Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 128/шш2022/0379

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дуламсүрэн даргалж, шүүгч Ц.Одмаа, Л.Өлзийжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “И*** **********” ХХК /РД:2******/,

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.М*******,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Б*********,

Хариуцагч:   Нийслэлийн Засаг дарга,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: З.М****** нарын хоорондын газар эзэмших эрхийг цуцалсантай холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.М*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Б*********, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.М******, иргэдийн төлөөлөгч Н.Н*********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Л********* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “И*** **********” ХХК-иас Нийслэлийн Засаг даргад холбогдуулан “Нийслэлийн Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/419 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

2. Нэхэмжлэгч  “И*** **********” ХХК-д Нийслэлийн Засаг даргын 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн “Газар эзэмших, ашиглах эрхийн талбай, зориулалт, байршил өөрчлөх тухай” А/245 дугаар захирамжаар 42740 газрыг орон сууц, сургууль, цэцэрлэгийн зориулалтаар 15 жилийн хугацаагаар олгож, 2017 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээг байгуулан, 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдөр нэхэмжлэгч компанид Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 42740 м.кв газрыг Орон сууц, сургууль цэцэрлэгийн зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар газар эзэмших эрхийн 0********* дүгээр гэрчилгээг олгосон байна. 

Улмаар Нийслэлийн Засаг даргын 2021 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн А/469 дүгээр “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох” тухай захирамжаар Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 4.1.4, 20 дугаар зүйлийн 20.2.2, 39 дүгээр зүйлийн 39.1.4, 40 дүгээр зүйлийн 40.1.6, Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ХАн-Уул дүүргийн 17 дугаар хороо /хуучнаар 11 дүгээр хороо/-ны нутаг дэвсгэрт Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/245 дугаар захирамжаар газар эзэмших эрх олгогдсон “И*** **********” ХХК нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй байх тул газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгосон байна. .

3. Үүнийг нэхэмжлэгч эс зөвшөөрч 2021 оны 7 дугаар сарын 08-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

4. Нэхэмжлэгч “И*** **********” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: “...1/ И*** ********** ХХК нь 2017 оны А/425 дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт 4.2 га газрыг эзэмшиж, үйл ажиллагаагаа явуулан бэлтгэл ажлаа хийж байсан.

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2008 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 18 тоот тогтоолоор Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлаад түүний дагуу үйл ажиллагаа явуул гээд 27.3 га газрыг анх “С******* групп” ХХК-д олгосон.

Би тухайн үед С******* групп ХХК-ийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал байсан. Бид үүний дагуу ерөнхий төлөвлөгөөгөө батлуулан төлөвлөгөөний дагуу үйл ажиллагаагаа явуулж, газрын хогийг нь цэвэрлэж, өөд нь татаж авсан. Орон сууцны хороолол байгуулах ерөнхий төлөвлөгөө баталсан тул инженерийн шугам сүлжээний хос шугам тавих шаардлага өгч байсан. 2008 онд бохирын шугам 3 км гаран татаж байсан.

Цэвэр усны шугамыг Баянмонгол хорооллын хойноос 3 км орчим татсан. Хамгийн эхний дулааныг зүүн талаас буюу Их тэнгэр рүү явсан дулаанаас татаж авсан. Хоёр дулааныг Жапен таун, Хүннү 2222-той хамтарч татаж авсан. С******* групп ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хамаарал бүхий хуулийн этгээдүүд болох М**** **** ХХК, И*** ********** ХХК, Ж* ** ****** компаниудад төсөл төслөөр нь хуваасан. С******* групп ХХК нь төслийн ерөнхий удирдагчаар ажиллаж эхэлсэн. Бид ямар ч дэд бүтэц байхгүй газар өөрсдийн хувийн зардлаар барьж байгуулсан.

Газар эзэмших эрхийг цуцалсан гол үндэслэл нь Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсэгт заасан үндэслэлүүд байдаг. Мөн манайхыг үерээс хамгаалах далан барьсныг шинэ удирдлагууд, газрын албаныхан мэддэггүй.

2/ Бид ногоон байгууламжийг 30-аас доошгүй хувьд нь хийж гүйцэтгэнэ гэж зөвшөөрөөд гүйцэтгэж байгаа. Богд ууланд 15000 мод хамтран тарьсан. 2018 оны Иргэдийн төлөөлөгчийн хурлын хэсэгчилсэн төлөвлөгөөний дагуу үйл ажиллагаагаа явуулж байгаа.

Иймд Нийслэлийн Засаг даргын 2021 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн А/419 дугаартай захирамжийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү” гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...1/ Туул голын хойд эрэг Маршалын гүүрнээс Зайсангийн гүүр хүртэл нийт 28 га газрыг Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2008 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 18 тоот тогтоолоор “Зайсан орчмын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө” гэж баталсан. Энэ хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөгөөр “С******* групп” гэх нэг компани газар эзэмшиж, нарийвчилсан үнэлгээ хийлгээд “Н**** **********” ХХК-тай хамтарч ажиллах гэрээ байгуулаад Ривер гарден 1, 2 хотхоныг байгуулсан. Цаашдаа хувьцаа эзэмшигч нарт газраа хуваан шилжүүлж дэд бүтэц хэрэгжүүлсэн. Инженерийн байгууламжийг “С******* групп” ХХК өөрөө бүрэн хариуцаж ажиллахаар болж зураг төсөв боловсруулсан байдаг.

Эдгээр ажлуудыг ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийш хийж эхэлсэн. 2017 оноос өмнө ихэнх ажлууд хийгдсэн. Газар дээр байшин бариагүй байна гэж үзээд газар эзэмших эрхийг цуцалсан нь бодит байдалд нийцэхгүй байна.

2017 онд газрын хэмжээ өөрчлөгдсөн, үүнээс хойш архитектур төлөвлөлтийн даалгавар авч Сургууль, цэцэрлэгийн барилгын зураг төсөв хийлгэсэн ба үерийн далан байгуулах ажил зүүнээс баруун тийш хийгдээд явж байгаа.

2/ Нийслэлийн Засаг даргын 2021 оны 6 сарын 02-ны өдрийн А/419 дугаартай захирамж бодит байдалд нийцээгүй, үндэслэлгүй байна. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд заасан бодит нөхцөл байдлыг тогтоох чиг үүргийг хангалттай хэрэгжүүлж чадаагүй.

Шийдвэрийнхээ үндэслэлд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн албан бичгийг үндэслэж А/410-А/421 хүртэл захирамжаар газруудыг цуцалсан гэсэн тайлбар өгч байна. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн албан бичгийг баримтлаад Захиргааны байгууллага шийдвэр гаргах тохиолдолд Захиргааны ерөнхий хуулийн 26.1-д заасан хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар сонсох ажиллагаа явуулах байсан.

3/ Ямар ч сонсох ажиллагаа явуулаагүй, энэ талаар баримт хавтаст хэрэгт авагдаагүй. Нийслэлийн Засаг дарга Захиргааны ерөнхий хуулийн 61-т заанаар захиргааны актыг хүчингүй болгох бол мөн хуулийн 48 дугаар зүйлд заасан зохицуулалтыг харгалзан үзэх ёстой. Эерэг нөлөөлөл бүхий актыг 5 жилийн дотор цуцлах ёстой. Иймд 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдрөөс хойших актуудыг хүчингүй болгох ёстой. Гэтэл Нийслэлийн Засаг дарга Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, мөн Газрын тухай хуулийн 40.1.6 дугаар зүйлд заасан асуудал яригдаж байна.

Маргаж байгаа газрыг анх С******* группт эзэмшүүлсэн. 2008 оны Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар барилгажих суурьшил бүс болсон байдаг. С******* групп 2009 онд хувь нийлүүлэгчдийнхээ хурлаар газраа хуваарилсан. И*** ************ ХХК нь С******* группийн хувьцаа эзэмшигч Чогсомжавын Мөнхболдын хамаарал бүхий буюу Ч.О*******ын нэр дээр бүртгэлтэй компани байгаа.

Ч.О*******ын эзэмшлийн компанид 2.7 га газар эзэмшүүлж шилжүүлсэн. Инженерийн дэд бүтэц зүүнээс баруун тийш чиглэж байгаа учраас дунд нь ямар нэгэн байдлаар алгасаж орох боломжгүй. И*** ************ ХХК нь Маршлын гүүрнээс эхлээд барихад өөрийн хувь нэмрээ оруулсан тул бэлтгэл ажлаа хийсэн гэж үзэх боломжтой. Энэ байдлыг Нийслэлийн засаг дарга шийдвэр гаргахдаа судлаагүй.

4/ 2022 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн Давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны 115 дугаартай тэмдэглэл хэрэгт авагдсан байгаа. Нэхэмжлэгч далан бариад, барилга барих гээд Байгаль орчны үнэлгээ хийлгэсэн байна, энэ нөхцөл байдлыг шалгасан уу гэж асуухад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч түүнийг шалгасан гэхээсээ илүү бодитойгоор газар дээр юм барьсан уу гэдгийг шаардсан гэсэн хариулт өгсөн байна.

Эрчим хүчний 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй гэдэг нь нотлох баримт судлахад тодорхой болсон. Мөн давж заалдах шатны шүүх хуралдааны явцад илгэгч шүүгчээс олгож болохгүй газрын жагсаалтад орсон газар юм уу гэж асуухад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тийм жагсаалт байхгүй гэж хариулсан байдаг. Хавтаст хэргийн 171 дүгээр хуудсанд авагдсан байгаа.

