| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чадраабалын Батчимэг |
| Хэргийн индекс | 102/2021/00583/И |
| Дугаар | 102/ШШ2021/00955 |
| Огноо | 2021-04-05 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 04 сарын 05 өдөр
Дугаар 102/ШШ2021/00955
2021 оны 04 сарын 05 өдөр Дугаар 102/ШШ2021/00955 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Батчимэг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: СХД, 00 дугаар хороо, Х 0 гудамж 00 тоотод оршин суух, эрэгтэй, Т овогтой Д-гийн Э /РД: АА00000000/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: БГД, 00 дугаар хороо, 0 хороолол, Ж х Д гудамж 00б байр 00 тоот хаягт оршин суух, эмэгтэй, Х б овогтой Г-ын М /РД:АА00000000/-д холбогдох,
Арилжааны гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу шилжүүлсэн автомашиныг буцаан гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Ундармаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Э би 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 00-00 УБЭ улсын дугаартай T c-000 машинаа солиход ямар ч эвдрэл гэмтэлгүй гэж солисон боловч аваад засварт үзүүлэхэд эвдрэл, гэмтэл ихтэй байсан. Тухайн үед уг хүн рүү утсаар удаа дараа хэлсэн боловч завгүй хөдөө байна гэж хэлсээр өдий хүрсэн, дараа нь нэг ярихад уулзаж учраа олъё гэж хэлээд хэд хоногийн дараа залгахад хуулиараа яв, би машиныг чинь зарсан гэж хэлсэн. Би уг хүнтэй уулзаж машинаа буцааж авах санал тавих гээд машинд нь хүрээгүй. Уг машин авсан хэвэндээ байгаа болно. Миний машиныг буцаан гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлд дурдсанаар 00-00 УБЭ улсын дугаартай T C 000 маркийн машиныг 0000 УНЦ улсын дугаартай Prius-30 маркийн автомашинаар харилцан тохиролцож сольсон байдаг. Харин тухайн Toyota Crown 200 машиныг худалдаж аваад удаагүй байсан болно. Бензин бага зарцуулдаг Prius-30 маркийн машин болгохоор зар тавьсан. 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Д.Э 00000000 дугаарын утсаар залган Сүхбаатар дүүргийн талбайн хажууд цаг товлон анх уулзахдаа машин үзэж, сайтар нягтлан хараад шууд байгаа байгаагаараа тулчихъя, надад бага сага юм байгаа, аль алиндаа амар, шууд автотээврийн газар орох уу, таны машин 5 жил хэрэглэсэн гэхэд бусдыгаа бодуул харин ч дажгүй юм байна гэсэн. Аль аль талаасаа 100 хувь саналаар машинаа сольсон. Тус машинаа солихдоо машин юм чинь бага сага хийх юм аль алиндаа байж таарна. Өөрөө өөрсдөө авсандаа тааруулаад эзэн болно доо гээд ярьсан. Тэр өдрийнхөө орой Prius-30 маркийн машиндаа тоноглосон спорт тоноглолыг хорооллын дугуй засварт уулзан, салгаж авсан. Мөн тэр оройдоо машин тэрэгээ үзээрэй гэж хэлсэн байдаг. Би ч машиныг нь давхар үзсэн. Аль аль маань сэтгэл ханамжтай авсан өгсөндөө өлзийтэй байг гээд салсан. Гэвч сар орчмын дараа залгаж 2-3 удаагийн давтамжтай хөгжим янзлаад өгөөч гэж ярьснаас солих талаар, наймаа буцах талаар яриагүй. Сүүлд 2021 оны 1 дүгээр сарын сүүлээр мессэж бичин, дарамталж сүрдүүлсэн. Харин автомашинаа авсанаас хойш 2-3 хоногтоо дахин үзэж хэн хэнээ хүндлэн буцаах байсан. Гэвч Д.Э дарамтлах, айлган сүрдүүлэх зэргийг хууль, хяналтаар хамгаалдаг гэдгийг мэдэх ёстой. Мөн нэхэмжлэлд бичсэн утга худал, гүтгэж бичсэн байна. Машин нь таалагдахаа больсон бол зарж болно. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Д.Э нь хариуцагч Г.М-т холбогдуулан арилжааны гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу шилжүүлсэн 00-00 УНЦ улсын дугаартай Prius-30 загварын автомашиныг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй маргаж байна.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг хэсэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч Д.Э, хариуцагч Г.М нар нь 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Арилжааны гэрээ байгуулж, уг гэрээгээр Д.Э-оос 00-00 УНЦ улсын дугаартай Prius-30 загварын автомашиныг Г.М-ийн өмчлөлд, Г.М-ээс 00-00 УБЭ улсын дугаартай Toyota crown-200 загварын автомашиныг Д.Э-ын өмчлөлд харилцан шилжүүлэхээр амаар тохиролцсон байна.
Талуудын хооронд байгуулсан гэрээ нь тодорхой хөрөнгийг харилцан өмчлөлд шилжүүлэх агуулгатай гэрээ байх тул тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсэгт заасан арилжааны гэрээ байгуулагдсан гэж дүгнэлээ.
Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.3 дахь хэсэгт заасан арилжааны гэрээнд худалдах, худалдан авах гэрээний талаарх мөн хуулийн холбогдох заалтууд нэгэн адил хамаарна.
Гэрээний дагуу талууд автомашиныг харилцан шилжүүлсэн болох нь талуудын тайлбараар тогтоогдсон, талууд энэ үйл баримтын талаар маргаагүй.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ хариуцагч Г.М-ийн шилжүүлсэн 00-00 УБЭ улсын дугаартай Toyota Crown 200 маркийн машин доголдолтой буюу бүхээг /кузов/ будаг, замаска хийгдсэн, хөгжим нь ажиллахгүй болох нь илэрсэн тул арилжааны гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу шилжүүлсэн автомашиныг буцаан гаргуулахаар шаардсан гэж тайлбарлаж байна.
Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1.-д эд хөрөнгийн доголдлыг арилгуулахаар худалдан авагчаас гаргах шаардлагыг тодорхойлсон бөгөөд худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй байна.
Харин эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан худалдан авагч шаардах эрхээ алдахаар Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д заасан байна. Өөрөөр хэлбэл, уг зохицуулалт нь гагцхүү тухайн доголдол эд хөрөнгийг хүлээн авах үед илрүүлэх боломжтой тохиолдолд тухайн доголдолтой холбоотой шаардах эрхээ алдана.
Нэхэмжлэгч эд хөрөнгийн доголдолтой холбоотой шаардлага гаргах эрхээ хэрэгжүүлэхийн тулд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар автомашины бүхээг эвдрэлтэй буюу эвдрэлийг замаска, будаг хийж зассан бөгөөд тээврийн хэрэгслийг хүлээн авах үед уг доголдлыг илрүүлэх боломжгүй болохыг нотлох үүрэгтэй. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ нотлох үүргээ хэрэгжүүлээгүйгээс гадна талууд хэн аль нь хуучин автомашин харилцан солихоор тохиролцсон байх ба гэрээгээр тээврийн хэрэгслийн бүхээгний /кузов/ шинж чанарын талаар тодорхойлж тохиролцсон, мөн хөгжмийг шалгаж хүлээн авах боломжгүй байсан болох нь тогтоогдохгүй байна.
Иймд нэхэмжлэгч Д.Э арилжааны гэрээг цуцлах шаардлага гаргах эрхтэй болох нь тогтоогдохгүй байх тул хариуцагч Г.М-ээс гэрээний дагуу шилжүүлсэн 00-00 УНЦ улсын дугаартай Prius-30 маркийн тээврийн хэрэгслийг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1, 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Г.М-ээс 00-00 УНЦ улсын дугаартай Prius-30 загварын машин гаргуулах тухай нэхэмжлэгч Д.Э-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг, түүнчлэн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАТЧИМЭГ