| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чадраабалын Батчимэг |
| Хэргийн индекс | 102/2021/00295/И |
| Дугаар | 102/ШШ2021/00869 |
| Огноо | 2021-03-31 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 03 сарын 31 өдөр
Дугаар 102/ШШ2021/00869
2021 оны 03 сарын 31 өдөр Дугаар 102/ШШ2021/00869 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Батчимэг даргалж,
Нэхэмжлэгч: БЗД, 00 дугаар хороо, Г п хотхон 000 байр, 000 тоотод оршин суух, эрэгтэй, Г овогтой Б-ын Э /РД: АА00000000/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: БГД, 0 дугаар хороо, ЭТӨЧ, Ж ХХК-ийн байр, 00 тоотод оршин байрлах Д ф ХХК /РД: 0000000/-д холбогдох,
Түрээсийн гэрээний үүрэгт 7,523,000 төгрөг, худалдах худалдан авах гэрээний үүрэгт шилжүүлсэн 3,200,000 төгрөг, нийт 10,723,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Оюунбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Ундармаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Э нь 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Д ф ХХК-ийн захирал А.Л-тай харилцан тохиролцож тус компанийн Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй уурхайд өөрийн эзэмшлийн /эх Р.Очирбатын нэр дээр бүртгэлтэй/ 00-0 0ХЭҮ улсын дугаартай Норд Бенз маркийн ачааны автомашиныг 1 сарын 6,000,000 төгрөгийн түрээсийн төлбөртэйгээр ажиллуулж, төлбөрийг 10 хоногоор авахаар түрээсийн гэрээ байгуулж, ачааны автомашинаа ажиллуулсан.
Тус компанийн зүгээс 06 сарын 11-ээс 07 сарын 09-ний өдрийг хүртэл хугацааны төлбөрийг хугацаанд төлсөн бөгөөд 07 сарын 10-ны өдрөөс 09 сарын 21-ийг хүртэл хугацааны ажпын хөлс төлөгдөхгүй хураагдаж нийт 9,200,000 төгрөг болсон бөгөөд үүнээс 09 сарын 30-ны өдөр 1,500,000 төгрөг, 10 сарын 17-ны өдөр 3.35 тонн хайлуур жоншийг 2,177,600 төгрөгт бодож авч дээрх төлбөрөөс 5,523,000 төгрөг төлөгдөөгүй үлдсэн.
Д ф ХХК-ийн зүгээс дээрх үлдэгдэл төлбөрийг цаашид хэсэгчлэн төлөхөөр болж, 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс түрээсийн төлбөрийг 15 хоног тутамд 3,000,000 төгрөг төлөхөөр болж автомашинаа үргэлжпүүлэн ажиллуулсан бөгөөд тус компанийн зүгээс тухай бүрт нь төлбөрөө өгч байгаад 12 сарын 13-аас хойшхи төлбөр болон 07 сарын 10-аас 09 сарын 21-ийг хүртлэх хугацааны төлбөрийн үлдэгдэл болох 5,523,000 төгрөгийг төлөөгүй тул 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс автомашинаа ажиллуулаагүй болно.
Ачааны автомашины түрээсийн төлбөрөөс 07 сарын 10-аас 09 сарын 21-ийг хүртлэх хугацааны төлбөрийн үлдэгдэл болох 5,523,000 төгрөг, 12 сарын 14-өөс 12 сарын 31 хүртэл хугацааны түрээсийн төлбөр 2,000,000 нийт 7,523,000 төгрөг төлөгдөөгүй байгаа болно.
Мөн Д ф ХХК-ийн захирал А.Л нь 2020 оны 08 дугаар сарын 22 ны өдөр өөрийн биеэр уулзаж жонш өгнө гэж хэлээд урьдчилгаанд 3,200,000 төгрөг /өөрийн компанийн нярав Д.Нарандуламын 5746024358 тоот дансаар/ авсан боловч одоог болтол жоншоо ч өгөөгүй мөнгө ч буцааж өгөөгүй байна. Иймд Автомашин түрээсийн гэрээний төлбөрийн үлдэгдэл 7,523,000 төгрөг, жонш өгнө гэж хэлээд урьдчилгаанд авсан 3,200,000 төгрөг нийт 10,723,000 төгрөгийг Д ф ХХК-аас гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Д ф ХХК-ийн захирал А.Л-тай харилцан тохиролцож гэжээ. Хариуцагч талаас шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын хувийг гардан авахдаа "Д ф" ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарыг нотариатаар баталгаажуулан өгсөн бөгөөд гэрчилгээнд гүйцэтгэх захирлаар А.Л-ыг томилсон, бүртгэсэн тухай ямар ч баримт авагдаагүй бөгөөд А.Л нь хариуцагч Д ф ХХК-ийн эрх бүхий албан тушаалтан биш юм.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 8,723,000 төгрөгийг өгөх тооцоотой гэж үзэж байгаа бөгөөд 12 сарын 14-өөс 12 сарын 31 хүртэл хугацааны түрээсийн төлбөр 2,000,000 төгрөг нь үндэслэлгүй бөгөөд энэ хугацаанд ямар ч байдлаар тухайн тээврийн хэрэгслийг ажиллуулаагүй болно.
Мөн нярав Д.Нарандуламын харилцах дансаар 3,200,000 төгрөгийг авсан бөгөөд уг мөнгө нь 8,723,000 төгрөгийн дүнд орсон болно.
Иргэний хэрэг шүүхэд хяна шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ өөрөө нотлох үүрэгтэй бөгөөд хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хангалттай нотлогдохгүй байгаа тул Б.Э-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.
Шүүхийн үйл ажиллагааг удаашруулах нөхцөл байдал үүсгэхгүй байх үүднээс нэхэмжлэлд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан баримтын хүрээнд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний эзгүйд Б.Э-ын нэхэмжлэлтэй иргэний хэргийн шүүх хуралдааныг явуулж хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Б.Э нь хариуцагч Д ф ХХК -нд холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 7,523,000 төгрөг, худалдах-худалдан авах гэрээний дагуу шилжүүлсэн 3,200,000 төгрөг, нийт 10,723,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч түрээсийн гэрээний төлбөр 5,523,000 төгрөг, худалдах-худалдан авах гэрээний дагуу шилжүүлсэн 3,200,000 төгрөг гаргуулах шаардлагатай маргаагүй, харин түрээсийн төлбөр 2,000,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Нэхэмжлэгч Б.Э нь хариуцагч Д ф ХХК-тай 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдөр түрээсийн гэрээ байгуулж, түрээслүүлэгч Б.Э нь өөрийн эзэмшлийн 12-90 ХЭҮ улсын дугаартай, Nord benz маркийн тээврийн хэрэгслийг сарын 6,000,000 төгрөгөөр, түрээслэгч Дарханфлюорит ХХК-нд эзэмшүүлэн ашиглуулах, түрээслэгч нь 10 хоног тутам түрээсийн төлбөр төлөхөөр харилцан тохиролцож, Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасан түрээсийн гэрээ байгуулсан байна. /хх-5-6х/
Мөн талууд 2020 оны 08 дугаар сарын 22-ны өдөр жонш худалдах-худалдан авах гэрээ байгуулж, худалдагч тал болох Д ф ХХК нь жонш нийлүүлэх, худалдан авагч тал болох Б.Э нь хариу төлбөрт нь 3,200,000 төгрөг шилжүүлэхээр амаар харилцан тохиролцож, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулсан байна.
Талууд гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй бөгөөд гэрээг үгүйсгэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.
Түрээслүүлэгч Б.Э түрээсийн гэрээний дагуу тээврийн хэрэгслийг 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдөр түрээслэгчид хүлээлгэн өгсөн байх бөгөөд Д ф ХХК нь тээврийн хэрэглсийг эзэмшиж, ашиглаж, түрээсийн төлбөр 9,200,000 төгрөгөөс 1,500,000 төгрөг, 2,177,000 төгрөгийн үнэ бүхий жонш түрээслүүлэгч Б.Э-д шилжүүлж, үлдэгдэл 5,523,000 төгрөгийг төлөөгүй болох нь түрээсийн төлбөрийн тооцооны баримт, зохигчийн тайлбараар тогтоогдож байна. Талууд энэ үйл баримтын талаар маргаагүй. /хх-8х/
Түрээсийн гэрээний 1.2-т зааснаар түрээслэгч түрээсийн төлбөрийг төлөх үүрэгтэй байна. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-т зааснаар хариуцагч Д ф ХХК-аас түрээсийн төлбөр 5,523,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Э-д олгох хууль зүйн үндэслэлтэй байна.
Харин нэхэмжлэгч талаас 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс түрээсийн төлбөрийг 15 хоног тутамд 3,000,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцож, түрээслэгч Д ф ХХК нь тээврийн хэрэгслийг үргэлжлүүлэн эзэмшиж ашигласан бөгөөд 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацааны түрээсийн төлбөр 2,000,000 төгрөг гаргуулах шаардлага гаргасныг хариуцагч талаас эс зөвшөөрч маргасан тохиолдолд нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар нэхэмжлэлийн үндэслэлээ нотлох үүрэгтэй.
Хэрэгт талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээ, 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр хүртэлх түрээсийн төлбөрийн тооцооны баримт авагдсан бөгөөд энэ баримтаас түрээслэгч тал 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл түрээсийн төлбөр төлөх үүрэг хүлээсэн болох нь нотлогдохгүй байна.
Мөн нэхэмжлэгч Б.Э жонш худалдан авах талаар хариуцагч Д ф ХХК-тай харилцан тохиролцож, жоншны үнэд 2020 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 3,000,000 төгрөг, 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр 200,000 төгрөг, нийт 3,200,000 төгрөгийг шилжүүлсэн болох нь Б.Э-ын Хаан банк дахь 0000000000 тоот дипозит дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдож байх ба хариуцагч хуулийн этгээдээс нярав Д.Нарандуламын харилцах дансаар 3,200,000 төгрөгийг хүлээн авсан болохоо зөвшөөрсөн байна.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй бөгөөд хэрэгт авагдсан баримтаас хариуцагч Д ф ХХК-аас жонш шилжүүлэх үүргээ биелүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байна.
Иймээс Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж заасны дагуу нэхэмжлэгч Б.Э нь худалдах-худалдан авах гэрээнээс татгалзах эрхтэй байна.
Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж заасны дагуу хариуцагч Д ф ХХК-аас жоншны үнэ 3,200,000 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгч Б.Э-д олгох хууль зүйн үндэслэлтэй байна.
Дээрх үндэслэлээр хариуцагч Д ф ХХК-аас түрээсийн гэрээний үүрэгт 5,523,000 төгрөг, худалдах-худалдан авах гэрээний дагуу шилжүүлсэн 3,200,000 төгрөг, нийт 8,723,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Э-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 2,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Хариуцагч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, өөрийн эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан бөгөөд нэхэмжлэгч тал түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1-т заасныг баримтлан хариуцагч Д ф ХХК-аас 8,723,000 /найман сая долоон зуун хорин гурван мянга/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Э-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 2,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 186,518 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдэж, хариуцагч Д ф ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 154,518 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Э-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг, түүнчлэн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАТЧИМЭГ