлсөн. Одоо 27.854.654 төгрөгийн төлбөр төлөгдөөгүй байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад “***” ХХКомпаниар аудит хийлгэсэн хөлсөнд  2.100.000 төгрөг төлсөн. Энэ төлбөр бас төлөгдөөгүй байгаа” гэцгээв.

1.2 Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

- Улсын яллагчаас “2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 07 дугаартай яллах дүгнэлтийн хавсралтад тусгагдсан (1-р хавтаст хэргийн 10-11, 16, 18-19, 21, 34-40, 50-60, 113-118, 125-154 дүгээр хуудас)",

- Өмгөөлөгч Б.Чинбатаас “***ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг, “***” ХХКомпанийн тодорхойлолт, хувийн байдалтай холбоотой “***” ХХКомпанийн захирлын тушаал, хөдөлмөрийн гэрээ /8 хуудас/ шинээр гаргаж өгөв (1-р хавтаст хэргийн 104, 119-123 дугаар хуудас)",

- Өмгөөлөгч Б.Энхтүвшинээс “***ын хувийн байдалтай холбоотой баримтууд, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас, дипозит дансны хуулга /6 хуудас/ шинээр гаргаж өгөв (1-р хавтаст хэргийн 159-176, 181 дүгээр хуудас),

- Өмгөөлөгч А.Очбадралаас “Аудитын дүгнэлт, ***ийн хувийн байдалтай холбоотой баримтууд, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас, “***” ХХКомпанийн тодорхойлолт /1 хуудас/-ыг шинээр гаргаж өгөв(1-р хавтаст хэргийн 58, 224-238 дугаар хуудас)

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ***аас “улсын яллагчийн шинжлэн судлах баримттай давхардаж байна”,

- Шүүгдэгчид “шинжлэн судлуулах баримт байхгүй" гэцгээв.

1.3 Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

Шүүгдэгч ***, ***, *** нар үгсэн тохиролцож, бүлэглэн 2023 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс 2023 оны 5 дугаар сарын 06-ны өдрийг хүртэлх хугацаанд үргэлжилсэн үйлдлээр 87 харилцагчид хуурамч захиалга үүсгэн санхүүгийн программд шивж тус компанийн агуулахаас 31.441.600 төгрөгийн хүнсний барааг падаанаар гаргуулан авч мэдээллийг санхүүгийн Dmanager программаас 84 баримтыг устгуулан, барааг зарж борлуулан хувьдаа завшсан,

Шүүгдэгч ***, ***тай нар 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс 2023 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэлх хугацаанд үргэлжилсэн үйлдлээр Сонгинохайрхан дүүргийн *** хорооны нутаг дэвсгэрт байрлах “***” ХХКомпанийн агуулахаас авсан барааны орлогын мөнгийг компанийн дансанд тушаалгүйгээр хувьдаа завшиж 4.396.000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч *** нь 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрөөс 2023 оны 5 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх хугацаанд тус компанийн агуулахаас 9.017.050 төгрөгийн хүнсний бараа авч, орлогын мөнгийг компанийн дансанд тушаалгүйгээр хувьдаа завшсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

- “***” ХХКомпаниас цагдаагийн байгууллагад гаргасан гомдол (1-р хавтаст хэргийн 10-11 дүгээр хуудас),

- Мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ***ын “*** ХХКомпани нь худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.  Тус байгууллагын тооцооны нягтлан бодогчоор ажиллаж байсан ***, худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байсан ***, түгээгчээр ажиллаж байсан *** нар байгууллагын бараа бүгээгдэхүүний мөнгийг дутагдуулсан болох нь 2023 оны 01-р сарын 01-ний өдрөөс 2023 оны 05-р сарын 13-ны өдрийг хүртэл хяналт шалгалтаар илэрсэн. Нийт 42.699.900 төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг хувьдаа авч хэрэглэснээ ***, ***, *** нар хүлээн зөвшөөрч, ***ийн Хаан банкны данснаас “***” ХХК-н *** тоот данс руу 17.000.000 төгрөг шилжиж орсон. Үлдсэн төлбөрийг одоогоор барагдуулаагүй байна. Манай компанийн оффисын байр нь *** дүүргийн *** хороо, *** центрийн 11 давхарт үйл ажиллагаа явуулдаг. Харин агуулах нь Сонгинохайрхан дүүргийн *** хорооны нутаг дэвсгэрт байдаг. Бараа бүтээгдэхүүнийг худалдааны төлөөлөгч нь захиалга авч, тооцооны нягтлан болон нярав руу захиалгаа бүртгүүлдэг. Тухайн захиалсан барааг агуулахаас түгээгч очиж аван захиалгын дагуу харилцагч нарт хүргэж өгнө. Харилцагч нар бэлэн мөнгө өгвөл түгээгч санхүүд дамжуулан өгнө. Харилцагч нар баримт үйлдэхдээ тооцооны падаан дээр бэлэн эсвэл дансаар өгсөн гэж бичдэг. Харин үлдэгдэл бараа ирсэн тохиолдолд буцаалт гэж тооцооны нярав,  нягтлангуудад хүлээлгэж өгөх ёстой. Падаан устгана гэдэг нь тухайн захиалсан барааг худалдааны төлөөлөгч харилцагч нараас авч, тооцооны нягтлан руу явуулна. Уг бараа бүтээгдэхүүнтэй холбоотой бүртгэлийг санхүүгийн программ дээр тооцооны нягтлан *** бүртгэнэ. Гэвч *** нь гэмт үйлдээ нуух зорилгоор программ дээр шивсэн баримтыг устгасан. Энэ нь аудитын дүгнэлтээр гарсан” гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 16 дугаар хуудас),

- Гэрч ***гийн “*** ХХК-д ерөнхий нягтлан бодогчоор ажилд орсон. Дүүрэг бүрд нэг худалдааны төлөөлөгч захиалга авч, борлуулагч ажилладаг. Худалдааны төлөөлөгч нь байгууллагуудаар явж захиалга аван программд шивэхэд захиалгыг нягтлангууд “Авлага өртэй газар байна уу” гэдгийг хянан захиалгын падаан болон түгээгчийн бараа гарах ачилтын нэгдсэн падааныг хэвлүүлж боловсруулдаг. Сонгинохайрхан дүүргийн *** хороо, *** тоотод байрлах агуулахын нярав ***т хүргэгдэж, тэндээс түгээгч нарт буюу ***т бараа очдог. Барааг *** захиалгын дагуу хүргэж өгч, байгууллага, харилцагч нар аваагүй үлдсэн барааг нягтлан ***тай тулгаж, агуулахад хүлээлгэж өгнө. Нягтлан ***, түгээгч ***тай тулгадаг байсан. Худалдааны төлөөлөгч *** нь Сонгинохайрхан дүүргийн байгууллага, иргэдээс хуурамч захиалга авч, программд шивээд *** үүнийг нь хянаад падааныг агуулах руу явуулахад түгээгч *** барааг агуулахын нярав ***аас хүлээн авч гаргадаг. Хуурамч падаан бичсэн бараагаа ***д хэлж байгууллагын программ дээрээс устгуулдаг байсан. Манай байгууллага 2023 оны 01-р сарын 01-ний өдрөөс 2023 оны 05-р сарын 10-ны өдрийн хооронд аудит хийлгэсэн. Үүгээр 42.699.900 төгрөгийн барааны мөнгө дутсан. Би 2023 оны 05-р сарын эхээр агуулахад байгаа бараа дутсаныг тооллогоор илрүүлсэн. Зарлагын дэвтрийг программтай тулгаж үзэхэд түгээгч *** олон тооны тахианы мах авч гарсан байсан. Мөн *** агуулахаас гараараа падаан бичүүлж, нягтланд өгөхгүй устгадаг байсан нь ***ын гар падааныг тулахад гарч ирсэн. Падааныг программ дээр устгана гэдэг нь худалдааны төлөөлөгч нар захиалгын бараа авч программд шивнэ. Бараа гарч хянаад явуулах хүн нь *** юм. Гэтэл *** өөрөө буцсан бараа гээд устгаж байсан. Ерөнхий нягтлан бодогчид устгасан падаан харагдах боловч үнийн дүн, барааны жагсаалт харагдахгүй” гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 18-19 дүгээр хуудас),

- Гэрч ***ын “*** ХХК-н хүнсний агуулахад нярваар ажилладаг. Төв оффисоос ирсэн падааны дагуу барааг түгээгч нарт хүлээлгэж өгдөг. Барааны буцаалт ирвэл падааныг нь тулгаж явуулдаг. Түгээгч *** авсан бараагаа түгээж дуусгачхаад бараагүй ирдэг байсан. Агуулахаас ганцхан худалдааны төлөөлөгчийн захиалгын дагуу түгээгч нар л бараа авна, өөр хүнд өгөхгүй. Агуулахаас бараа гарах процесс нь гар падаанаар бичиж, би нэг хувийг нь авч, үлдсэн нэг хувийг нь түгээгчид өгөөд оффис руу хүргүүлдэг байсан. Уг падааныг худалдааны төлөөлөгч *** оффист хүргэж өгдөг байсан. Тэр падаанаа оффист өгөхгүйгээр замаас нь барааны мөнгийг авдаг байсан юм шиг байна. Ерөнхий нягтлан бодогч агуулах дээр 2023 оны 05-р сарын эхээр ирж тооллого хийхэд падааны үлдэгдэл нь агуулахтай тоо нь таарсан. Харин оффис руу очих падаантай зөрж дутаад байсан” гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 21 дүгээр хуудас),

- Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 78 дугаартай шинжээчийн “...***, ***, *** нар 771.347.615 төгрөгийн борлуулалтыг 2023 оны 01-р сарын 03-ны өдрөөс 2023 оны 5-р сарын 09-ний өдрийн хооронд  хийснээс “***” ХХК-ийн харилцах Хаан банкны *** тоот дансаар 334.688.087 төгрөг, кассын орлого бэлнээр 168.852.100 төгрөг, барааны буцаалт 862.950 төгрөг тушааж, 257.927.428 төгрөгийн авлагын үлдэгдэлтэй нь шинжилгээгээр гарч байгаа боловч харилцагч байгууллагуудтай тооцоо нийлсэн акт баримтад байхгүй байна. Шинжилгээнд ирүүлсэн баримтаар “***” ХХК-ийн борлуулалтын орлого болох 771.347.615 төгрөгийн анхан шатны баримттай тулгахад 9.017.050 төгрөгийн захиалгын хуудас дээр түгээгч *** нь бэлнээр авч тооцоо нийлсэн байна. Мөн 31.441.600 төгрөгийн анхан шатны баримт болох захиалгын хуудас дутуу зөрүүтэй байгааг мөрдөн байцаалтаар тогтоохоор байна. Шинжилгээнд ирүүлсэн баримтаар 2023 оны 01-р сарын 03-ны өдрөөс 2023 оны 05-р сарын 09-ны өдрийн хооронд “***” ХХК-ийн агуулахаас түгээгч *** нь 52 хайрцаг бүхий 4.396.000 төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг хүлээн авсан байна. Тухайн бараа бүтээгдэхүүний мөнгийг харилцагч байгууллагуудаас “***” ХХК-ийн данс болон кассад тушаасан баримт байхгүй” гэсэн дүгнэлт (1-р хавтаст хэргийн 34-42 дугаар хуудас),

- “Төгсгүүд консалтинг аудит” ХХКомпанийн 2023 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн А23/06 дугаартай шинжээчийн “...*** ХХК-ийн барааны агуулахаас 84 харилцагчид /давхардсан тоогоор/ хуурамч захиалга үүсгэн 618 хайрцаг 31.441.600 төгрөгийн үнэ бүхий бараа, агуулахаас гэр хүргэлт гэсэн хуурамч захиалгаар агуулахын нярваар гар падаан бичүүлэн 10 удаагийн үйлдлээр 53 хайрцаг 4.396.000 төгрөгийн үнэ бүхий бараа, түгээлт хийх үедээ 18 харилцагчийн барааны төлбөрийг авсан боловч компанийн касст тушаагаагүй санхүүгийн анхан  шатны мэдээлэлд төлбөр төлсөн хэлбэрийг данс гэж өөрчлөн 5.416.350 төгрөг хувьдаа авсан, барааны буцаалт нэрээр 13 удаагийн үйлдлээр 1.415.950 төгрөгийг харилцагчийн авлагын тооцооноос буцаалтын анхан шатны баримтыг хуурамчаар бичиж хасаж тооцсон байна. Уг бараа бүтээгдэхүүнтэй холбоотой санхүүгийн DManager программ дээр *** хэрэглэгчийн эрхтэй тооцооны нягтлан бодогчоор ажиллаж байсан *** нь 2023 оны 02-р сарын 01-нээс 2023 оны 05-р сарын 10-ны өдрийг хүртэл 84 ширхэг баримтыг устгасан нь санхүүгийн анхан шатны баримтаар нотлогдож байна“ гэсэн дүгнэлт (1-р хавтаст хэргийн 50-57 дугаар хуудас),

- “***” ХХКомпанийн улсын бүртгэлийн гэрчилгээ (1-р хавтаст хэргийн 113 дугаар хуудас),

- “***” ХХКомпанийн захирлын тушаал, хөдөлмөрийн гэрээний хуулбарт “тус компанид ***ыг 2022 он 9-р сарын 15-ны өдрөөс эхлэн тооцооны нягтлан бодогч ажилд, ***ийг 2022 оны 01-р сарын 01-ний өдрөөс эхлэн худалдааны төлөөлөгчөөр, ***ыг 2022 оны 10-р сарын 18-ны өдрөөс эхлэн түгээгч ажилд тус тус томилж, 2023 оны 05-р сарын 10-ны өдөр тасалбар болгон үүрэгт ажлаас чөлөөлсөн байна.” (1-р хавтаст хэргийн 125-154 дүгээр хуудас),

- “***” ХХКомпанийн тодорхойлолт, хэрэглэгчийн ажилласан түүх (1-р хавтаст хэргийн 114-118 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларч бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлд хууль, гэрээ, хэлцлийн үндсэн дээр бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшихыг хөрөнгө завших гэмт хэргийн энгийн бүрэлдэхүүнээр тодорхойлж, харин энэ гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн, мөн бусдад ноцтой, эсхүл их хэмжээний хохирол учруулж үйлдсэн тохиолдолд хүндрүүлж эрүүгийн хариуцлага оногдуулахаар хуульчлан тогтоосон.

Завших гэмт хэргийн хувьд хохирогчийн эд хөрөнгө гэмт этгээдэд хууль ёсоор шилжсэний дараа уг эд хөрөнгийг шамшигдуулах, завших санаа бий болж хэрэгждэг. 

Эд хөрөнгө бусдын итгэмжлэл, хариуцлагад хууль ёсоор шилжих гэдгийг аж ахуй нэгж, байгууллага, иргэдээс өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээлгэсэн, эсхүл хууль буюу гэрээнд зарим тохиолдолд итгэлцлийн үндсэн дээр захиран зарцуулах эрхгүйгээр бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээхийг ойлгодог.

Дээрх гэмт үйлдэл нь хүний идэвхтэй үйл ажиллагаа төдийгүй түүндээ сэтгэл зүйн хувьд хэрхэн хандсан, ямар хүсэл, зорилго, сэдэлтийг удирдлага болгон хийснийг илтгэн харуулдаг онцлогтой. 

Эрүүгийн хуульд заасан өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргүүд нь иргэн, аж ахуй нэгж, байгууллагын эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг гэмт этгээд хэрхэн хохирогчоос шилжүүлэн өөрийн захиран зарцуулах боломжид хууль бусаар авч байгаа аргаас хамааран хулгайлах, дээрэмдэх, залилах, завших болон бусад гэмт хэргүүд болж ялгагдан зүйлчлэгддэг.

Шүүгдэгч нарын энэхүү үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан өмчлөх эрхийн эсрэг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.   

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч нарын дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг шүүгдэгч ***, ***, *** нарын гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан, хөрөнгө завших гэмт хэргийн шинжийг хангасан байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна. 

Шүүгдэгч ***, ***, *** нар “гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй”, тэдний өмгөөлөгчид “хэргийн үйл баримт болоод зүйлчлэл дээр маргаагүй, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай” оролцсон болохыг тэмдэглэв.

1.4 Хохирол, хор уршиг.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж тодорхойлсон.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, ...бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж хуульчилжээ.

Хохирогч “***” ХХКомпанид нийт 44.854.650 төгрөгийн бодит хохирол учирсан, улмаар “Төгсгүүд консалтинг аудит” ХХКомпанийн шинжээчийн ажлын хөлс 2.100.000 төгрөгийн хор уршгийн зардал учирсан (1хх59-60)-ыг хууль ёсны төлөөлөгчөөс нэхэмжилж, мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч ***эс 17.000.000 төгрөгийг төлсөн /1хх231/, шүүгдэгч ***, *** нар төлж барагдуулаагүй байна.

Шүүх зөвхөн бодитоор учирсан хохирлыг хууль ёсны нотлох баримтад үндэслэн гэм буруутайд этгээдээс гаргуулан олгож шийдвэрлэх учиртай тул дээрх баримтын хүрээнд гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг тэнцүү байдлаар хуваан гаргуулж, хохирогчид дараах байдлаар олгохоор шийдвэрлэв.

Тодруулбал; шүүгдэгч ***, ***, *** нар бүлэглэн “***” ХХКомпанид 31.441.600 төгрөгийн хохирол учруулсныг тэдэнд ногдох хувийг  10.480.533 төгрөг /31.441.600:3=10.480.533/, шүүгдэгч ***, *** нарын бүлэглэж компанид учруулсан 4.396.000 төгрөг /4.396.000:2=2.198.000/, шинжээчийн ажлын хөлс 2.100.000 төгрөг /2.100.000:3=700.000/-өөр тус тус тооцож гаргуулсан болно.

Шүүгдэгч Ж.Бат-Эрдэнийн төлсөн 17.000.000 төгрөгөөс түүнд ногдох 13.378.533 төгрөг /10.480.533+2.198.000+700.000/-ийн хасаж тооцож, энэ тогтоолоор төлөх төлбөргүй, харин 3.621.467 төгрөгийг илүү төлснийг “***” ХХКомпаниас гаргуулан ***д олгох нь зүйтэй юм.

Шүүгдэгч ***аас 11.180.533 төгрөг /10.480.533+700.000/-ийг, шүүгдэгч ***аас 22.395.583 төгрөг /10.480.533+2.198.000+9.017.050+700.000/-ийг тус тус гаргуулан хохирогч “***” ХХКомпанид олгож шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгч ***, ***, түүний өмгөөлөгч нараас “хохирол төлбөр төлөх завсарлага авах хүсэлт” гаргасныг Шүүх хүлээн авч, 2024 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 14 цаг 30 минут хүртэл хугацаагаар шүүх хуралдааныг завсарлуулж, шүүгдэгч *** нь 11.180.533 төгрөгийг төлж барагдуулсан байна.

Шүүгдэгч, өмгөөлөгч нараас “хохирол төлөх завсарлага авах хүсэлт” гаргасныг Шүүх хүлээн авч, шүүх хуралдааныг 2024 оны 03-р сарын 12-ны өдрийг хүртэл завсарлуулж, шүүгдэгч ***аас 11.180.533 төгрөгийг “***” ХХКомпанид төлсөн, шүүгдэгч ***аас энэ хугацаанд төлж барагдуулаагүй байна.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

Улсын яллагчаас “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***т 01 жил 06 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгч ***, *** нарт 3000 нэгжтэй буюу 3.000.000 төгрөгийн торгох ял оногдуулах”,

- өмгөөлөгч А.Очбадралаас “...*** гэм буруугаа хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан, анх удаа гэмт хэрэгт холбогдсон байдлыг харгалзан торгох ял оногдуулах улсын яллагчийн дүгнэлтийг дэмжиж байна. Харин торгох ялын хэмжээг тухайн зүйл хэсэгт заасан доод хэмжээ 2700 нэгжээр тогтоож, 06 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлж өгнө үү”,

- өмгөөлөгч Б.Энхтүвшинээс “...*** нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч оролцсон, учруулсан хохирлыг цалингийн зээл авч төлж барагдуулсан, анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, *** теллер ажилтай учир Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1-р зүйлд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү”,  

- өмгөөлөгч Б.Чинбатаас “*** нь урьд 2 удаа эрүүгийн хариуцлага хүлээн дуусгавар болсон байгаа нь эрүүгийн хариуцлагыг хүндрүүлж яллаж болохгүй, хохирлыг төлөх хугацаа дээр компани хүлээн аваагүй, “***” ХХКомпанид 1.8 сая төгрөгийн цалинтай ажилд орсон, 1 жилийн хугацаанд учруулсан хохирлыг төлөхөө илэрхийлж байгаа, эрүүгийн хариуцлагын зорилго нь хохирлыг арилгах учир хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулах эсхүл Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.1-т зааснаар тэнсэж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус танилцуулав.

Гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаарддаг төдийгүй гэмт хэрэг үйлдэхэд гэм буруутай этгээдийн гүйцэтгэсэн үүрэг, оролцоог харгалзан эрүүгийн хариуцлага буюу ялын төрлөөс ялгамжтайгаар оногдуулдаг.

Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан бол хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж хуульчилсан байна.

2.1 Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (1-р хавтаст хэргийн 238 дахь тал)-аар *** нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, ”гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлсөн” зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (*** ХХКомпанийн худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байхдаа үргэлжилсэн үйлдлээр, бусадтай бүлэглэн тухайн байгууллагын эд хөрөнгийг шамшигдуулан, завшин хохирол учруулсан), гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар(35.837.600 төгрөгийн үлэмж хэмжээнээс дээш хохирол учруулсан), шүүгдэгчийн хувийн байдал (*** онд төрсөн, *** настай, “***” ХХКомпанид жолооч ажилтай, ам бүл-4, эх, эгч, дүү нарын хамт *** дүүргийн *** хороо, *** гудамж *** тоотод оршин суудаг, үйлдсэн хэрэгтээ гэмшиж буй байдал, мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирлыг сайн дураараа төлсөн) болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тус тус харгалзан шүүгдэгч ***д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.000.000 төгрөгийн торгох ял шийтгэж, түүний цалин хөлс, хөрөнгө, бусад орлого олох боломж зэрэгт дүгнэлт хийж оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 06 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд эрүүгийн хуулиар тогтоосон өөр үр дагаврыг үүсгэхийг түүнд сануулж шийдвэрлэв.

 Улсын яллагч, өмгөөлөгчийн дүгнэлтээс “торгох ялын хэмжээ”-г хүлээн авах боломжгүй буюу Эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсэгт заасан ялын доод хэмжээгээр эрүүгийн хариуцлага оногдуулах нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хор уршиг (дээр дурдсан), гэм буруугийн хэлбэрт нь тохирохгүй, шударга ёс болон гэм буруугийн зарчимд нийцэхгүйгээс гадна, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахгүй гэж дүгнэсэн болно.

2.2. Шүүгдэгч *** тухайд урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1-р хавтаст хэргийн 181 дүгээр тал) тогтоогдсон нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.

Шүүхээс шүүгдэгч ***ыг хөрөнгө завших гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (*** ХХКомпанид тооцооны нягтлан бодогчоор ажиллаж байхдаа үргэлжилсэн үйлдлээр, хөдөлмөрийн гэрээнд заагдсан ажил үүргээ биелүүлэлгүй бусадтай бүлэглэн, үгсэн тохиролцож, үйлдлээрээ санаатай нэгдэн тухайн байгууллагын эд хөрөнгийг завших боломжийг олгож хохирол учруулсан), гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (31.441.600 төгрөгийн үлэмж хэмжээнээс дээш хохирол учруулсан), шүүгдэгчийн хувийн байдал (19*** онд төрсөн, *** настай, *** аймгийн *** сум, *** баг, *** тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, *** борлуулалт үйлчилгээний ажилтан ажилтай, *** дүүрэг *** байрны *** тоотод байр түрээслэн амьдардаг, үйлдсэн хэрэгтээ гэмшиж буй байдал, хохирлыг шүүхийн шатанд бүрэн төлсөн) болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тус тус харгалзан шүүгдэгч ***д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4.000.000 төгрөгийн торгох ял шийтгэж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 06 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, тогтоосон хугацаанд ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд сануулав.

2.3 Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийдвэрийн хуулбар, холбогдох баримт (1хх-206-221)-аас үзэхэд шүүгдэгч *** нь урьд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06-р сарын 06-ны өдрийн 482 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнссэн,

- Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08-р сарын 10-ны өдрийн 127 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 01 жил 06 сарын хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан байна.

Шүүгдэгч ***ын эрүүгийн хариуцлага хүлээн дуусгавар болсон нь түүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй тул эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байгааг эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон, харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (*** ХХКомпанид түгээгчээр ажиллаж байхдаа үргэлжилсэн үйлдлээр, ганцаараа болон бусадтай бүлэглэн, үйлдлээрээ санаатай нэгдэн тухайн байгууллагын эд хөрөнгийг завшиж хохирол учруулсан), гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (үлэмж хэмжээнээс дээш хохирол учруулан төлж барагдуулаагүй), шүүгдэгчийн хувийн байдал (19*** онд төрсөн, *** настай, “***” ХХКомпанид мужаан ажилтай, *** дүүргийн *** хороо, *** гудамжны *** тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч эхнэр, бага насны хүүхдийн хамтаар *** дүүргийн *** хороо, *** байрны *** тоотод түр оршин суудаг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч аливаа хэлбэрээр маргаагүй оролцсон, үйлдсэн хэрэгтээ гэмшиж буй байдал) болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж шүүгдэгч ***т Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрх бүхий байгууллагын хяналтад Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг 01 жил 06 сарын хугацаагаар хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, уг оногдуулсан ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэж шийдвэрлэв.

Улсын яллагчийн дүгнэлтийн “хорих ял” оногдуулах хэсгийг хүлээн авах боломжгүй буюу шүүгдэгч ***т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, хэмжээ нь дээр дурдсан гэмт хэргийн шинж чанар, нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх зарчим /шударга ёс, гэм буруу/-д нийцсэн, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх, учруулсан хохирлыг төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, тухайн хуулийн зүйл, хэсэгт заасан хүнд ял буюу хорих ялыг оногдуулах үндэслэлгүй гэж дүгнэсэн болно.

Шүүх ял оногдуулахдаа Эрүүгийн хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгохоос гадна мөн хуулийн ерөнхий ангид заасан шүүхэд үүрэг болгосон (императив) шинжтэй хэм хэмжээг заавал хэрэглэдэг бол эрх олгосон (диспозитив) хэм хэмжээг хэрэглэх эсэх нь шүүх, шүүгчид Үндсэн хууль болон Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудаар олгосон.

Ингэхдээ дээрх хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасан буюу шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрч оролцсон, учруулсан хохирол, хор уршгийн нөхөн төлсөн, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан үзэж, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, чөлөөлөх эсэхийг шийдвэрлэдэг.

Хорих ялыг хөнгөрүүлэх журмыг зохицуулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйл нь шүүхэд үүрэг болгосон бус эрх олгосон заалт тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх нийтлэг үндэслэл болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлын хүрээнд дээрх зохицуулалтуудыг хэрэглэх эсэх нь мөн л шүүхийн эрх мэдлийн асуудал төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц ялыг оногдуулах ёстой.

Хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг шаардлагыг хангасан хүний хувийн байдлыг харгалзан хорих ял оногдуулахгүй байх нөхцөлт эрүүгийн хариуцлагын нэг төрөл бөгөөд шүүгдэгчийн өөрийн учруулсан хор уршигт хандаж байгаа хандлага, гэм буруугаа хүлээн зөвшөөрөх, хохирогчоос уучлалт гуйх, хор уршгийг арилгах, эсвэл энэ талаар хүсэл зоригоо илэрхийлэх, энэхүү илэрхийлэл нь бодитой, хэрэгжихүйц байх зэргээр илрэн гардаг.

Шүүгдэгч ***ын тухайд гэм буруугаа хүлээн зөвшөөрч, бусдад учруулсан хохирлыг шүүхийн шатанд төлсөн нөхцөл байдлууд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн үндсэн шалгууруудыг хангасан хэдий боловч анхан шатны шүүхээс гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл (дээр дурдсан), гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учруулсан хохирол, түүний хувийн байдалд нь тохирсон буюу гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэхэд чиглэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан торгох ялыг оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэн түүний өмгөөлөгчийн дүгнэлтийг хүлээн аваагүй болно.

Шүүгдэгч *** нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч оролцсон, учруулсан хохирлоо төлж барагдуулаагүй, төлөхөө илэрхийлж буй нь бодитой хэрэгжихүйц байдал тогтоогдоогүй буюу түүний нэр дээр бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө бүртгэгдээгүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй тул хорих ял оногдуулахгүйгээр тэнсэхээс татгалзаж, өмгөөлөгчийн дүгнэлтийг хэсгийг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй, харин зорчих эрхийг хязгаарлах ялыг сонгож оногдуулах нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэсэн болохыг тэмдэглэв.

Эрүүгийн *** дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэг ширхэг бичлэг бүхий дискийг хэрэгт хавсарган үлдээсэн болохыг тогтоолд дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч *** овогт ***н ***, *** овогт ***гийн ***, *** овогт ***ийн *** тус бүрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “үргэлжилсэн үйлдлээр ганцаараа болон бүлэглэж бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***д таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван сая төгрөгийн торгох ял,

- шүүгдэгч ***д дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн сая төгрөгийн торгох ял,

- шүүгдэгч ***т эрх бүхий байгууллагын хяналтад Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг нэг жил зургаан сарын хугацаагаар хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд заасныг баримтлан шүүгдэгч ***, *** тус бүрд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 06 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, тогтоосон хугацаанд ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тэдэнд сануулсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *** нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол уг ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч ***аас 22.395.583 төгрөгийг гаргуулан хохирогч “***” ХХКомпанид олгосугай.

 

6. Эрүүгийн 2308018351949 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэг ширхэг бичлэг бүхий дискийг хэрэгт хавсарган үлдээж, шүүгдэгч ***, ***, *** нар цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор шүүгдэгч ***, *** нар хохирогчид төлөх төлбөргүй болохыг дурдаж, “***” ХХКомпаниас 3.621.467 төгрөгийг гаргуулан шүүгдэгч ***д олгосугай.

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд эс зөвшөөрвөл оролцогчид гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш арван дөрөв хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй. 

 

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол ***, ***, *** нарт авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Б.БЯМБААБААТАР17.4