Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 183/ШШ2021/00826

 

 

2021 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 183/ШШ2021/00826

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Э.Х-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Б.Т-т холбогдох

 

Гэрлэлт цуцлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.Х, хариуцагч Б.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Нарантүвшин нар оролцов.

 

Нэхэмжлэлийг 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авав.

ТОДОРХОЙЛОХ нь: 

 Нэхэмжлэгч Э.Х шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1998 онд Б.Т-тай танилцаж, 2004 оноос хамтран амьдарч, 2006 оны 09 сарын 15-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд иргэний бүртгэлийн хэлтэст гэрлэлтээ бүртгүүлж, 000000000 дугаартай гэрчилгээ авсан. Миний хүү Х.Э 2005 оны 12 сарын 29-ний өдөр төрсөн. Хүүг маань ээж нь асрамжиндаа авахаар болсон. Бидний хувьд эд хөрөнгийн маргаан байхгүй. Сүүлийн 2 жил таарч тохирохгүй, хэрүүл маргаан ихтэй болсон учир гэрлэлтийг минь цуцалж өгнө үү. Миний бие одоогоор ажилгүй байгаа бөгөөд ажил эхлээд орлого орж ирэхээр хүүхдийн тэтгэлэгийг төлж, бусад зардлуудыг мөн гаргахаар харилцан тохиролцсон байгаа гэв.

Хариуцагч Б.Т шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Э.Х-тэй 1998 онд танилцаж, 2004 оноос хамт амьдарч, 2006 оны 9 сарын 15-ны өдөр гэрлэлтээ батлуулсан. 2005 оны 12 сарын 29-ний өдөр хүү Х.Э-ийг төрүүлсэн. Хүүгээ би өөрийн асрамжинд авахаар тохиролцсон. Эд хөрөнгийн маргаан байхгүй. Хүүхдийн тэтгэлгийг шүүхээр шийдвэрлүүлэх шаардлагагүй, бид өөрсдөө харилцан тохиролцсон. Э.Х-тэй нь 2018 оноос хойш харилцаа таарч, тохирохгүй болсон. 2020 оны 11 сараас өөр хүнтэйг нь мэдсэн учраас цаашид хамтран амьдрах боломжгүй болсон. Иймд бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү гэв.

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад,

           ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Э.Х нь хариуцагч Б.Т-т холбогдуулан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Э.Х, Б.Т нар 1998 онд танилцаж, гэр бүл болж 2006 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 0063684 дугаар гэрчилгээгээр гэрлэлтээ бүртгүүлж, 2005 оны 12 дугаар сарын 29-ний өдөр төрсөн хүү Х.Э-ийн эцэг, эх болцгоож, иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад гэрлэлтээ бүртгүүлсэн болох нь зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан гэрлэлтийн болон хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар зэргээр тогтоогдож байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 34 дүгээр зүйлийн 34.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт зааснаар шүүх нэхэмжлэлийг хүлээн авч, шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Гэр бүлийн тухай хуулийн 14-р зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар гэрлэгчид нь шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандаж, 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдөр эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болсон үндэслэлээр дуусгавар болсон байна. /хх-8/

 

Гэрлэгчид цаашид гэр бүлээ үргэлжлүүлэх боломжгүй, цаашид хамтран амьдрах нөхцөл байдал байхгүй талаар хэн аль нь тайлбар гаргаж, гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байх тул гэрлэлтийг цуцлахаар шийдвэрлэв.

 

Гэрлэгчид нь хүүхдийн асрамжийн асуудлаар маргаагүй бөгөөд хүү Х.Э-ийг эх Б.Т-ын асрамжинд үлдээхээр харилцан тохиролцсон нь Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасантай нийцжээ.

 

Түүнчлэн Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.6 дахь хэсэгт заасан Эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ. ... эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглоно гэснээр эх Б.Т нь хүү Х.Э-ийг эцэг Э.Х-тэй уулзуулах нөхцлөөр хангаж, эцэг нь үр хүүхдээсээ тусдаа амьдарч байгаа хэдий ч хуульд зааснаар үр хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэйг тайлбарлах нь зүйтэй.

 

Дээрхийг нэгтгээд гэрлэгчдийн гэрлэлтийг цуцалж, хүү Х.Э-ийг эх Б.Т-ын асрамжинд үлдээж шийдвэрлэсэн ба эд хөрөнгийн маргаангүй, хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй харилцан тохиролцсон, улсын тэмдэгтийн хураамжийг буцаан гаргуулахгүй гэснийг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 131 дүгээр зүйлийн 131.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан  Б овогт Э.Х М овогт Б.Т нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан, 2005 оны 12 дугаар сарын 09-ний өдөр төрсөн хүү Х.Э-ийг эх Б.Т-ын асрамжинд үлдээсүгэй.

 

3. Гэрлэгчид нь эд хөрөнгийн маргаангүй, хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэснийг дурдсугай.

 

4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.6 дахь хэсэгт заасныг баримтлан эцэг Э.Х-г хүүхэдтэй нь уулзуулахад болон эх нь хүүхдийнхээ өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх Б.Т-т даалгасугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Б.МӨНХЖАРГАЛ