| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Адъяахүүгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 102/2021/00319/И |
| Дугаар | 102/ШШ2021/00853 |
| Огноо | 2021-03-30 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 03 сарын 30 өдөр
Дугаар 102/ШШ2021/00853
2021 оны 3 сарын 30 өдөр Дугаар 102/ШШ2021/00853 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхзулыг суулган тэмдэглэл хөтлүүлж, тус шүүхийн хуралдааны 5 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: *******,*******, өөрийн байранд байрлах, хуулийн этгээдийн ******* регистртэй ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,*******,******* тоотод оршин суух, ******* регистртэй, ******* овогт ын ,
Хариуцагч: *******,*******,******* тоотод оршин суух, регистртэй, ******* овогт ын нарт холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 9,498,168 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагч Г. нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын тэргүүн орлогч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон, итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
Зээлдэгч Г., Г. нар нь тус банктай 2017 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр ЦЗГ0105/170119 тоот зээлийн гэрээг байгуулан 10,000,000 /арван сая/ төгрөгийг сарын 1,9 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар зээлж авсан. Зээлдэгч нар гэрээгээр хүлээсэн үүргээ байнга зөрчиж зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлж барагдуулаагүй тул энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. 2021 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар үндсэн зээл 5,553,500.77 төгрөг, зээлийн үндсэн хүү 3,669,243.12 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 272,424.87 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбогдон гарсан зардал 3,000 төгрөг, нийт 9,498,168.76 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү. Хариуцагч нар зээлийн гэрээг Улаанбаатар хотын банк ХХК-тай байгуулсан боловч тус банкыг ******* ХХК-д нэгтгэснийг улсын бүртгэлд бүртгэгдсэн байгаа. Тиймээс тухайн зээлийн гэрээний үүргийг нэхэмжлэгч шаардах эрхтэй. Зээлдэгч нар нь гэрээний дагуу үндсэн зээл 4,446,499.23 төгрөг, зээлийн хүү 3,079,059 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 12,539 төгрөг төлсөн. Зээлийн гэрээний дагуу талууд эргэн төлөх хуваарийг мөн тохирч гаргасан. Тогтмол төлөх үндсэн зээл, хүү зэрэг тооцогдож байгаа. Хариуцагч Г. зээлийн төлбөрийн үлдэгдлийг нийт төлсөн дүнгээр бодож байгаа нь буруу юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү... гэв.
Хариуцагч Г. шүүхэд гаргасан хариу тайлбар, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
Миний бие ******* ХХК-иас ямар нэгэн зээл аваагүй. Сонгинохайрхан дүүргийн прокурорын газарт прокурорын туслахаар ажиллаж байх хугацаандаа 2017 онд Улаанбаатар хотын банк ХХК-иас цалингийн зээл гэж 10,000,000 төгрөг зээлсэн юм. Цалингийн зээлээ хугацаа алдалгүй төлж байсан ба 2019 оны 1 дүгээр сараас дахин зээл авах гэж хөөцөлдсөн боловч боломжгүй гэсэн. Би тус банкны захирал, эдийн засагч хоёртой удаа дараа уулзсан боловч зээл олгоогүй тул зээлээ төлөхөө больсон. Тухайн үед зээлийн эдийн засагч болон салбар хариуцсан захирал нь миний үлдэгдлийг 2,500,000 төгрөг байна гэж хэлж байсан. Гэтэл *******ны хуулийн салбараас хүн ирж уулзаад Улаанбаатар хотын банк дампуурч манай банктай нэгдсэн гэж хэлээд, миний зээлийг 5,000,000 төгрөг байна гэхээр нь би учир байдлаа хэлтэл энэ талаар судлаад дахин холбогдоно гээд явсан. Гэтэл 2021 оны 2 дугаар сарын 16-ны өдөр миний ээж рүү залгаж надтай холбогдож чадахгүй байна, 9,500,000 төгрөг төлөх ёстой гэсэн байсан. Миний бие зээлсэн мөнгөн дүнгийнхээ 80 хувийг нь төлсөн байхад дахин 9,500,000 төгрөг нэхэмжилж байгааг нь хүлээн зөвшөөрөхгүй байх тул энэ хэргийг сайтар шалган үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү. Би ажлаасаа 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдөр гарсан. 2018 оны 1 дүгээр сард дахин зээл авах гэхэд хүлээж аваагүй. 2018 оны 1 дүгээр сараас 3 дугаар сарыг хүртэлх хугацаанд цалингийн данснаас зээл хасагдсан байсныг оруулаагүй байна. Одоо зээлийн үлдэгдэл 2,500,000 гэж бодож байна. 7,000,000 төгрөг төлсөн...гэв.
Хариуцагч Г. шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа:
Г. миний бие ах Г.ийн цалингийн зээл авахад нь тусалж Улаанбаатар хотын банк-нд очиж батлан даагч болсон ба ******* ХХК-иас зээл авахад батлан даагчаар ороогүй. Ах Г.ийг өөр ямар нэгэн банкнаас зээл авсан болохыг мэдэхгүй. Г.ийн тавьсан өр төлбөрийг төлөх боломжгүй. Миний бие авто тээврийн осолд ороод ажилгүй, эмнэлгээр явж байгаа. Иймд энэ хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү...гэжээ.
Шүүх хуралдаанаар зохигчдын аман болон бичгээр гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
******* ХХК нь Г., Г. нарт холбогдуулан ээлийн гэрээний үүрэгт 9,498,168 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Г. зээлийн гэрээний дагуу 2,500,000 төгрөг төлөх үлдэгдэлтэй гэж тайлбарлан нэхэмжлэлээс энэ хэмжээгээр зөвшөөрч, үлдэх шаардлагыг үндэслэлгүй хэмээн эс зөвшөөрч маргасан бол хариуцагч Г. нь Улаанбаатар хотын банк ХХК-тай байгуулсан цалингийн зээлийн гэрээнд батлан даагчаар оролцсон, нэхэмжлэгч ******* ХХК-тай байгуулсан гэрээнд батлан даагчаар ороогүй учир зөвшөөрөх үндэслэлгүй хэмээн тайлбарлаж маргасан байна.
Г., Г. нар нь Улаанбаатар хотын банк ХХК-тай 2017 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр ЦЗГ0105/170119 тоот Цалингийн зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, зээлдүүлэгч нь 10,000,000 төгрөгийг 36 сарын хугацаатай, жилийн 22.8 хувь, сарын 1.9 хувийн хүүтэйгээр зээлдэгч нарт зээлдүүлэх, зээлийн эргэн төлөлтийн хуваарийг хавсралтаар баталж, хуваарийн дагуу төлбөр төлөөгүй хугацаа хэтэрсэн тохиолдолд нэмэгдүүлсэн хүү, үндсэн хүү, зээлийн төлбөр гэсэн дарааллаар суутган авах, зээлийн сарын төлбөр хуваарьт өдрөө төлөгдөөгүй тохиолдолд зээлийн үлдэгдлээс үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүүг хугацаа хэтэрсэн хоногоор тооцож авахаар тусгаж, гэрээний талууд хүсэл зоригоо илэрхийлэн гарын үсэг зурж баталгаажуулан, нотариатаар гэрчлүүлсэн байна. /хх 10-12/
Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулахаар зээлдэгч Г.ийн цалин болон *******,*******,******* тоот хаягт байх эд хөрөнгүүд болох Сони маркийн зурагт, Цагаан өнгөтэй хөргөгч, БиЭсБи загварын угаалгын машин зэргийг барьцаалжээ.
Талуудын байгуулсан зээлийн гэрээ Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2 дах хэсгүүдэд нийцсэн, хүчин төгөлдөр гэрээ байх бөгөөд зохигчид гэрээний ерөнхий нөхцөл, зээлийн мөнгөн дүнгийн талаар маргаагүй. Харин зээлийн гэрээний дагуу төлвөл зохих төлбөрийн үлдэгдэл, тооцооллын талаар хариуцагч тал маргаж байна.
Зээлдүүлэгч Улаанбаатар хотын банк ХХК-ийг 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдөр ******* ХХК-д нэгтгэсэн болох нь нэхэмжлэгчийн Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараар тогтоогдсон байх тул маргаан бүхий зээлийн гэрээний үүргийн ******* ХХК нь Г., Г. нараас шаардах эрхтэй.
Хариуцагч Г. зээлийн төлбөрийг төлөх боломжгүй, уг гэрээнд батлан даагчаар орсон гэж, мөн хариуцагч Г. цалингийн зээлийг өөрөө хариуцна хэмээн тус тус тайлбарлах боловч Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.2 дахь хэсэгт ...хамтран хүлээх үүрэг нь хууль буюу гэрээнд зааснаар, эсхүл үүргийн зүйлийн үл хуваагдах шинж чанартай холбоотой үүснэ гэж заасны дагуу хамтран үүрэг гүйцэтгэгч байх тул гэрээний үүргийг Г., Г. нарын дундаас гаргуулахаар шаардсан нь хуульд нийцжээ.
Хариуцагч нар зээлийн гэрээний дагуу 2017 оны 2 дугаар сарын 17-ны өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдрийг хүртэлх хугацаанд үндсэн зээлийн төлбөрт 4,446,499.23 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 3,074,059 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 12,539 төгрөг, нийт 7,533,097.23 төгрөгийн төлөлт хийсэн байна.
Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж, мөн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэгт Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө гэж заасны тус тус дагуу зээлдэгч нар нь зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрөөс чөлөөлөгдөх үндэслэлгүй юм.
2018 оны 9 дүгээр сараас эхлэн зээлдэгч нар гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас үндсэн зээл 5,553,500.77 төгрөг, зээлийн хүү 3,941,667.99 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 272,424.87 төгрөг, нийт 9,495,168.76 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй болох нь Зээл, зээлийн хүүгийн тооцоолол болон зохигчдын тайлбараар тогтоогдож байх тул Г., Г. нараас гаргуулан ******* ХХК-д олгох нь зүйтэй. /хх 13-16/
Мөн Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно гэж заасны дагуу нэхэмжлэл гаргахад холбогдон гарсан нотариатын зардал 3000 төгрөгийг нэхэмжлэгч нь хариуцагч нараас шаардах эрхтэй гэж дүгнэн энэ шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Хариуцагч Г. шүүх хуралдааны товыг мэдсэн боловч эмнэлэгт хэвтсэний улмаас шүүх хуралдаанд оролцох боломжгүй, өөрийн эзгүйд шүүх хуралдааныг хийлгэх тухай хүсэлтийг шүүгчийн туслах Г.Зулаад утсаар мэдэгдсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар түүний эзгүйд хэрэгт цугларсан баримтыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйлийн 116.1, 118 дугаар зүйлийн 118.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.3, 227 дугаар зүйлийн 227.3 дах хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г., Г. нараас 9,498,168.76 төгрөг /есөн сая дөрвөн зуун ерэн найман мянга нэг зуун жаран найман төгрөг далан зургаан мөнгө/ гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 166,920 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж, хариуцагч нараас 166,920 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САРАНТУЯА