| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чадраабалын Батчимэг |
| Хэргийн индекс | 102/2020/00900/И |
| Дугаар | 102/ШШ2021/00917 |
| Огноо | 2021-04-01 |
| Маргааны төрөл | Хэлцэлийг хүчин төгөлдөр бусд тооцох, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 04 сарын 01 өдөр
Дугаар 102/ШШ2021/00917
2021 оны 04 сарын 01 өдөр Дугаар 102/ШШ2021/00917 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Батчимэг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: СБД, 0 дүгээр хороо, Н-ийн гудамж, Ю Б м худалдааны төв, 000 тоотод оршин байрлах О к ХХК /РД:0000000/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: БГД, 0 дүгээр хороо, 0 хороолол, Г 0 байр, 00 тоотод оршин суух, Б овогтой С-ийн Э /РД: АА00000000/,
Хариуцагч: ЧД, 0 дүгээр хороо, Б т Ж-ны гудамж 00/0 тоотод оршин суух, Ш б овогтой Д-ын Н /РД:АА00000000/ нарт холбогдох,
Орон сууц худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, БЗД, 0 дугаар хороо, H a 0 А байрны 00 тоотод байрлах, улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаарт бүртгэгдсэн орон сууцны өмчлөх эрхийг нэхэмжлэгч О к ХХК-нд шилжүүлэн бүртгэл хийхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах, 50,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б-А, хариуцагч С.Э-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г, хариуцагч Д.Н-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.У, түүний өмгөөлөгч С.Эрдэнэбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэнпунцаг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: О к ХХК нь БЗД-ийн 0 дугаар хорооны нутаг дэвсгэрт H a үйлчилгээтэй, орон сууцны барилгыг 2016 оноос барьж эхэлсэн бөгөөд барилгын ажлыг явуулахдаа иргэн, аж ахуйн нэгж байгууллагаас хөрөнгө оруулалт татах, зээл авах, иргэдтэй Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ байгуулан урьдчилгаа төлбөрийг авах замаар төслийг хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтыг бий болгосон юм.
Ийнхүү хөрөнгө оруулалт төвлөрүүлэх ажлын хүрээнд хуучны танил С.Э-тай холбогдож, түүний танил бизнес эрхэлдэг түншүүдээс зээл авах, хөрөнгө оруулалт татах замаар барилгын санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэхээр санал тавьсан бөгөөд С.Э нь Би танай компанид тусалъя, надад зээл өгдөг хүн бий, гэхдээ тэр хүн үл хөдлөх эд хөрөнгө барьцаанд авдаг" гэсэн тул С.Э-р дамжуулан түүний танил иргэнээс зээл авах зорилгоор С.Э-тай 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 01/340 тоот Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ-г байгуулж, H a орон сууцны барилгын А блокын 00 дугаар давхрын 00 тоот хаяг бүхий 00.0 м.кв талбайтай орон сууцыг бусдад барьцаалах эрхийг олгосон.
Ингээд иргэн С.Э нь өөрийн танил гэх Д.Н-тай 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Зээлийн гэрээ-г амаар байгуулсан гээд Д.Н-аас зээлсэн гэх 100,000,000 төгрөгийг манай компанийн Хаан банкин дахь 0000000000 тоот дансанд шилжүүлсэн тул мөн өдөр уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд дээрх орон сууцыг барьцаалахдаа Д.Н-ын хүсэлтээр Барьцааны гэрээ байгуулалгүй С.Э-тай байгуулсан Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ-г түүний нэр дээр шилжүүлсэн юм.
Бид Д.Н-ын С.Э-р дамжуулан зээлсэн 100,000,000 төгрөгийг С.Э-д 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдөр 20,000,000 төгрөгийг бэлнээр, 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдөр 80,000,000 төгрөгийг Худалдаа хөгжлийн банкин дахь С.Э-гийн 00000000 тоот дансанд шилжүүлэх замаар төлж дуусгасан болно.
Ийнхүү зээлийн төлбөр төлөх үүргээ бүрэн биелүүлсэн тул Д.Н-тай байгуулсан Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ-г хүчингүй болгож барьцаанд тавьсан орон сууцыг чөлөөлөхөөр Д.Н-т шаардлага тавихад С.Э нь манай компанийн өмчлөлийн орон сууцыг барьцаалж Д.Н-аас 100,000,000 төгрөг бус 150,000,000 төгрөгийн зээл авсан болохыг олж мэдсэн бөгөөд С.Э-аас өөрийн зээлсэн 50,000,000 төгрөгийг нэн даруй төлж орон сууцыг барьцаанаас чөлөөлүүлэхийг шаардсан.
Гэтэл С.Э нь шаардлагыг биелүүлэхгүй байсны улмаас Д.Н нь Орон сууцыг бусдад шилжүүлж мөнгөө олж авна гэхчлэн дарамт шахалт үзүүлж байсан бөгөөд бид арга буюу С.Э-тай 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Өглөг, авлага хаах, барагдуулах гэрээ-г байгуулж, С.Э нь уг гэрээгээр иргэн Д.Н-т төлбөл зохих зээлийн төлбөрөө 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн дотор төлж, компанийн өмчлөлийн орон сууцыг барьцаанаас чөлөөлж өгөхөө илэрхийлсэн болно.
Дээрх тохиролцоог Д.Н ч мэдэж зөвшөөрсөн тул түүний шаардлагаар 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр барьцааны зүйлийн хаяг, талбайн хэмжээг зөвтгөн БЗД-ийн 0 дугаар хороо, 0Б байр, 00 дугаар давхар, 00 тоот хаяг бүхий 00.00 м.кв талбайтай орон сууц болгон, Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын шинэчилсэн гэрээ-г байгуулсан ба зээлийг хугацаанд нь төлж барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр шууд үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Д.Н-ын тавьсан шаардлагын дагуу үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн хэлтэст Орон сууц захиалагчийн хувьд төлбөр тооцоогүй гэх утга бүхий албан бичгийг үйлдэж Д.Н-т хүлээлгэж өгсөн.
Түүнчлэн иргэн Д.Н нь дээрх захиалгын гэрээг зээлийн барьцааны гэрээ гэдгийг хүлээн зөвшөөрч, өөрийн гараар тайлбар бичиж Зөвхөн барьцааг баталгаажуулах зорилгоор гэрээ байгуулсан ба зээл төлөгдсөн даруйд шилжүүлэн өгнө. Гэхдээ улсын бүртгэлд бүртгүүлэхгүй болно гэсэн бөгөөд иргэн Д.Н-ын гаргасан хүсэлтийг үндэслэн уулзалт хийж тэмдэглэл хөтлөн баталгаажуулсан юм.
Ийнхүү С.Э нь Өглөг, авлага хаах, барагдуулах гэрээ-гээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, Д.Н-т зээлийн төлбөрийг барагдуулахгүй байгаагаас үүдэн манай компани Д.Н-т ямар нэг өр төлбөргүй атлаа өөрийн өмчлөлийн орон сууцыг эдийн засгийн эргэлтэнд оруулж, захиран зарцуулах эрхээ хэрэгжүүлж чадахгүй хохирсоор байна. Зүй нь манай "О к" ХХК нь анхнаасаа Д.Н-тай Барьцааны гэрээ-ний харилцаанд орсон бөгөөд түүнтэй байгуулсан 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 01/391-1 дугаартай Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын шинэчилсэн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-д заасан өөр хэлцлийг буюу Барьцааны гэрээ-г халхавчлах зорилгоор хийгдсэн хэлцэл байх тул мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар анхнаасаа хүчин төгөлдөр бус хэлцэл юм.
Иймд иргэн Д.Н болон С.Э нартай амаар байгуулсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд БЗД-ийн 0 дугаар хороо H a-0б байрны 00 тоот орон сууцыг барьцаалахдаа байгуулсан 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 01/391-1 дугаартай Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын шинэчилсэн гэрээ-г Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-д заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д заасныг баримтлан хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгаж орон сууцны өмчлөх эрхийг "О к" ХХК-ийн нэр дээр шилжүүлэн бүртгэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгаж өгнө үү.
Манай компанийн зүгээс С.Э-аас Д.Н, "О к" ХХК-ийн хооронд байгуулсан зээлийн гэрээний дүн болох 150,000,000 төгрөгөөс дур мэдэн дундаас нь авч хэрэглэсэн 50,000,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Энэ С.Э-д холбогдох 50,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.
Хариуцагч С.Э шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Иргэн С.Э миний бие 2017 онд ажил хэргийн шугамаар "О к" ХХК-ийн захирал Д.Г-той танилцсан ба тухайн үед "О к" ХХК нь Бянзүрх дүүргийн 0 дугаар хорооны нутаг дэвсгэрт барьж буй H a орон сууцны барилгыг барьж дуусгахад шаардлагатай нэмэлт хөрөнгө оруулалт хайж байгаа талаар надад мэдэгдсэн.
Ингээд миний бие "О к" ХХК-д нэмэлт хөрөнгө оруулалт татахад нь туслалцаа үзүүлэхээр болж, "О к" ХХК-ийн барьж буй H a орон сууцны А блокын 00 дугаар давхрын 00 тоот хаяг бүхий 00.0 м.кв талбайтай орон сууцыг бусдад дамжуулан барьцаалан зээл олохоор тохиролцож 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 01/340 тоот Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ-г байгуулсан.
Улмаар би өөрийн танил Д.Н-ыг "О к" ХХК-ийн захирал Д.Г-той танилцуулсан ба Д.Н нь "О к" ХХК-д хөрөнгө оруулж, зээл өгөхөөр болсон.
"О к" ХХК нь болон иргэн Д.Н нарын хооронд 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдсан ба "О к" ХХК нь H a орон сууцны А блокын 00 дугаар давхрын 00 тоот хаяг бүхий 00.0 м.кв талбайтай орон сууцыг барьцаалж, Д.Н-аас зээл авахаар болсон.
Улмаар миний дансанд Д.Н-аас 150,000,000 төгрөг шилжиж орсон бөгөөд уг мөнгөнөөс "О к" ХХК-ийн данс руу 100,000,000 төгрөгийг шилжүүлсэн ба "О к" ХХК болон Д.Н нарын зөвшөөрсний дагуу 50,000,000 төгрөгийг өөрийн танил Ж.Жаргалсайханд зээлдүүлсэн.
"О к" ХХК болон Д.Н нарын хооронд үүссэн зээлийн гэрээний харилцаа миний дансаар дамжиж төлөгддөг байсан ба өнөөдрийн байдлаар миний бие "О к" ХХК-иас миний данс руу шилжүүлсэн 70,000,000 гаруй сая төгрөгийг Д.Н-т шилжүүлсэн, мөн Вива сити хотхонд байрлах мөн 45,000,000 төгрөгийн үнэ бүхий нэг өрөө орон сууц өмчлөх эрхийг Д.Н-т шилжүүлсэн байдаг юм. Ингээд Д.Н-аас авсан зээлийн үлдэгдэл 35,000,000 төгрөг болно. Уг мөнгийг миний бие иргэн Ж.Жаргалсайханаас гаргуулахаар шүүхэд хандсан ба уг мөнгийг авч байж Д.Н-т төлж барагдуулах болно гэв.
Хариуцагч Д.Н-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн С.Э нь 2017 оны 04 дүгээр сард Д.Н-тай танилцсан. С.Э Д.Н-аас 250,000,000 төгрөг зээлдээч гэхэд нь мөнгө зээлдэж болно барьцаа хөрөнгө байна уу гэхэд өөрийн өмчлөлийн 270,000,000 төгрөгийн үнэтэй байр байна гэж хэлэхэд 270,000,000 төгрөгийн үнэтэй байрыг 250,000,000 төгрөг зээлдэхэд барьцаалахгүй 130,000,000 төгрөг зээлдэж болж байна гэхэд 150,000,000 төгрөг болгоод зээлчих гэсэн байдаг. Тэгээд 150,000,000 төгрөг зээлдэхээр болоод 5 сарын хугацаатай сарын 8,000,000 төгрөг буюу 5 хувийн хүүтэй зээлсэн. Уг байрны Улсын бүртгэлийн гэрчилгээ гараагүй байсан учир орон сууц захиалан бариулах гэрээг шилжүүлэх хэлэлцээр хийсэн. С.Э-тай "О к" ХХК дээр очоод "О к" ХХК-ийн захирал Д.Г гэдэг хүнтэй уулзаж С.Э мөнгө зээлдэж байгаа энэ байрыг барьцаанд авах гэж байгаа гэдгийг хэлсэн. "О к" ХХК-ийн захирал Д.Г С.Э өөрөө Д.Н-т энэ байр шилжүүлж өгөх талаар хүсэлтээ бичээд өг гэсний дагуу С.Э өөрийн гараар энэ байраа Д.Н-ын нэр дээр шилжүүлэх хүсэлттэй байна гэдэг хүсэлтээ бичиж өгсөн.
"О к" ХХК-иас асуухад энэ байрны үнийг С.Э 100 хувь төлчихсөн С.Э-гийн өмчлөлийн байр ямар нэг төлбөр тооцоо байхгүй гэж хэлээд орон сууц захиалан бариулах гэрээг 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр шилжүүлж өгсөн байдаг. С.Э нь сар бүрийн 8,000,000 төгрөгийн хүүгээ төлж байсан. 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 8,000,000 төгрөг, 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 8,000,000 төгрөг, 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 8,000,000 төгрөг, 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдөр 7,000,000 төгрөг, араас нь 1,000,000 төгрөг нийт 8,000,000 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 5,000,000 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 5,000,000 төгрөг, 2,500,000 төгрөг төлсөн. Мөн С.Э-гаас 5 сарын хугацаа өнгөрсөн тул зээлээ төлөхийг удаа дараа шаардаж байсан. 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр тухайн орон сууцны м.кв талбай зөрүүтэй байна гээд гэрээг шинэчилж байгуулсан. Гэрээг шинэчилж хийхэд Д.Г захирал С.Э хоёрын хооронд маш их өртэй гэдэг зүйл яригдаж байсан. Тэгээд С.Э миний өрийг төлөх ямар ч боломжгүй гэж ойлгосон учир 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр барьцааны байрыг өөрийн нэр дээр шилжүүлж авсан. Тухайн үед Д.Г захирал энэ байранд ямар нэг өр авлага байхгүй гэдэг бичиг хийж өгсөн. С.Э нь Д.Н-аас зээлдсэн мөнгөө цааш хэндээ зээлдсэн эсэх нь хамаагүй гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч "О к" ХХК нь хариуцагч Д.Н, С.Э нарт холбогдуулан "О к" ХХК болон Д.Н-ын хооронд 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр байгуулагдсан 01/391-1 дугаартай Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын шинэчилсэн гэрээ-г хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, гэрээний дагуу шилжүүлсэн орон сууцны өмчлөх эрхийг нэхэмжлэгч "О к" ХХК-нд шилжүүлэн бүртгэл хийхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах, хариуцагч С.Э-д холбогдуулан 50,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага тус тус гаргажээ.
Нэхэмжлэгч "О к" ХХК нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч С.Э-д холбогдох 50,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлээсээ татгалзсан байна. /хэргийн 2 хавтас 47 тал/
"О к" ХХК нь Д.Н-тай 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын шинэчилсэн гэрээ байгуулж, уг гэрээгээр "О к" ХХК нь БЗД-ийн 0 дугаар хороо, 00 дугаар хороолол, /00000/ ЭТЧӨ гудамж, H a А-блок, 00 тоот 00,00 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг Д.Н-ын өмчлөлд шилжүүлэх, Д.Н хариу төлбөрт нь 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 274,000,000 төгрөг шилжүүлэхээр харилцан тохиролцсон байна. /хэргийн 20-21 тал/
Талууд гэрээний зүйл болох орон сууцны барилгыг хэрхэн, яаж барих талаар сонирхож, оролцохгүйгээр баригдах орон сууцнаас тодорхой үнэ төлснөөр өмчлөлдөө шилжүүлэхээр харилцан тохирсон байгаагаас үзэхэд дээрх гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний шинжийг агуулж байна.
Хариуцагч Д.Н нь дээрх гэрээний үндсэн дээр 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр тухайн орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэн авсан болох нь Баянзүрх дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 8/136 дугаартай хариу өгөх тухай албан бичиг, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх улсын бүртгэлийн гэрчилгээ зэргээр тогтоогдож байна. /хэргийн 84-91 тал/
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ хариуцагч Д.Н-т маргаан бүхий орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэх хүсэл зориг байгаагүй, харин талуудын хооронд хийгдсэн өөр хэлцлийг буюу зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах хэлцлийг халхавчлах зорилгоор тухайн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх шилжих үндэслэл болсон гэрээг хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж тайлбарлаж байна.
Хэлцэл хүчин төгөлдөр болох шалгуур нь субъект, агуулга, хэлбэр болон субъектив талын шинжүүд байна.
Талуудын хооронд 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр байгуулсан худалдах-худалдан авах гэрээ нь агуулгын хувьд хууль зөрчөөгүй, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшлаагүй, субъектын хувьд эрх зүйн зохих чадамжтай, субъектын шинжийг үгүйсгэх нөхцөл байдалгүй, хэлбэрийн хувьд талуудын гарын үсэг зурагдсан, бичгээр байгуулсан хэлцлийн шаардлагыг тус тус хангасан гэж үзэхээр байна.
Харин хэлцлийн субъектив шинж буюу тухайн хэлцэл байгуулах талуудын дотоод зорилго, гадагш илэрхийлсэн хүсэл зоригийн илэрхийлэл хоёр нийцэж байгаа эсэх нь маргааны зүйл болж байна.
Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хариуцагч Д.Н нь хариуцагч С.Э-д 149,250,000 төгрөг, хариуцагч С.Э нь 99,500,000 төгрөгийг нэхэмжлэгч "О к" ХХК-нд тус тус шилжүүлсэн болох нь Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт, "О к" ХХК-ийн Хаан банк дахь дипозит дансны дэлгэрэнгүй хуулга зэргээр тогтоогдож байх ба 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр "О к" ХХК-ийн захирал Д.Г болон хариуцагч Д.Н нарын хооронд "О к" ХХК-ийн хэрэгжүүлсэн төслийн санхүүжилтэд зориулж Д.Н-аас зээлсэн зээлийн төлбөртэй холбоотой уулзалт хийсэн үйл баримтыг нотлох тэдгээрийн гарын үсэг зурж баталгаажуулсан тэмдэглэл авагдсан байна. /хэргийн 22-23, 29, 80 тал/
Энэ уулзалтаар нэг талаас Д.Н ... 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 01/391 тоот гэрээний хаягийг шинэчлэн байгуулах, төлбөрийг 100 хувь төлснөөр албан бичиг гаргуулан авах хэрэгтэй байна. Учир нь энэ гэрээний төлбөрт зээл болгож 150,000,000 төгрөгийг зээлүүлсэн байгаа хүүгийн хамт авсан тохиолдолд гэрээг буцааж танай нэр дээр шилжүүлэх асуудал шийдэх хэрэгтэй байна гэж,
Нөгөө талаас Д.Г хүсэлтийг ойлголоо таны хүсэлтээр шийдвэрлье. Манай зүгээс 150,000,000 төгрөгийн зээлийн барьцаанд 01/391 тоот гэрээг барьцаалсан хэдий ч бид 100,000,000 төгрөг авсан бөгөөд тухайн төлбөрийг 2018 оны 05 сарын 03 болон 30-ны өдрүүдэд тус тус С.Э-д төлсөн байдаг. С.Э нь дээрх төлбөрийг танайд төлөөгүй байгаа юм байна лээ. Гэхдээ С.Э 2019 оны 01 сарын 31-ний өдөр төлнө гэсэн байгаа. Тэгэхээр гэрээг буцаагаад хүчингүй болгож болох байх гэж тус тус хэлэлцэж,
Д.Н-ын нэр дээрх 2018 оны 04 сарын 30-ны өдрийн 01/391 тоот ... хөрөнгө оруулалтын гэрээ болон төлбөр тооцоо дууссан тухай тодорхойлолтыг тухайн өдрөөр гаргаж өгөх, мөн зээлийн эргэн төлөлт дууссан тохиолдолд гэрээг буцаан шилжүүлэх, хүчингүй болгохоор харилцан тохиролцож шийдвэрлэжээ.
Дээрх баримтууд болон зохигчийн тайлбаруудаас дүгнэхэд, хариуцагч Д.Н-аас 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр шилжүүлсэн 149,250,000 төгрөгийг С.Э-гаар дамжуулан зээлийн гэрээний үүрэгт "О к" ХХК-нд зээлдүүлж, уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ гэх гэрээг нэг талаас "О к" ХХК, нөгөө талаас Д.Н нар байгуулж, "О к" ХХК 2018 оны 05 дугаар сард ашиглалтад орох БЗД-ийн 0 дугаар хороо, 00 дугаар хороолол, /00000/ ЭТӨЧ гудамж, H a А-блок, 00 тоот 00,0 мкв талбайтай орон сууцыг Д.Н-ын өмчлөлд шилжүүлэх, Д.Н хариу төлбөрт орон сууцны үнэ 274,000,000 төгрөгийг төлөх нөхцөл бүхий гэрээг байгуулсан /хэргийн 17-19/ байх ба 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр тухайн гэрээг шинэчлэн байгуулж, Д.Н-т уг гэрээний зүйл болох орон сууцны үнийг 100 хувь төлж барагдуулсан болохыг тодорхойлсон баримт гаргаж өгөхөөр харилцан тохиролцсон үйл баримт тогтоогдож байна.
Хариуцагч С.Э нь дээрх зээлийн мөнгөн хөрөнгөөс 50,000,000 төгрөгийг "О к" ХХК-ийн зөвшөөрлийн үндсэн дээр бусдад шилжүүлсэн эсэх талаар хариуцагч нар харилцан адилгүй тайлбар гаргаж байгаа боловч энэ нь маргааны зүйл бус байх тул дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзлээ.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлөх, худалдан авсан хөрөнгийг хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ. "О к" ХХК болон Д.Н нь БЗД-ийн 0 дугаар хороо, 00 дугаар хороолол, /00000/ ЭТӨЧ гудамж, H a А-блок, 00 тоот 00,0 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг Д.Н-т 274,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээний эрх, үүргийг үүсгэх хүсэл зориг нэгдсэн гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.
Харин "О к" ХХК болон Д.Н нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэхээр байх ба уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн хангах аргыг баталгаажуулах зорилгоор 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр маргааны зүйл болох худалдах-худалдан авах гэрээ байгуулсан байна.
Өөрөөр хэлбэл, талууд орон сууц худалдах-худалдан авах хүсэл зориггүйгээр, уг хэлцлийн зөвхөн гадаад илэрхийллийг бий болгож, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах аргыг баталгаажуулах хэлцлийг халхавчилж хийсэн байх тул талуудын хооронд 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр байгуулагдсан 01/391-1 дугаартай Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын шинэчилсэн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл байна.
Иймд нэхэмжлэгч "О к" ХХК-ийн дээрх хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулах шаардлагыг нэхэмжлэлийн хүрээнд хангаж, эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаарт бүртгэлтэй, БЗД-ийн 0 дугаар хороо, 00 дугаар хороолол, /00000/ ЭТӨЧ гудамж, H a А-блок, 00 тоот 00,0 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг "О к" ХХК-нд шилжүүлэн бүртгэл хийхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах хууль зүйн үндэслэлтэй байна.
Мөн нэхэмжлэгч "О к" ХХК нь хариуцагч С.Э-д холбогдуулан 50,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлээсээ татгалзсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, С.Э-д холбогдох 50,000,000 төгрөг гаргуулах хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, 56.5 дахь хэсэгт зааснаар "О к" ХХК болон Д.Н нарын хооронд 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр байгуулагдсан 01/391-1 дугаартай Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын шинэчилсэн гэрээ-г хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаарт бүртгэлтэй, БЗД-ийн 0 дугаар хороо, 00 дугаар хороолол, /00000/ ЭТӨЧ гудамж, H a А-блок, 00 тоот 00,0 мкв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг нэхэмжлэгч "О к" ХХК-нд шилжүүлэн бүртгэл хийхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагч С.Э-д холбогдох 50,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлээсээ татгалзсан нэхэмжлэгч "О к" ХХК-ийн татгалзлыг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч "О к" ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,006,100 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Н-аас улсын тэмдэгтийн хураамжид 1,598,150 /нэг сая таван зуун ерэн найман мянга нэг зуун тавь/ төгрөгийг гаргуулж "О к" ХХК-нд олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАТЧИМЭГ