| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Адъяахүүгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 102/2021/00251/И |
| Дугаар | 102/ШШ2021/00755 |
| Огноо | 2021-03-23 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 03 сарын 23 өдөр
Дугаар 102/ШШ2021/00755
2021 оны 03 сарын 23 өдөр Дугаар 102/ШШ2021/00755 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхзулыг суулган тэмдэглэл хөтлүүлж, тус шүүхийн хуралдааны 2 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******,******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,*******,*******,этгээдийн 5928907 регистртэй, Нөмөр кредит ББСБ ХХК-д холбогдох,
Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Цэгмэд, нэхэмжлэгчийн өмгөөлөгч К.Султанбек /ШТҮД:1756/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Батхуяг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Б.Цэгмэд шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өмгөөлөгч К.Султанбекийн хамт гаргасан тайлбартаа:
Би 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Нөмөр кредит ББСБ ХХК-д нягтлан бодогчийн ажилд орж, улмаар туршилтын 3 сарын хугацааг амжилттай дуусган 2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдрөөс уг ажилдаа жинхэлсэн. Гэтэл 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр намайг ажлаас чөлөөлсөн тушаал гаргасан. Хариуцагчийн 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Б/59 тоот тушаалын 1 дэх хэсэгт Хөдөлмөрийн гэрээний 4.4.1, 4.4.17-д заасан хөдөлмөрийн гэрээг ноцтой зөрчсөн гэжээ. Хөдөлмөрийн гэрээний 4.4.1-д: Хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, 4.4.17-д: Хамтран ажилладаг ажилтнуудтай харьцах харьцаа, ёс зүйн зөрчил удаа дараа гаргасан гэдэг үндэслэл заагджээ. Гэтэл би дээрх зөрчлийг нэг ч удаа гаргаж байгаагүй бөгөөд энэ асуудлаар сануулах болон бусад арга хэмжээ авхуулж байгаагүй. Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь хариуцлагатайгаар хийж гүйцэтгэж ирсэн. Тус байгууллагын ахлах нягтлан бодогч О.Лхагвадорж нь удаа дараа надад бэлгийн сонирхолтой байгаагаа илэрхийлж, байгууллагын ажилтны хуримын хүлээн авалт дээр өдөж хоргоосон, энэ зүй бус үйлдлийг нь зогсоож, нүүр өгөөгүй. Энэ явдлаас хойш ажлын байран дээр удаа дараа халуухан******* гэх мэт үг хэлж, хурлын үеэр байнга харах, ширтэх гэх мэтээр өөрийн үйлдлийг илэрхийлж байсан. Би хамт олноос болон түүний найз бүсгүй н.Цэлмүүнээс санаа зовон О.Лхагвадоржид огт нүүр өгч байгаагүй. Энэ явдлаас хойш О.Лхагвадорж нь байгууллагын хурлын үеэр, хамт олны дунд намайг муутгах, хийсэн ажлыг минь үгүйсгэж эхэлсэн. Намайг хууль бусаар ажлаас үндэслэлгүй халах үед миний ажлыг О.Лхагвадорж хүлээж авахдаа оффист, хамт олны дунд хашгичин загнасан. Би тэвчээртэй байж, ажлаа хүлээлгэн өгсөн. Хариуцагч байгууллагад 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдөр нягтлан бодогчийн албан тушаалд томилогдон, өмнөх 3 жилийн ажлыг цэгцэлсэн. Үүнд: санхүүгийн баримтыг цэгцэлж, програм дээрх актив, пассив болон үлдэгдэлд тулгалт 0 байж, тайлан тооцоо зөв гардаг гэдгийг хэлж, ажиллах хугацаанд хаана, хэрхэн зөрүү гарсныг шүүж эхэлсэн. Зөрүү гаргах үед 11,000,000 төгрөгийн буруу бичилт бичигдсэн байсныг нөхөн илрүүлсэн. Мөн нийт дансыг шүүж байх үед байгууллагад өртэй буюу дараа тайлангаа зохих ёсоор хаагаагүй, өр төлбөртэй ажилчид байсан. Үүнийг ахлах нягтлан бодогч О.Лхагвадорж болон өр төлбөртэй ажилчид руу имэйл илгээн мэдэгдэж, тооцоогоо дуусгахыг хүссэн. Тэдгээр хүмүүсийн дунд шүүхэд гэрчээр орсон үйл ажиллагааны менежер Б.Болортуяа 2,600,000 төгрөгийн өртэй байсан. Миний шударга ажиллаж, өр төлбөртэй ажилчдыг гаргаж ирсэн явдал нь О.Лхагвадорж болон Б.Болортуяа нарт таалагдаагүй бололтой. 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн тайланг бие даан явуулах эрх надад байхгүй. Ахлах менежер баталгаажилт хийсний дагуу явуулсан. Би гэрээг үндсэн ажилтны үүднээс байгуулсан гэж ойлгосон. Хэрвээ дахин 3 сарын хугацаатай байгуулна гэсэн бол би гэрээг байгуулахгүй байсан. Ажил олгогчоос гэрээг 3 сарын хугацаатай байгуулж байгаа гэж хэлээгүй. Б.Цэгмэдийг ажлаас чөлөөлөх тушаал нь нэхэмжлэгч шууд удирдах ахлах менежер Лхагвадоржийн зан ааштай холбоотой гэж үзэж байгаа тул уг ажлаас халах тушаал нь нэг талыг барьсан. Байгууллагын дотоод журмаас харахад дахин 3 сар ажиллуулж байгаад жинхэнэ ажилтан болгоно гэх зүйл харагдахгүй байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү...гэв.
Хариуцагч Нөмөр кредит ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Батхуяг шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
Хөдөлмөрийн тухай23.1, 23.2.2 дахь хэсэгт зааснаар Хөдөлмөрийн гэрээг талууд харилцан тохиролцсоноор 2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн НК-ХГ-20200917 дугаартай Хөдөлмөрийн гэрээг байгуулж, гэрээний 1.9-д зааснаар ажилтантай харилцан тохиролцсоны дагуу гэрээг ажилтны ажлын үр дүн, гүйцэтгэлийг тухай бүр үнэлж дүгнэх, улмаар компанийн бүтээмж, үр ашгийг нэмэгдүүлэх зорилгоор ажил олгогчийн санаачилгаар гэрээ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн анх байгуулсан хугацаа (2020.09.17-2020.12.16)-гаар сунгасан болно. Хөдөлмөрийн гэрээний 4.4.1-д хариуцсан ажлаа зохих ёсоор гүйцэтгээгүй, компанийн хөдөлмөрийн дотоод журам, түүний салбар журам, ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүй гэж заасан. Үүнд: удирдлагаас өгсөн үүрэг, даалгаврыг хугацаанд нь чанартай гүйцэтгэж, цагийг үр бүтээлтэй ашигладаггүй; ажил үүргээ гүйцэтгэх явцдаа өөрийн буруу үйлдэл тооцооллоос тухайн харилцагчтай буруу тооцоо хийсэн, буруу тооцоо хийсний улмаас 2 удаа тус бүр 60,000,000 төгрөгөөр буруу гүйлгээ хийгдсэн. Компанийн үнэт зүйл, дотоод соёлд нийцэхгүй, хамтран ажиллах боломжгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Нэхэмжлэгч Б.Цэгмэдтэй хөдөлмөрийн гэрээг харилцан тохиролцож 3 сарын хугацаатайгаар байгуулсан. Энэхүү хугацаа 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр дууссан бөгөөд, ажил олгогчийн зүгээс цаашид хөдөлмөрийн гэрээг сунгах шаардлагагүй гэж үзсэн учраас түүнийг ажлаас чөлөөлсөн. Хавтаст хэрэгт авагдсан баримтууд болон гэрчүүдийн мэдүүлгээр татгалзал нотлогдож байгаа. Нэхэмжлэгч өөрийгөө жинхэлсэн байсан гэж тайлбарлаж байна. Хэрвээ жинхэлсэн байсан бол ахлах менежерээр баталгаажуулалт хийлгэх байсан уу? гэдгийг бодох л асуудал юм. Талууд харилцан тохиролцож хөдөлмөрийн гэрээг 3 сарын хугацаатай байгуулсан. Хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан. Гэрээний хугацааг дахин сунгах боломжгүй гэж үзэж ажилтанг ажлаас чөлөөлсөн. 2020 оны 6 дугаар сард байгуулсан гэрээ дуусгавар болсон. 9 дүгээр сарын гэрээ нь энэ гэрээний сунгалт биш...гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Б.Цэгмэд нь хариуцагч Нөмөр кредит ББСБ ХХК-д холбогдуулан, тус компанийн нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч Нөмөр кредит ББСБ ХХК нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, Б.Цэгмэдтэй Хөдөлмөрийн тухай23 дугаар зүйлийн 23.2.2 дахь хэсэгт заасны дагуу 3 сарын хугацаатай хөдөлмөрийн гэрээг байгуулсан, гэрээний хугацаа дуусч, ажил олгогчийн зүгээс гэрээг сунгах шаардлагагүй гэж үзсэн, нэхэмжлэгч ажиллах хугацаандаа ажил үүргээ хангалтгүй биелүүлж, алдаа дутагдал удаа дараа гаргасан гэх агуулга бүхий тайлбар гаргаж маргасан.
Хөдөлмөрийн тухай129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт зааснаар ажилтан ажлаас буруу халагдсан тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргах эрхтэй байдаг бөгөөд, нэхэмжлэгч Б.Цэгмэд нь ажлаас чөлөөлөгдсөн тухай ажил олгогчийн 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн шийдвэрийг хүлээн авч, уг шийдвэрийг эс зөвшөөрсөн гомдлоо 2021 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр шүүхэд гаргасан нь гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй байна.
Б.Цэгмэд нь 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдрөөс Нөмөр кредит ББСБ ХХК-д нягтлан бодогчийн албан тушаалд туршилтын 3 сарын хугацаагаар томилогдон ажиллаж, улмаар ажил олгогчийн 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 48 тоот Б.Цэгмэдийг жинхлэн ажиллуулах тухай тушаалаар түүнийг 9 дүгээр сарын 17-ны өдрөөс нягтлан бодогчийн ажилд жинхлэн томилж, НК-ХГ-20200917 тоот Хөдөлмөрийн гэрээ байгуулан, 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл ажилласан байна. /хх-4, 6-7, 5/
Нөмөр кредит ББСБ ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн б/59 тоот Б.Цэгмэдийг ажлаас чөлөөлөх тухай тушаалаар тус компанийн нягтлан бодогч ажилтай Б.Цэгмэдийг Хөдөлмөрийн тухай37.1.3, 38.1.2, Хөдөлмөрийн дотоод журмын 24.1, Ажилтан ажлаас чөлөөлөгдөх болон өөр ажлын байранд шилжин ажиллах үеийн үйл ажиллагааны журмын 2.1, Хөдөлмөрийн гэрээний 4.4.1, 4.4.17 дах заалтуудыг үндэслэн түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөр дуусгавар болгож, үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. /хх-5/
Б.Цэгмэд ажил олгогчоос гаргасан уг шийдвэрийг эс зөвшөөрч, тушаалын үндэслэл болгосон Хөдөлмөрийн гэрээнд заагдсан зөрчлүүдийг ажиллах хугацаандаа гаргаж байгаагүй, сануулах болон бусад сахилгын арга хэмжээ авхуулаагүй байхад үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн, мөн хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулаагүй учир гэрээний хугацаа дууссан гэх үндэслэл тогтоогдохгүй гэх агуулга бүхий тайлбар гаргаж маргасан бол, Нөмөр кредит ББСБ ХХК-ийн зүгээс Б.Цэгмэдтэй 3 сарын хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулж, гэрээний хугацаа дууссанаар цаашид гэрээг сунгах шаардлагагүй гэж үзсэн, ажилтан ажиллах хугацаандаа ажил үүргээ хангалтгүй биелүүлж, алдаа дутагдал удаа дараа гаргасан гэх зэргээр тайлбарлан маргаж мэтгэлцэв.
Хөдөлмөрийн тухай23 дугаар зүйлийн 23.2.2, 37 дугаар зүйлийн 37.1.3 дахь хэсэгт тус тус зааснаар байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг талууд харилцан тохиролцсоноор хугацаатай байгуулж болох ба хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусч, цаашид сунгагдахгүй болсон бол гэрээг дуусгавар болгохоор хуульчилсан байна.
Мөн ажил олгогчийн шийдвэрийн үндэслэл болгосон, талуудын байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 4.4.1 дэх хэсэгт Хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүй, 4.4.17 дахь хэсэгт Хамтран ажилладаг ажилтнуудтай харьцах харьцаа, ёс зүйн зөрчил удаа дараа гаргасан зэрэг тохиолдлуудыг хөдөлмөрийн гэрээг ноцтой зөрчсөн гэж үзэхээр гэрээнд тодорхойлжээ. /хх-7/
Б.Цэгмэдийг Нөмөр кредит ББСБ ХХК нь 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдрөөс туршилтын 3 сарын хугацаагаар нягтлан бодогчийн ажилд түр томилж, хөдөлмөрийн гэрээ байгуулан, улмаар энэ хугацаа дууссанаар Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгон, шинээр НК-ХГ-20200917 дугаар Хөдөлмөрийн гэрээг 2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр байгуулж, түүнийг гүйцэтгэх захирлын 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 48 дугаар тушаалаар нягтлан бодогчийн ажилд жинхлэн ажиллуулахаар шийдвэрлэсэн байна. /хх-4/
Жинхлэн ажиллах буюу байнгын ажлын байр гэдэг нь Хөдөлмөрийн тухай3.1.15 дахь хэсэгт зааснаар ажил олгогчийн заасан ажлын байранд тогтоосон горимын дагуу ажил олгогчийн баталсан норм, үнэлгээ, сүлжээгээр цалин хөлс авч, ажлын өдөр, ээлжийн давтамжтайгаар гүйцэтгэх ажил үүрэг-ийг хэлнэ.
Ажил олгогч нь байнгын ажлын байранд ажиллаж буй ажилтантай байгуулах хөдөлмөрийн гэрээ нь ажилтантай тохиролцсоноос бусад тохиолдолд Хөдөлмөрийн тухай23.2.1 дэх хэсэгт зааснаар хугацаагүй байна.
Харин Хөдөлмөрийн тухай23.2.2 дахь хэсэг нь ажилтан, ажил олгогчийн тохиролцооны үндсэн дээр тодорхой үндэслэл, шаардлага үүссэн тохиолдолд хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулах нөхцлийг зохицуулжээ.
Хариуцагч талын үндэслэл болгож буй, талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний 1.9 дэх хэсэгт: Ажилтантай харилцан тохиролцсоны дагуу хөдөлмөрийн гэрээг ажилтны ажлын үр дүн, гүйцэтгэлийг тухай бүр үнэлж дүгнэх, улмаар компанийн бүтээмж, үр ашгийг нэмэгдүүлэх зорилгоор ажил олгогчийн санаачилгаар энэхүү гэрээ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн анх байгуулсан хугацаагаар сунгав гэж заасан байна. /хх-6/
Хөдөлмөрийн гэрээний дээрх заалтын дагуу талууд Хөдөлмөрийн тухай23 дугаар зүйлийн 23.2.2 дахь хэсэгт зааснаар харилцан тохиролцож 3 сарын хугацаатай гэрээ байгуулсан гэж үзэх үндэслэлгүй байна.
Учир нь гэрээний 1.9 дэх хэсэгт заасан анх байгуулсан хугацаа гэж ямар хугацааг хэлж буй нь тодорхойгүй, талуудын өмнө байгуулсан туршилтын хугацаатай ажиллах Хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон нь зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдсон бөгөөд энэ гэрээ ямар хугацаатай байгуулагдаж байгаа гэдэг нь гэрээний энэхүү заалтаар тогтоогдохгүй байна.
Тиймээс талууд гэрээг Хөдөлмөрийн тухай23 дугаар зүйлийн 23.2.1 дэх хэсэгт зааснаар хугацаагүй байгуулсан, мөн37 дугаар зүйлийн 37.1.3 дахь хэсэгт заасан гэрээг дуусгавар болгох үндэслэл үүсээгүй байхад гэрээг цуцалсан нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцээгүй, гэрээг үндэслэлгүйгээр дуусгавар болгосон гэж дүгнэн, Б.Цэгмэдийг Нөмөр кредит ББСБ ХХК-ийн нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэлээ.
Түүнчлэн Б.Цэгмэдийг ажлаас чөлөөлөх тухай ажил олгогчийн тушаалын үндэслэл болгосон Хөдөлмөрийн гэрээний 4.4.1, 4.4.17 дахь хэсгүүд нь гэрээг цуцлах ноцтой зөрчилд тооцогдохоор гэрээнд заасан ба Хөдөлмөрийн тухай40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт хамаарахаар байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс Б.Цэгмэдийг хуульд заагдсан ноцтой зөрчил гаргасны улмаас ажлаас чөлөөлөөгүй хэмээн тайлбарлах боловч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Б.Цэгмэдийн хийсэн гэх гүйлгээний баримтууд, харилцагч байгууллагатай тооцоо нийлсэн баримт, ажилтнуудын Дотоод харилцагчийн сэтгэл ханамжийн судалгааны тайлан, Нөмөр кредит ББСБ ХХК-ийн 2020 оны 3 дугаар улирлын Орлого, үр дүнгийн тайлан, уг тайлантай холбоотой Санхүүгийн зохицуулах хорооны улсын байцаагчийн 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 41 тоот албан шаардлага, мөн Б.Цэгмэдийг ажлаас чөлөөлөх тухай тушаал зэргийг нотлох баримтаар гаргаж, нэхэмжлэгчийн шууд удирдлага О.Лхагвадорж, Б.Болортуяа нарыг гэрчээр асуулгаж, нэхэмжлэгчийг гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан хэмээн тайлбарлаж маргасан.
Нэхэмжлэгч тал шүүх хуралдаанд оролцсон гэрч О.Лхагвадоржийг түүнд ажлын байрны болон бэлгийн дарамт үзүүлсэн, Б.Болортуяаг хоорондын хувийн таарамжгүй харилцааны улмаас бодитой үнэн зөв мэдүүлээгүй, мөн их хэмжээний гүйлгээ болон санхүүгийн тайланг бие даан гаргах эрхгүй, ахлах нягтлан бодогч О.Лхагвадоржийн зөвшөөрлөөр хийдэг бөгөөд ажиллах хугацаандаа ажил үүргээ сайн гүйцэтгэж байсны улмаас КэйПиАй /KPI/ үнэлгээ 100% үнэлүүлж байсан гэж тайлбарлан, Гүйцэтгэлийн үнэлгээний хуудсыг нотлох баримтаар гаргасан байна.
Хөдөлмөрийн тухай40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт ...ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан..., 40.1.5 дахь хэсэгт мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон тохиолдолд хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно... гэж тус тус хуульчилсан байна.
Ажилтанд сахилгын хариуцлага хүлээлгэх үндэслэл нь тэрээр ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох сахилгын ноцтой зөрчил гаргасан байх, улмаар тухайн зөрчлийг сахилгын арга хэмжээ ногдуулж буй ажил олгогчийн шийдвэрт тусгасан байх шаардлагатай.
Хариуцагч Нөмөр кредит ББСБ ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн б/59 тоот тушаал хуульд заасан дээрх шаардлагад нийцээгүй буюу, Б.Цэгмэд хэзээ, ямар зөрчил гаргасан болох нь тодорхойгүй байхад Хөдөлмөрийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах ноцтой зөрчлийн холбогдох заалтуудыг үндэслэл болгосон нь Хөдөлмөрийн тухай40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт нийцээгүй, Б.Цэгмэдийг сахилгын ноцтой зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлгүй байгааг дурдах нь зүйтэй.
Хөдөлмөрийн тухай69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар дундаж цалин хөлстэй тэнцэх олговор-ыг Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 55 тоот тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 7 дугаар зүйлийн А-д заасны дагуу Б.Цэгмэдийн дундаж цалин хөлсийг Нийгмийн даатгалын дэвтэрт хийгдсэн бичилтийн дагуу тооцон тодорхойлвол, түүний сүүлийн 3 сарын цалингийн нийлбэр 5,110,000 төгрөгөөс нэг сарын дундаж цалин хөлсний хэмжээг тооцвол 1,703,333 төгрөг, нэг өдрийн дундаж цалин 79,225 төгрөг /1,703,333 төгрөг : 21,5 хоног/ болж байх. Түүний ажилгүй байсан 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс 2021 оны 3 дугаар сарын 23-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан нийт 65 хоногийн цалинтай тэнцэх 5,149,625 төгрөгийг Нөмөр кредит ББСБ ХХК нь нэхэмжлэгчид олгох үүрэг хүлээнэ.
Хариуцагч Нөмөр кредит ББСБ ХХК нь нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсний дараа ажилгүйдлийн тэтгэмжид 2,250,000 төгрөг шилжүүлсэн болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан Сарын сүүл цалин дэлгэрэнгүй жагсаалт болон зохигчдын тайлбараар нотлогдож байх тул Б.Цэгмэдийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт ажил олгогчоос олговол зохих 5,149,625 төгрөгөөс түүнд төлөгдсөн 2,250,000 төгрөгийг хасч, үлдэх 2,899,625 төгрөгийг Нөмөр кредит ББСБ ХХК-иас гаргуулан Б.Цэгмэдэд олгож шийдвэрлэв.
Шүүх Б.Цэгмэдийг Нөмөр кредит ББСБ ХХК-ийн нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн тул Хөдөлмөрийн тухай46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт заасны дагуу Б.Цэгмэдийн ажилгүй байсан хугацааны Нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр нөхөн төлүүлж, энэ тухай ажилтны дэвтэрт бичилт хийх үүргийг хариуцагч байгууллагад даалгах нь зүйтэй.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар уг нэхэмжлэл нь гомдлоор авч хэлэлцэх хэрэг маргаанд хамаарах тул нэхэмжлэгч тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 61,344 төгрөг гаргуулан улсын төсөвт /Баянгол дүүргийн татвар/ оруулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Хөдөлмөрийн тухай128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан, нэхэмжлэгч Б.Цэгмэдийг Нөмөр кредит ББСБ ХХК-ийн нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч байгууллагаас нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 2,899,625 /хоёр сая найман зуун ерэн есөн мянга зургаан зуун хорин таван/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Цэгмэдэд олгосугай.
2.Хөдөлмөрийн тухай46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт заасныг баримтлан Б.Цэгмэдийн ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагч Нөмөр кредит ББСБ ХХК-д даалгасугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн тул хариуцагч Нөмөр кредит ББСБ ХХК-иас тэмдэгтийн хураамжид 61,344 төгрөг гаргуулан улсын төсөв /Баянгол дүүргийн татварын хэлтэс/-т оруулсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САРАНТУЯА