Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 2024/ШЦТ/420

 

 

 

 

 

 

 

 

    2024         04           18                                    2024/ШЦТ/420

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Аюушжав даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Амуундарь,

улсын яллагч Я.Болортуяа,

хохирогч Ц.Г,

шүүгдэгч Г.Б, түүний өмгөөлөгч М.Батмөнх нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ........ овогт Г.Б-д холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1975 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, төмөр замын техникч мэргэжилтэй, “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Улаанбаатар өртөөнд ивүүрчнээр ажилладаг, ам бүл 2, эхнэрийн хамт, Чингэлтэй дүүргийн ......... тоотод оршин суух, урьд

Багануур дүүргийн шүүхийн 2007 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн ** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 10 хоног хорих ял шийтгэж, уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн ** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 350 цаг албадан ажил хийлгэх ял шийтгүүлсэн,

 

.......... овогт Г.Б /РД: ******/.

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

 

Шүүгдэгч Г.Б нь үргэлжилсэн үйлдлээр 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ....... тоот хашаанд байхдаа тус хашаанд оршин суух Д.Т, Ш.Ч нартай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, хохирогч Д.Т, Ш.Ч нарыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ........ тоот хашаанд байхдаа хашааны хаалга нүдсэн гэх шалтгаанаар хохирогч Ц.Г-ыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                  

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Г.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Г.Б миний бие эхнэр П-ийн хамт Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт айлын хашаа түрээсэлж амьдрахаар шийдэж, Т гэдэг хүнтэй гэрээ байгуулж, хашаа түрээсэлж амьдарч байсан. Хэсэг хугацааны дараа Т нь Ч гэдэг хүнийг манай найз залуу гэж хэлээд хамт амьдарч эхэлсэн. Хамт амьдарч байхдаа энэ хоёр хүн байнга архи уудаг, хоорондоо зодолдож, бид нартай янз бүрийн харилцаа гаргаж байсан. Би мэдээд урд хөрш Б, Н  гэдэг ах эгч хоёроос Т-гийн талаар асуухад наад хоёр хүн чинь энэ айлын эзэн биш, Т гэдэг хүний хашаа биш, энэ хүнийг хараагүй гэж хэлсэн. Эзэн нь өөр хүн байдаг гэдгийг сонсоод утсыг нь аваад ярьж хэлсэн. Намайг шөнийн ээлжид ажилтай байхад Ч гэдэг хүн энэ асуудлаас болж өсөрхөн манай эхнэрийг орж удаа дараа зодсон байсан. Тэгээд бид нар цагдаад өгсөн боловч даралт нь өндөр гэдэг шалтгаанаар явуулсан байсан. Би хорооны цагдаа, хэсгийн ахлагч нарт мэдэгдэж уг хүнд арга хэмжээ авхуулсан. Цагдаагаас 100,000 төгрөгөөр торгосон. Гэтэл тэрнээс болж байнга бид хоёрыг дарамталдаг болсон. Жинхэнэ эзэнд нь хэллээ, би прокурор байсан хүн, Ч нь хорих ангийн дарга хийж байгаад тэтгэвэрт гарсан хурандаа цолтой хүн гэж өөрөө надад ярьж, намайг байнга дарамталж байсан. Намайг ажилтай үед манай эхнэрийг зодсон. Би ажлаас ирэхэд тэр хоёр согтуу манай гэрт орж ирж маргалдаж, зодолдоод, цус гарангуут цагдаа дуудаад, цагдаа дээр асуудлыг шийдсэн. Уг асуудлын хувьд шүүх эмнэлгийн дүгнэлт гаргасан гэж байгаа. Тэр нь мохоо зүйлээр толгойг нь хагалсан гэсэн дүгнэлт гарсан. Чийн хиймэл шүд нь хугарсан гэсэн дүгнэлт гарсан байсан. Тэр хоёр бид хоёрыг байнга дарамталж эхэлсэн. Тэр асуудлаас үүдээд цагдаа гээд жил гаран болж байна” гэв.

Хохирогч Ц.Г шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Би Гачууртад Г гэдэг хүргэнийдээ очсон. Манай хүргэн манай хашаа эзэнгүй байгаа, ажилтайгаа ойрхон манай хашаанд бай гэж хэлсэн. Хотод орж ирээд утсаар ярьсан чинь байсан айл нь гараад явсан, түлхүүр нь хажууд нь байгаа гэж хэлсэн. Би хүн байгаа гэж мэдээгүй. Айл нь нүүсэн гэж бодсон. Би байшинд нь ороод 10 гаран хоносон. Би тэр шөнө Замын-үүдээс нэлээн оройтож ирээд, шөнө очиж хаалгыг нь цохисон. Гэтэл энэ хүн халамцуу гарч ирсэн. Тэр үед намайг зодоогүй. Дараа нь Дэнжийн-1000-д нэг айлд очоод буцаад яваад очсон чинь хаалгаа онгойлгоод шууд элэгдсэн. Тэгээд миний нүүр ам байхгүй. Тэгээд би түргэн дуудаад, эмнэлэгт хэвтсэн байгаа” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Хэргийн үйл баримтын талаар:

 

- Хохирогч Ш.Ч-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2023 оны 08 дугаар сарын 22-ны өглөө 08 цагийн үед эхнэр Т нь бие засах гээд гарч яваад гадаа орилоод хашхирахаар нь хувцсаа өмсөөд гарахад Т-гийн нүүр цус болчихсон Г заамдчихсан зогсож байхаар нь дундуур ороод салгаж байхад Г миний нүүр эрүү орчим руу нэг удаа цохих шиг болсон ба би тухай үед ухаан балартаад нэг мэдэхэд цагдаа ирчихсэн байна. Миний хиймэл шүд унаад хажуу талын ясан шүд рүү зоогдож орсон байсан. Тухайн гэмтлийг Г надад учруулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 дахь тал/,

 

- Хохирогч Д.Т-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би нөхөр Ш.Ч-ийн хамт унтаж байхад 2023 оны 08 дугаар сарын 18-наас 08 дугаар сарын 19-ний шилжих шөнө хажуу айлын залуу Г манай том өрөөнд орж ирсэн. Хувцасны шүүгээ ухаад зогсож байхаар нь загнаад хөөгөөд гаргасан. 2023 оны 08 дугаар сарын 22-ны өглөө бие засах гээд гарах гээд байшингийн довжоон дээр Г эхнэртэйгээ хамт зогсож байгаад намайг Г нэг юмаар толгой руу цохисон. Хаалгаа хаах гээд чадахгүй, толгойноос цус гарч би ухаан балартсан. Нэг мэдэхэд Г намайг гэртээ оруулсан миний хөхөн дээр 2 хөлөөрөө өвдөглөөд суучихсан, багалзуурдчихсан сууж байхад Г-ын эхнэр миний хоолойноос холдуулаад байж байхад гаднаас нөхөр Ч орж ирээд салгасан. Миний биед учирсан бүх гэмтлийг Г учруулсан. Би 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ Б гэдгийг нь андуураад Г гэж ярьж мэдүүлсэн байна. Намайг Б гэдэг хүн буюу Т.П-ийн нөхөр зодсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17, 20 дахь тал/,

 

- Хохирогч Ц.Г-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 20 цагийн орчим Баянзүрх дүүргийн 17-р хороонд байх гэр лүүгээ орох гэтэл манай хашааны хаалга түгжээтэй байсан. Манай хашаанд Б гэх залуу гэр бүлийн хамт амьдардаг юм. Би хашааны хаалгаа нүдээд хаалгаа Бар онгойлгуултал элэгдэж унагаагаад “чи намайг амраасангүй” гэх шалтгаанаар намайг учир зүггүй зодож эхэлсэн. Дараа нь миний хамар, амнаас цус гараад нүүр ам хавдаад байсан учир цагдаагийн байгууллагад хандсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 96-97 дахь тал/,

 

- Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн ***** дугаартай шинжээчийн: “1.Ш.Ч-ийн биед баруун дээд 3-р шүдний хугарал, зүүн сарвууны зөөлөн эдийн няцрал, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 4.Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт /хх-ийн 35-36 дахь тал/,

 

- Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн ***** дугаартай шинжээчийн: “1.Д.Т-гийн биед баруун зулайн хуйханд няцарсан шарх, хоёр хөхөнд цус хуралт, хүзүү, цээжинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 3-аас доошгүй удаагийн үйлчлэлээр, тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт /хх-ийн 38-39 дэх тал/,

 

- Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн ***** дугаартай шинжээчийн: “1.Ц.Г-ын биед хамрын нуруунд шарх, хоёр нүдний дээд, доод зовхи, хоншоор, хамрын нуруу, цээжинд цус хуралт, зүүн хөмсөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. 5.Учирсан гэмтэл нь шинэ гэмтэл байна” гэх дүгнэлт /хх-ийн 114-115 дахь тал/,

 

- 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 77-82 дахь тал/,

 

- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 140 дэх тал/,

- Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн ** дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 142-151 дэх тал/ зэрэг болно.

 

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаарх эрх зүйн дүгнэлт:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

 

Шүүгдэгч Г.Б нь үргэлжилсэн үйлдлээр 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ...... тоот хашаанд байхдаа тус хашаанд оршин суух Д.Т, Ш.Ч нартай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, хохирогч Д.Т, Ш.Ч нарыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Эрдэнэтолгойн ........... тоот хашаанд байхдаа хашааны хаалга нүдсэн гэх шалтгаанаар хохирогч Ц.Г-ыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

 

Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн ***** дугаартай шинжээчийн: “1.Ш.Ч-ийн биед баруун дээд 3-р шүдний хугарал, зүүн сарвууны зөөлөн эдийн няцрал, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 4.Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт,

Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн ***** дугаартай шинжээчийн: “1.Д.Т-гийн биед баруун зулайн хуйханд няцарсан шарх, хоёр хөхөнд цус хуралт, хүзүү, цээжинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 3-аас доошгүй удаагийн үйлчлэлээр, тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт,

Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн ***** дугаартай шинжээчийн: “1.Ц.Г-ын биед хамрын нуруунд шарх, хоёр нүдний дээд, доод зовхи, хоншоор, хамрын нуруу, цээжинд цус хуралт, зүүн хөмсөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. 5.Учирсан гэмтэл нь шинэ гэмтэл байна” гэх дүгнэлт, шүүгдэгч, хохирогч нарын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлж буй мэдүүлгүүд зэргээр нотлогдож байна.

Улсын яллагч гэм буруутай эсэх дүгнэлтдээ: Өнөөдрийн шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс улсын яллагчаар оролцож байна. Шүүгдэгч Г.Б нь үргэлжилсэн үйлдлээр 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ...... тоот хашаанд байхдаа тус хашаанд оршин суух Д.Т, Ш.Ч нартай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, хохирогч Д.Т, Ш.Ч нарыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Эрдэнэтолгойн 34 дүгээр гудамжны ..... тоот хашаанд байхдаа хашааны хаалга нүдсэн гэх шалтгаанаар хохирогч Ц.Г-ыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Шүүгдэгч Г.Б нь өөрийн үйлдлийг хууль бус болохыг мэдсээр байж бусдын эрүүл мэндэд үргэлжилсэн үйлдлээр гэмтэл учруулсан гэж харж байна. Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь шүүгдэгч болон хохирогч Т нар хашаа түрээслүүлэх түрээсийн гэрээ байгуулж тухайн хашаанд шүүгдэгч Г.Б амьдарч байсан. Хэсэг хугацааны дараа буюу гэрээ байгуулснаас 2 сарын дараа хохирогч, шүүгдэгч нар хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдсан. Үргэлжилсэн үйлдлээр тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг аваад үзвэл шүүгдэгч Г.Б тухайн хашааны хууль ёсны өмчлөгч биш байсан. Нэг хашаанд 2 айл тус тусдаа амьдарч байсан. 10 дугаар сарын 26-ны өдөр хохирогч Ц.Г эзнээс нь зөвшөөрөл авч тухайн хашаанд түр оршин сууж байсан. Энэ хугацаанд тухайн гэмт хэрэг үйлдэгдсэн. Шүүгдэгч Г.Б-ын гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан нь хохирогч нарын зүй бус үйлдлээс болж гэмт хэрэг үйлдэгдсэн, хашаанд удаа дараа архи ууж, агсам тавьдаг гэх боловч энэ нь нотлох баримтуудаар хангалттай нотлогдоогүй. Мөн хохирогч Ш.Ч хутга барьж дайрсан гэх боловч уг бичлэгт хэн хутга барьсан нь тодорхойгүй мэдэгдэхгүй, цагаатгах нотлох баримт хангалттай тогтоогдоогүй байна гэж улсын яллагчийн зүгээс үзэж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Ш.Ч, Д.Т нарын мэдүүлгээр оршин суух гэрт нь хууль бусаар орж шүүгээ савыг ухсан асуудлаас болж түрээсийн гэрээг цуцлах хэмжээний маргаан болж, үүнтэй холбоотой хувийн таарамжгүй харилцаа үүсч биед нь хөнгөн хохирол учруулсан гэж үзэж байна. Хохирогч Ц.Г-ын мэдүүлгээр 20 цагийн үед тухайн газарт оршин сууж байгаад хаалга цоожтой гэх үндэслэлээр хаалгыг онгойлгуулахаар хаалгыг нүдсэн. Шүүгдэгч Г.Б хаалгыг онгойлгож өгсний дараа хохирогчид асуудлаа тайлбарлаж ойлгуулахгүйгээр шууд уурлаж биед нь халдаж гэмтэл учруулж байгаа нь шүүгдэгчийн субьектив санаа зорилго нь өөрийн түргэн зан ааштай холбоотой гэж үзэж байна. Шүүгдэгч Г.Б хохирогч нарыг буруутгаж байгаа нь гэм буруугаа сайн дураараа хүлээж байна гэж үзэхгүй байна. Дээрх нөхцөл байдлуудаас үзэхэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналыг шүүхэд гаргаж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож өгнө үү. Хохирогч Д.Т, Ш.Ч нар нь хохиролтой холбоотой баримтаа гаргаж өгөөгүй байх тул иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх саналтай байна. Хохирогч Ц.Г-ын баримтаар нэхэмжилсэн 795,176 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй байна” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Батмөнх гэм буруутай эсэх дүгнэлтдээ: “Миний үйлчлүүлэгч Г.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээр маргаагүй. Гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа. Энэ хэрэг хохирогч нарын буруутай үйлдлээс болсон гэж үзэж байна. Миний үйлчлүүлэгч эрхэлсэн тодорхой ажилтай, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа зэрэг байдлуудыг харгалзан торгох ял оногдуулж өгнө үү” гэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн 2 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол” гэж хуульчилсан байдаг.

 

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.

 

Шүүгдэгч Г.Б нь хохирогч Д.Т, Ш.Ч, Ц.Г нарын эрүүл мэндэд халдаж зодсон байдал нь хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

Шүүгдэгч Г.Б нь хохирогч Д.Т, Ш.Ч, Ц.Г нарын эрүүл мэндэд халдсан гэмт үйлдлийн улмаас хохирогч нарын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай санаатай үйлдэл, хохирогч нарт учирсан хөнгөн хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

 

Иймд шүүгдэгч Г.Б-ын үйлдэл нь “Энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар 2 буюу түүнээс олон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Г.Б нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна. 

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасанд нийцүүлж,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

Мөн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

 

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “Шүүхээс шүүгдэгч Г.Б-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд түүний урьд 2 удаа ял шийтгэгдэж байсан. Мөн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж шийтгүүлж байсан, үргэлжилсэн үйлдлээр 3 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна гэж үзэж байна. Шүүгдэгч Г.Б-ын хувийн байдлыг авч үзвэл одоо ажиллаж байгаа газартаа өнөөдрийг хүртэл ажиллаж байгаа буюу тогтвортой ажилтай тул түүнд нийтэд тустай ажил хийлгэх ял болон зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь түүний эрх зүйн байдалд сөргөөр нөлөөлнө гэж үзээд шүүгдэгч Г.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,800,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч Г.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сидиг хэрэгт хадгалан үлдээх, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Батмөнх эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “Миний үйлчлүүлэгч өмнө нь хуучин Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлд заасан танхайрах зүйл ангиар ял авч байсан. Тэр нь 2017 онд болсон эрх зүйн шинэчлэлтээр хасагдсан. 2016 онд хуучин хуулийн 99 дүгээр зүйлд заасан хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулах хэрэг үйлдсэн байсан. Тэр хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Миний үйлчлүүлэгч эрхэлсэн тодорхой ажилтай. Одоо ажиллаж байгаа байгууллагадаа 1998 оноос хойш ажиллаж байгаа. Прокурорын торгох ялын саналтай санал нэг байна. Өмгөөлөгчийн зүгээс 1,000,000 төгрөгөөр торгож өгнө үү гэсэн саналтай байна” гэв.

 

Шүүх шүүгдэгч Г.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хуулийн зорилгод нийцүүлж гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, урьд энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж ял шийтгэгдсэн боловч засрал хүмүүжил олоогүй 3 хүний биед гэмтэл учруулсан байдал зэргийг тус тус харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Бусад асуудал: 

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 

505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус хуульчилжээ.

 

Иймд шүүгдэгч Г.Б-аас гэм хорын хохиролд баримтаар ирүүлсэн 795,176  төгрөг гаргуулан хохирогч Ц.Г-д олгож, хохирогч Д.Т, Ш.Ч нар хохирлын баримт ирүүлээгүйг дурьдаж, хохирогч нар энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хор, хор уршгийн хохирлоо цаашид баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргах, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Б нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

 

Шүүгдэгч Г.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1  дүгээр зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ...... овогт Г.Б-ыг “Энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу 2 буюу түүнээс олон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-ыг 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-д нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоож, уг ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.Б-с гэм хорын хохиролд 795,176 төгрөгийг гаргуулан хохирогч Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо ......... тоотод оршин суух, ...... овогт Ц.Г /РД:******/-д олгож, хохирогч нар нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хор, хор уршгийн хохирлоо цаашид баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг СиДиг хэрэгт хавсарган хадгалсугай.

 

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Б нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8.  Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            С.АЮУШЖАВ