Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2023 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 001/ХТ2023/00086

 

Бийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Баярмаа, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 182/ШШ2022/03402 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 210/МА2023/00298 дугаар магадлалтай,

Бийн нэхэмжлэлтэй

Нт холбогдох

... автомашины өмчлөгч мөн болохыг тогтоож, тус тээврийн хөдөлгөөнийг хязгаарласан шийдвэрийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.О-н хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б, түүний өмгөөлөгч Д.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Баас хариуцагч Нт холбогдуулан ...автомашины өмчлөгч мөн болохыг тогтоож, тус тээврийн хөдөлгөөнийг хязгаарласан шийдвэрийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

2. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 182/ШШ2022/03402 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1, 122.5-д зааснаар ... тээврийн хэрэгслийн өмчлөгчөөр Б-г тогтоож, уг тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөн хийх эрхийг түдгэлзүүлэх тухай Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчээс холбогдох албан тушаалтанд явуулсан 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 4-186/12510 дугаар албан бичиг, тээврийн хэрэгслийг журамлан саатуулах тухай Нын дэд даргаас Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст болон Замын хөдөлгөөний удирдлагын хэлтэст явуулсан 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 2-165/7919, 2-165/7918 дугаар албан бичгүүдийг хүчингүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н-с 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 210/МА2023/00298 дугаар магадлалаар: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 182/ШШ2022/03402 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Нт холбогдох ...автомашины өмчлөгч мөн болохыг тогтоолгох, тус тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарласан шийдвэрийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Оюун-Эрдэнэ хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172-р зүйлийн 172.2.1-д заасан анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн гэх үндэслэл бий болсон тул хяналтын журмаар гомдол гаргаж байна.

4.1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019.12.02-ны өдрийн 918 дугаартай шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.05.12-ны 586 тоот магадлал, УДШ-ийн эрүүгийн хэргийн хяналтын шатны шүүх хуралдааны 2020.10.19-ний өдрийн 563 тоот тогтоолуудаар нэгэнт шийдвэрлэгдсэн тул иргэний шүүх түүнийг дахин хянахгүй гэсэн Нийслэлийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн дүгнэлт нь бодит байдал болоод хуульд нийцэхгүй байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.05.12-ны 586 тоот магадлалаар Гын нэр дээр бүртгэлтэй “...... тээврийн хэрэгслийн...” хохиролд тооцож тооцуулахаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасан анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан прокурорын зөвшөөрөл хүчинтэй болохыг дурдсугай гэжээ.

Ийнхүү шийдвэрлэхдээ “Прокурорын зөвшөөрлөөр мөрдөгчийн битүүмжилсэн шүүгдэгч нарын хөрөнгө нь хууль ёсны гэрээ хэлцлийн дагуу бусдад шилжиж хариу төлбөрийг шүүгдэгч нарт шилжүүлсэн...” зэргийг харгалзан шууд хураан төлбөрт тооцуулах бус шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар дээрх асуудлуудыг шийдвэрлэж шүүгдэгч нарын бодит эзэмшил, өмчлөлд буй хэсгийг гаргуулах зорилготой хэмээн уг шийдвэрийн үндэслэлийг тайлбарлан бичсэн бөгөөд УДШ-ийн эрүүгийн хэргийн хяналтын шатны шүүх хуралдааны тогтоолд магадлалын уг хэсгийг үндэслэл бүхий болсон болохыг дүгнэсэн.

Өөрөөр хэлбэл Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалд дурдсан “эрүүгийн хэргийн шүүхээр нэгэнт шийдвэрлэгдсэн” гэх үндэслэл нь дээрх тайлбараар няцаагдах бөгөөд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага Гын бодит өмчлөлийг тогтоож уг хөрөнгөөс төлбөр гаргуулах ажиллагаа явуулахыг зааж өгснөөс нэхэмжлэгчийн хөрөнгөнөөс төлбөр гаргуул гэж огт заагаагүй тул нэхэмжлэгчийн хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан нь хуульд нийцэхгүй.

Иймд Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023.02.06-ны өдрийн 00298 дугаартай магадлалаар Иргэний хуулийн 101-р зүйлийн 101.1, 106-р зүйлийн 106.1 дэх хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй.

4.2. Нэхэмжлэгч Б нь ... тээврийн хэрэгслийг 2019.02.25-ны өдөр худалдан авсан бөгөөд түүний нэр дээр бүртгэлтэй. Гын өмчлөлөөс 2012.11.06-ны өдөр иргэн Бу-д шилжсэн ба 5 хүнд шилжсэний эцэст Ба гэх иргэнээс 2019.02.25-ны өдөр нэхэмжлэгчид шилжсэн болох нь тээврийн хэрэгслийн түүхчилсэн лавлагаагаар тогтоогдсон тул түүнийг өмчлөгчөөр тогтоосон анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон.

Хэдийгээр тээврийн хэрэгслийн гэрчилгээ нэхэмжлэгч Бийн нэр дээр боловч Н тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан шийдвэр нь нэхэмжлэгчийн өмчлөх эрхэд саад учруулж буй тул зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шүүхэд хандаж өмчлөгч болохоо шүүхийн журмаар тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023.02.06-ны өдрийн 00298 дугаартай магадлал хуульд нийцэхгүй.

Учир нь эрүүгийн хэргийн шүүхийн шийдвэрээр уг хөрөнгийн хууль ёсны өмчлөгч хэн болохыг эцэслэн тогтоогоогүй, харин шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад тодруулж, төлбөр гаргуулах боломжтой хөрөнгөнөөс төлбөр гаргуулах агуулга байхад эрүүгийн хэргийн шүүх нэгэнт шийдвэрлэсэн мэтээр тайлбарлаж буй нь үндэслэлгүй байна.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

5. Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.О-н гаргасан гомдлыг хэлэлцээд хоёр шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн гэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр 2023.04.20-ны өдрийн 001/ШХТ2023/00466 дугаар тогтоолыг гаргажээ.

ХЯНАВАЛ:

6. Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

7. Нэхэмжлэгч Б шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлээ: “...2019.02.25-ны өдөр ... тээврийн хэрэгслийг худалдаж авсан, ...2021 оны 01 дүгээр сард тээврийн хэрэгслийн дугаарыг солих гэтэл Наас тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарласан шийдвэр гарсан байна. ...Би бусдад ямар нэг өргүй, банкинд зээлгүй байхад миний өмчлөлийн тээврийн хэрэгслийг огт танихгүй Г гэдэг хүний өмч гэж үзэж, тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан байх тул дээрх автомашин миний өмч болохыг тогтоож, эрх хязгаарласан шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү...” гэж тайлбарласан,

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч шүүхэд хариу тайлбар гаргаагүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой баримтыг ирүүлсэн байна.

8. Хэрэгт цугларсан баримтаар маргааны зүйл болсон ...автомашиныг нэхэмжлэгч Б 2019.02.25-ны өдөр худалдан авч өөрийн өмчлөлд бүртгүүлсэн, өнөөдрийг хүртэл эзэмшиж, ашиглаж байгаа болох нь тээврийн хэрэгслийн түүхчилсэн лавлагаа, тайлбараар тогтоогдсон,

Н....н Б.Д Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019.12.02-ны өдрийн 2019/ШЦТ/918 дугаартай шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.05.12-ны өдрийн 2020/ДШМ/586 дугаар магадлал, 799 тоот гүйцэтгэх хуудсыг үндэслэн Год холбогдох гүйцэтгэх баримт бичигт 2021.06.08-ны өдөр 21260503 дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж, 2021.07.07-ны өдөр Эрх түдгэлзүүлэх тухай 4-186/12510, 4-186/12510 тоотоор нэр бүхий 13 ширхэг тээврийн хэрэгсэл, машин механизмын шилжилт хөдөлгөөн хийх эрхийг түдгэлзүүлж, эзэмшигч нарыг тодруулахаар Шийдвэр гүйцэтгэх албаны мэдээлэл лавлагаа, дүн шинжилгээний хэлтэст хүргүүлж, ...эдгээр тээврийн хэрэгслүүдийг замын хөдөлгөөнд оролцож байгаа эсэх, оролцож байгаа бол чиглэлийн талаарх мэдээллийг ирүүлэх, журамлан саатуулахаар Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс, Замын хөдөлгөөний удирдлагын хэлтэст 2022.04.14-ний өдөр Тээврийн хэрэгсэл журамлан саатуулах тухай 2-165/7919, 2-165/7918 дугаартай албан тоотыг тус тус хүргүүлсэн ба эдгээр тээврийн хэрэгслүүдийн нэгд нэхэмжлэгч Бийн эзэмшлийн ...автомашин багтжээ.

