| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сономдовчингийн Энхтөр |
| Хэргийн индекс | 183/2017/01772/и |
| Дугаар | 1759 |
| Огноо | 2018-07-27 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 07 сарын 27 өдөр
Дугаар 1759
Н.Х-гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Б.Нармандах, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 101/ШШ2018/01673 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч Н.Х-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч “Р к” ХХК-д холбогдох
Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 9 461 520 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.С,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.А,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хариуцагч “Р к” ХХК-ийн захиралтай тохиролцож, төлбөрийг 7 хоногийн дотор төлж барагдуулах нөхцөлтэйгээр 2018 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр ямааны цул мах 1 килограмм бүрийг 4 800 төгрөгт тооцож 2 тонн 86 кг 500 грамм махыг 10 015 200 төгрөгөөр, 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хонь, ямааны цул махыг 1 килограмм бүрийг 4 800 төгрөгт тооцож 1 тонн 937 кг 400 граммыг 9 299 520 төгрөгөөр тус тус худалдсан. Хоёр удаа нийлүүлсэн махны нийт төлбөрийн тооцоо нь 19 314 720 төгрөг болсон бөгөөд нийт 3 450 000 төгрөгийг өгсөн. Үлдсэн мөнгөө өгөхгүй байсан тул 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр 6 403 200 төгрөгийн 1 тонн 334 кг махыг буцааж авсан. Мөнгөө өгөхгүй өөрсдийнхөө хятадаас буцаагдсан чанар муутай махаа миний мах гээд байхаар нь би мэргэжлийн хяналтын газар хандахад аль аль мах нь чанарын шаардлага хангасан гэсэн хариу гарсан гэж байсан. Надад энэ компанид хохирол учруулсан зүйл огт байхгүй. Иймд үлдэгдэл махны үнэ 9 461 520 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани иргэн Н.Х-гаас 2018 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр ямааны цул мах 2 тонн 86 кг 500 граммыг 10 015 200 төгрөгөөр, 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хонь ямааны цул мах 1 тонн 937 кг 400 грамм бүгд 9 299 520 төгрөгөөр тус тус худалдан авалт хийсэн нь үнэн. Дээрх нийлүүлсэн махны нийт төлбөр 19 314 720 төгрөг болсон бөгөөд 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 2 300 000 төгрөг, 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 1 150 000 төгрөг бүгд 3 450 000 төгрөгийг өгсөн. Тус компанид захирал албан тушаалтай Д.Наранчимэг миний ээж энэ үеэр бурхан болж бид буяны ажил явдал гарсан бөгөөд 2018 оны 02 дугаар сарын 08-ний өдөр Н.Х- өөрөө утсаар холбогдож маргааш ирж махаа буцааж авна гэсэн боловч хугацаандаа ирж махаа аваагүй. Түүний нийлүүлсэн мах манай үйлдвэрлэлийн чанарын шаардлагыг хангаж чадахгүй, туранхай ихэвчлэн хальс ихтэй байсан учир махыг буцаахаас өөр аргагүй байсан. Н.Х- 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр ирж бүдүүлгээр ажилчдыг дайрч доромжлон байж үйлдвэрлэлийг тасалдуулан махаа буцааж авна хэмээн 1 тонн 334 кг мах ачуулсан. Бидний бизнесийн нэр хүндэд ноцтойгоор халдаж мэргэжлийн хяналтын байгууллага руу залгаж өмхий муу махаар хиам үйлдвэрлэж байна гэж худал мэдээлэл өгч, энэ дуудлагын дагуу мэргэжлийн хяналтын байгууллага ирж бидний ажлыг зогсоож, шалгалт хийж, бүх махыг лацдаж хариу гартал хэрэглэж болохгүй гэсэн. Энэ үеэр манай үйлдвэрлэл цагаан сарын баярын өмнөх 3 өдөр зогссон. Н.