Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 00090

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

Нарийн бичгийн дарга П.Ундрах,

Улсын яллагч Г.Сэндэнсүрэн,

Шүүгдэгч М.Батзориг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Магсарын Батзоригт холбогдох эрүүгийн 201722000161 тоот хэргийг 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Шарнууд Магсарын Батзориг, 1989 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Төрийн банкны захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын 6 дугаар багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, регистрийн РИ89021917 дугаартай,

Шүүгдэгч М.Батзориг нь 2017 оны 3 дугаар сарын 02-ны өдөр Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын 6 дугаар багт иргэн Т.Содхуягийг зодож бие махбодид нь тархи доргилт, зүүн хөмсгөнд шарх, баруун, зүүн дээд, доод зовхи, зүүн нүдний салстад цус хуралт, хамрын нуруунд зулгаралт, нэг шүдний сэлтэрсэн хугарал бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч М.Батзориг нь 2017 оны 3 дугаар сарын 02-ны өдөр Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын 6 дугаар багт иргэн Т.Содхуягийг зодож бие махбодид нь тархи доргилт, зүүн хөмсгөнд шарх, баруун, зүүн дээд, доод зовхи, зүүн нүдний салстад цус хуралт, хамрын нуруунд зулгаралт, нэг шүдний сэлтэрсэн хугарал бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох шүүгдэгч М.Батзоригийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: ...2017.03.02-ны өдөр сумын төвд байдаг Батхуяг гэдэг айлд цайлж суухад гаднаас Содхуяг орж ирсэн. Содхуяг гэрийн хүмүүстэй золгоод надтай гар бариад суусан. Тэгэхээр нь чи надтай золгосонгүй гэхэд үеийн хүмүүс байж хэн хэндээ золгох вэ гэж хэлсэн. Үүнээс болж л маргаан үүссэн. Содхуяг бид хоёр үндэсний бөхөөр хичээллэдэг бөгөөд урьд өмнө тэмцээн уралдаанаас болж хэрэлдэж маргалдаж байсан болохоор түүнээс болж маргалдсан. Айл хүндрүүлээд яах уу гэж бодоод гадагшаа гараад маргалдаж байгаад хоорондоо зодолдсон. Батхуяг ах гарч ирээд бид хоёрыг салгасан. Тэгээд гэр гэрлүүгээ явсан... гэх мэдүүлэг,

Хохирогч Т.Содхуягийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: 2017 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хүргэн ах болох Хуяг гэх айлд 19 цагийн үед ганцаараа шинэлэх гэж очиход Эрдэнэдалай ганцаараа гэрт сууж байсан. Тэгэхэд гаднаас Батзориг орж ирсэн. Би тухайн үед эрүүл, архи дарс хэрэглээгүй байсан. Би Хуяг ах түүний гэр бүлийн хүнтэй золгоод Эрдэнэдалайтай гар бариад суусан. Тэгсэн чи надтай золгохгүй том болсон байна гэхээр нь би үеийн хүмүүс золголтой биш гэж хэлсэн. Айл хүндрүүлээд яах вэ гээд гаръя гэхээр нь гарсан. Гадаа гараад Батзориг бид хоёр гар, хөлөөрөө хоёр биенээ цохилцсон. Бид хоёр нилээн удаан зууралдаж зодолдсон. Өмнө Батзориг бид хоёр маргалддаг л байсан... гэх мэдүүлэг,

Гэрч Д.Эрдэнэдалайгийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: ...Хуяг ахынд Батзориг бид хоёр ороод золгууд хийж байхад гаднаас Содхуяг орж ирээд Батзориг, Содхуяг хоёр золгууд хийхээс болж маргалдсан. Гадаа гараад тэр хоёр хоорондоо маргалдаж зодолдсон. Би салгах гэж үзсэн боловч чадаагүй. Хуяг ах гарч салгасан... гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 дугаар хуудас/,

Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 182 дугаартай:

1. Т.Содхуягийн биед гэмтэл тогтоогдлоо.

2. Т.Содхуягийн биед тархи доргилт, зүүн хөмсгөнд шарх, баруун, зүүн дээд, доод зовхи, зүүн нүдний салстад цус хуралт, хамрын нуруунд зулгаралт, нэг шүдний сэлтэрсэн хугарал бүхий гэмтэл учирсан байна.

3. Тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

4. Хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

5. Дээрх гэмтлүүд нь тус бүрдээ болоод нийлээд шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

6. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 19 дүгээр хуудас/,

Хохирогч шүүгдэгчтэй 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ зэрэг болно.

Хэрэгт авагдсан дээрх нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэллээ.

Шүүгдэгч М.Батзоригийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч М.Батзоригт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж, яллагдагчид хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялын санал бичиж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн байх боловч хохирогч Т.Содхуяг нь шүүгдэгч М.Батзоригтой сайн дураараа эвлэрсэн талаарх 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн эвлэрлийн гэрээ, М.Батзоригт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүх хуралдаанд гаргасан прокурорын саналыг үндэслэн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-т зааснаар шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэргийг "шүүгдэгч нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, хохирогч нь шүүгдэгчтэй эвлэрснээр" хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч М.Батзориг нь урьд ял шийтгэлгүй болох хавтаст хэргийг 37 дугаар хуудсанд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.

Эрүүгийн 201722000161 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдлаа.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 418 дугаар зүйлийн 418.2, 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-299 дүгээр заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Шарнууд Магсарын Батзоригийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэрэгт яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн М.Батзоригт холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

3.  Эрүүгийн 201722000161 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

4. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Батзоригт урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгчид шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                М.ЭРДЭНЭ-ОЧИР