Тус автомашин нь 2012.07.19-2012.11.06-ыг хүртэлх хугацаанд Гын эзэмшилд бүртгэлтэй байсан тул төлбөр төлөгч Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт шалгагдах явцад Эрүүгийн цагдаагийн албаны эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын мөрдөн байцаагчаас Гын нэр дээр бүртгэлтэй хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хянах, хязгаарлах саналд бичигдсэн, Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурор 2019.09.06-ны өдрийн 3076 дугаартай Хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хянах, хязгаарлах тухай Прокурорын зөвшөөрлөөр Автотээврийн үндэсний төв болон Улсын бүртгэлийн Ерөнхий газрын эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт нэр бүхий хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийн шилжилт хөдөлгөөнд хязгаарлалт тавих тухай прокурорын зөвшөөрөл олгосон байна.

 Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019.12.02-ны өдрийн 2019/ШЦТ/918 дугаартай шийтгэх тогтоолоор “......тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласныг хүчингүй болгож, эд хөрөнгийг хохиролд тооцуулахаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж...” шийдвэрлэснийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.05.12-ны өдрийн  2020/ДШМ/586 дугаартай магадлалаар “...... тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг хянах, хязгаарлах мөрдөгчийн саналд зөвшөөрөл олгосон прокурорын зөвшөөрөл хүчинтэй байгааг дурдаж...” шийдвэрлэсэн нь Улсын дээд шүүхийн эрүүгийн хэргийн хяналтын шатны шүүх хуралдааны 2020.10.09-ний өдрийн 563 дугаар тогтоолоор хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үйл баримт тогтоогджээ.

9. Анхан шатны шүүх: “...маргаж буй тээврийн хэрэгсэл 2012 онд иргэн Гын өмчлөлд байж, 2012.11.06-ны өдөр иргэн Бу-д шилжсэн, улмаар уг тээврийн хэрэгслийн  өмчлөл 5 хүнд 5 удаа шилжиж, эцэст нь иргэн Д.Б-с 2019.02.25-ны өдөр нэхэмжлэгчийн өмчлөлд шилжсэн нь тээврийн хэрэгслийн түүхчилсэн лавлагаагаар тогтоогдож байна. Ийнхүү тус тээврийн хэрэгсэл иргэн Гыг 2018 онд гэмт хэрэг үйлдэхээс өмнө 2012 онд түүний өмчлөлөөс гарч бусдад шилжсэн, одоо иргэн Бийн өмчлөл, эзэмшилд байгаа нь тогтоогдож байх тул  Н уг тээврийн хэрэгслийг Гын төлбөрт тооцох ажиллагаа явуулж байгаа нь үндэслэлгүй, ...гэж дүгнэн, ... тээврийн хэрэгслийн өмчлөгчөөр Бийг тогтоож, уг тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөн хийх эрхийг түдгэлзүүлэх тухай Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчээс холбогдох албан тушаалтанд явуулсан 2021.07.07-ны өдрийн 4-186/12510 дугаар албан бичиг, тээврийн хэрэгслийг журамлан саатуулах тухай Нын дэд даргаас Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст болон Замын хөдөлгөөний удирдлагын хэлтэст явуулсан 2022.04.14-ний өдрийн 2-165/7919, 2-165/7918 дугаар албан бичгүүдийг хүчингүй болгож...” шийдвэрлэсэн бол,

Давж заалдах шатны шүүх: “...уг тээврийн хэрэгслийн өмчлөгч Б болох нь Автотээврийн үндэсний төвийн лавлагаа, тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр тогтоогдсон тул шүүх тээврийн хэрэгслийн өмчлөгч Б мөн болохыг дахин тогтоохгүй, ...гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн хохирол учирсан гэж үзвэл иргэний журмаар нэхэмжлэлээ гаргах эрхтэй бөгөөд уг иргэний нэхэмжлэл, гэм хорын хохирлын асуудлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар авч хэлэлцэх болохоос эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хийгдсэн ажиллагаа, түүний үндсэн дээр гаргасан шүүхийн шийтгэх тогтоол, улмаар эрүүгийн хэргийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаатай холбоотой асуудлыг шийдвэрлэх эрх хэмжээ иргэний хэргийн шүүхэд хуулиар олгогдоогүй, ...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхтэй холбогдож гарсан асуудлыг уг тогтоол гаргасан шүүх тухайн асуудлыг мэдэгдсэнээс хойш 15 хоногийн дотор шийдвэрлэнэ, Ялтан түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд оролцох хүсэлт гаргавал оролцуулна” гэж заасан байгааг, уг зохицуулалтыг хэрэгжүүлэх боломжтой байгааг анхан шатны шүүх анхаарсангүй, ...гэсэн дүгнэлт хийж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

10. Дээр дурдсанчлан хоёр шатны шүүх үйл баримтад өөр өөр дүгнэлт хийснээс шүүхийн шийдвэр зөрүүтэй гарсан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн гэх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцлээ.

11. Нэхэмжлэгч Б нь өөрийн өмчлөлийн тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөн хийх эрхийг хязгаарласан  шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулахаар шаардлага гаргасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх заалтыг зөрчөөгүй байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д Шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх үндэслэл нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, хуульд заасан тохиолдолд бусад байгууллага, албан тушаалтны шүүхээр баталгаажуулсан шийдвэр байна гэж зохицуулсан.

12. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019.12.02-ны өдрийн 2019/ШЦТ/918 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.05.12-ны өдрийн 2020/ДШМ/586 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн  хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2020.10.09-ны өдрийн 563 дугаар тогтоолоор “...шүүгдэгч Гоос 355,619,495 төгрөгийг гаргуулан Л компанид, ...100,000 төгрөгийг гаргуулж Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнд, ...1,100,000 төгрөгийг гаргуулж “З” ХХК-д тус тус олгуулахаар...” шийдвэрлэсэн бөгөөд ...шүүгдэгчийн эд хөрөнгүүдийн шилжилт хөдөлгөөнийг хянах, хязгаарлах мөрдөгчийн саналд зөвшөөрөл олгосон прокурорын зөвшөөрөл хүчинтэй байгааг дурджээ.

Түүнчлэн Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2020.10.09-ний өдрийн 563 дугаартай тогтоолд “...Прокурорын зөвшөөрлөөр мөрдөгчийн битүүмжилсэн шүүгдэгч нарын зарим эд хөрөнгө хууль ёсны гэрээ хэлцлийн дагуу бусдад шилжиж хариу төлбөрийг шүүгдэгч нарт шилжүүлсэн, ...асуудлууд байгааг харгалзан шууд хураан төлбөрт тооцуулах бус шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар шийдвэрлэж, шүүгдэгч нарын бодит эзэмшил, өмчлөлд буй хэсгийг гаргуулах зорилгоор давж заалдах шатны шүүхээс шийтгэх тогтоолд оруулсан өөрчлөлт үндэслэл бүхий байна. ...Хохирлын нөхөн төлбөрийг гаргуулж буй шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар ашиг сонирхол нь хөндөгдөж буй бие даасан шаардлага гаргах эрхтэй гуравдагч этгээд болон шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэсэн иргэний нэхэмжлэлийн талаарх шүүхийн шийдвэрийг үндэслэн явуулж байгаа гүйцэтгэх ажиллагааны талаарх гомдлоо хэргийг эцэслэн шийдвэрлэсэн шүүхэд, эсхүл гүйцэтгэх хуудас олгосон шүүхэд бусад үндэслэлийн талаарх гомдлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нийтлэг журмын дагуу гаргаж оролцоно...” гэж тухайлан дүгнэжээ.

Тогтоолын дээрх дүгнэлтээс үзэхэд шилжилт хөдөлгөөнийг хянах, хязгаарлахаар Прокурорын зөвшөөрөлд заасан эд хөрөнгөөс шүүгдэгчийн төлбөрийг шууд хариуцуулах боломжгүй тул төлбөрийг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэсэн агуулгатай байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн Долдугаар бүлэгт төлбөр төлөгч иргэнээс төлбөр гаргуулах журмыг тогтоосон бөгөөд хуулийн дээрх бүлэгт багтсан зүйл, заалтыг зөрчсөн шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой маргаан Иргэний журмаар хянан шийдвэрлэх хэргийн харъяалалд хамаарна.

 Энэ талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1-д төлбөр гаргуулахаар хураагдсан хөрөнгийн өмчлөх эрхтэй холбогдсон маргаан үүссэн тохиолдолд холбогдох хүн, хуулийн этгээд ...нэхэмжлэлээ шүүхэд гаргаж болно гэж, 122.5-д бие даасан шаардлага гаргах эрхтэй гуравдагч этгээд ...энэ хуулийн 6.2.1, 6.2.2-д заасан шийдвэрийг үндэслэн явуулж байгаа иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаарх гомдлоо иргэний хэргийг эцэслэсэн шийдвэрлэсэн шүүхэд ...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нийтлэг журмын дагуу гаргана гэж, 6 дугаар зүйлийн 6.2.1-д иргэний хэргийн болон эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэсэн иргэний нэхэмжлэлийн талаарх шүүхийн шийдвэрийг үндэслэн иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулна  тус тус зохицуулсан.

Нэхэмжлэгч Б нь өөрийн эд хөрөнгийн өмчлөх эрхтэй холбогдсон шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд холбогдуулан иргэний журмаар нэхэмжлэл гаргасан нь хуулийн дээрх зохицуулалтад нийцэж байх тул эрүүгийн хэргийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаатай холбоотой асуудлыг шийдвэрлэх эрх хэмжээ иргэний хэргийн шүүхэд хуулиар олгогдоогүй гэсэн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзнэ, энэ үндэслэлээр магадлалыг эс зөвшөөрсөн нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангана.

13. Хэрэгт цугларсан баримтаар маргааны зүйл болох ...тээврийн хэрэгслийг төлбөр төлөгч Г бодитоор эзэмшдэггүй, шийтгэх тогтоолд тухайн эд хөрөнгөөр төлбөр барагдуулахаар заагдаагүй байх бөгөөд шийдвэр гүйцэтгэх байгууллага Гын төлбөрийг барагдуулахаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа анхан болон давж заалдах, хяналтын шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал, тогтоолд заасан \хянавал хэсгийн 12-т тусгагдсан\ үндэслэлийг анхаараагүй байна.

14. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан, үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь зөв боловч шийдвэрийн тогтоох хэсэг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-т нийцээгүй байх тул алдааг залруулж, шийдвэрт өөрчлөлт оруулна.

14.1. Маргааны зүйл болсон ... тээврийн хэрэгсэл нь нэхэмжлэгчийн өмчлөлд бүртгэлтэй болох нь Автотээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгслийн лавлагаа, тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр тогтоогдсон, өмчлөх эрхийн талаар маргаангүй тул Бийг тус тээврийн хэрэгслийн өмчлөгчөөр дахин тогтоох шаардлагагүй, харин нэхэмжлэлд дурдсан тээврийн хэрэгслийн өмчлөгчөөр тогтоолгох шаардлагын агуулга нь эрх хязгаарласан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгох шаардлагын үндэслэл гэж үзэхээр байна.

14.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-т зааснаар анхан шатны шүүхээс хэргийг хянан шийдвэрлээд нэхэмжлэлийн шаардлагыг хангах, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох, эсхүл нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох шийдвэрийн аль нэгийг гаргана.

Нэхэмжлэгч Б нь Нт холбогдуулан эрх хязгаарласан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгох агуулгатай шаардлага гаргасан байхад анхан шатны шүүх үйл ажиллагааг бус Нийслэлийн шүүхийн шийдвэрлэсэн нь нэхэмжлэлийн шаардлага, хуулийн дээрх зохицуулалтад нийцээгүй, түүнчлэн дээрх албан бичгүүд нь дан ганц маргаж буй хөрөнгөтэй холбоотой бус нэр бүхий 13 ширхэг тээврийн хэрэгсэлд хамаарч байгаа болохыг анхаараагүй байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх маргааны зүйл болсон тээврийн хэрэгслийн маркийн дугаар ... байхад ... гэж ташаа бичсэнийг тэмдэглэх нь зүйтэй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт найруулгын өөрчлөлт оруулж алдааг залруулна.

Дээр дурдснаар хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангаж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 210/МА2023/00298 дугаар магадлалыг хүчингүй болгож, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 182/ШШ2022/03402 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1, 122.5-д зааснаар н-с 2021.07.07-ны өдрийн 4-186/12510 тоот, 2022.04.14-ний өдрийн 2-165/7919, 2-165/7918 тоотуудад заасан Бийн өмчлөлийн ...автомашины шилжилт хөдөлгөөн хийх эрхийг түдгэлзүүлэх, тээврийн хэрэгслийг журамлан саатуулахаар авсан арга хэмжээг тус тус хүчингүй болгосугай.” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.он гомдлыг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч Баас 2023.03.27-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Д.ЦОЛМОН

                                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                     Г.АЛТАНЧИМЭГ

                                        ШҮҮГЧИД                                         Н.БАЯРМАА

                                                                                                 С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                                   Х.ЭРДЭНЭСУВД