Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 183/ШШ2021/00840

 

 

 

2021 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 183/ШШ2021/00840

Улаанбаатар хот

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Б.Б-Ө 

Нэхэмжлэгч: О.А,

Нэхэмжлэгч: Б.Б нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: О.О,

Хариуцагч: Э.Э нарт холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 35 004 800 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын төлөөлөгч Б.Ө, Л.О, өмгөөлөгч Х.Н, хариуцагч нарын төлөөлөгч А.Т, өмгөөлөгч С.Я, Д.Д, нарийн бичгийн дарга Т.Нарантүвшин нар оролцов.

 

Нэхэмжлэлийг 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авав.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Б-Ө, О.А нарын шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч О.О, Э.Э нар нь анх Б.Б-Ө-өөс зээл авч, өгч хоорондоо танилцсан хүмүүс бөгөөд анх 14 000 000 төгрөгийг 2019 оны 12 дугаар сарын 01-ны өдөр зээлж авсан байдаг, ингэж авахдаа Б.Б-Ө-ийн эгч Б.Б-тэй Зээлийн гэрээ болон барьцааны гэрээ байгуулж, барьцаанд Хан-Уул дүүргийн 000 дугаар хороо, Рапид харш /17011/, Махатма Гандигийн гудамж 000 дугаар байр, 00 тоот хаягт байрлах 33.09 м.кв талбай бүхий нэг өрөө орон сууцыг барьцаалуулж, гэрээг бүртгүүлсэн байдаг. Б.Б-Ө нь Хаан банкны данснаасаа зээлдэгч О.О-ийн Хаан банкны 000000000 тоот дансанд 4 000 000 төгрөг, 10 000 000 төгрөгөөр тус тус шилжүүлж, зээл олгосон. Үүний дараа 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Э.Э нь дахин мөнгөний хэрэг болоод байна гэсний дагуу нэмж 16 000 000 төгрөгийг зээлдүүлсэн ба тухайн үед өмнөх зээлийн гэрээгээр олгосон 14 000 000 төгрөг дээрээ нэмж 16 000 000 төгрөг өгч, Б.Б-Ө-ийн эхнэр О.А-тай 30 000 000 төгрөгийн зээлийн гэрээг дахин байгуулж, зээлийн барьцаанд өмнө нь барьцаалсан Хан-Уул дүүргийн 000 дугаар хороо, Рапид харш /17011/, Махатма Гандигийн гудамж 000 дугаар байр, 00 тоот хаягт байрлах 33.09 м.кв талбай бүхий нэг өрөө орон сууцыг барьцаанаас чөлөөлж, дахин 30 000 000 төгрөгийн барьцааны гэрээ байгуулж, барьцаалбарт бүртгүүлсэн. Ингээд Зээлийн гэрээний дагуух нэмж зээлдүүлсэн 16 000 000 төгрөгийг 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Б.Б-Ө мөн О.О-ийн дээрх данс руу шилжүүлээд, тухайн өдөр би О.О, Э.Э нартай зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан. Уг гэрээг 6 сарын хугацаатай буюу 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл, сарын 5 хувийн хүүтэй, гэрээний хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувийн алданги төлөхөөр тохиролцож байгуулсан. Зээлдэгч нар зээлийн хүүг хугацаандаа төлж явсаар гэрээ дуусгавар болох үе буюу 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүртэл сунгах хүсэлт гаргасан. Тус хүсэлтийг хүлээн авч, зээлдэгч нарын нөхцөл байдлыг харгалзан 2020 оны 08 дугаар сарын 04-ны өдөр зээлдэгч О.О, Э.Э нартай Гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулж, гэрээний хугацааг 2020 оны 07 дугаар сарын 06 гэснийг 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүртэл байхаар тохиролцож, энэхүү гэрээний нэмэлт нь талуудын өмнө байгуулсан зээлийн болон барьцааны гэрээний салшгүй хэсэг байхаар тохиролцсон. Ингээд зээлдэгч тал үндсэн болон нэмэлт гэрээний дагуу зээлийн хүүг 2020 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүртэл төлөөд, 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр төлөх ёстой үндсэн зээл, нэг сарын зээлийн хүүг төлөөгүй. Тиймээс 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл гэрээний үүргийг 33 хоног зөрчсөн байх тул зээлдэгч О.О, Э.Э нараас үндсэн зээл 30 000 000 төгрөг, нэг сарын хүү 1 500 000 төгрөг, гэрээнд зааснаар хугацаа хэтрүүлсэн хоногийн алданги 5 197 500 төгрөг, нийт 36 697 000 төгрөгийг гаргуулахаар шаардсан боловч нэхэмжлэгч Б.Б-Ө нь 2020 оны 8 сарын 4-ний өдөр авсан 1 540 000 төгрөгийг 1 сарын хүүнээс хасаж тооцож, 35 004 800 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж, барьцаа хөрөнгө болох Хан-Уул дүүргийн 000 дугаар хороо, Рапид харш /17011/, Махатма Гандигийн гудамж 000 дугаар байр, 00 тоот хаягт байрлах 33.09 м.кв талбай бүхий нэг өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгч Б.Б-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж нэхэмжлэгчийн төлөөлөгч Л.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: О.О, Э.Э нар нь 2019 оны 10 дугаар сард Б.Бат- Өршөөлөөс зээл авч буцаан төлж байсан бөгөөд 2019 оны 11 дүгээр сард дахин 14 000 000 төгрөг зээлэх хүсэлт гаргасан байсан. Б.Б-Ө-ийн хувьд өөрийнх нь мөнгө 14 000 000 төгрөг хүрэхгүй тул зээлэх боломжгүй байгаагаа хэлэхэд, О.О, Э.Э нар нь та ямар нэг аргаар 14 000 000 төгрөг болгоод өгөөч, маш чухал яаралтай хэрэгтэй байна, та л тус бол гэж гуйсан байсан. Тэгээд Б.Б-Ө надтай яриад дээрхи учир байдлыг танилцуулаад хүн мөнгө зээлье гээд байна, танд мөнгө байвал хоёулаа мөнгөө нийлүүлээд энэ хүмүүст зээлдүүлэх үү гэж асуусан, би зөвшөөрөөд Б.Б-Ө рүү өөрт байсан 7 сая төгрөгийг шилжүүлсэн. Ингээд Б.Б-Ө бид хоёр 2019 оны 12 дугаар сарын 01-ны өдөр О.О, Э.Э нартай нотариат дээр уулзаж зээлийн гэрээ, болон барьцааны гэрээг Б.Б миний бие байгуулж, Б.Б-Ө нь мөнгийг нь О.О, Э.Э нарт шилжүүлсэн. О.О, Э.Э нар нь зээл төлөх баталгаа болгож Хан-Уул дүүргийн 000 дугаар хороо, рапид харш, Махатма гандигийн гудамж 000 дугаар байрны 00 тоот хаягт байрлалтай 1 өрөө орон сууц болох Улсын бүртгэлийн 0000 дугаартай, 000000 тоот гэрчилгээтэй үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан. Ингээд О.О, Э.Э нар нь 2020 оны 01-р сарын 06-ны өдөр өмнөх зээл дээрээ нэмж мөнгө зээлэх хүсэлт тавьсаны дагуу, 16 сая төгрөгийг зээлдүүлэхээр болж нийт 30 000 000 төгрөгийн зээл, барьцааны гэрээг байгуулсан байдаг. О.О, Э.Э нар нь зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй өнөөдрийг хүрсэн тул Б.Б миний бие шаардах эрхтэй юм. 2020 оны 1 сарын 6-ны өдөр энэ хүмүүсийг нэмж 16 000 000 төгрөгийн зээлийн гэрээг байгуулахад миний бие нотариат дээр очиж өмнөх барьцааг чөлөөлөх гэрээнд гарын үсэг зурсан. Эдгээр хүмүүс нь 14 000 000 төгрөгийг өгөөгүй бөгөөд 2020 оны 1 сарын 6-ны өдрийн зээлийн гэрээний 3.4-т энэ талаар тодорхой байгаа. Иймд Б.Б О.А нарын нэхэмжлэлтэй О.О, Э.Э нарт холбогдох гэрээний үүрэг хангуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага бүхий иргэний хэрэгт Б.Б би хамтран нэхэмжлэгчээр оролцож байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

 

Хариуцагч О.О, Э.Э нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: О.О болон Э.Э нар нь Б.Б-ийн Хаан банкны 000000000 тоот данснаас О.Оийн 000000000 тоот дансанд доорх төгрөгийг шилжүүлэн авч байсан бөгөөд 2019.12.01 -ний өдөр 10 000 000 төгрөг, 4 000 000 төгрөг, нийт 14 000 000 төгрөгийг зээл олгов гэж, 2020.01.06-ны өдөр 16 000 000 төгрөгийг нэмэлт зээл олгов гэж шилжүүлсэн байдаг. 2019.12.01-ний өдөр 14 000 000 төгрөгийн зээл Б.Б-Ө-өөс авахад Б.Б гэх хүнтэй гэрээ хий гээд гэрээ хийж байсан. Б.Б-Ө нь зээл олгосны дараа зээлийн шимтгэл гэж 371 000 төгрөг болон нотариат хийлгэсэн гэж 35 000 төгрөг, нийт 406 000 төгрөгийг өөрийн дансанд авсан байдаг. Гэрээнд шимтгэл, зардал авах тухай заалт байхгүй, энэ талаар урьдчилж тохиролцсон зүйл байхгүй, нотариатаар гэрчлүүлж байгаа нь зээлдэгчийн эрх ашгийг хангах зорилготой тул нотариатын зардлыг зээлдэгч өөрөө төлөх нь зүйтэй гэж үзэж байна. 2019 оны 12 сарын 02-ны өдөр анх зээлсэн мөнгө хүрэхгүй мөнгө дутаад байхаар нь Б.Б-Ө дээр очиж дахиад мөнгө хэрэг болоод байгаа тухай хэлэхэд болно болно өмнөх зээлээ хаагаад шинээр зээл авчих гэж хэлсний дагуу дахиж зээл авахаар болсон. Тэр өдөр 12 сарын 01-ний өдөр авсан зээлийн тооцоо нийлж 2019 оны 12-р сарын зээлийн хүү болох 700 000 төгрөг дээр нь алданги 100 500 төгрөг болно тэрийг төлөөд өмнөх зээлээ хаагаарай гэсний дагуу төлөлт хийсэн. Ингээд зээлийн үлдэгдэл 14 000 000 төгрөгөө төлөөд 16 000 000 төгрөг зээлэхээр тохиролцсон. Улмаар 2020.01.06-ны өдөр 14 000 000 төгрөгийг бэлнээр Б.Б-Өд өгөөд барьцааг чөлөөлөн шинэ гэрээ байгуулж, 16 000 000 төгрөгийг Б.Б-Өөөс зээлж байраа барьцаанд тавьсан эдгээр үйлдлийг бүгдийг нэг өдөр нэг нотариат дээр очиж хийсэн болох нь нотлох баримтаар тогтоогдоно. 2020.01.06-ны өдөр 16 000 000 төгрөгийн зээл Б.Б-Өөөс авахад түүний эхнэр О.А гэх хүнтэй гэрээ хий гээд гэрээ хийж байсан. Чингэлтэй дүүргийн нотариатч М.Саранцэцэг дээр очиж зээлийн гэрээ хийхэд нотариатын зардалд 35 000 төгрөгийг Б.Б-Ө төл гэж хэлсний дагуу нотариатч М.С-ийн Хаан банкны 0000000000 тоот дансанд шилжүүлсэн дахиад зээлийн гэрээ байгуулж байгаа болохоор бүртгэл хийнэ шимтгэл төлнө гэж хэлээд 360 000 төгрөгийг эхнэр О.А-ын Хаан банкны 00000000000 тоот дансанд шилжүүлж, нийт 395 000 төгрөгийг мөн адил урьдчилж тохиролцолгүйгээр гэрээнд заагдаагүй мөнгийг бид нараас гаргуулж авсан байдаг. Иймд үндсэн зээлээс 2019.12.01-ний өдөр шилжүүлсэн 406 000 төгрөг, 2020.01.16-ны өдөр шилжүүлсэн 395 000 төгрөг, нийт 801 000 төгрөгийг хасуулж тооцох нь зүйтэй гэж бодож байна. Бид 2019.12.01-ний өдөр авсан 14 000 000 төгрөг болон 2020.01.06-ны өдөр авсан 16 000 000 төгрөгийн зээлийг Б.Б-Өөөс авсан болох нь 2019.12.01-ний өдөр Б.Б-Ө-д олгосон итгэмжлэл түүний ар талд бичиж өгсөн баталгаанд Б.Б-Ө-өөс 2019 оны 12-р сарын 1-нд 14 000 000 төгрөг зээлж авсан... болон 2020.01.06-ны өдрийн Б.Б-Өийн шаардлагаар түүнд бичиж өгсөн баталгаанд Буянт овогтой Б.Б-Өд барьцаалж зээлийн гэрээний дагуу нотариатаар баталгаажуулан эд хөрөнгийн улсын бүртгэлийн газарт бүртгүүлж зээл авсан гэж тус тус нотариатаар гэрчлүүлсэн баримтаас тодорхой харагдана. Баталгааг бичүүлэхдээ Б.Б-Ө цуг байлцаж түүний үгээр бичиж бид нар гарын үсэг зурсныг Б.Б-Ө хараад нотариатаар гэрчлүүлдэг байсан. Анхнаасаа Б.Б-Ө нь биднээс авсан Итгэмжлэл болон Баталгааг ашиглан барьцаанд байгаа байрыг зарж борлуулах зорилготой байсан болохоор зээлийн гэрээг өөрийн хамаарал бүхий этгээд болох эгч болон эхнэрийн нэр дээр хийдэг байсан. 2020.07.03-ны өдөр Б.Б-Ө зээлээ төл төлөхгүй бол байрыг чинь зарлаа гэх зэргээр сүрдүүлэн ирж уулзахыг шаардсан бидний зүгээс гэрээний хугацааг сунгах хүсэлт тавихад Б.Б-Ө нэг сараар сунгана хүсэлт бичиж өг гээд бичүүлж аваад өөрөө дээр нь 1 cap сунгахыг зөвшөөрлөө Б.Б-Ө гэж гарын үсэг зурсан. Улмаар нэг сарын хугацаа дууссан боловч цар тахлын улмаас зээлсэн мөнгөөрөө ашиг хийх нь битгий хэл алдагдал хүлээж төлөх мөнгө байгаагүй. Сарын хугацаа дуусахад дахиад байрыг чинь өөр хүний нэр лүү шилжүүллээ гэж дарамталж эхэлсэн учир байдлаа хэлж гуйсны эцэст зээлийг чинь сунгая гэхдээ эхлээд алданги төл, төлөхгүй бол сунгахгүй байрыг чинь зарна гэсэн. 2020 оны 08 сарын 03-ны өдөр Б.Б-Ө-тэй цуг Тэнгис кино театрын урд КФС түргэн хоолны газрын дэргэд байрлах Хаан банкны ATM орж бэлэн мөнгөөр 2 700 000 төгрөгийг авч Б.Б-Ө-д алданги гэж төлсөн. Бид дансаар шилжүүлье гэхэд би бэлнээр авна гээд байсан. Бэлнээр өгөхөөр бидэнд баримт үлдэхгүй тул бэлэн мөнгө авахдаа АТМ-ээс зарлагын баримт гаргуулж авсан бөгөөд түүний ард мөнгөн тэмдэгтийг тоолж бичсэн. Энэ байдлыг баталгаажуулж бичлэг хийсэн бөгөөд 2 700 000 төгрөг төлсөн гэдэг нь үзлэгээр тогтоогдоно. Ингээд маргааш өглөө буюу 2020 оны 08 сарын 04-ны өдөр 11 цагийн үед Б.Б-Ө-тэй нотариат дээр уулзахаар болсон. Улмаар ярьж тохирсны дагуу 2020 оны 08 сарын 04-ний өдөр 11 цагийн үед Б.Б-Ө-тэй Чингэлтэй дүүргийн Ц.Ц нотариатч дээр очиж гэрээний хугацааг сунгасан болно. Гэрээний хугацаа сунгахдаа 2020 оны 07 сарын 03-ны өдөр бичгээр гаргаж өгсөн хугацаа сунгах хүсэлтийг үндэслэн хугацаа сунгахаар харилцан тохиролцсон гээд хугацааг 2020 оны 07 сарын 06-ны өдрөөс 2020 оны 11 сарын 04-ний өдөр хүртэл сунгасан. Дээрх хугацаанд 2019.12.01-ний өдөр шилжүүлсэн 406 000 төгрөг, нотариатын үнэ 35 000 төгрөг, 2020.01.02-нд хүү 700 000 төгрөг, алданги 100 500 төгрөг, 2020.01.16-ны өдөр зээлийн төлбөрт 14 000 000 төгрөг бэлнээр, нотариатын зардал 73 000 төгрөг, зээлийн хүү болон бүртгэлийн 360 000 төгрөг, 2020.02.03-нд хүү 1 500 000 төгрөг, 2020.03.05-нд хүү 1 500 000 төгрөг, 2020.04.09 алданги 277 500 төгрөг, 2020.04.10-нд хүү 1 500 000 төгрөг, 2020.05.06-05.07-нд хүү 1 500 000 төгрөг, 2020.06.06-нд хүү 1 500 000 төгрөг, 2020.07.05-нд хүү 1 500 000 төгрөг, 2020.07.29-нд хүү 1 500 000 төгрөг, 2020.08.03-нд бэлнээр алданги 2 700 000 төгрөг, 2020.09.04-нд хүү 1 500 000 төгрөг, 2020.10.04-нд хүү 1 500 000 төгрөг, нийт 32 132 000 төгрөгийг төлсөн. Талуудын байгуулсан гэрээгээр зээлийн хүүг сарын 5 хувь гэж тохироогүй бөгөөд зээлийн гэрээний нийт хугацаанд 5 хувь гэж тохирсон гэж үзэж байгаа тул сар болгон 5 хувиар хүү тооцож авсан нь үндэслэлгүй байна. Иймд 2020 оны 1 сарын 6-ны өдрийн гэрээгээр 16 000 000 төгрөг шилжүүлсэн хирнээ үндэслэлгүйгээр их хэмжээний мөнгө нэхэмжилж, алданги тооцсон нь үндэслэлгүй. Зээлийн харилцаа Б.Б-Ө-тэй үүссэн, мөнгийг энэ хүн шилжүүлсэн байхад өөр хүнтэй гэрээ байгуулж байгаа нь өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн тул хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Мөн өмнөх 14 000 000 төгрөгийн гэрээний үүрэг дуусгавар болсон байхад 2020 оны 1 сарын 6-ны өдрийн гэрээгээр шаардаж байгаа нь үндэслэлгүй тул хүлээн зөвшөөрөх боломжгүй гэв.

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Б О.А нар нь хариуцагч О.О, Э.Э нарт холбогдуулан шүүхэд гаргасан анхны нэхэмжлэлдээ зээлийн гэрээний үүрэгт 36 697 000 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгө болох Хан-Уул дүүргийн 000 дугаар хороо, Рапид харш /17011/, Махатма Гандигийн гудамж 000 дугаар байр, 00 тоот хаягт байрлах 33.09 м.кв талбай бүхий нэг өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардсан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран нэхэмжлэгчээр Б.Б нэмэгдэж, нэхэмжлэгч нар нь нэхэмжлэлийн шаардлагаа зээлийн гэрээний үүрэгт 35 004 800 төгрөг болгож багасгаж, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаарджээ.

 

Шүүх нэхэмжлэгч О.А нь шаардах эрхтэй гэж үзэж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, нэхэмжлэгч Б.Б-Ө, Б.Б нар нь шаардах эрхгүй үндэслэлээр нэхэмжлэлийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигчдын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч Б.Б хариуцагч О.О, Э.Э нарын хооронд 2020 оны 12 сарын 01-ний өдөр Зээлийн гэрээ бичгийн хэлбэрээр байгуулагдаж, уг гэрээгээр 14 000 000 төгрөгийг, 5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатайгаар зээлдүүлж, 14 000 000 төгрөгийг Б.Б-ийн Хаан банкны 00000000 тоот данснаас 2020.12.01-ний өдөр 4 000 000 төгрөгөөр, 10 000 000 төгрөгөөр О.О-ийн Хаан банкны 000000000 тоот дансруу шилжүүлжээ.

Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгон О.О, Э.Э нарын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 000 дугаар хороо, Рапид харш /17011/, Махатма Гандигийн гудамж 000 дугаар байр, 00 тоот хаягт байрлах 33.09 м.кв талбай бүхий нэг өрөө орон сууцыг барьцаалж, барьцаалбарт бүртгүүлжээ. /хх-ийн 30-33/

 

Түүнчлэн хариуцагч О.О, Э.Э нар нь 2020 оны 01 сарын 06-ны өдөр О.Атай зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр 30 000 000 төгрөгийг 6 сарын хугацаатайгаар, зээлийн хүүг 5 хувь байхаар тохирсон байх ба гэрээний 3.4-т зээл олгох, хэлбэр хугацааг 2019.12.01-нд 14 000 000 төгрөгийг шилжүүлсэн, үлдэгдэл 16 000 000 төгрөгийг 2020.01.06-нд шилжүүлэхээр тохиролцсон гэрээг бичгээр байгуулж, үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож, барьцааны гэрээг байгуулжээ.

Дээрх зээлийн гэрээг байгуулсантай холбогдуулан 2020.12.01-ний өдрийн зээлийн барьцааны үүргийг дуусгавар болсон тухай 2020.01.06-ны өдрийн гэрээг Б.Б болон О.О, Э.Э нар байгуулж, Хан-Уул дүүргийн 000 дугаар хороо, Рапид харш /17011/, Махатма Гандигийн гудамж 000 дугаар байр, 00 тоот хаягт байрлах 33.09 м.кв талбай бүхий нэг өрөө орон сууцыг Б.Б-ийн барьцаанаас чөлөөлж, 2020 оны 01 сарын 06-ны өдрийн барьцааны гэрээг О.А болон О.О, Э.Э нар байгуулж, уг эд хөрөнгийг О.Атай байгуулсан зээлийн гэрээний барьцаалбарт 2020.01.07-ны өдөр бүртгүүлжээ./хх-ийн 52-67/

 

Хариуцагч тал ...нэхэмжлэлийн шаардлага ойлгомжгүй, тодорхойгүй байна. Өөрөөр хэлбэл 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн зээлийн гэрээгээр зээлийн төлбөрөө шаардсан нэхэмжлэл гаргасан боловч одоо 2020 оны 12 сарын 01-ний өдрийн дуусгавар болсон зээлийн гэрээг давхар шаардаж байгаа нь үндэслэлгүй. ... өмнөх зээлийн 14 000 000 төгрөгийг бэлнээр төлсөн. ...гэрээгээр зээлийн хүүг сарын 5 хувь гэж тохироогүй бөгөөд зээлийн гэрээний нийт хугацаанд 5 хувь гэж тохирсон гэж үзэж байгаа тул сар болгон 5 хувиар хүү тооцож авсан нь үндэслэлгүй. Зээлийн мөнгийг Б.Б-Ө шилжүүлсэн байдаг ба зээлдүүлэгч нар мөнгийг шилжүүлж байгаагүй зэргээс уг гэрээнүүд нь халхавчлах зорилгоор хийсэн хүчинтөгөлдөр бус хэлцэл гэх тайлбар гаргаж маргажээ.

 

Хариуцагчийн тайлбар, татгалзал дараах үндэслэлгүй байна.

 

Хэрэгт авагдсан зээлийн гэрээнүүд болон барьцааны гэрээнүүдээс үзэхэд 2019 оны 12 сарын 01-ний өдрийн зээлийн гэрээгээр хариуцагч нар нь 14 000 000 төгрөгийг, 2020 оны 01 сарын 06-ны өдрийн зээлийн гэрээгээр 16 000 000 төгрөгийг Б.Б-өөс дансаар шилжүүлж авсан асуудлаар болон барьцааны гэрээг байгуулж барьцаалбарт бүртгүүлсэн асуудлаар маргаангүй байна.

 

Харин хариуцагч нар нь 2019 оны 12 сарын 01-ний өдрийн зээлийн гэрээг дуусгавар болгож, зээлийн төлбөрийг бүрэн төлж барагдуулсан гэж тайлбар гаргасан хэдий ч энэ талаараа хэрэгт баримтаар нотлоогүй байна.

 

Тодруулбал, хариуцагч нар нь 14 000 000 төгрөгийг бэлнээр төлсөн гэж тайлбарлах боловч 2020 оны 1 сарын 06-ны өдрийн зээлийн гэрээ байгуулагдснаас хойш зээлийн хүүнд сар бүр 1 500 000 төгрөгийн /30 000 000х 5 хувь / хүүг төлж байсан үйл баримт тогтоогдож байх ба энэ нь хариуцагчийн тайлбартай нийцэхгүй байна.

 

Нөгөөтэйгүүр, талууд харилцан тохиролцож улмаар зээлдэгч Б.Б-ээс авсан 14 000 000 төгрөгийн зээлийн гэрээний үүргийг 2020 оны 1 сарын 03-ны өдрийн гэрээний үүрэгт шилжүүлсэн байх ба энэ нь тус гэрээний 3.4-т заасан зээл олгох, хэлбэр хугацаа гэсэн хэсэгт ...2019.12.01-нд 14 000 000 төгрөгийг шилжүүлсэн, үлдэгдэл 16 000 000 төгрөгийг 2020.01.06-ны өдөр шилжүүлнэ. гэсэн зэргээр дээрх тайлбар үгүйсгэгдэж байх ба нийт 30 000 000 төгрөгийн зээлийг авсан гэх үйл баримт тогтоогдож байна.

 

Өөрөөр хэлбэл зээлдүүлэгч Б.Б нь 2019 оны 12 сарын 01-ний өдрийн зээлийн гэрээний шаардах эрхийг зээлдүүлэгч О.А-д шилжүүлсэн байх ба үүнийг зээлдэгч О.О, Э.Э нар хүлээн зөвшөөрч 2020 оны 01 сарын 06-ны өдрийн зээлийн гэрээгээр баталгаажуулж гарын үсэг зурсан нь Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т хууль, гэрээ буюу үүргийн мөн чанарт харшлахгүй бол шаардах эрх эзэмшигч нь гуравдагч этгээдтэй байгуулсан гэрээний үндсэн дээр үүрэг гүйцэтгэгчийн зөвшөөрөлгүйгээр шаардах эрхээ шилжүүлж болно. гэсэнтэй нийцэж байна.

 

Дээрхээс дүгнэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээ, мөн хуулийн 006 дугаар зүйлийн 006.1-д заасан барьцааны гэрээ байгуулагдсан байх ба мөн хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3-д заасан зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө ...шилжүүлэх, зээлдэгч нь ...мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг хүлээдэг, хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. гэсэнтэй нийцжээ.

 

Түүнчлэн талууд 2020 оны 8 сарын 04-ны өдрийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээг бичгээр байгуулж, уг гэрээгээр 2020 оны 01 сарын 06-ны өдөр 6 сарын хугацаатай байгуулсан зээлийн гэрээг 2020 оны 7 сарын 06-ны өдрөөс 4 сарын хугацаагаар сунгасан байх ба уг гэрээ хавтаст хэргийн 13-16 талд авагджээ.

 

Иймд дээрх гэрээнүүдийн дагуу хариуцагч нар нь үндсэн зээл 30 000 000 төгрөг, зээлийн хүү 00 000 000 төгрөг /1 500 000х10 сар/, гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөх үүрэгтэй байна.

 

Хариуцагч нар нь Б.Б-Ө-өөс дээрх зээлийн гэрээний дагуу 3 удаагийн гүйлгээгээр 30 000 000 төгрөгийг шилжүүлэн авсан болон Б.Б-Ө, О.А нарын дансанд зээлийн хүүгийн төлбөрийг төлж байсан талаар тайлбар гаргаж, хавтаст хэрэгт энэ талаарх дансны хуулгуудыг ирүүлжээ.

 

Харин хариуцагч нарын төлөөлөгч, өмгөөлөгч нар уг зээлийн мөнгийг зээлийн гэрээ байгуулсан Б.Б, О.А нар шилжүүлээгүй тул зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэхгүй гэж тайлбар гаргаж байгаа нь үндэслэлгүйн дээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө ...шилжүүлэх,... үүргээ биелүүлсэн гэж үзнэ.

Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2-т Хүсэл зоригийн илэрхийллийн утга ойлгомжгүй бол хүсэл зоригоо илэрхийлэгчийн хэрэгцээ, шаардлага, үг болон үйлдэл, эс үйлдэхүй, бусад нөхцөл, байдалд дүн шинжилгээ хийх замаар тайлбарлана. гэж, мөн хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-д гэрээг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна.гэж, мөн зүйлийн 198.2-т гэрээний аль нэг нөхцлийн утга нь ойлгомжгүй бол түүний агуулгыг бусад нөхцөл болон гэрээний ерөнхий агуулгатай харьцуулах замаар тодорхойлно. гэж заажээ.

 

Талууд зээлийн гэрээг хугацаатай байгуулж, хүү тохирсон, түүнчлэн сар бүр хүүгийн төлбөр төлж байсан дансны баримтуудаас дүгнэхэд хариуцагч талын зээлийн гэрээний бүх хугацаанд хүүг 5 хувиар тохирсон гэх тайлбар, татгалзал үндэслэлгүй байна.

 

Хариуцагч тал 2020 оны 8 сарын 03-ны өдөр О.О, Э.Э нар нь Б.Б-Өтэй уулзаж, 2 700 000 төгрөгийг бэлнээр өгсөн талаар тайлбар гаргаж, энэ талаараа гар утсаар бичсэн аудио бичлэгт /CD-нд хуулсан/ үзлэг хийлгэх хүсэлт гарсныг шүүх хангасан ба тухайн өдөр эдгээр хүмүүс уулзаж мөнгө өгсөн талаар нэхэмжлэгч тал маргаагүй хэдий ч уг өгсөн мөнгийг 1 540 000 төгрөг байсан гэж тайлбарлав.

Үзлэгээр талуудын хооронд 2 700 000 төгрөг байгаа талаар ярьж, мөнгийг тоолж авч байгаа талаарх яриа бичигдсэн байх тул нийт төлсөн төлбөрт 2 700 000 төгрөгийг тооцож, хасах үндэслэлтэй байна.

Дээрхээс дүгнэхэд хариуцагч нар 2020.01.06-ны өдрөөс 2020.10.04-ны өдрийг хүртэл хүү, алдангид нийт 16 477 500 төгрөгийг, 2019.12.01-ний болон 2020.01.06-ны өдрийн зээлийн гэрээний хураамжинд 653 500 төгрөгийг үндэслэлгүйгээр төлсөн байх тул уг мөнгийг зээлийн төлбөрт тооцож, дээрх хугацаанд нийт 00 824 000 төгрөгийг төлсөн гэж үзэх үндэслэл тогтоогдож байх тул гэрээний дагуу уг төлөгдсөн төлбөрөөс хүү 00 000 000 төгрөгийг хасч тооцон, үлдсэн 824 000 төгрөгийг үндсэн зээлээс хасч тооцох нь зүйтэй.

 

Иймд төлөгдөөгүй үндсэн зээлийн үлдэгдэл 29 176 000 төгрөг гэж үзээд алдангийг уг үнийн дүнгээс тооцох нь зүйтэй бөгөөд нэхэмжлэгч нь алдангийг 33 хоногоор тооцож нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасантай нийцэж байх тул 4 814 040 төгрөгийн алдангийг хариуцагч нараас гаргуулах нь хуульд нийцнэ.

 

Дээрхийг нэгтгээд нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээл 29 176 000 төгрөг, алданги 4 814 040 төгрөг, нийт 33 990 040 төгрөгийг хангаж, үлдсэн 1 164 760 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.

 

Түүнчлэн хариуцагч О.О, Э.Э нар нь үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд талуудын хооронд байгуулагдсан барьцааны гэрээний зүйлээс Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасан журмын дагуу үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь зүйтэй юм.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1000 дугаар зүйлийн 100.1, 100.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч О.О, Э.Э нараас зээлийн гэрээний үүрэгт 33 990 040 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч О.А-д олгож, илүү нэхэмжилсэн 1 164 760 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Б.Б.Ө, Б.Б нарын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

  2. Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч О.О, Э.Э нар нь шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл барьцааны гэрээний зүйл болох 0000000 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 000 дугаар хороо, Рапид харш /17011/, Махатма Гандигийн гудамж 000 дугаар байр, 00 тоот хаягт байрлах 33.09 м.кв талбай бүхий О.О, Э.Э нарын өмч болох үл хөдлөх эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 682 696 төгрөгөөс 411 635 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 271 061 төгрөгийг улсын орлогоос гаргуулж нэхэмжлэгч О.А-д олгож, хариуцагч О.О, Э.Э нараас улсын тэмдэгтийн хураамжинд 411 635 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч О.А-д олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ Б.МӨНХЖАРГАЛ