Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 102/ШШ2021/00930

 

 

 

 

 

2021 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 102/ШШ2021/00930

Улаанбаатар хот

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *******, 2 дугаар хороо, 5 дугаар хороолол,*******,************** оршин байх, Бизнес инвест девелопмент ББСБ ХХК /РД: 5013348/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот,*******, 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол,, хаягт оршин суух, Бэсүд овогт Амарзаяагийн Пүрэвбат /РД: УХ88090114/холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 3,171,237.59 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Жамъяндорж, хариуцагч А.Пүрэвбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Оюунтулга нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч*******-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Жамъяндоржийн шүүх хуралдаанд шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Зээлдэгч А.Пүрэвбат нь 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр №ЗГ080000800797 тоот зээлийн гэрээ, барьцааны гэрээ байгуулж, 93-13 УБУ улсын дугаартай, Тоёота приус загварын тээврийн хэрэгслийг барьцаалж, тус байгууллагаас 36 сарын хугацаатай 10,850,000 төгрөгийг сарын 3.79 хувийн хүүтэйгээр зээлж авсан. Зээлдэгч А.Пүрэвбаттай байгуулсан зээлийн гэрээний хугацаа дуусгавар болох болоогүй ч зээлдэгч нь зээлийн гэрээний 3.1.2, 3.1.4 дэх заалтын дагуу гэрээгээр хүлээсэн үүргээ өнөөдрийг хүртэл хугацаанд зохих ёсоор биелүүлээгүй учир барьцааны зүйл буюу автомашиныг 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хураан авсан. Зээлийн гэрээний үүргийг биелүүлэхийг удаа дараа хариуцагч А.Пүрэвбатад мэдэгдсэн боловч биелүүлээгүй. Барьцааны гэрээний 5 дугаар зүйлд зааснаар барьцаа хөрөнгийг худалдан борлуулах ажиллагааг хийхийн тулд бид тухайн машины эвдрэлийг засуулсан, мөн торгуулийг төлсөн, гэвч бид энэ зардлаа нэхэмжлээгүй. Хариуцагч нь машиныг хураасан даруйдаа зарахгүй яагаад хугацаа алдсан юм гэж байна. Бид машиныг худалдаж гэрээний үүргийг хангуулахын тулд эхлээд эвдрэлийг нь засуулсан, торгуулийг нь төлсөн, мөн мэргэжлийн байгууллагаар үнэлүүлсэн, Шуурхай зар сонинд зар тавьсан, Хас үнэлгээ ХХК тухайн тээврийн хэрэгслийг 10,500,000 төгрөгөөр үнэлүүлсэн. Ингээд 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Б.Ууганбаатар гэх иргэнд тухайн тээврийн хэрэгслийг 10,500,000 төгрөгөөр худалдсан. Гэвч худалдсан дүн нь зээлийн гэрээний үүргийг хааж хүрэхгүй байгаа тул тус байгууллага нь зээлийн гэрээний үлдэгдэл дүнг нэхэмжлэх үндэслэл болж байна.

 

Иймд зээлдэгч А.Пүрэвбатаас зээл болон барьцааны гэрээний дагуу үндсэн зээл 2,832,058.89 төгрөг, зээлийн хүүнд 282,648.92 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 56,529.78 төгрөг, нийт 3,171,237.59 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч А.Пүрэвбатын шүүхэд гаргасан хариу тайлбарт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Миний бие А.Пүрэвбат нь нэхэмжлэгч*******-тай 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр №ЗГ080000800797 тоот зээлийн гэрээ, барьцааны гэрээ байгуулж, зээлийн барьцаанд 93-13 УБУ улсын дугаартай, Тоёота приус 30 загварын тээврийн хэрэгслийг барьцаалж, тус байгууллагаас 36 сарын хугацаатай 10,850,000 төгрөгийг сарын 3.79 хувийн хүүтэйгээр зээлсэн. Энэ зээлээр би 93-13 УБУ улсын дугаартай, 2010 онд үйлдвэрлэгдсэн, Приус-30 загварын тээврийн хэрэгслийг Ц.Сүхболд гэх иргэнээс 15,500,000 төгрөгөөр худалдан авсан. Ингэхдээ урьдчилгаа 4,500,000 төгрөг би өөрөө төлсөн. Гэвч тухайн тээврийн хэрэгслийг миний бие ашиглаагүй ба хамтран амьдарч байсан Э.Бүдханд унаж ашигласан, би тухайн тээврийн хэрэгслийг тус банк бус санхүүгийн байгууллагыг хурааж аваач гэдэг хүсэлтийг удаа дараа гаргасан. Ингээд Э.Бүдханд машиныг унаж явж байхад нь тус байгууллагын ажилтан М.Жамъяндорж 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдөр хураан авсан байсан. Гэтэл үүнээс хойш 4-н сарын дараа буюу 2020 оны 09 дүгээр сард тээврийн хэрэгслийг худалдан борлуулж, энэ хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүгээ суутгаж аваад үлдэгдэл төлбөрөө нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. Машин хурааж авснаас хойш зээлийн гэрээ цуцлагдана гэсэн зүйл заалт байгаа.Тухайн авто машиныг худалдан борлуулах хүртэл хугацаанд үндсэн төлбөр нэмэгдүүлсэн хүүг тооцсон байгаа үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би хөдөө ажилладаг болохоор хотод байх нь цөөхөн*******-ний ажилчид надтай утсаар холбогдоод явах боломжтой байсан боловч миний утсаны дугаарыг буруу бичиж авсан өөрсдийнх нь хариуцлагагүй үйлдлээс болж надтай холбогдож чадаагүй. Хэрвээ надтай холбогдоод явсан бол тухайн үед нь арга хэмжээ аваад явах байсан. Бичгээр гэрийн хаягт албан бичиг явуулдаг байсныг иргэн А.Пүрэвбатад мэдэгдэл өгсөн гэж тайлбарладаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв. 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Бизнес инвест девелопмент ББСБ ХХК нь хариуцагч А.Пүрэвбатад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 3,171,237.59 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч А.Пүрэвбат нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэх тайлбарыг гаргаж байх бөгөөд татгалзлын үндэслэлээ ... Барьцааны машиныг хураахыг би тус байгууллагад удаа дараа мэдэгдсэн, 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдөр тээврийн хэрэгслийг хурааж авсан атлаа 4-н сарын дараа буюу 2020 оны 09 дүгээр сард бусдад худалдсан, энэ хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү нэхэмжлэх ёсгүй. Барьцааны машиныг хурааснаар гэрээ цуцлагдсан. Би хөдөө ажилладаг ба миний утасны дугаарыг тус байгууллагын ажилчид буруу тэмдэглэж авсан байна лээ. Тухайн тээврийн хэрэгслийг би гэрээ байгуулж зээл авч авсан боловч миний хамтран амьдрагч машиныг унаж ашиглаж байсан гэж тайлбарлан маргаж байна.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Нэхэмжлэгч******* нь хариуцагч А.Пүрэвбаттай 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр №ЗГ080000800797 тоот зээлийн гэрээ байгуулж 36 сарын хугацаатай 10,850,000 төгрөгийг сарын 3.79 хувийн хүүтэйгээр зээлдүүлсэн, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр №ЗГ080000800797 тоот барьцааны гэрээ байгуулж 93-13 УБУ улсын дугаартай, Тоёота приус загварын тээврийн хэрэгслийг барьцаалжээ. Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, гэрээний агуулгыг талууд өөрсдөө тодорхойлж, чөлөөтэй байгуулсан, хүчин төгөлдөр гэрээ, гэрээ хуульд заасан хэлбэр, шаардлагыг хангасан, нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.

 

Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1-д Зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй буюу хүүгүй байж болно., талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 2.1.3-д зээлийн хүүгийн хэмжээ нэг сарын 3.79 хувь гэж заасан тул хариуцагч хүү төлөх үүрэгтэй. Мөн Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-д Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно. Банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгох зээлд анз хэрэглэхгүй., талуудын байгуулсан зээлийн гэрээний 2.5-д Зээлийн хүү, үндсэн зээлийг хуваарийн дагуу төлөөгүй хугацаа хэтрүүлсэн тохиолдолд гэрээний үндсэн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүү нэмж төлнө гэж заасны дагуу нэхэмжлэгч******* нь нэмэгдүүлсэн хүүг нэхэмжлэх эрхтэй, хариуцагч гэрээний үүргийг тогтоосон хугацаанд, зохих ёсоор, шударгаар гүйцэтгээгүй тул үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй байна.

 

Гэрээний хугацаа 2023 оны 02 дугаар сарын 19-ний өдөр дуусгавар болохоор байх боловч нэхэмжлэгч нь хариуцагчийг гэрээний үүргээ ноцтой зөрчсөн буюу зээлийн гэрээний 7.1-д Энэхүү зээлийн гэрээг зөвхөн зээлдүүлэгчийн саналаар дараахь үндэслэлээр хугацаанаас өмнө цуцлана., 7.1.1-д Зээлдэгч нь зээлийн хүү болон хэсэгчлэн төлөх үндсэн зээлийн төлөх хугацааг удаа дараа хэтрүүлсэн. гэж зааснаар гэрээг цуцалж, 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан, хариуцагч 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр 490,000 төгрөг төлснөөс хойш үүргээ гүйцэтгээгүй гэх нэхэмжлэгчийн тайлбарыг үгүйсгээгүй, тухайн өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл хугацааны үндсэн зээлд 2,832,058.89 төгрөг, хүүнд 282,648.92 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 56,529.78 төгрөг, нийт 3,171,237.59 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэл муутай болжээ. Учир нь, хариуцагч******* нь барьцааны зүйл болох 93-13 УБУ улсын дугаартай, Тоёота приус 30 загварын тээврийн хэрэгслийг 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдөр акт үйлдэн зээлдэгч А.Пүрэвбатыг байлцуулан хураан авсан, мөн нэхэмжлэгчийн 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 05/14 тоот мэдэгдлээр хариуцагчид зээлийн төлбөрөө төлөхийг мэдэгдсэн, хариуцагч 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдөр зээлийн гэрээ цуцлах хүсэлтийг гаргасан, барьцаа хөрөнгийг Хас үнэлгээ ХХК-иар 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 10,500,000 төгрөгөөр үнэлүүлсэн, нэхэмжлэгч******* нь тухайн тээврийн хэрэгслийг 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр худалдах-худалдан авах гэрээний дагуу Б.Ууганбаатарт 10,500,000 төгрөгөөр худалдсан үйл баримт хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогджээ. Нэхэмжлэгч*******-ийн 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 05/14 тоот мэдэгдлийн хугацаа 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдөр дууссан тул зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээний 7.1-д Энэхүү зээлийн гэрээг зөвхөн зээлдүүлэгчийн саналаар дараахь үндэслэлээр хугацаанаас өмнө цуцлана., 7.1.10-т Мэдэгдэлд заасан хугацаа дууссан гэж зааснаар 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдөр гэрээ цуцлагдсан гэж үзэхээр байна. Хариуцагч А.Пүрэвбат нь 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр гэрээний үүрэгт төлсөн 490,000 төгрөгөөс 56,108,5 төгрөгийг үндсэн зээлээс, 433,891.5 төгрөгийг зээлийн хүүнд тооцож суутгаснаар үндсэн зээлийн үлдэгдэл 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн байдлаар 10,793,891.5 төгрөг болжээ. 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрөөс гэрээ цуцлагдсан 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацааны зээлийн хүү /10,793,891.5 төгрөг, 3.79 хувь, 53 хоног/-гийн төлбөр 723,520 төгрөг, харин нэмэгдүүлсэн хүү /723,520 төгрөг, 20 хувь/ 144,704 төгрөг болж байх бөгөөд хариуцагч А.Пүрэвбат нь үндсэн зээлийн төлбөрт 10,793,891.5 төгрөг, хүү 723,520 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 144,704 төгрөг, нийт 11,662,115.5 төгрөгийн үүрэг гүйцэтгэх ёстой бөгөөд барьцаа хөрөнгийг нэхэмжлэгч 10,500,000 төгрөгөөр худалдан борлуулсан үнийг хасч тооцоход /11,662,115.5-10,500,000/ 1,162,111.5 төгрөгийг хариуцагч нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй байна.

 

Иймд хариуцагч А.Пүрэвбатаас дээрх үндэслэлээр 1,162,111.5 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч*******-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,009,126.09 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2-д заасныг баримтлан хариуцагч А.Пүрэвбатаас зээлийн гэрээний үүрэгт 1,162,111.5 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч*******-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,009,126.09 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 70,809.8 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 32,441 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХТӨР