| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Адъяахүүгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 102/2020/03229/И |
| Дугаар | 102/ШШ2021/00666 |
| Огноо | 2021-03-16 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 03 сарын 16 өдөр
Дугаар 102/ШШ2021/00666
2021 оны 3 сарын 16 өдөр Дугаар 102/ШШ2021/00666 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхзулыг суулган тэмдэглэл хөтлүүлж, тус шүүхийн хуралдааны 3 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Л.Б-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: О.д холбогдох,
Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 44,800,000 /дөчин дөрвөн сая найман зуун мянган/ төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэл,
Л.Б-с 11,514,420 төгрөг гаргуулж, зээлийн гэрээний сунгалтыг хүчин төгөлдөр бусд тооцуулах, 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай хариуцагч О.Даваагийн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Л.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э, хариуцагч О.Д, хариуцагчийн өмгөөлөгч Д.З, Н.Э нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Л.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбар, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өмгөөлөгчийн хамт гаргасан тайлбартаа:
О.Д 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдөр 10,000,000 төгрөгийг 5 сарын хугацаатай, сарын 6 хувийн хүүтэй, хугацаа хэтэрсэн тохиолдолд 0,5 хувиар тооцож алданги тооцохоор харилцан тохиролцож гэрээ хийсэн. Барьцаанд 0 тоотод байрлах Ү-0 дугаартай 16 м.кв байрыг барьцаалсан. Гэрээг 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл сунгасан. О.Даваа нь хүүний төлбөрөөс 2,400,000 төгрөг төлсөн. Иймд үндсэн зээл 10,000,000 төгрөг, 37 сарын хүү 22,000,000 төгрөг, алданги 15,000,000 төгрөг, үүнээс төлсөн 2,400,000 төгрөгийг хасаад О.Даваагаас нийт 44,800,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.
Сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. О.Д, н.А нар 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдөр 10,000,000 төгрөг зээлийн гэрээ байгуулж авсан. Энэ гэрээний үүргийн дагуу тэд зээлээ төлж дуусгасан. Тооцоо нийлсэн баримт нь хавтаст хэрэгт өгсөн байгаа. Харин 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдөр О.Д дахин зээлийн болон барьцааныг эрээ байгуулан 10,000,000 төгрөгийг 6 хувийн хүүтэй зээлсэн. Энэ төлбөрөө төлөөгүй байгаа. 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн зээлийн гэрээний тооцоог нийлж, 2019 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн байдлаар 355,000 төгрөг төлж, уг гэрээг хааж, 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдөр авсан зээлээ 2019 оны 2 дугаар сарын 15-ны өдрөөс төлж эхлэнэ гэж О.Д бичсэн баримт хэрэгт байгаа. 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн зээлийн гэрээг хууль ёсны дагуу хийсэн, бүрэн төлөгдөж дууссан учир хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэл байхгүй. Тухайн цаг хугацаанд гэрээ байгуулахгүйгээр 10,000,000 төгрөг зүгээр хүнд өгнө гэж байхгүй. 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн зээлийн гэрээний сунгалтыг өөрийн хүсэлтээр гэрээг сунгасан. О.Даваа өөрийн гараар, өөрийн хүсэл зоригоо илэрхийлж гарын үсгээ зурж гэрээгээ сунгаж явсан нь хавтсат хэрэгт байгаа. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй...гэв.
Хариуцагч О.Д шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар, сөрөг нэхэмжлэл, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өмгөөлөгч нарын хамт гаргасан тайлбартаа:
Миний бие Л.Б-н гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Би Л.Б-д маш их хэмжээний мөнгө өгсөн. Миний бие Л.Б-тай урт хугацааны зээлийн гэрээ байгуулаагүй учир түүнд өгсөн мөнгөө буцааж шаардах болно. Иймд Л.Б-н нэхэмжилсэн 44,800,000 төгрөгийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Сөрөг нэхэмжлэл: Миний бие 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдөр Л.Б-с 10,000,000 төгрөгийг зээлэхээр тохирсон. Уг мөнгийг миний дансанд биш манай бэрийн дансанд хийсэн. 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдөр Л.Б-н Төрийн банкны 0 тоот дансанд 500,000 төгрөг, Хаан банкинд П гэдэг хүний дансанд хий гэсний дагуу 500,000 төгрөг, нийт 1,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Мөн 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдөр Л.Б-н Төрийн банкны дансанд 1,000,000 төгрөг, 2016 оны 9 дүгээр сарын 03-нд 1,000,000 төгрөг, 10 дугаар сарын 03-нд 1,000,000 төгрөг, 11 дүгээр сарын 06-ны өдөр 1,000,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн. Мөн 2017 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр би Солонгос улс руу явах гэж дансандаа байршуулахаар 5,000,000 төгрөгийг зээлэхээр хүүтэйгээ хамт Л.Б-н гэрт очиход өмнөх зээлээ баталгаажуулна гээд 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан мэтээр гэрээ байгуулж, хүү болон хугацааг тохирсон. Уг гэрээ нь зээл авсан хугацаанд биш, өөр хугацаанд хийгдсэн тул дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж үзэж байна. Иймээс уг гэрээгээр хүү төлөх нөхцөл үүсэхгүй. Иймээс тус гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү.
2017 оны 3 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан зээлийн гэрээгээр би бодитоор 7,500,000 төгрөг зээлж авсан. 2,500,000 төгрөгийг өмнөх 2016 оны зээлийн гэрээний үлдэгдлийг нэмж тооцон 10,000,000 төгрөг гэж тохирсон. Гэрээний сунгалтууд болон бэлнээр 2,500,000 төгрөг авсан гэж бичихийг 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдөр манай ажил дээр ирж чиний барьцаанд тавьсан хөрөнгийг чинь зарлаа, эсхүл энэ гэрээний сунгалтууд дээр гарын үсэг зурж хүсэлт бич гэж шахаж шаардан, олон бал солиулж, бичих үгийг зааж бичүүлсэн. Уг гэрээний сунгалтууд гэрээний хугацаа дууссан цаг хугацаанд бус, бүр хожим хойно хүч хэрэглэх замаар бичүүлж авсан. Ингээд эвлэрүүлэн зуучлах газар өгсөн байсан. Иймд уг гэрээний сунгалтын хугацааны хүүг төлөх үндэслэлгүй гэж үзэж байгаа тул хүчин төгөлдөр бусд тооцуулж өгнө үү. Миний бие 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдрөөс хойш 31,264,420 төгрөгийг Л.Б-д төлсөн. Үүнээс 2016 оны зээлийн 10,000,000 төгрөг, мөн 2017 оны зээлийн 7,500,000 төгрөг, 5 сарын хүүний төлбөр 2,250,000 төгрөгийг хасч, илүү төлсөн 11,514,420 төгрөгийг гэрээ болон гэрээний сунгалтыг хүчин төгөлдөр бусд тооцуулсантай холбоотойгоор Л.Б-с нэхэмжилж байна...гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Л.Б нь хариуцагч О.Д холбогдуулан, 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан Зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 10,000,000 төгрөг, зээлийн хүүний төлбөрт 19,800,000 төгрөг, алданги 15,000,000 төгрөг, нийт 44,800,000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч О.Д нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, зээлийн гэрээний дагуу төлбөр төлөх үүргээ бүрэн биелүүлсэн гэх агуулга бүхий тайлбар гарган маргаж, үндсэн нэхэмжлэлтэй хамтруулан шийдвэрлүүлэхээр Л.Б болон О.Д, Г.А нарын хооронд 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдөр байгуулагдсан Зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, Л.Б О.Д нарын хооронд 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээний хугацаа сунгасан сунгалтуудыг хүчин төгөлдөр бусд тооцуулах, нэхэмжлэгчид илүү төлсөн 11,514,420 төгрөгийг Л.Б үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэн буцааж гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан байна.
Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгч Л.Б эс зөвшөөрч, ...2016 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн Зээлийн гэрээ нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй бөгөөд тухайн гэрээ биелэгдэж дуусгавар болсон учир хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэлгүй, мөн 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн зээлийн гэрээний хугацаа сунгасан сунгалтуудыг хариуцагч О.Д өөрөө хүсэлт гаргаж, харилцан тохиролцсоноор сунгалт хийгдсэн тул хүчин төгөлдөр... гэж тайлбарлан мэтгэлцэв.
Үндсэн нэхэмжлэлийн тухайд:
Л.Б, О.Д нар 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Зээлийн гэрээ байгуулж, зээлдүүлэгч Л.Б нь зээлдэгч О.Д 10,000,000 төгрөгийг 5 сарын хугацаатай, сарын 6 хувийн хүүтэйгээр зээлдүүлэх, зээлдэгч нь гэрээний хугацаа дуусах хүртэл сар бүрийн 27-ны өдрийн дотор зээлийн хүү 600,000 төгрөгийг төлж, зээлийн гэрээний хугацаа дуусах 2017 оны 8 дугаар сарын 27-ны өдөр үндсэн зээл 10,000,000 төгрөгийг зээлдүүлэгчид төлж барагдуулах, зээлийн гэрээний үүргийг хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд 0,5 хувийн алданги тооцох, зээлдэгч зээлийн гэрээний хугацаа сунгах талаар хүсэлт гаргах эрхтэй зэрэг байдлаар гэрээний гол нөхцлөө харилцан тохиролцож, талууд гарын үсэг зурж баталгаажуулан, гэрээг нотариатаар гэрчлүүлсэн байна. /хх-3/
Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулахаар 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн Барьцааны гэрээгээр зээлдэгч О.Д өөрийн өмчлөлийн 0 тоот, Ү-0 улсын бүртгэлийн дугаартай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 20,000,000 төгрөгт үнэлж барьцаалан, улсын бүртгэлийн газар бүртгүүлжээ. /хх-4/
Талуудын байгуулсан Зээлийн болон Барьцааны гэрээнүүд нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.3, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 166 дугаар зүйлийн 166.1 дэх хэсэгт заасан бичгээр байгуулах, нотариатаар гэрчлүүлж, улсын бүртгэлд бүртгүүлэхээр хуульд заасан хэлбэрийн шаардлага хангасан, хүчин төгөлдөр гэрээнүүд байх бөгөөд зохигчид гэрээний гол нөхцөл, хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй.
Харин гэрээнд заасан 10,000,000 төгрөгийг зээлдэгчид бүрэн шилжүүлсэн эсэх, гэрээний хугацаа сунгалт хүчин төгөлдөр эсэх талаар болон зээлийн эргэн төлөлт хийгдсэн эсэх талаар зохигчид тус тусын үндэслэл гарган тайлбарлаж мэтгэлцэв.
Нэхэмжлэгч тал зээлийн гэрээний дагуу 7,500,000 төгрөгийг дансаар шилжүүлж, бэлнээр 2,500,000 төгрөгийг хүлээлгэн өгсөн гэж тайлбарласан бол хариуцагчийн зүгээс Л.Б 7,500,000 төгрөгийг дансаарч авч, үлдэх 2,500,000 төгрөгийг бэлнээр аваагүй, өмнө байгуулагдсан зээлийн гэрээний үлдэгдэлд тооцон суутгасан хэмээн тайлбарлаж байна.
Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар зээлдүүлэгч нь мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно.
Зээлийн гэрээний дагуу зээлдүүлэгчээс 2,500,000 төгрөг шилжүүлж аваагүй учир энэ хэмжээгээр төлбөр төлөх үүрэг хүлээхгүй гэж хариуцагч тал маргасан боловч тэрээр Барьцааны гэрээнд 2017.3.27-ны өдөр 2,500,000 төгрөгийг бэлнээр авсан. 250ш*10,000=2,500,000 авсан. Хүлээн авсан О.Д, үлдсэн 7,500,000 төгрөгийг Хаан банкны дансаар авна хэмээн бичиж, гарын үсгээ зурсан байна. /хх-4/
Хариуцагч О.Д нь Барьцааны гэрээнд бичигдсэн энэхүү тэмдэглэлийг Зээлийн гэрээ байгуулснаас хойш, Л.Б дарамт шахалтаар бичсэн гэж тайлбарлах боловч түүний тайлбар хавтаст хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар нотлогдохгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар тайлбар, татгалзлаа баримтаар нотлох үүргээ биелүүлээгүй байх тул Зээлийн гэрээний дагуу Л.Б О.Д 10,000,000 төгрөгийг шилжүүлсэн гэж дүгнэх үндэслэлтэй.
Талууд 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдөр зээлийн гэрээ байгуулахаас өмнө 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдөр Зээлийн гэрээ байгуулж, хариуцагч О.Д нь хүү Г.А хамт нэхэмжлэгч Л.Б 10,000,000 төгрөг зээлж, маргаан бүхий 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн Зээлийн гэрээг байгуулахад өмнөх зээлийн гэрээний үлдэгдэл 5,264,000 төгрөг байсан талаар зохигчид шүүх хуралдаанд тайлбарласан тул 2,500,000 төгрөгийг өмнөх зээлийн үлдэгдэлд тооцож суутгасан гэх хариуцагчийн тайлбар няцаагдаж байна.
Түүнчлэн хариуцагч О.Д нь 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн зээлийн гэрээний хугацаа 2017 оны 8 дугаар сарын 27-ны өдөр дуусах үед үндсэн зээл 10,000,000 төгрөг, зээлийн хүү 3,000,000 төгрөг, нийт 13,000,000 төгрөг төлөхөөс огт төлбөр төлөөгүй талаар шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хүлээн зөвшөөрч тайлбарласан бөгөөд гэрээ байгуулснаас хойш 8 дугаар сарын 27-ны өдрийг хүртэлх хугацаанд Л.Б дансаар 8 удаагийн гүйлгээгээр 3,180,000 төгрөг шилжүүлснээс 3 удаагийн төлөлт нь А зээл гэсэн гүйлгээний утгатай хийгдсэн, үүнээс хойш гар дансаар буюу О.Д хувийн дэвтэрт нэхэмжлэгч Л.Б гарын үсэг зурж баталгаажуулсан тооцооллоор бүгд 818,000 төгрөгийг бэлнээр болон бараагаар төлсөн байна. /хх-88, 89/
О.Д Голден парк Солонгос бараа гэсэн нэртэй тооцооны дэвтэрт тусгагдсанаар 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн талууд хэд хэдэн удаа тооцоо нийлсэн байх бөгөөд 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн зээлийн үлдэгдэл 3,700,000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан, тооцоо дууссан тухай 2019 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр хариуцагч О.Д тэмдэглэж, үүнээс хойш 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдөр 75,000 төгрөг, 6 дугаар сарын 07-ны өдөр 100,000 төгрөг тус тус бэлнээр, 38,000 төгрөг бараагаар төлжээ. /Дэвтрийн 10, 11 дүгээр тал/
Хэрэгт нотлох баримтаар авагдсан О.Д дансны хуулга, зээлийн тооцооллын дэвтэр, талуудын тооцоо нийлж бичсэн тэмдэглэлүүд зэргийг нэгтгэн дүгнэхэд: Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж буй зээлийн гэрээний үүргийг өмнө байгуулсан 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн зээлийн гэрээний төлбөрийг 2019 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр дуусгавар болгож, энэ хугацаанаас хойш 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн зээлийн гэрээний үүргийг төлж эхэлсэн гэж үзэхээр байна.
Зээлийн гэрээний хугацаа 2017 оны 8 дугаар сарын 27-ны өдөр дуусахад гэрээг талууд 1 жилийн хугацаатайгаар үндсэн гэрээний нөхцлөөр сунгаж, үүнийг 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдрөөс 2019 оны 2 дугаар сарын 27-ны өдөр хүртэл, мөн өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр хүртэл, дахин 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр хүртэл 37 сарын хугацаатайгаар гэрээг сунгаж, гэрээний ард зээлдэгч О.Д сунгалт хийх хүсэлт бичгээр гарган, талууд харилцан тохиролцож бичгээр үйлдэн гарын үсэг зурж баталгаажуулжээ. /хх-4 дүгээр хуудас, арын нүүр/
Зээлдэгч О.Д үндсэн зээл 10,000,000 төгрөг, зээлийн хүү 22,200,000 төгрөг, нийт 32,200,000 төгрөг төлөхөөс 2019 оны 1 дүгээр сарын 13-ны өдрөөс төлж эхлэхээр тохирсны дагуу дансаар 2019 оны 1 дүгээр сарын 13-ны өдрөөс 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн хооронд 13 удаагийн гүйлгээгээр нийт 2,626,000 төгрөг, бэлэн болон бараагаар 213,000 төгрөг, нийт 2,839,000 төгрөг төлсөн байна. /хх 140-150/
Иймд нэхэмжлэгч Л.Б нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч О.Д үндсэн зээл 10,000,000 төгрөг, зээлийн хүү 22,200,000 төгрөг төлөхөөс 2,839,000 төгрөгийг хасч, зээлийн хүү 19,361,000 төгрөгийг тус тус шаардах эрхтэй.
Мөн нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар алданги 15,000,000 төгрөг шаардсан гэж тайлбарлах боловч зээлийн гэрээний хугацаа дууссан 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдрөөс нэхэмжлэл гаргасан 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдрийг хүртэлх 117 хоногийг гэрээ болон Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар 0,5 хувийн алданги тооцвол хоногт 50,000 төгрөг, нийт 5,850,000 төгрөг болж, гүйцэтгээгүй үндсэн үүргийн 50 хувиас хэтэрсэн байх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт нийцүүлэн 5,000,000 төгрөгийн анзыг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Дээрх үндэслэлээр хариуцагч О.Д зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 10,000,000 төгрөг, зээлийн хүү 19,261,000 төгрөг, алданги 5,000,000 төгрөг, нийт 34,361,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.Б олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 10,439,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Сөрөг нэхэмжлэлийн тухайд:
Хариуцагч О.Д нь 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдөр нэхэмжлэгч Л.Б байгуулсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар шаардсан бол, нэхэмжлэгчийн зүгээс тухайн гэрээг дуусгавар болсон, 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн зээлийн гэрээтэй хамааралгүй гэх агуулга бүхий тайлбар гарган маргаж байна.
2016 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн Зээлийн гэрээгээр Л.Б нь 10,000,000 төгрөгийг О.Д, Г.А нарт 10 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэйгээр зээлдүүлж, гэрээг бичгээр байгуулжээ. /хх-25/
Хариуцагч О.Д дээрх гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах үндэслэлээ Л.Б ...гэрээнд дурдсан 10,000,000 төгрөгийг өөрийн дансанд биш, харин бэрийнх нь дансанд шилжүүлсэн, анх гэрээг бичгээр байгуулаагүй, 2017 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр очиход нөхөж бичгээр хийж дүр үзүүлэн хийсэн хэлцэл учир хүү төлөх нөхцөл... гэж тайлбарласан.
Нэхэмжлэгч Л.Б шүүхэд гаргасан үндсэн нэхэмжлэлийн шаардлага нь хариуцагч О.Д 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан Зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой байх тул тухайн гэрээтэй хамааралгүй гэрээний асуудлаар хамтатган шийдвэрлүүлэхээр сөрөг нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй байх тул О.Д гаргасан сөрөг нэхэмжлэлийн энэхүү шаардлагыг хэлэлцэхээс татгалзах нь зөв бөгөөд хариуцагч энэ шаардлагаа жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх боломжтой болохыг дурдах нь зүйтэй.
Шүүхээс сөрөг нэхэмжлэлийн дээрх шаардлагыг хэлэлцэхээс татгалзсан учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2, 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг улсын төсвөөс гаргуулж, хариуцагчид буцаан олгох боловч О.Д тухайн шаардлагад ногдох тэмдэгтийн хураамж 163,750 төгрөгийг төлөөгүй байна.
Сөрөг нэхэмжлэлийн дараагийн шаардлагаар хариуцагч О.Д нь 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн Зээлийн гэрээний сунгалтыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт зааснаар хууль зөрчиж, зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш буюу Иргэний хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт заасныг зөрчиж, айлган сүрдүүлж нөхөн хийсэн гэх үндэслэлээр хүчин төгөлдөр бусд тооцуулах, улмаар илүү төлсөн 10,235,000 төгрөгийг Л.Б гаргуулахаар шаардсан.
Хариуцагч дээрх шаардлагын үндэслэлээ ...Л.Б сунгалтад гарын үсэг зурж, хүсэлт бичихгүй бол барьцаанд тавьсан хөрөнгийг зарна гэж шахаж шаардан олон бал солиулж, бичих үгийг зааж дарамталсан, сунгалтууд гэрээний хугацаа дууссан үед бус, хожим хойно хүч хэрэглэх замаар бичүүлж авсан хэмээн тайлбарлаж байна.
Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, ...зээлийн гэрээний сунгалтуудыг хугацаа дуусах үед хариуцагч О.Д хүсэлтээ бичгээр гаргаж, зээлийн гэрээний үндсэн нөхцлөөр хугацааг сунгаж байсан, хүч хэрэглэж хийгээгүй, нотлогдохгүй байна... гэж тайлбарлан маргасан.
Иргэний хуулийн 72 дугаар зүйлд хэлцлээр тогтоосон хугацааг тоолох журмыг хуульчилсан ба 72.1 дэх хэсэгт хугацааг тоолохдоо тогтоосон он, сар, өдрөөс, эсхүл уул хугацаа улиран өнгөрсөн буюу үйл явдал болж өнгөрсний дараахь өдөр, цагаас эхлэн тоолно гэж, 72.2 дахь хэсэгт тоолох хугацааны эцсийн өдөр ажлын бус өдөр байвал түүний дараагийн ажлын өдөр уг хугацаа дуусна гэж тус тус заажээ.
Маргаан бүхий 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн Зээлийн гэрээний хугацаа 8 дугаар сарын 27-ны өдөр дуусахад гэрээний талууд хугацааг 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл зээлийн гэрээний үндсэн нөхцөлтэйгөөр сунгаж, хэн аль нь гарын үсэг зурж баталгаажуулсан байна.
Улмаар зээлдэгч О.Д 2018 оны 8 дугаар сарын 27-ноос 2019 оны 2 дугаар сарын 27-ны өдөр хүртэл гэрээг сар бүр 6% хүүтэй сунгаж өгнө үү гэх бичгийн хүсэлтийн дагуу зээлдүүлэгч Л.Б гэрээг сар бүр 6% хүүтэй сунгав гэх бичилт хийж гарын үсэг зурсан, дахин 2019 оны 2 дугаар сарын 27-ны өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр хүртэл, мөн 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр хүртэл тус тус Зээлийн гэрээний үндсэн нөхцөлтэйгөөр сунгажээ.
Иргэний хуулийн 60 дугаар зүйлд зааснаар хэлцэл хийгч этгээдэд өөрт нь буюу түүний гэр бүлийн гишүүд, садан төрөл, ойр дотны бусад этгээдэд, эсхүл тэдний эд хөрөнгөд нь аюул учирна гэж итгүүлж үнэмшүүлснийг хүч хэрэглэсэн гэж үзэх ба хүч хэрэглэн хэлцэл хийлгэсэн бол хэлцэл хийгч этгээд нь уг хэлцэл хийснээс хойш нэг жилийн дотор нөгөө талдаа гомдлын шаардлага гаргах эрхтэй байна.
Зохигчид урт хугацааны турш зээлийн гэрээний харилцаатай байсан болох нь тэдний гаргасан тайлбар, хэрэгт нотлох баримтаар авагдсан депозит дансны дэлгэрэнгүй хуулгууд, 2013 оноос хойшхи хугацааны төлбөрийн баримтууд зэргээр тогтоогдох бөгөөд хариуцагч хүч хэрэглэн сунгалт хийсэн гэх дээрх хугацаанд нэхэмжлэгчид зээлийн төлөлт хийж, харилцан тооцоо нийлж байсан нь О.Д тооцооны дэвтэр болон дансны хуулгуудаар тогтоогдож байна. /хх 46-51, 53-88/
Хэдийгээр хариуцагч нь Л.Б барьцааны зүйлийг зарна гэж шахаж шаардан, хүч хэрэглэсэн гэх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар сөрөг нэхэмжлэлийн энэхүү шаардлагын үндэслэлээ баримтаар нотлоогүй байх тул Зээлийн гэрээний сунгалтыг хүчин төгөлдөр бусд тооцох тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.3 дахь хэсэгт зааснаар сөрөг нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамжийг ердийн нэхэмжлэлийн адилаар төлнө. Гэрээ хүчин төгөлдөр бусд тооцуулахаар шаардсан тохиолдолд тухайн гэрээний үнээр тооцож тэмдэгтийн хураамж төлөх тул хариуцагчаас тэмдэгтийн хураамжид төлсөн 199,181 төгрөгөөс уг шаардлагад тооцогдох 163,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Хариуцагч О.Д Зээлийн гэрээний сунгалтыг хүчин төгөлдөр бусд тооцсоноор Л.Б 11,514,420 төгрөгийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэмээн буцаан гаргуулахаар шаардсан.
Гэвч 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн Зээлийн гэрээ хүчин төгөлдөр, гэрээний талууд хуульд заасны дагуу хүсэл зоригоо илэрхийлэн гэрээний хугацааг сунгасан болох нь тогтоогдсон гэж шүүх дүгнэсэн учир Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй гэж дүгнэн сөрөг нэхэмжлэлийн энэ шаардлагыг мөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.3, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар Л.Б 11,514,420 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлвөл зохих тэмдэгтийн хураамж 199,180 төгрөг болно.
Хариуцагч шүүхэд сөрөг нэхэмжлэлийн хэд хэдэн шаардлага гаргасан боловч нийт 199,181 төгрөг төлж, зарим шаардлагад тооцогдох тэмдэгтийн хураамжийг дутуу төлсний улмаас зөрүү 35,431 төгрөг болсон тул энэ шаардлагын тэмдэгтийн хураамжид тооцож, үлдэх 163,749 төгрөгийг хариуцагчаас гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй. /хх-84/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч О.Д-с 34,361,000 /гучин дөрвөн сая гурван зуун жаран нэгэн мянган/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л.Б олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 10,439,000 /арвсан сая дөрвөн зуун гучин есөн мянган/ төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн зээлийн гэрээний сунгалтуудыг хүчин төгөлдөр бусд тооцуулах, Л.Б 11,514,420 төгрөг гаргуулах тухай хариуцагч О.Д сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2 дахь хэсэгт зааснаар 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай хариуцагч О.Д сөрөг нэхэмжлэлийг хэлэлцэхээс татгалзаж, улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 73 дугаар зүйлийн 73.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 381,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 329,755 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид, мөн хариуцагчаас 163,749 төгрөг гаргуулан улсын орлого /Баянгол дүүргийн татварын хэлтэс/-д оруулсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ А.САРАНТУЯА