Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 102/ШШ2021/01042

 

 

 

 

 

2021 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 102/ШШ2021/01042

Улаанбаатар хот

 

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *******,*******,*******,*******,*******,******* оршин суух,******* /РД: УХ59071223/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот,*******,,,, оршин суух,ва-Очир /РД: УШ92060332/-д холбогдох,

 

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 2,790,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ю.Энхчимэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Мядагбадам, хариуцагч А.Лхагва-Очир, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Оюунтулга нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ю.Энхчимэгийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Ю.Энхчимэг миний бие нь тус шүүхэд хандан дараахь нэхэмжлэлийг гаргасан болно. 2019 оны 11 дүгээр сард Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Хархорин захын В1 давхарт байрлах лангуугаа түрээслүүлэхээр зар өгсөн. Би 3 сарын түрээс 1,380,000 төгрөгийг төлөх гэж тэтгэвэрын зээл авсан. Гэтэл А.Лхагва-Очир та хэдэн төгрөгөөр зарах юм бэ гэж асуухаар нь би 5,000,000 төгрөгөөр зарна гэхэд тэрээр би худалдаж авья гэж хэлсэн. Тэр үед А.Лхагва-Очирт бэлэн өгчих мөнгө байгаагүй, 3 сарын түрээсийн төлбөрт 1,380,000 төгрөгийг тэрээр Хархорин захын захиргаанд төлөөд үлдсэн мөнгийг сар бүр 500,000 төгрөгөөр төлье гэх саналыг надад тавьсан. Машинаа зарах гэж байгаа тэр мөнгөнөөсөө өгнө гэж байсан. Тэгээд дараа сараас нь мөнгө өгөхөө больсон. Хархорин захын лангууг гадны хэн нэг хүнд тийм амар өгдөггүй, харин дотор нь ажиллаж байсан хүмүүстээ 1,500,000 төгрөгийн барьцаа аваад өгдөг. А.Лхагва-Очир лангуу авч чадахгүй байсан. 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Хаан банкны 5019640116 тоот дансаар 800,000 төгрөг, 5006956543 тоот дансаар 100,000 төгрөг, бэлнээр 1,380,000 төгрөг, нийт 2,280,000 төгрөг авсан, үлдэгдэл 2,720,000 төгрөгийг төлөөгүй байна. Лангуу тохижуулж хөрөнгө оруулсан, барьцааны 1,500,000 төгрөгөө энэ мөнгөнд оруулсан, гар утас зарахыг зөвшөөрөөгүй байсан тул миний бие олон сарын түрээсийн төлбөр төлсөн. Энэ залууд Жи мобайл-ын оператор гэсэн зөвшөөрөл авч өгч, гар утас зарахад нь туслалцаа үзүүлсэн. Үүний ачаар одоо тэрээр бүх төрлийн гар утас зарж байгаа. Намайг 2 ч удаа очиход 2 ч хүнд гайгүй үнийн дүнтэй утас зарсан боловч мөнгөө өгөөгүй. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч хаягтаа байхгүй гээд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан тул түүнийг шүүхийн шийдвэрээр эрэн сурвалжлуулахад улсын тэмдэгтийн хураамжид 70,2000 төгрөг төлсөн. Иймд хариуцагч А.Лхагва-Очироос лангууны үнэ, барьцаанд нийт 2,720,000 төгрөг, эрэн сурвалжлуулахад гарсан зардалд 70,200 төгрөг, нийт 2,790,200 төгрөгийг гаргуулж өгнө үү гэх нэхэмжлэлийг гаргасан.

 

Нэхэмжлэгч Ю.Энхчимэг би нэхэмжлэлийн шаардлагаа дараахь байдлаар тодруулж байна. Үүнд, миний бие нь Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Хархорин худалдааны төвийн В1 давхарт /тухайн үед дугааргүй байсан, одоо №9 дугаартай/ павилион түрээслэх эрхтэй байсан. Миний бие нь тэтвэрийн зээл аваад тухайн павилионы 2019 оны 6, 7, 8 дугаар сарын түрээсийн төлбөрт 1,380,000 төгрөгийг Хар хорин хүрээ ХХК-ийн менежерт төлсөн. Нэхэмжлэлийн шаардлагын хөрөнгө оруулалтын 1,220,000 төгрөгийг дараахь байдлаар тодруулж байна. Миний бие нь тухайн павилионд 3 ширхэг модон тавиур, 2 ширхэг шилэн тавиурыг өөрийн зардлаар Нарантуул захаас 1,000,000 төгрөгөөр авч тавьж тохижуулсан, мөн павилионы хаалгыг 200,000 төгрөгөөр, хаалга суурьлуулах ажлын хөлсөнд 20,000 төгрөг төлсөн тул хөрөнгө оруулсан зардал нь 1,220,000 төгрөг болж байна. Одоо А.Лхагва-Очирын эзэмшиж байгаа №9 дугаартай павилионы барьцаанд Хархорин захын захиргаанд 1,500,000 төгрөгийг миний бие төлсөн тул энэ төлбөрийг А.Лхагва-Очир надад төлөх ёстой, түүнийг эрэн сурвалжлуулахад гарсан зардалд 70,200 төгрөг, нийт 2,790,200 төгрөг болно. Миний бие нь тухайн павилионы доорх талбайн өмчлөгч биш тул А.Лхагва-Очирт талбайг зараагүй болно гэв.

 

Хариуцагч А.Лхагва-Очирын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: 2019 оны 11 дүгээр зард Хар хорин худалдааны төвд сарын 460,000 төгрөгөөр лангуу түрээслүүлнэ гэсэн зарын дагуу утсаар залгахад эрэгтэй хүн утас аваад Лангууны түрээсийн төлбөр сарын 460,000 төгрөг, түрээсийн мөнгөө сар бүрд нь авна гэсэн, очоод лангууг үзэхэд ажиллуулсан шинж байгаагүй. Лангууг хараад түрээслэхээр болж эзэнтэй нь гэрийнхээ ойролцоо Москва хорооллын гадаа уулзахад Ю.Энхчимэг эгч ирсэн. Уулзсан өдрөө гэрээ хийж нэг сарын төлбөр 460,000 төгрөгийг төлсөн. Хэд хоногийн дараа лангууны түлхүүрийг авах гэтэл Ю.Энхчимэг эгч чи залуу хүн байна өөрийн гэсэн юмтай болсон нь дээр түрээсийн юм чамд хэцүү ш дээ, чи шууд худалдаад авчих гэж хэлснийх нь дагуу худалдах талаар бид ярилцахад тэрээр лангуугаа буюу павилионоо 5,000,000 төгрөгөөр зарна гэсэн. Тухайн үед би машинаа зарах талаар бодож байгаагаа хэлэхэд эгч нь машиныг нь зараад өгье гэсэн, лангууны барьцаа 1,500,000 төгрөг өгсөн гэдгийг сайн мэдэхгүй байна. Лангуу нь Хархорин захын захиргаанд хураагдсан байсан. Ю.Энхчимэг эгч Хархорин захын захирлын өрөө рүү намайг дагуулж ороход захирал нь Ю.Энхчимэгээ энэ павилион чамд хамаагүй, дээр нь байгаа лангуу, тавилгаа зарах талаар ярина уу гэхээс доорх талбай нь манай өмч гэж хэлсэн, Ю.Энхчимэг эгч намайг нудраад хамаагүй юм ярьж болохгүй гээд дагуулж гараад нотариат ороход нотариатч нь бас уг лангуу Хархорин захын захиргааны өмч захиран зарцуулж, давхар түрээслүүлж болохгүй гэсэн. Тэгээд Ю.Энхчимэг эгчтэй хамт хоолны газар ороод энэ талаар ярилцаад гар бичгээр мөнгө авах талаар бичиг хийсэн тухайн үед би сайн ойлгоогүй. Гэрээ бэлэн болохоор нь харсан чинь өмчлөгч-өөр биш түрээслэгчээр гэрээ гарсан байхаар нь Ю.Энхчимэг эгчид хэлэхэд тэрээр юу яриад байгаа юм, ингэж л гарч ирнэ гэж надад хэлсэн. Ю.Энхчимэг эгчид 1,380,000 төгрөг, 460,000 төгрөг, 800,000 төгрөг, 100,000 төгрөг өгсөн, баримт нь байгаа. Худалдаж авсан лангуугаа өөрийнхөө мөнгөөр засвар хийж өнгөлөг болгосон. Энэ эгчийн өгсөн 3 ширхэг модон тавиур, 2 ширхэг шилэн лангуунаас би юу ч хэрэглээгүй. Тэгээд би лангуун дээрээ гар утасны худалдаа эхлүүлж ажиллуулж байх явцдаа ойр орчмын лангуу ажиллуулдаг хүмүүстэйгээ танилцахад тэнд байсан хүмүүс надад Ю.Энхчимэгт чи хулхидуулсан байна гэж хэлэхээр нь Хархорин захын захиргаа луу орж захирал н.Буурь гэдэг хүнтэй уулзахад өгсөн мөнгөндөө лангууныхаа юмыг бодоод авчих, Ю.Энхчимэгт холбогдуулж шүүхэд нэхэмжлэл гаргаад яахын бэ, би Ю.Энхчимэгтэй утсаар яръя гэхээр нь нэхэмжлэл гаргахаа больсон. Ю.Энхчимэг эгч санаатай олон шүүхэд намайг эрэн сурвалжлуулсан. Миний ажлыг мэднэ, утасны дугаар мэднэ, гэрийн хаягийг мэдсээр байж албаар цагдаад хандсан байна лээ. Би тухайн павилион буюу лангууны доорх талбайг Ю.Энхчимэг эгчээс 5,000,000 төгрөгөөр худалдаж авч байна гэж ойлгож гэрээ байгуулсан. Ю.Энхчимэг эгч өмнө нь энэ лангууг ажиллуулж байгаагүй юм байна лээ гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ю.Энхчимэг нь хариуцагч А.Лхагва-Очирт холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт хөрөнгө оруулалт буюу 3 ширхэг модон тавиур, 2 ширхэг шилэн лангууны үнэ 1,000,000 төгрөг, павилионы хаалганы үнэ 200,000 төгрөг, хаалга суурьлуулсан ажлын хөлс 20,000 төгрөг, барьцаанд төлсөн 1,500,000 төгрөг, хариуцагчийг эрэн сурвалжлуулахад гарсан зардалд 70,200 төгрөг, нийт 2,790,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.

 

Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Нэхэмжлэгч Ю.Энхчимэг, хариуцагч А.Лхагва-Очир нар нь 2019 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр гэрээ байгуулж, Хархорин худалдааны төвийн В1 давхарт байрлах гар утасны лангууг 5,000,000 төгрөгөөр худалдах, үүнээс 2,130,000 төгрөгийг бэлэн авсан, үлдэгдэл 2,870,000 төгрөгийг сар бүр 500,000 төгрөгөөр төлж барагдуулахаар тохиролцсон ба зохигчдын хооронд хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан, гэрээ хуульд заасан хэлбэр, шаардлагыг хангасан, нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.

 

Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ ... тухайн павилионы доорх талбай нь миний өмчлөлийн эд хөрөнгө биш тул талбайг зараагүй. Гэрээний үнэ болох 5,000,000 төгрөгийг задаргаагаар нь гаргавал, 2019 оны 6, 7, 8 дугаар сарын түрээсийн төлбөрт төлсөн 1,380,000 төгрөг, барьцаа 1,500,000 төгрөг, модон тавиур, шилэн лангууны үнэ 1,000,000 төгрөг, хаалга 200,000 төгрөг, ажлын хөлс 20,000 төгрөг, түрээслэх эрхээ 900,000 төгрөгөөр тус тус А.Лхагва-Очирт худалдахаар тохиролцсон. Үүнээс 2019 оны 6, 7, 8 дугаар сарын түрээсийн төлбөрт төлсөн 1,380,000 төгрөгийг А.Лхагва-Очир өөрөө захын захиргаанд төлсөн, түрээслэх эрхийн 900,000 төгрөгийг дансаараа авсан, харин барьцаа 1,500,000 төгрөг, 3 ширхэг модон тавиур, 2 ширхэг шилэн тавиурны үнэ 1,000,000 төгрөг, хаалганы үнэ 200,000 төгрөг, хаалга суурьлуулах ажлын хөлсөнд төлсөн 20,000 төгрөг, эрэн сурвалжлуулахад гарсан зардалд 70,200 төгрөг, нийт 2,790,200 төгрөгийг нэхэмжилнэ гэснийг хариуцагч А.Лхагва-Очир ...лангуу түрээслүүлнэ гэсэн зарын дагуу Ю.Энхчимэг эгчтэй уулзсан, уулзаад тухайн лангууг түрээслэх биш 5,000,000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцсон. Би тухайн үед тухайн №9 дугаартай павилионы доорх талбайг худалдаж авч байна гэж ойлгож байсан. Хархорин захын захиргаа руу хамт ороход захирал нь Ю.Энхчимэгээ энэ павилион чамд хамаагүй, дээр нь байгаа лангуу, тавилгаа зарах талаар ярина уу гэхээс доорх талбай нь манай өмч гэж хэлсэн. Гэрээ бэлэн болохоор нь харсан чинь өмчлөгч-өөр биш түрээслэгчээр гэрээ гарсан байсан. Ю.Энхчимэг эгчид 1,380,000 төгрөг, 460,000 төгрөг, 800,000 төгрөг, 100,000 төгрөг өгсөн. Харин Ю.Энхчимэг эгч барьцааны 1,500,000 төгрөгийг захын захиргаанд төлснийг мэдэхгүй. Түүний өгсөн 3 ширхэг модон тавиур, 2 ширхэг шинлэн лангуу байгаа гэж маргажээ. Талуудын дээрх тайлбараас үзэхэд зохигчид худалдах-худалдан авах гэрээний зүйлийн талаар маргаж байх бөгөөд хариуцагчийн ... тухайн павилионы доорх талбайг худалдаж авахаар гэрээ байгуулсан гэх тайлбар үндэслэлгүй байна. Учир нь тухайн №9 дугаартай павилионы доорх талбайн өмчлөгч нь Ю.Энхчимэг биш гэдгийг гэрээ байгуулах үедээ хариуцагч мэдэж байсан болох нь түүний шүүх хуралдаанд гаргасан Хархорин захын захиргаа руу хамт ороход захирал нь Ю.Энхчимэгээ энэ павилион чамд хамаагүй, дээр нь байгаа лангуу, тавилгаа зарах талаар ярина уу гэхээс доорх талбай нь манай өмч гэж хэлсэн гэх тайлбараар тогтоогдож байна. Мөн Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-д зааснаар гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарах учиртай ба зохигчдын хооронд байгуулсан гэрээнд ... гар утасны лангууг 5 сая төгрөгөөр худалдсан болно гэж тохиролцсон, нэхэмжлэгч лангуу гэдгийг 3 ширхэг модон тавиур, 2 ширхэг шилэн лангуу гэж тодруулсан, зохигчид гэрээгээр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутагт байрлах Хархорин худалдааны төвийн В1 давхарт байрлах №9 тоот павилионы талбайг худалдахаар тохиролцоогүй байна. Мөн хариуцагч А.Лхагва-Очир нь нэхэмжлэгчид холбогдуулан өмчлөгчөөр тогтоолгох шаардлага гаргаагүй болно.

 

Харин гэрээний үүрэгт хариуцагч 900,000 төгрөгийг нэхэмжилэгчид төлсөн, хариуцагч гэрээний дагуу 1,000,000 төгрөгийн үнэ бүхий 3 ширхэг модон тавиур, 2 ширхэг шилэн лангуу хүлээж авсан, павилионы хаалганы үнэ 200,000 төгрөг, ажлын хөлс 20,000 төгрөг болсон талаар маргаагүй тул нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хангаж, хариуцагчаас 1,220,000 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй боловч хариуцагчаас нэхэмжлэгчид төлсөн 900,000 төгрөгийг дээрх шаардлагаас хасч тооцох нь /1,220,000 900,000 = 320,000 төгрөг/ зүйтэй гэж үзлээ. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно. гэж зааснаар хариуцагчийг эрэн сурвалжлуулахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг нь үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардалд хамаарч байх бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсэг нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 183/ШШ2020/02167 дугаар А.Лхагва-Очирыг эрэн сурвалжлах тухай шийдвэрээр тогтоогдсон. Харин нэхэмжлэгчийн шаардлагаас барьцаанд төлсөн 1,500,000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. Учир нь нэхэмжлэгч ... би павилионы түрээслэх эрхийн барьцаанд 1,500,000 төгрөгийг Хархорин худалдааны төвийн захиргаанд төлсөн, энэ барьцаа шууд А.Лхагва-Очирын түрээсийн гэрээ рүү шилжсэн гэж тайлбарласан боловч нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгээ нотлох баримтаар нотлоогүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан үүргээ биелүүлээгүй болно.

 

Иймд хариуцагчаас 390,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,400,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон 

                                                ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч А.Лхагва-Очироос модон тавиур, шилэн лангуу, хаалга, ажлын хөлсний зардалд 320,000 төгрөг, эрэн сурвалжлуулахад гарсан зардалд 70,200 төгрөг, нийт 390,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ю.Энхчимэгт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,400,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 59,593 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 12,356 төгрөг гаргуулж хариуцагчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д заасныг баримтлан шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  М.МӨНХТӨР