Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 2024/ШЦТ/87

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

         Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Адъяасүрэн даргалж

         Нарийн бичгийн дарга Н.Норжинлхам

         Улсын яллагчаар хяналтын прокурор  Б.Дашням

         Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Х

         Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчөөр өмгөөлөгч Ж.Хүдэрчулуун

         Шүүгдэгчийн өмгөөлөгчөөр өмгөөлөгч С.Шинэбаяр

         Шүүгдэгч Л.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Бд холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг 2024 оны 04 сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

         Шүүгдэгчийн биеийн байцаалт:

         Монгол улсын иргэн, Д.Б,

 

Холбогдсон хэргийн талаар :

Шүүгдэгч Л.Б нь нь 2023 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 11 цаг 00 минутад Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт Тэмээтэй хөшөөний зүүн талын авто зам дээр ... улсын дугаартай Тоёота королла фильдер загварын тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож байхдаа Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 16.1.Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө болон 12.3.Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэснийг тус тус зөрчсөний улмаас явган хүний зохицуулдаггүй гарцаар зам хөндлөн гарч байсан А.Этийг мөргөж, эрүүл мэндэд нь баруун зулай, чамархай ясны хугарал, их тархины баруун тал бөмбөлгийн зулай, чамархай хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа гэмтэл бүхий хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

 

           Шүүхийн хэлэлцүүлэгт  дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Л.Бгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Тэр өглөө явган хүний гарцаас жоохон зайтай явж байхад 1 хүүхэд хар хурдаараа гүйж ирээд машины хажуу талаас шүргээд ойчсон. Эх, эцэг юм уу том хүн харж явсан бол энэ хэрэг гарахгүй байсан гэж бодож байгаа. Өөрийн үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Хийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би 3 хүүхэдтэй, ам бүл 5-уул амьдардаг. Тухайн өдөр манай хүүхэд ганцаараа сургалтаасаа гэр лүүгээ ирж байсан. Манай хүүхэд Шанд плазагаас гараад шууд явган хүний гарцаар яваад гэр лүгээ ирдэг. Явган хүний гарцаар байнга гардаг хүүхэд. Одоо биеийн байдал бүрэн эдгэрээгүй байгаа. Зулай ясны гэмтэл бороо үүсээгүй, тархиндаа наалдац үүссэн байна гэж хамгийн сүүлд эмчид үзүүлэхэд хэлсэн. Чимээ шуугиантай газар байхаар чих нь шуугьдаг, тархи толгой нь байнга өвддөг, ядардаг, мартаж санадаг, уурлаж уцаарладаг болсон. 3 сар тутам эмнэлгийн хяналтад очиж үзүүлдэг, нэмэлт сургалтад явуулж чадахгүй болсон гэсэн мэдүүлэг,

 

Бага насны хохирогч А.Этийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Би 2023 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Шанд Плазад байх Англи хэлний сургалтаа тараад гэр лүүгээ явж байхдаа замын гарцаар ганцаараа явж байхад машинд мөргүүлсэн. Машин миний аль талаас мөргөсөн талаараа би санахгүй байна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 32 дугаар тал),

                                                           

Гэрч С.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “..явган хүний харалдаа гарц руу хараад зогсож байтал төв зам хөндлөн гарахаар бага насны эрэгтэй хүүхэд ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийш явган явж байсан. Тухайн үед төв замын баруун талын эгнээгээр буюу хойд зүгээс урагш чиглэлд цагаан өнгийн машин их хурдтай гарч ирээд явган хүний гарцаар зам хөндлөн гарч байсан бага насны хүүхдийг мөргөж унагаагаад хэсэг явж байгаад зогсож машин дотроос нэг үл таних хүн бууж ирээд хүүхдийг өргөж машиндаа суулгаад хөдөлсөн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 37 дугаар тал),

 

Техникийн шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 37 дугаартай "... Тухайн осолд тээврийн хэрэгслийн зүгээс нөлөөлөх зүйл байгаагүй..." гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 46-47 дугаар тал),

 

Дорноговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн ... дугаартай "...А.Этийн биед баруун зулай, чамархай ясны хугарал, их тархины баруун тал бөмбөлгийн зулай, чамархай хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, баруун чамархайн зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Учирсан баруун зулай, чамархай ясны хугарал гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар, их тархины баруун тал бөмбөлгийн зулай, чамархай хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-т зааснаар тус тус амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарах ба цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна..." гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 51-53 дугаар тал),

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 9-13 дугаар тал),

 

Мөрдөгчийн “...Цагаан өнгийн Toyota Corolla Fielder маркийн ... хэрэгслийг жолоодон явсан ... улсын дугаартай тээврийн регистрийн дугаартай, .... настай, эрэгтэй, Д.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн дараах зүйл заалтуудыг зөрчсөн байна гэж үзлээ. Үүнд:... Арван зургаа. Явган хүний гарц нэвтрэх

16.1.Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө... Арван хоёр. Тээврийн хэрэгслийн хурд... 12.3.Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.... гэсэн магадалгаа (хавтаст хэргийн 85-86 дугаар тал)

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас ( хавтаст хэргийн  107 дугаар тал) зэргийг шинжлэн судлав.

 

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан  журмын дагуу бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт  хамааралтай, нотолгооны ач холбогдол бүхий  дээрх нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж  харьцуулан судалсны үндсэн дээр шүүгдэгч Л.Б нь  2023 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 11 цаг 00 минутад Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт Тэмээтэй хөшөөний зүүн талын авто зам дээр ... улсын дугаартай Тоёота королла фильдер загварын тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож байхдаа Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 16.1.Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө, 12.3.Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган хүний зохицуулдаггүй гарцаар зам хөндлөн гарч байсан А.Этийг мөргөж хүнд хохирол учруулсан  нь нотлогдон тогтоогдож байна.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

           Жолооч хөдөлгөөний аюулгүй  байдлыг хангах, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, түүнээс гарах хохирлыг багасгахад тээврийн хэрэгслийн хурдыг зөв сонгож явах, аюул саад тулгарч болзошгүй үед хөдөлгөөний хурдыг хасах, зогсоох арга хэмжээ авах нь зам тээврийн ослоос сэргийлэх, ослоос гарч болох хохирлыг багасгах  ач холбогдолтой юм.

        Зам дээрх аюул саад нь янз бүрийн шинж чанартай байж болох учраас түүнд тохирсон арга хэмжээг жолооч өөрөө зөв сонгох үүрэгтэй.

            Жолооч Л.Б нь Замын Хөдөлгөөний дүрмийн 16.1.Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө, 12.3.Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг зөрчсөн болох нь бага насны хохирогч А.Этийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Би 2023 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Шанд Плазад байх Англи хэлний сургалтаа тараад гэр лүүгээ явж байхдаа замын гарцаар ганцаараа явж байхад машинд мөргүүлсэн. Машин миний аль талаас мөргөсөн талаараа би санахгүй байна...” гэсэн мэдүүлэг, гэрч С.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “..явган хүний харалдаа гарц руу хараад зогсож байтал төв зам хөндлөн гарахаар бага насны эрэгтэй хүүхэд ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийш явган явж байсан. Тухайн үед төв замын баруун талын эгнээгээр буюу хойд зүгээс урагш чиглэлд цагаан өнгийн машин их хурдтай гарч ирээд явган хүний гарцаар зам хөндлөн гарч байсан бага насны хүүхдийг мөргөж унагаагаад хэсэг явж байгаад зогсож машин дотроос нэг үл таних хүн бууж ирээд хүүхдийг өргөж машиндаа суулгаад хөдөлсөн...” гэсэн мэдүүлэг, хэргийн газрын бичлэг бүхий сиди бичлэг, 2024 оны 11 сарын 23-ны өдрийн мөрдөгчийн  магадалгаагаар,

Бага насны хохирогч А.Этийн  эрүүл мэндэд нь баруун зулай, чамархай ясны хугарал, их тархины баруун тал бөмбөлгийн зулай, чамархай хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа гэмтэл бүхий хүнд хохирол учруулсан болох нь Дорноговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн ... дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

          Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг нь жолооч автотээврийн хэрэгслийг жолоодон хөдөлгөөнд оролцож замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчиж буй үйлдлээ хууль бус гэдгийг өөрөө ухамсарлаж, хууль бус үйлдлийн улмаас нийгэмд аюултай хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж байсан боловч түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирч, хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд хохирол учруулснаар гэмт хэрэг төгссөнд тооцдог.

Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн  2.3-т заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчин  хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг хангаж байх тул тус зүйл, хэсгээр гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх  үндэслэлтэй байна.

 

Хохирол төлбөрийн талаар: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ.” гэж тус тус  зохицуулсан байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс бага насны хохирогч Б.Этийн эрүүл мэндэд учирсан хохиролд болон бусад зардалд 9,650,654 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргаснаас шүүгдэгчээс мөрдөн шалгах ажиллагааны шатанд төлсөн 5,000,000 төгрөгийг хасаж 4,650,654 төгрөгийг гаргуулан олгох нь зүйтэй.

 

Сэтгэцэд учирсан хор уршиг гэдэгт гэмт хэргийн хохирогч гэмтлийн улмаас мэдэрч буй өвдөлт, зовуурь, шаналал, түүнчлэн гэмт хэргийн улмаас баяр баясалгүй болох, нийгмийн байр сууриа алдах, бусадтай хэвийн харилцах чадваргүй болох,хувийн зан байдал нь сөргөөр өөрчлөгдөх зэргээр амьдралын чанар муудсаны улмаас сэтгэцийн эмгэгтэй болохыг ойлгоно.

 

Монгол Улсын Их Хурлаас 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийг үнэлэх, мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой зохицуулалтыг хуульчилсан.

 

Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалыг” баталсан.

 

Уг аргачлалд заасан “нөхөн төлбөр тооцох жишиг, аргачлал” хүснэгтийн тавдугаар зэрэглэлд “хүнд хохирлын улмаас хохирогчид үүссэн сэтгэцийн эмгэг” нь 31-99 хувь байх ба хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 46 дахин нэмэгдүүлснээс 149 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл нөхөн төлбөрийн хэмжээг тогтоосон байна.

 

Иймд хохирогчийн эрүүл мэндийн байдал бүрэн эдгэрээгүй, толгой тархи нь байнга өвдөх өвдөлт, амархан ядардаг болсон, зан байдлын хувьд уур уцаартай болсон, нийгмийн харилцаанд бие даан оролцох чадвар суларсан, ганцаараа гадуур гардаггүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3-д заасны дагуу хохирогчийн сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 70 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн, хохирогчийн сэтгэцэд учирсан хохирлыг 46,200,000 төгрөгөөр тооцон олгохоор шийдвэрлэв. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2024 оны 01 сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж байгаа 660,000 төгрөгөөр тооцов.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс бага насны хохирогчид гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой цаашид гарах зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Л.Б нь шүүхийн гэм буруугийн шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Хт хохирогч А.Этийн эрүүл мэндэд учирсан хохиролд 4,650,654 төгрөгийг, сэтгэцэд учирсан хохиролд 6,200,000 төгрөгийг төлсөн тул шүүгдэгчээс сэтгэцэд учирсан хохиролд 40 сая төгрөг гаргуулан олгох нь зүйтэй.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэж заасан. Шүүгдэгчид холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулах ялд хүндрүүлсэн өөрчлөлт 2023 оны 12 сарын 07-ны өдрийн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр орсон ба шүүгдэгч Л.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тухайн гэмт хэрэг үйлдэх үед мөрдөж байсан үеийн хуулиар хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд улсын яллагчаас “Шүүгдэгч Л.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт зааснаар  тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах  дүгнэлтийг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчөөс ялын талаар саналгүй, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү  гэсэн саналыг  тус тус гаргаж оролцсон болно.

Шүүгдэгч Л.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа  гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа,  нотлох баримтаар тогтоогдсон, хохирлыг төлсөн, цаашид гарах хохирлыг нөхөн төлөхөө шүүхийн хэлэлцүүлэгт илэрхийлсэн зэргийг харгалзан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Бд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах ялыг, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс тоолох нь зүйтэй.

 Бусад асуудлаар: Шүүгдэгч Л.Б нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт хэрэгт хавсаргаж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан  хяналтын камерын бичлэгийн хуулбар бүхий 1 ширхэг сидиг хэргийн хамт хадгалахыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8,36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч  Д.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан “авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

         2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2,  7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч Л.Бгийн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

         3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д зааснаар шүүгдэгч Л.Бд оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөн, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авсугай.

 

        4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5, 7.3 дугаар зүйлийн  5-д зааснаар шүүгдэгч Л.Б нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

        5.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 185, 186 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Л.Бд оногдуулсан хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөн, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

         6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Бд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах ялыг, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс тоолсугай.

 

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1,  511 дүгээр зүйлийн 511.3  дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Бгээс сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд 40,000,000 төгрөг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Хт олгож, цаашид эмчлүүлэх болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

8.Шүүгдэгч Л.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдаж, хэрэгт хавсарган ирүүлсэн хяналтын камерын бичлэгийн хуулбар бүхий 1 ширхэг сидиг хэргийн хамт хадгалсугай.

 

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Д.АДЪЯАСҮРЭН