Сонсох ажиллагаа огт хийгдээгүй, харин 2021 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Газар зохион байгуулалтын албанаас сонсох ажиллагаа явуулах тухай мэдэгдэл явуулсан байдаг. Үндэслэл нь Газрын тухай хуулийн 21.2, 3, 40.1.6, 26.1, 61.1, Захиргааны ерөнхий хуулийн 48.2.1, 2-т заасныг иш татаж сонсох ажиллагаа явуулна гэсэн байдаг. Гэтэл Захирамжид заасан үндэслэл огт өөр байсан. Үүнийг шүүх бүрэлдэхүүн анхаараасай гэж хүсэж байна.

Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан үндэслэл нь бодит байдалд нийцэхгүй байна. 2008 оноос хойш хэрэгжээд явж байгаа урт хугацааны төсөл юм. 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр сургууль, цэцэрлэгийн барилгын зураг хийх гэрээ байгуулсан. 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр архитектор төлөвлөлтийн даалгавар батлуулсан. М**** **** ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулаад тухайн барилгажих талбайн барилгыг хангах эрчим хүчийг хэн хариуцаж бариулах уу гэдгийг зохицуулсан гэрээг байгуулсан байлдаг. Энэ 2 компани гүйцэтгэгч компанитай 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Энэ гэрээний дагуу уг компани цахилгааны далд шугам татсан, үзлэгээр үзсэн барилгыг барьсан. Үүнээс хойш ковид-19 буюу цар тахлаас шалтгаалж өнөөдрийг хүртэл ажил зогссон байдалтай байгаа. Үерийн хамгаалалтын далан маш чухал зүйл юм.

5/ Үерийн далан Маршлын гүүрнээс Зайсангийн гүүр хүртэл цогцоороо баригдаж байж ямар нэгэн байдлаар ус нэвтрэх, алдахгүй байх ёстой. Зураг зохиосон компанийн албан бичиг байгаа. Үерийн далангийн хамгаалалтын албаны төлөвлөгөөг хавтаст хэргээс судалсан. Тухайн усны эрэг орчмын шороо нь далангийн эх биеийг хийхэд тохиромжгүй юм байна, карераас шороо зөөх шаардлагатай гэж үзээд иргэн Ч**********тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан шороогоо авчирч байтал Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр зогсоосон. Үндэслэл нь Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгээгүй. Газар шорооны ажил хийсэн болох нь Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын албан бичгээс харагдаж байна. Яагаад Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгээгүй гэхээр өмнө 2008 онд Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэж байсан тул дахин үнэлгээ хийлгэх шаардлагагүй гэж үзсэн юм. Зөрчлийн тухай хуульд заасан зөрчил байна, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээгээ хийлгэснийхээ дараа хий гэсэн. Үүний дараагаар 2019 оны 9 дүгээр сард үнэлгээ хийлгэхээр гэрээ байгуулсан боловч цар тахлын улмаас ажил удааширсан байдалтай байна.

Цахилгаан эрчим хүчээр хангах дэд бүтцийг М**** **** ХХК-тай хамтарч ажиллах гэрээ байгуулан гэрээ дүгнэсэн акт 2021 онд хийгдсэн. Хорио цээрийн дэглэм 2020 оноос хойш 65 хоног бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдал зарласан. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан дараалан 2 жил ашиглаагүй гэдэг хугацаагаа хаанаас эхлэн тоолох нь тодорхой бус байгаа.

2017 оны 9 дүгээр сарын 07-ны өдрөөс 2 жилийг тоолох үр дагавар үүсэж байна. 2018 онд цахилгаан хангамжийн гэрээ байгуулан ажил хийгдсэн боловч 2018 онд тасраад үлдчихсэн. Үүнээс хойш хойш тоолох юм уу, эсвэл 2019 оноос хойших хугацааг тоолох шаардлагатай болж байна. 2021 оны 4 дүгээр сарын 15-нд сонсох ажиллагааны мэдэгдэл ирсэн байдаг. Үүнийг захиргааны шийдвэр гаргаж байгаа эхний үе шат гэж ойлгож байгаа. Өөрөөр хэлбэл 2 жил нь болоогүй байхад шийдвэрээ гаргасан байсан. Энэ нөхцөл байдлуудыг харгалзан үзэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү.” гэв.

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...1/ И*** ********** ХХК-д Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/245 дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 42740 м.кв газрыг орон сууц, цэцэрлэгийн зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн байна.

Дээрх маргаан бүхий газар нь Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т заасан ойн сан бүхий газар, усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсэд багтсан бөгөөд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Арга хэмжээ авах тухай 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 02-01/1355 дугаартай албан бичгийг ирүүлсэн болно.

2/ Тус компани нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6, Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-т заасныг тус тус зөрчсөн байх тул Нийслэлийн Засаг даргын 2021 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн А/419 дүгээр захирамжаар И*** ********** ХХК-ийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож газар эзэмших эрхийг дуусгавар болгосон байна.

3/ Маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2021 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 02-06/2638 дугаар албан бичиг, 2021 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 02-06/2867 дугаар албан бичгээр тус тус сонсох ажиллагааг явуулсан байна. Маргаан бүхий захиргааны актыг нэхэмжлэгч талд  Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2021 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 02-06/3940 дугаартай албан бичгээр мэдэгдсэн болно.

4/ И*** ************ ХХК-ийн газрыг дангаар нь хүчингүй болгоогүй. Ойр орчмын ногоон байгууламж буюу ойн бүс, усан сан бүхий газар бүхэлдээ орсон байдаг. Захиргааны актыг гаргаснаар Улаанбаатар хотод буюу Нийслэлийн хэмжээнд ногоон байгууламж бий болж цаашдын зорилго биелнэ. Эрчим хүчний газар болон холбогдох байгууллагаас захиргааны актын хууль зүйн үндэслэлийг няцаасан шийдвэр ирчихсэн тул хариуцагчийн зүгээс энэ талаар тайлбарлах шаардлагагүй” гэв.

6. Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хан-Уул дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших 28000 га газраас И*** ********** ХХК нь 4.2 га газрыг эзэмшдэг. Энэ газраас 1.2 га газарт нь орон сууц, сургууль, цэцэрлэг барина. Үлдсэн газарт нь ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбай бий болгох юм байна гэж ойлголоо. Одоогийн байдлаар инженерийн дэд бүтцэд 10 гаран тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. 3 метр өндөртэй, 2.4 км урттай бетон үерийн далан барихаар төлөвлөсөн. Нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх энэ хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд дараахь хууль зүйн үндэслэлүүдээр нэхэмжлэгч “И*** **********” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв. Үүнд:

2. Нэхэмжлэгч “И*** **********” ХХК нь шүүхэд хандаж “Нийслэлийн Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/419 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргаж түүний үндэслэлээ “Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д заасныг зөрчөөгүй,...2008 оноос хойш хэрэгжээд явж байгаа урт хугацааны төсөл бөгөөд 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр барилгын зургийн гэрээ байгуулж мөн оны 10 дугаар сарын 02-ны өдөр архитектур-төлөвлөлтийн даалгавар батлуулан газраа зориулалтын дагуу эзэмшиж байхад захиргаа бодит нөхцөл байдлыг тогтоох чиг үүргээ хэрэгжүүлээгүй, сонсох ажиллагаа явуулалгүй газар эзэмших эрхийг цуцалсан нь хууль бус” гэж тодорхойлсныг хариуцагч “...И*** ************ ХХК-ийн газрыг дангаар нь хүчингүй болгоогүй, уг газрын ойр орчмын ногоон байгууламж, ойн бүс, усан сан бүхий газрыг бүхэлд нь оруулж хүчингүй болгосноор Нийслэлийн хэмжээнд ногоон байгууламж нэмэгдэнэ,...зорилгодоо нийцсэн захиргааны акт” гэж тайлбарлан бүхэлд нь эс зөвшөөрч маргаж байна.

3. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл:

- Иргэн Ч.М*******, Д.Батаа нар нь “Х***** ********” ХХК-тай хамтран  “С******* групп” ХХК-ийг 2008 онд үүсгэн байгуулсан, Ч.М******* нь тус компанийн 13,94 хувийн хувьцаа эзэмшигч болох нь “С******* групп” ХХК-ийн 2021 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн, Хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаагаар,

-“И*** **********” ХХК нь 2002 онд байгуулагдсан, үүсгэн байгуулагч хувьцаа эзэмшигч Ч.О******* гэх ба тус компанийн Гүйцэтгэх захирлаар Ч.М******* 2021 онд бүртгүүлсэн нь тус компанийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тус тус тогтоогдсон,

-Нийслэлийн Засаг даргын 2008 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн “Эзэмшил газрын зориулалтыг өөрчилж барилга барих зөвшөөрөл олгох тухай” 449 дүгээр захирамжаар “Хот  байгуулалт, газар зохион байгуулалтын мэргэжлийн комиссын хурлаас гаргасан дүгнэлтийг хянан үзээд иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудын эзэмшил газарт байршуулан барилга байгууламж барих, өргөтгөхөд зориулан газрын зориулалтыг дараах байдлаар өөрчлөн”...гээд уг захирамжийн 62-т “С******* групп” ХХК-д амины орон сууцны хотхоны зориулалтаар Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Маршал” хотхоны урд талд байршуулан 27.3 га газарт барилга барихыг зөвшөөрч, захирамжийн 2 дахь заалтаар “Дээрх барилга байгууламжийн барилгажилтын ерөнхий төлөвлөгөө, архитектур төлөвлөлтийн шийдлийг хянан баталж, газар эзэмших гэрээг зохих журмын дагуу шинэчлэн байгуулж, гэрчилгээ олгон газрын бүртгэлд бүртгэж, барилга угсралтын ажилд хяналт тавьж ажиллахыг холбогдох этгээдэд даалгасан,

-“С******* групп” ХХК-ийн Хувь нийлүүлэгчдийн 2009 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн хурлын шийдвэрээр “...“Н**** **********” компанитай хамтран хэрэгжүүлж буй төсөлд  шаардагдах газрын хэмжээг тодорхойлж уг газрыг “С******* групп” ХХК-ийн нэр дээр үлдээх, бусад үлдсэн газрыг “М**** ****” ХХК, “Ж********” ХХК, “И*** **********” ХХК-д төлөвлөсөн дэд төсөл тус бүрд шаардагдах газрын хэмжээгээр тооцож хуваан эзэмшүүлж дэд төслүүдийг хэрэгжүүлэхээр, Ингэхдээ төслийн ерөнхий удирдагчаар “С******* групп” компани ажиллах бөгөөд дэд төсөл бүрийн барилгажих төлөвлөгөөг батлах, төслийн нийт дэд бүтэц, замыг барьж байгуулах, “Н**** **********” компанитай хамтран хэрэгжүүлж буй төслийг амжилттай хэрэгжүүлж дуусгахыг гүйцэтгэх захирал Г.Г*****ад, Газрын албанд холбогдох хууль журмын дагуу баримт материалыг бүрдүүлэн хүргүүлж газрыг хэсэгчлэн шилжүүлэх ажлыг гүйцэтгэхийг дэд захирал Ч.М*******од даалгаж тус тус шийдвэрлэсэн,

- Үүний дагуу “С******* групп” ХХК-ийн хувь нийлүүлэгч Ч.М******* нь өөрийн хамаарал бүхий хуулийн этгээд болох “И*** **********” ХХК-иас хүсэлт хүргүүлснээр Нийслэлийн Засаг даргын 2010 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талбай, зориулалт байршил өөрчлөх тухай” 204 дүгээр захирамжаар 58 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшил газрын талбайн хэмжээ, зориулалт, байршлыг өөрчлөн баталсан захирамжийн хавсралтын 55-д “И*** **********” ХХК-д 23210 м.кв газрыг орон сууцны зориулалтаар олгон, үлдэх газрыг бусад хуулийн этгээдүүдэд хувааж, “С******* групп” ХХК-д 143863 м.кв газрыг мөн адил зориулалтаар, “М**** ****” ХХК-д 74427 м.кв газрыг мөн адил зориулалтаар, “Ж********” ХХК-д 31500 м.кв газрыг орон сууцны зориулалтаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн,

- Нийслэлийн Засаг даргын 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн “Газар эзэмших, ашиглах эрхийн талбай, зориулалт, байршил өөрчлөх тухай” А/245 дугаар захирамжаар Нийслэлийн Газрын албаны дэргэдэх Газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн хурлаас гаргасан дүгнэлтийн дагуу энэ захирамжийн хавсралтад заасан 33 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшил, ашиглалтад байгаа газрын талбайн хэмжээ, зориулалт, байршлыг өөрчлөн баталсан байх ба уг захирамжийн хавсралтын 25-д “И*** **********” ХХК-д 42740 м.кв газрыг орон сууц, сургууль, цэцэрлэгийн зориулалтаар газрын хэмжээг нэмэгдүүлэн 15 жилийн хугацаагаар олгосон,

- 2017 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр нэхэмжлэгч компанитай “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ” байгуулж мөн оны 5 дугаар сарын 12-ны өдөр нэхэмжлэгч компанид Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 42740 м.кв газрыг Орон сууц, сургууль цэцэрлэгийн зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар эзэмших эрхийн 0********* дүгээр гэрчилгээг олгосон, 

- Нийслэлийн Засаг даргын 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн “Захирамжийн хавсралтад өөрчлөлт оруулах тухай” А/474 дүгээр захирамжаар “Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/245 дугаар захирамжийн хавсралтаар баталсан “Газар эзэмших, ашиглах эрхийн талбай, зориулалт, байршил өөрчлөгдөж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудын жагсаалт”-ын 25 дахь хэсгийг “Хэмжээ /м2/” гэсэн баганын “42740” гэснийг “23210” гэж өөрчилж шийдвэрлэсэн,

- Нийслэлийн Засаг даргын 2017 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн “Захирамжийн хавсралтад өөрчлөлт оруулах тухай” А/670 дугаар захирамжаар “Нийслэлийн Засаг даргын 2017 оны А245 дугаар захирамжийн хавсралтаар баталсан “Газар эзэмших, ашиглах эрхийн талбай, зориулалт, байршил өөрчлөгдөж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудын жагсаалт”-ын 25 дахь хэсгийг “Хэмжээ /м2/” гэсэн баганын “23210” гэснийг “42740” гэж өөрчилж шийдвэрлэсэн,

-Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2008 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 18 дугаар тогтоолоор “Зайсан орчмын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө”-г баталсан, уг тогтоол хүчин төгөлдөр байгаа үйл баримтууд тус тус тогтоогдсон, эдгээр үйл баримтуудтай хэргийн оролцогчид маргаагүй.

4. Маргаан бүхий захиргааны акт болох Нийслэлийн Засаг даргын 2021 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн А/469 дүгээр “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай” захирамжаар Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 4.1.4, 20 дугаар зүйлийн 20.2.2, 39 дүгээр зүйлийн 39.1.4, 40 дүгээр зүйлийн 40.1.6, Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсгийг тус тус үндэслэн “Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо /хуучнаар 11 дүгээр хороо/-ны нутаг дэвсгэрт Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/245 дугаар захирамжаар газар эзэмших эрх олгогдсон “И*** **********” ХХК нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй байх тул газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгосугай” гэж шийдвэрлэсэн байна.

Тухайн захиргааны актын үндэслэл болсон, Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д “Газар эзэмших эрх дараахь тохиолдолд дуусгавар болно”, 39.1.4-т “газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болсон”, 40 дүгээр зүйлийн 40.1-д “Аймаг, нийслэл...-ийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно:”, 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй.” гэж, мөн Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д “Шугам сүлжээ нь аюулгүй байдлыг хангах хамгаалалтын зурвастай байна. Хамгаалалтын зурвасын дотор гэр, орон сууц, барилга байгууламж барих, шугам сүлжээ өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрснөөс бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэж тус тус заажээ.

5. Хариуцагч захиргааны байгууллагаас гаргасан актын “...хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй” болон “...уг газар нь эрчим хүчний шугам сүлжээний хамгаалалтын зурваст орсон” гэх үндэслэлийн тухайд:

Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.4-т “тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно” гэж заасан.

Хариуцагч Нийслэлийн Засаг даргаас 2021 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн А/469 дүгээр “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай” захирамжийг гаргахдаа актын үндэслэл болж буй нөхцөл байдлуудыг хангалттай тогтоогоогүйгээс уг захирамжийг үндэслэл бүхий шийдвэр гэж үзэх хууль зүйн боломжгүй гэж шүүх дүгнэв.

Тухайлбал, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалт нь нэгдүгээрт газар эзэмшигч гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй байх, хоёрдугаарт ийнхүү ашиглаагүй нь “хүндэтгэн үзэх шалтгаангүй байх”-ыг шаардана.

Өөрөөр хэлбэл дээрх хоёр нөхцөл хамт бүрдсэн тохиолдолд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан зохицуулалт хэрэглэгдэх бөгөөд энэ тохиолдолд хариуцагч нь нэхэмжлэгчийг тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй нь хүндэтгэн үзэх шалтгаантай эсэхийг шалгаж тогтоосны үндсэн дээр тухайн шийдвэрийг гаргах учиртай.

6. Түүнчлэн хариуцагчийн гаргасан захиргааны актын өөр нэг үндэслэлд нэхэмжлэгчийг “Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсгийг зөрчсөн” гэж үзсэн байх боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс шаардсаны дагуу ирүүлсэн “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн 01/1781 дүгээр албан бичигт “...газрын талбай нь УБЦТС ТӨХК-ийн ашиглалтын 0.4 кВ, 6 кВ, 10 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам болон кабель шугамын хамгаалалтын зурваст ороогүй”-г тодорхойлсон, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд оролцохдоо маргаан бүхий захиргааны актын энэ үндэслэлийг дэмжихгүй болохоо илэрхийлсэн болно.

Үүнээс үзвэл хариуцагч захиргааны байгууллага маргаан бүхий актыг гаргахын өмнө тухайн актад хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг, өөрөөр хэлбэл нэхэмжлэгчид газар эзэмших эрх үүссэнээс хойш уг газрын хувьд үйл ажиллагаа явуулсан эсэх, явуулаагүй бол энэ нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан эсэх, 2 жил дараалан гэх хугацааг хэрхэн тооцох, уг газар нь эрчим хүчний шугам сүлжээний хориглох зурваст хамаарах эсэхийг нарийвчлан шалгаж тогтоох үүрэгтэй байхад энэ үүргээ биелүүлээгүй атлаа нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг эдгээр үндэслэлүүдээр шууд хүчингүй болгосон нь хууль бус, тухайн захиргааны актыг зорилгодоо нийцсэн гэж үзэх боломжгүй.  Учир нь:

7. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нэхэмжлэгч “И*** **********” ХХК нь 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн А/245 дугаар захирамжаар газар эзэмших эрх олгогдсоноос хойш:

- 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр “Сургууль, цэцэрлэгийн барилгын зургийн ажил гүйцэтгэх гэрээ”-г “И ** ** **” ХХК-тай байгуулсан,

- 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр тухайн газар дээр барих Орон сууц, сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгын “Архитектур төлөвлөлтийн даалгавар” батлуулсан,

- 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр ““И*** **********” ХХК-ийн 12 айлын Амины орон сууц, үйлчилгээний барилга болон 1200 хүүхдийн ерөнхий боловсролын сургуулийн цогцолбор, 106 айлын багш сурагчдын орон сууцны эскиз зураг” батлуулсан, 

- 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр нэхэмжлэгч компаниас “М**** ****” ХХК-тай “..өөр өөрийн эзэмшлийн газар дээр барьж байгуулах орон сууц, сургууль, цэцэрлэгийн барилгад хэрэглэгдэх дулаан, эрчим хүчний барилга, тоног төхөөрөмж суурилуулах ажлыг хамтран гүйцэтгүүлэх” гэрээ байгуулсан,

- 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр иргэн Л.Ч**********тай “Газар шорооны ажил гүйцэтгэх гэрээ” байгуулж мөн оны 9 дүгээр сарын 05-ны өдөр “Ажил гүйцэтгэх гэрээ” дүгнэсэн,

- 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр “Газар чандмань” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Э.М*********, “И *** *** **” ХХК-ийн захирал С.Х******** нарт “...байгаль орчны төлөв байдлын болон байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг хийлгэх” хүсэлт хүргүүлсэн,

- 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдөр “М**** ****” ХХК-ыг төлөөлж Гүйцэтгэх захирал Г.Г*****, “И*** **********” ХХК-ыг төлөөлж Гүйцэтгэх захирал Ч.М*******, “Г****” ХХК-ыг төлөөлж Гүйцэтгэх захирал Г.Б******* нар “Эрчим хүчний барилга угсралтын чиглэлээр хамтран ажиллах гэрээг байгуулсан, уг гэрээгээр “...Б талын эзэмшлийн Хан-Уул дүүргийн 11-р хорооны Стадион Оргил, Их Монгол улсын гудамж гэсэн хаягт орших, Нийслэлийн Засаг даргын 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн А/245 тоот захирамжаар олгогдсон, нэгж талбарын 1*****/**** дугаарт бүртгэлтэй, 42740 м2 газарт орон сууц, сургууль цэцэрлэгийн барилгын гадна цахилгаан хангамж, 10/0.4 кв, 4х800 ква, РТП хаалттай дэд өртөөний барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэж ашиглалтад оруулах”-аар тохиролцсоны дагуу тухайн дэд өртөөний барилга угсралтын ажлыг хийж дуусгасан болох нь энэ талаархи бичгийн нотлох баримтууд болон шүүхийн үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдсон,

-“И*** **********” ХХК-ийн эзэмших эрх бүхий газрын ертөнцийн зүгээр урд талд “С******* групп” ХХК-ийн  эзэмшил газрын залгаа урд хилээр Туул голыг дагасан 2,4 км урт, 3 м өндөр бетонон суурьтай далан баригдсан байгаа нь шүүхээс хийсэн үзлэгийн явцад тогтоогдсон ба уг далангийн зураг төслийг 2011 онд Ч.М******* нь “С******* групп” ХХК-ийн хувь нийлүүлэгчийн хувиар батлуулж төслийг хамтран хэрэгжүүлсэн, цаашид уг далан нь “И*** **********” ХХК-ийн газрын урд хилээр үргэлжлэн баригдахаар төлөвлөгдсөн байгаа болох нь шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэл, тухайн далангийн зураг төслийн баримт бичиг болон “С******* групп” ХХК-иас 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр шүүхэд ирүүлсэн тайлбараар тус тус тогтоогдсон,

-“И*** **********” ХХК-ийн эзэмшил газрын хил хязгаар дотор шороо овоолж асгасан байдал шүүхийн үзлэгийн явцад тогтоогдсон ба үүнийг нэхэмжлэгч тайлбарлахдаа “...газар шорооны ажлаа эхлээд явж байтал Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас зогсоосон тул дахин үргэлжлүүлж ажиллаагүй, тэр чигтээ байгаа” гэж тайлбарласан, дээр дурдсан үйл баримтуудтай хэргийн оролцогчид маргаагүй, хариуцагчаас тухайн нөхцөл байдлыг үгүйсгэх баримт гаргаж өгөөгүй болно.

Эдгээрээс дүгнэвэл Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2008 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 18 дугаар тогтоолоор баталсан “Зайсан орчмын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө”-ний дагуу “Н**** **********” ХХК болон “С******* групп” ХХК-ийн захиалгаар хэрэгжүүлж буй “Ривер гарден” “Тайм скүэр” хотхоны төсөлд иргэн Ч.М******* нь “С******* групп” ХХК-ийн хувь нийлүүлэгчийн хувьд хамтран оролцсон, уг төслийг хэрэгжүүлэх явцад “С******* групп” ХХК-ийн Хувь нийлүүлэгчдийн хурлын шийдвэрээр эзэмшил газрын тодорхой хэсгийг өөрийн хамаарал бүхий хуулийн этгээд болох “И*** **********” ХХК-д зохих журмын дагуу шилжүүлэн авч тухайн төслийг үргэлжлүүлж байгаа нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон, энэ үйл баримтын талаар хэргийн оролцогчид мөн маргаагүй.

Нөгөө талаар “И*** **********” ХХК нь газар эзэмших эрхээ хэрэгжүүлэхээр төрийн захиргааны эрх бүхий байгууллагуудаас зохих зөвшөөрлүүдийг авч, тухайн газар дээрээ тодорхой үйл ажиллагааг “С******* групп” ХХК-тай хамтран болон дангаараа, тухайлбал цахилгааны дэд өртөө, голын үерээс хамгаалах далангийн байгууламжийг үргэлжлүүлэн барихаар газраа тэгшлэх зорилгоор шороо асгаж эхэлсэн боловч 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас 02-03/1432 дугаар албан бичгээр мэдэгдэл өгч ажлыг зогсоосон нь тогтоогдсон, энэ тохиолдолд нэхэмжлэгч компанийг гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ашиглаагүй гэж шууд дүгнэх боломжгүй.

Түүнчлэн маргаан бүхий захиргааны акт нь Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн  Хурлын Тэргүүлэгчдийн 2008 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 18 дугаар тогтоолоор батлагдсан, одоогоор хүчин төгөлдөр хэвээр буй ”Зайсан орчмын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө”-тэй зөрчилдөж байх ба хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...ногоон байгууламж нэмэгдэнэ, нийтийн ашиг сонирхолд нийцсэн” гэх тайлбар гаргасан боловч өнөөдрийн байдлаар төрийн захиргааны эрх бүхий байгууллагаас тухайн газрыг нийтийн эзэмшилд тогтоосон захирамж, шийдвэр гаргаагүйг тэмдэглэх нь зүйтэй.

Иймд, Нийслэлийн Засаг даргын 2021 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай” А/419 дүгээр захирамж хууль зүйн үндэслэлгүй, уг хууль бус шийдвэрийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байх тул хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

7. Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т “Энэ хуулийн 26.1-д заасан оролцогчоос тайлбар, санал авах ажиллагааг сонсох ажиллагаа гэнэ”, 27 дугаар зүйлийн 27.1-д “Захиргааны шийдвэр гаргах захиргааны байгууллага эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг тодорхойлно” гэж тус тус заасан ба хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд хариуцагч захиргааны байгууллага маргаан бүхий шийдвэрийг гаргахын өмнө нэхэмжлэгчид мэдэгдэл хүргүүлсэн гэх боловч түүнээс тайлбар авах, нотлох баримт гаргах боломж олгоогүй байх тул сонсох ажиллагааг журмын дагуу явуулсан гэж үзэхээргүй байна.

8. Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Н.Н*********ээс “...Хан-Уул дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших 28000 га газраас И*** ********** ХХК нь 4.2 га газрыг эзэмшдэг, энэ газраас 1.2 га газарт нь орон сууц, сургууль, цэцэрлэг барина, үлдсэн газарт нь ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбай бий болгох юм байна гэж ойлголоо, одоогийн байдлаар инженерийн дэд бүтцэд 10 гаран тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. 3 метр өндөртэй, 2.4 км урттай бетон үерийн далан барихаар төлөвлөсөн, нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна” гэсэн дүгнэлт гаргасан бөгөөд иргэдийн төлөөлөгчийн гаргасан дүгнэлт үндэслэлтэй, шүүхийн энэ шийдвэрээр хангагдаж байгааг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.4, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Идэр-Интэрнэшнл” ХХК-иас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Засаг даргын 2021 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай” А/419 дүгээр захирамжийг бүхэлд нь хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 70200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                      Н.ДУЛАМСҮРЭН

                               ШҮҮГЧ                      Ц.ОДМАА

                                            ШҮҮГЧ                      Л.ӨЛЗИЙЖАРГАЛ