| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхбаярын Алдар |
| Хэргийн индекс | 187/2020/0252/Э |
| Дугаар | 818 |
| Огноо | 2020-06-25 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | - |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 06 сарын 25 өдөр
Дугаар 818
Э.Х-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
шүүгдэгч Э.Х, түүний өмгөөлөгч Ц.Баярмаа,
нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанжигүүр даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 2020/ШЦТ/265 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Э.Х-н өмгөөлөгч Ц.Баярмаагийн гаргасан давж заалдах гомдлоор Э.Х-д холбогдох эрүүгийн 1910 02466 0106 дугаартай хэргийг 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.
Б овгийн Э-н Х, 19.. оны .. дугаар сарын ..-ний өдөр .........аймагт төрсөн, .. настай, эмэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, хүүхдүүдийн хамт .............тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч .......... тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ............./;
Э.Х нь 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хохирогч Б.Д-с “өөртөө байр авах гэсэн юм, байрны урьдчилгаа мөнгө хэрэгтэй байна, 7 хоногийн дараа буцаагаад өгье” гэж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, өмнө нь таньдаг байсан итгэлийг урвуулан ашиглаж, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 35.000.000 төгрөгийг өөрийн Хаан банкны дансаар шилжүүлэн авч, үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Э.Х-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Хан-Уул дүүргийн прокурорын газрын 2020 оны 102 дугаартай яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт “Э.Х нь 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хохирогч Б.Д-с “өөртөө байр авах гэсэн юм, байрны урьдчилгаа мөнгө хэрэгтэй байна, 7 хоногийн дараа буцаагаад өгье” гэж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, өмнө нь таньдаг байсан итгэлийг урвуулан ашиглаж Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс 35.000.000 төгрөгийг өөрийн Хаан банкны дансаар шилжүүлэн авч, үлэмж хэмжээний хохирол учруулсан” гэснийг “Э.Х-г хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бусдын эд хөрөнгийг залилсан” гэж өөрчилж, шүүгдэгч Б овогт Э-н Х-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бусдын эд хөрөнгийг залилсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Х-г 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгийн торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Э.Х-д оногдуулсан 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгийн торгох ялыг 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч С.Д гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Э.Х-н өмгөөлөгч Ц.Баярмаа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 2020/ШЦТ/265 тоот шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.
Анхан шатны шүүх Э.Х-г “...хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бусдын эд хөрөнгийг залилсан” гэмт хэргийг үйлдсэн нөхцөл байдал тогтоогдож байна гэж дүгнэсэн.
Шүүх хэргийг шийдвэрлэхдээ тухайн гэмт хэргийн обьектив талын шинжийг илүүтэй анхаарч дүгнэлт хийгээд, субьектив талын шинжийг анхааран үзэлгүй хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Залилах гэмт хэргийн тухайд, анхнаасаа бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн аваад буцаан өгөхгүй, өмчлөх эрхийг сэргээхгүй байх санаа зорилготой байдаг. Тодруулбал, бусдын эд хөрөнгө, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн субьектив санаа зорилго гэмт этгээдийн хувьд гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө бий болсон байдаг онцлогтой.
Харин Э.Х-н хувьд Б.Д-с авсан 35.000.000 төгрөгийг тэр өдөртөө буюу 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр найз Ч.Г-н Хаан банкны дансанд шилжүүлсэн бөгөөд Ч.Г-тэй хамт хөөцөлдөж байсан байрны зээл бүтэхээр Б.Д-н мөнгийг буцаан өгөх зорилготой байсан гэдэг нь мөрдөн байцаалтын шатанд өгсөн болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн яллагдагч Э.Х, гэрч Ч.Г-н мэдүүлгүүд, банкны дансны хуулгаар нотлогддог.
Ч.Г нь сарын 10 хувийн хүүтэй 130 сая төгрөгийн зээлээ дарахын тулд банкнаас арай бага хувийн хүүтэй мөнгө зээлэх гэж өөрийн танил Мийгаа гэж хүний байрыг худалдан авахаар тохирч, зээл хөөцөлдөж байтал орлого нотлох баримтгүй гэсэн үндэслэлээр орон сууцны зээл бүтэхээ болиход нь Э.Х-д мэдэгдэлгүй зээлийнхээ хүүнд 10.000.000 төгрөгийг төлөөд, үлдсэн 25.000.000 төгрөгийг Мийгаад тавьсан өөрийнхөө өрийг дарсан байдаг. Ингэхдээ Э.Х-тай ярилцаад орон сууцны зээл хөөцөлдөж байсан, гэхдээ өөрийнхөө нэр дээр гаргахаар хөөцөлдөж байсан, Э.Х-д хэлж зөвшөөрөл авалгүй 35.000.000 төгрөгийг өөрийнхөө өрөнд өгснөөс Б.Д-н мөнгийг буцаан өгөх боломжгүй болсон, банкны зээл бүтэхээр Б.Д-н мөнгийг төлөх байсан гэдгийг шүүх хуралдаан дээр тодорхой мэдүүлсэн ба энэ нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байгаа. Мөн хавтаст хэргийн 21, 25, 27 дугаар хуудаснуудад авагдсан гэрч Э.Х, Ч.Г нарын мэдүүлгүүдэд ч тусгагдсан байгаа.
Э.Х нь “Д эгчид мөнгийг нь буцааж өгье, нэхээд байна” гэхэд Ч.Г мөнгийг зарцуулснаа хэлээд 15.000.000 төгрөгийг буцаан өгсөн байдаг. Ч.Г-н буцаан өгсөн 15.000.000 төгрөг дээр Э.Х нь 5.5 сая төгрөгийг нэмж, 20.500.000 төгрөгийг Б.Д-д өгсөн ба үлдэгдэл 14.500.000 төгрөгийг Ч.Г-с авч чадалгүй, өөрөө ажилгүй, орлогогүй байсан учраас төлөлгүй удааж, сүүлд төлж барагдуулсан гэдгээ хэлдэг.
Э.Х нь байрны урьдчилгаанд зээлсэн 35.000.000 төгрөгийг зориулалтын дагуу Ч.Г-т шилжүүлсэн, уг мөнгийг зээл бүтэхээр буцаан өгөх бодолтой байсан, Ч.Г-с 15.000.000 төгрөгийг буцааж нэхэж аваад мөнгө нэмж Б.Д-д шилжүүлээд байгаа үйлдлүүд нь Э.Х бусдын эд хөрөнгийг буцаан өгөхгүй, өмчлөх эрхийг сэргээхгүй байх санаа зорилго байгаагүй гэдэг нь нотлогддог. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн гэрч Ч.Г-н мэдүүлгээр нотлогдоно.
Иймд залилах гэмт хэргийн субьектив талын шинж үгүйсгэгдэж байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Э.Х-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Э.Х тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний хувьд 35.000.000 төгрөгийг Б.Д-с зээлсэн нь үнэн. Үүнийгээ анхан шатны шүүх хуралдаанд хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн. Зарцуулалтын хувьд энэ мөнгөнөөс нэг ч төгрөг аваагүй. Ганчимэг гэх найзтайгаа хамтарч байр авахаар хөөцөлдөж байсан. Харин Ганчимэг надад хэлэлгүйгээр уг мөнгийг захиран зарцуулсан бөгөөд үлдсэн мөнгөө буцааж өгөөгүйгээс ийм байдалд хүрсэн. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.
Э.Х нь 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хохирогч Б.Д-с “өөртөө байр авах гэсэн юм, байрны урьдчилгаа мөнгө хэрэгтэй байна, 7 хоногийн дараа буцаагаад өгье” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 35.000.000 төгрөгийг өөрийн Хаан банкны дансаар шилжүүлэн авч, үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
хохирогч Б.Д-н “...Э.Х над руу залгаад “байр авахаар банкинд зээл судлуулж байгаа, зээл бараг бүтэж байгаа, байрны урьдчилгаанд 35.000.000 төгрөг хэрэг болоод байна, та 5 хоногийн хугацаатай 35.000.000 төгрөг зээлээч” гэж гуйхаар нь би нөхөртэйгөө ярилцаж байгаад зөвшөөрөөд тухайн өдрөө буюу 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд байрладаг Хаан банкинд очиж, өөрийн данснаасаа Э.Х-н Хаан банкны данс руу 35.000.000 төгрөг шилжүүлсэн. Ингээд хэлсэн 5 хоног нь өнгөрөөд ярьсан чинь “банк зээлийг маань судалж байна, жаахан хүлээгээч” гэсэн. Тэгээд 2018 оны 12 дугаар сарын 15-ны үеэр би Э.Х руу залгахад “зээл бүтэхээ больчихлоо, би Монгол банкны хар дансанд орчихсон юм байна, байр авах хүнтэйгээ ярьж байгаад данснаас нь мөнгө гаргаж аваад тань руу шилжүүлнэ” гэж хэлсэн. ... “Би танд мөнгийг чинь өөрөө зохицуулаад олж өгнө” гэж явсаар өдийг хүрсэн. ...” /1 хх 16-18/,
гэрч Ч.Г-н “... Би найз Солонгоос 130.000.000 төгрөгийг зээлж аваад Э.Х-д өгчихсөн. Тэр нь сарын 10 сая төгрөгийн хүүтэй байсан. ... Яг үнэндээ бол Солонгоос авсан 130.000.000 төгрөгийн хүү нь өндөр байсан учраас тухайн үед банкны хүү арай бага гэдэг утгаар нь хүний байрыг худалдан авч байгаа мэт болгож, мөнгө аваад Солонгод өгөхөөр бодож байсан юм. ...” /хх 25-27/,
гэрч Б.Н-н “... Э.Х надтай яриад “байр авах гэсэн чинь урьдчилгаа мөнгө хэрэг болоод байна, цаад тал нь 7 хоноод мөнгийг чинь буцаагаад өгчихнө” гэж хэлсэн. ... Манай эхнэр Б.Д Ривер гарден хотхоны Хаан банкнаас 35.000.000 төгрөгийг Э.Х-н данс руу шилжүүлсэн. Тухайн шилжүүлгийг хийж байхад би болон манай охин Мөнхзаяа хамт байсан. ...” /хх 29-30/ гэх мэдүүлгүүд,
Хохирогч, гэрчийг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 19-20/,
Б.Д, Э.Х нарын хооронд байгуулсан 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн “Зээлийн гэрээ” /хх 11-13/, Ч.Ганчимэгийн Голомт банкны харилцах дансны хуулга /хх 28/, Э.Х-н Хаан банкны харилцах дансны хуулга /хх 32/, хохирогч Б.Д-н гар утсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх 73-83/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх шүүгдэгч Э.Х-г хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө буюу мөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.
Анхан шатны шүүх шүүгдэгч Э.Х-н урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, Б.Д-н 35.000.000 төгрөгийг “байрны урьдчилгаанд мөнгө хэрэгтэй байна, 7 хоногийн дараа буцаагаад өгье” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан залилан авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилснийг Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэв.
Түүнчлэн, шүүхээс шүүгдэгч Э.Х-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирчээ.
Шүүгдэгч Э.Х-н өмгөөлөгч Ц.Баярмаагаас “... Э.Х-н үйлдэлд залилах гэмт хэргийн субьектив талын шинжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргасныг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй.
Учир нь, шүүгдэгч Э.Х нь хохирогч Б.Д-с “өөртөө байр авахаар банкнаас зээл хөөцөлдөж байгаа, урьдчилгаа мөнгө хэрэгтэй байна” гэж итгүүлэн, түүнээс 35.000.000 төгрөгийг авч, улмаар уг мөнгийг бусдад өгч зарцуулсан болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогджээ.
Хохирогч Б.Д нь Э.Х-д мөнгө өгөх болсон шалтгаан нөхцөлийг болон уг болсон асуудлын талаар тодорхой мэдүүлсэн бөгөөд Э.Х нь хохирогчоос эд хөрөнгийг авахдаа тухайн үед болоогүй үйл явдал буюу өөрөө байр худалдан авахаар банктай тохиролцсон мэтээр ойлгуулж, хохирогчоос тухайн мөнгийг ямар зүйлд зарцуулж байгаа талаараа бодит байдлыг гуйвуулж тайлбарлан, хохирогчийг төөрөгдөлд оруулж байгаа үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан “Залилах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.
Харин прокурор яллах дүгнэлтээ Э.Х-г бусдыг хуурч, эд хөрөнгийг залилсан гэх хэргийн үйл баримтыг орхигдуулж бичсэн талаар анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгтээ зөв дүгнэсэн байх боловч хэргийн үйл баримтыг өөрчилсөн байдлаа шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад оруулсан нь үндэслэлгүй болжээ.
Иймд шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг хүчингүй болгох замаар зөвтгөж, шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.