Х- өмнө нь 2017 оны 10 сарын 20, 21-ний өдрүүдэд манайд мах нийлүүлж байхдаа махан дундаа их хэмжээний хаягдал өөх хийж нийлүүлж байгаад баригдсан тул бид энэ хүнээс ахиж мах аваагүй. Харин 2018 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр ирж дахиж ийм хаягдал өөх ихтэй мах нийлүүлэхгүй гэж гуйж энэхүү махыг нийлүүлсэн. Иймээс бидний үйлдвэрлэл тасалдуулсны улмаас олох ёстой ашиг орлогын 12 939 000 төгрөгийн хохирол учирсан тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Р к” ХХК-иас 9 461 520 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Н.Х-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 166 335 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Р к” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 166 335 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Н.Х-д олгож шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Хариуцагч талд шүүхээс нэхэмжлэлийн хувийг гардуулахдаа эрх, үүргийг хангалттай танилцуулж гарын үсэг зуруулаагүйгээс 2018 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн шүүх хуралдаан дээр нэхэмжлэлд сөрөг шаардлага гаргах эрхтэйгээ ойлгож, өмгөөлөгч авч, сөрөг шаардлага гаргах хүсэлт гаргаж хуралдааныг хойшлуулсан. Гэвч шүүх 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдөр нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагч талыг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж шийдвэрлэсэн. Түүнээс гадна нэхэмжлэгчийн үндэслэлгүй мэдээллийн улмаас хариуцагчийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаа 3 өдөр зогсож, хариуцагч талд 12 939 000 төгрөгний хохирол учирсан талаар Мэргэжлийн хяналтын газраас гаргасан дүгнэлтийг нэхэмжлэгч үгүйсгээгүй, өөрөө үндэслэлгүй мэдээлэл өгсөн болохоо хүлээн зөвшөөрч байхад шүүх хохирол тогтоогдоогүй гэж үзэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болсон гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн үндэслэлгүй мэдээлэлийн улмаас хариуцагч байгууллагад хохирол учирсан байхад шүүх нотлох баримтыг үнэлээгүйд гомдолтой байна. Иймд Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 01673 дугаар шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.
Нэхэмжлэгч Н.Х- нь хариуцагч “Р к” ХХК-д холбогдуулан махны үнэ 9 461 520 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Хэрэгт хариуцагчаас Е.Самбууд хэрэг хянан шийдвэрлэсэн ажиллагаанд оролцуулах олгосон итгэмжлэл авагдаагүй байхад уг хэргийн оролцогч бус этгээдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж, шүүх хуралдааны товыг түүнд мэдэгдэж, улмаар хэргийг шийдвэрлэсэн нь хэргийн оролцогчийг шүүх хуралд биечлэн оролцох эрхээр нь хангаагүй гэх үндэслэл болно. Учир нь итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эдлэх эрх, хүлээх үүргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасны дагуу төлөөлүүлэгчээс олгосон итгэмжлэлээр тодорхойлох юм.
Хариуцагч “Р к” ХХК-аас 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Е.Самбууд тус компанийн нэрийн өмнөөс давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, хэргийг давж заалдах шатны шүүхээр хэргийг шийдвэрлүүлэх, шүүхийн шийдвэр хүлээн авах, гомдол гаргах эрхийг олгосон байгаа нь анхан шатны шүүхэд хариуцагчийг төлөөлөх эрхийг олгсон гэж үзэх үндэслэл болохгүй юм. /хэргийн 48 дугаар тал/
Дээрх зөрчлийн улмаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа мэтгэлцэх эрхийн үндсэн дээр явагдсан гэж үзэх боломжгүй, давж заалдах шатны шүүхээс уг ажиллагааг нөхөн гүйцэтгэх, маргааны үйл баримтад хамаарах асуудлаар хууль хэрэглээтэй холбоотой дүгнэлт хийх боломжгүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 101/ШШ2018/01673 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатын шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 166 335 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД Б.НАРМАНДАХ
С.ЭНХТӨР