| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батнасангийн Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 183/2021/01101/И |
| Дугаар | 183/ШШ2021/00944 |
| Огноо | 2021-05-10 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 05 сарын 10 өдөр
Дугаар 183/ШШ2021/00944
| 2021 оны 05 сарын 10 өдөр | Дугаар 183/ШШ2021/00944 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Д.Г-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Б.А ,
Хариуцагч: Б.Б нарт холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 5 200 000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Н, хариуцагч Б.А, Б.Б, нарийн бичгийн дарга Т.Нарантүвшин нар оролцов.
Нэхэмжлэлийг 2021 оны 3 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авав.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Г-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.А болон дүү Б.Б нар нь 2019.8.17-ны өдөр 1 000 000 төгрөгийг зээлсэн бөгөөд энэ мөнгөө 10 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлж нотариатаар батлуулсан. 2019.9.17-ны өдөр нэг удаа 100 000 төгрөгийн хүү төлөөд 2019.10.16-ны өдөр 1 000 000 төгрөг шилжүүлсэн. Уг 1 000 000 төгрөгөөс 9-10 сар хүртэлх 100 000 төгрөгийг хасч, үлдэх 900 000 төгрөгийг үндсэн зээлэнд нь оруулж тооцоход үндсэн дээр нь 100 000 төгрөг үлдэж байгаа бөгөөд үүний 1 сарын хүү 10 000 төгрөг болон алдангийн хамт тооцоход 160 000 төгрөгийг гаргуулахаар шаардаж нэхэмжлэл гаргасан боловч энэ зээлийн гэрээг төлж дууссан тул энэ хэсгээсээ татгалзаж байна. Харин Б.А нь 2019.10.16-ны өдөр дахин 3 000 000 төгрөгийг дангаараа зээлж, сарын 10 хувийн хүүтэй, 1 жилийн хугацаатай авсан боловч уг зээлийг бүрэн төлж барагдуулаагүй. Сая тооцоо нийлж үзэхэд хүүгийн төлбөрөөс 700 000 төгрөгийг төлөөгүй байх тул үндсэн зээлийн 3 000 000 төгрөг, хүүгийн 700 000 төгрөг, алдангийн 1 500 000 төгрөг, нийт 5 200 000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Анх гаргасан нэхэмжлэл 5 340 000 төгрөг гаргуулахаар шаардсан ба үүнийгээ 5 200 000 төгрөг болгож багасгаж, хариуцагч Б.Б-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэв.
Хариуцагч Б.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Д.Г-ээс 1 000 000 төгрөг зээлж бүрэн төлсөн. Үүний дараа 3 000 000 төгрөгийг авсан нь үнэн бөгөөд сар бүр хүүнд 300 000 төгрөг төлж ирсэн ба нийт 2 900 000 төгрөгийг төлсөн. Харин үлдсэн хүү болон алдангийг хүлээн зөвшөөрөхгүй. Миний бие 3 хүүхдээ өсгөж, өрх толгойлон амьдардаг. Энэ элдвээр доромжилж, сэтгэл санааны хүнд дарамтанд байнга оруулдаг гэв.
Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Г шүүхэд гаргасан анхны нэхэмжлэлээ хариуцагч Б.А, Б.Б нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 5 340 000 төгрөг шаардсан боловч шүүх хуралдааны явцад хариуцагч Б.Б-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагыг 5 200 000 төгрөг болгож багасгажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 4 700 000 төгрөгийн шаардлагыг хангаж үлдсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигчдын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.
Талуудын хооронд 2019 оны 10 сарын 16-ны өдөр зээлийн гэрээ бичгийн хэлбэрээр байгуулагдаж, уг гэрээгээр хариуцагч Б.А нь нэхэмжлэгчээс 3 000 000 төгрөгийг 2020 оны 10 сарын 16-ны өдрийг хүртэл хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй, хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувийн алданги төлөхөөр тохиролцон зээлдэж авсан нь зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан зээлийн гэрээгээр нотлогдож байна. /хх-ийн 3/
Дээрх гэрээний дагуу хариуцагч нь үндсэн зээл 3 000 000 төгрөг, үндсэн хүү 3 600 000 төгрөг, гэрээний хугацаа дууссан 2020 оны 10 сарын 16-ны өдрөөс хойш хэтрүүлсэн хоног тутамд 0,5 хувиар тооцож алданги төлөх үүрэгтэй байна.
Зээлдэгч Б.А нь дээрх гэрээнд заасан үүргээ бүрэн биелүүлээгүйгээс маргаан үүсч улмаар 2020 оны 10 сарын 16-ны өдөр гэрээнд заасан үүргээ гүйцэтгээгүй болох нь, түүнчлэн зээлийн хүүнд 2 900 000 төгрөгийг төлсөн зохигчдын тайлбараар тогтоогдож байх ба талууд энэ асуудлаар маргаангүй байна.
Талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээ бичгийн хэлбэрээр байгуулагдсан байх ба мөн хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д заасан Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно гэснээр нэхэмжлэгч нь хариуцагчаас үндсэн зээлийн үлдэгдэл төлбөрт 3 000 000 төгрөг, зээлийн хүү 700 000 төгрөг, нийт 3 700 000 төгрөгийг шаардах эрхтэй байна.
Нөгөөтэйгүүр, талуудын байгуулсан гэрээнд алданги тооцохоор тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасантай нийцэж байгаа хэдий ч дээрх зээлийн гэрээний хугацаанд дэлхий нийтэд үүссэн COVID-19 цар тахал үүссэн нөхцөл байдалтай давхцсан, улмаар хариуцагч Б.А-ыг гэрээний үүргээ ноцтой зөрчсөн гэх үндэслэлгүй тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д Анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно. гэж зааснаар алдангийн хэмжээг багасгаж, алдангийг 1 000 000 төгрөгөөр тогтоох үндэслэлтэй.
Дээрхийг нэгтгээд нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээл 3 000 000 төгрөг, хүү 700 000 төгрөг, алданги 1 000 000 төгрөг, нийт 4 700 000 төгрөгийг хангаж, үлдэх 500 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.8 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.А-аас 4 700 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Г-т олгож, илүү нэхэмжилсэн 500 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Г нь хариуцагч Б.Б-д холбогдох нэхэмжлэлээсээ татгалзсныг баталж, энэ хэсэгт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс Д.Г-ийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 100 390 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.А-аас улсын тэмдэгтийн хураамжинд 90 150 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Г-т олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ Б.МӨНХЖАРГАЛ