| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чадраабалын Батчимэг |
| Хэргийн индекс | 102/2020/03517/И |
| Дугаар | 102/ШШ2021/00985 |
| Огноо | 2021-04-07 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 04 сарын 07 өдөр
Дугаар 102/ШШ2021/00985
2021 оны 04 сарын 07 өдөр Дугаар 102/ШШ2021/00985 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Ч.Батчимэг даргалж,
Нэхэмжлэгч: БГД, 0 дүгээр хороо, 0 хороолол, 00а байр, 000 тоот хаягт оршин суух, эрэгтэй, Б овогтой Ж-ийн Б /РД: АА00000000/-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: БГД, 0 дүгээр хороо, 0 хороолол, ЭТӨЧ гудамж, 00 байр, 00 тоот хаягт оршин суух албан ёсны бүртгэлтэй боловч БЗД дүүрэг, 00 дугаар хороо, 00 байр, 00 тоот хаягт оршин суух, эмэгтэй, О овогтой Ү-ийн А /РД: АА0000000/-д холбогдох,
Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн эцэг тогтоолгох тухай үндсэн, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах, гэр бүлийн дундын өмчлөлийн эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хаалттай хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ж.Б, хариуцагч Ү.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Ундармаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Ж.Б миний бие Ү.А-тай 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүү Б.Т төрсөн өдрөөс 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хамт амьдарсан. Бид 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн иргэний бүртгэлийн хэлтэст гэрлэлтээ бүртгүүлж 00000000000 дугаартай гэрчилгээ авсан. Бидний хүү Б.Т 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр, охин Б.М 2019 ны 04 дүгээр сарын 24-ний өдөр төрсөн. Хүү Б.Т төрсөн цагаас эхлэн миний хүү мөн биш талаар гэр бүлийн маргаан үүсч цаашдаа бид зан байдал болон бусад тааламжгүй байдлын улмаас байнгын гэр бүлийн маргаантай амьдарч байсан учир 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс одоог хүртэл тусдаа амьдарч байна. Иймд шүүхэд нэхэмжлэл гаргахын өмнө эвлэрүүлэн зуучлах албанд хандсан боловч эвлэрээгүй. Цаашдаа Ү.А-тай хамтран амьдрах боломжгүй гэж үзэж гэрлэлтээ цуцлуулах, 2 хүүхдийн эцэг нь мөн эсэхээ цусны ДНК-н шинжилгээ хийлгэж нотлуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна ... гэв.
Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Ү.А миний бие 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүү Б.Т-г төрүүлж 2020 оны 12 дугаар сарын 25-нд төрөх эмнэлгээс Баянгол дүүргийн 0 дүгээр хороо 00а-000 тоотод гарч нөхөр Ж.Б түүний аавын хамт амьдарсан. Бид 2017 оны 11 дүгээр сарын 20-нд гэрлэлтээ батлуулж 2018 оны 08 дугаар сард нөхөр Ж.Б Оросын Холбооны Улсад суралцахаар явсан. Түүнийг явсных нь дараа дахин жирэмслэснээ мэдэж бид ярилцаж хүүхдээ төрүүлэхээр болсон. Байрны лизингээ төлөх боломжгүй болсон тул байраа түрээслэж би өөрийн ээжийнд амьдрах болсон. 2019 оны 04 дүгээр сарын 24-нд охин Б.М-ийг төрүүлсэн. Охиноо 3 сартайд нөхөр маань амралтаараа ирээд охины царай хэвийн биш, дауны өвчтэй юу, хүүхдүүд хоорондоо төсгүй байна гэсэн. 3 сар байх хугацаандаа өөрийн эцэг эхийнд амьдарч байгаад явсан. 2020 оны 08 сард сургуулиа төгсөж ирээд гэрлэлтээ цуцлуулъя, хайр сэтгэлгүй, хүүхдүүдээ өөрийн хүүхэд биш гэсэн эргэлзээтэй их хэцүү байна гэж мессеж бичсэн. 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд дуудагдан нэхэмжлэлтэй танилцсан. 2 хүүхдээ болон намайг эхнэрээ гэж хайрлаж, хүндлэх сэтгэлгүй гэж байгааг хүлээн зөвшөөрч эцэг тогтоолгож, гэр бүл цуцлуулахыг зөвшөөрч байна. Харин БГД-ийн 0 дүгээр хороо, 00а-000 тоот орон сууцны ипотекийн урьдчилгаа мөнгө болгож миний нагац ах Б.Энхтөрөөс зээлсэн 38,000,000 төгрөгийг хүүгийн хамт буцаан төлүүлсний дараа гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэйг хүлээн авч тусалж өгнө үү ... гэв.
Хариуцагч Ү.А шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Ж.Б нь гэрлэлт цуцлуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг надад холбогдуулан гаргасан бөгөөд энэхүү шаардлагадаа хүүхдүүдээ өөрийн хүүхэд биш мэтээр бичиж эцэг тогтоолгох талаар дурдсан байдаг. Бидний хувьд цаашид хамтран амьдрах боломжгүй бөгөөд үүнийг хэн аль нь хүлээн зөвшөөрч 2018 оноос хойш тусдаа амьдарч байгаа. Энэхүү бүхий л цаг хугацаанд Ү.А миний бие ганцаараа хүү, охин хоёроо өсгөн хүмүүжүүлж байгаа билээ. Иймд хүү, охин хоёроо өөрийн асрамжид үлдээж, эцэг болох Ж.Б-аас хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр хүүхдийн тэтгэлэгийг гаргуулах хүсэлтэй байгаа болно.
Мөн бид 2015 оноос хамтран амьдарч эхэлсэн бөгөөд 2017 онд гэрлэлтээ батлуулсан. Ийнхүү хамтран амьдарч байх хугацаанд том хүү маань төрсөн бөгөөд 2016 оны 12 сард БГД-ийн 0 дүгээр хороо, 00А байрны 000 тоот 00.0 м.кв 0 өрөө орон сууцыг 170,000,000 төгрөгөөр худалдан авсан. Нэгэнт бид цаашид хамтран амьдрах боломжгүй болж, хүүхдүүдээ миний бие асран хамгаалж, өсгөн хүмүүжүүлэх учраас, нөгөө талаар гэр бүлийн дундын эд хөрөнгө болох үл хөдлөх эд хөрөнгийг ногдох хэсгээр үнийн дүнгээр тооцон хуваах хүсэлтэй байгаа болно. Иймд хуульд заасны дагуу дээрх үнийн дүнг гэр бүлийн гишүүдэд хуваан нэг хүнд ногдох хувь нь 42,500,000 төгрөг тул хүү, охин бид гуравд ногдох хувь болох 127,500,000 төгрөгийг Ж.Б-аас гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна. Иймд хүү Б.Т, охин Б.М нарыг Ү.А миний асрамжид үлдээж, хүүхдийн тэтгэлэг тогтоож, гэр бүлийн дундын өмчлөлийн эд хөрөнгө болох БГД-ийн 0 дүгээр хороо, 00А байрны 000 тоот 00.0 м.кв 0 өрөө байрны өөрт болон 2 хүүхдэд ногдох хэсэг болох 127,500,000 төгрөгийг Ж.Б-аас гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигч 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: ...Талууд хэн аль нь гэрлэлт цуцлахыг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа болно. Хүү Б.Т /РД:АА00000000/, охин Б.М /АА00000000/ нарыг Ү.А-гийн асрамжид үлдээхээр талууд харилцан тохиролцож байна. Хүүхдийн тэтгэлэгийг эвлэрсэнээс хойш 2 жилийн хугацаанд Ж.Б нь төлөхөөс чөлөөлөгдөж байгаа бөгөөд 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хуульд заасан хувь хэмжээний дагуу сар бүр төлж байхаар харилцан тохиролцож байна. Ж.Б-гийн хувьд хүүхдүүдээ асран тэтгэх болон хүүхдүүдтэйгээ уулзаж байхад Ү.А-ийн зүгээс хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хориг саад хийхгүй байхаар тохиролцож байна. Талуудын хувьд гэр бүлийн дундын өмчлөлийн үл эд хөрөнгө болох БГД-ийн 0 дүгээр хороо, 00А байрны 000 тоот 00.0 м.кв 0 өрөө байрны өөрт болон 2 хүүхдэд ногдох хэсэг болох 127,500,000 төгрөгийн шаардлагаас Ж.Б нь 38,000,000 төгрөгийг харилцан тохиролцож хүлээн зөвшөөрч 2021 онд 19,000,000 төгрөг, 2022 онд 19,000,000 төгрөгөөр Ү.А-д төлөхөөр, БГД-ийн 0 дүгээр хороо, 00А байрны 000 тоот 00.0 м.кв 0 өрөө байрны зээл болон хүүгийн бүхий л төлбөрийг Ж.Б нь бүрэн хариуцан төлж өмчлөх эрхээ өөр дээрээ авахад Ү.А-ийн зүгээс татгалзах зүйлгүй болно. Энэхүү гэрээгээр бусад гуравдагч этгээдийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй, эдгээрээс өөр ямар нэгэн эд хөрөнгийн маргаангүй болно гэжээ.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж.Б нь хариуцагч Ү.А-д холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн эцэг тогтоолгох, хариуцагч Ү.А нь нэхэмжлэгч Ж.Б-д холбогдуулан хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, гэр бүлийн гишүүдийн дундын эд хөрөнгөөс өөрт болон хүүхдүүдэд оногдох хэсэг болох 127,500,000 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргажээ.
Гэрлэгчид 2015 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр гэр бүл болсныг 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн 0000000000 дугаарт бүртгүүлэн хууль ёсны гэр бүл болж, тэдгээрийн дундаас 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүү Б.Т, 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр охин Б.М нар төрсөн болох нь гэрлэлтийн болон хүүхдийн төрсний гэрчилгээ, зохигчийн тайлбар зэргээр тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Ж.Б нь эцэг тогтоолгох шаардлага гаргасан боловч хэрэгт авагдсан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 5622 дугаартай шинжээчийн дүгнэлтэд Ж.Б нь Б.Т, Б.М нарын биологийн эцэг байх 99,9 хувийн магадлалтай болохыг тогтоосон байхаас гадна 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүү Б.Т, 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр охин Б.М нарын төрсний бүртгэлийн гэрчилгээнд эцгийн нэр Ж.Б гэж бичигдсэн байгаа нь Гэр бүлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д зааснаар хүүхдүүдийн эцэг Ж.Б болохыг захиргааны журмаар тогтоосон байна. Иймд Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар хүүхдийн эцгийг шүүхийн журмаар тогтоох үндэслэлгүй гэж үзлээ.
Нэхэмжлэгч гэрлэлт цуцлуулах үндэслэлээ таарамжгүй харилцааны улмаас цаашид гэр бүлийн харилцааг үргэлжлүүлэх боломжгүй гэж тайлбарлаж, хариуцагч энэ талаар маргаагүй гэрлэлт цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байгаа нөхцөл байдлыг харгалзан үзэж гэрлэгчдэд эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцалж шийдвэрлэв.
Мөн Гэр бүлийн тухай 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар гэрлэгчид хүүхдээ хэний асрамжид үлдээх, түүнийг тэжээн тэтгэх, хамтран өмчлөх эд хөрөнгө хуваах тухайгаа бие даан харилцан тохиролцож, гэрээ байгуулсан нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчөөгүй байна.
Иймд 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр төрсөн хүү Б.Т, 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр төрсөн охин Б.М нарыг эх Ү.А-ийн асрамжид үлдээж, хүүхдээ тэжээн тэтгэх, эд хөрөнгийн талаар харилцан тохиролцсон эвлэрлийг батлах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар Б овогтой Ж-ийн Б /РД: АА00000000//, О овогтой Ү-ийн А /РД: АА00000000/ нарын гэрлэлтийг цуцласугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр төрсөн хүү Б.Т, 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр төрсөн охин Б.М нарыг эх Ү.А-ийн асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-т зааснаар хүүхдийн эцэг тогтоолгох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч Ж.Б, хариуцагч Ү.А нар нь хүүхдийн тэтгэлэгийг эвлэрсэнээс хойш 2 жилийн хугацаанд Ж.Б нь төлөхөөс чөлөөлөгдөж, 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хуульд заасан хувь хэмжээний дагуу сар бүр төлөх,
Ж.Б хүүхдүүдээ асран тэтгэх болон хүүхдүүдтэйгээ уулзаж байхад Ү.А-ийн зүгээс хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хориг саад хийхгүй байх,
Гэр бүлийн дундын өмчлөлийн үл эд хөрөнгө болох БГД-ийн 0 дүгээр хороо, 00А байрны 000 тоот 00.0 м.кв 0 өрөө байрны өөрт болон 2 хүүхдэд ногдох хэсэг болох 127,500,000 төгрөгийн шаардлагаас Ж.Б нь 38,000,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч 2021 онд 19,000,000 төгрөг, 2022 онд 19,000,000 төгрөгийг тус тус Ү.А-д төлөх,
ББГД-ийн 0 дүгээр хороо, 00А байрны 000 тоот 00.0 м.кв 0 өрөө байрны зээл болон хүүгийн бүхий л төлбөрийг Ж.Б нь бүрэн хариуцан төлж өмчлөх эрхээ өөр дээрээ авахад Ү.А-ийн зүгээс татгалзах зүйлгүй байхаар тус тус харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 865,700 төгрөгийг тус тус Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ү.А-аас улсын тэмдэгтийн хураамжид 140,400 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.Б-д олгох, нэхэмжлэгч Ж.Б-аас 865,700 төгрөгийг гаргуулж хариуцагч Ү.А-д тус тус олгосугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар энэхүү шүүхийн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэн, гэрлэлт цуцласны бүртгэлд бүртгүүлж болохыг дурдсугай.
7. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар эцэг эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг дурдсугай.
8. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглох болохыг мэдэгдсүгэй.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАТЧИМЭГ