| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсайханы Бээжин |
| Хэргийн индекс | 179/2024/0148/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/158 |
| Огноо | 2024-04-24 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | Э.Уламбаяр |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 04 сарын 24 өдөр
Дугаар 2024/ШЦТ/158
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бээжин даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баяржаргал,
Улсын яллагч Э.Уламбаяр,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б***********,
Шүүгдэгч Н.Н*********** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Н***********гийн Н***********д холбогдох эрүүгийн *********** дугаартай хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар: (яллах дүгнэлтэд дурдсанаар)
Шүүгдэгч Н.Н*********** нь 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар баг Дунд нуруу гэх газар Кia Ceres маркийн 30-75ХӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1 "Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана" мөн дүрмийн 23.1 "Зорчигчийг хүн тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслээр тээвэрлэнэ. Ачааны автомашины жолоочийн бүхээг дотор зориулалтын суудалд зорчигч тээвэрлэхийг зөвшөөрөх бөгөөд харин түүний тэвшин дээр энэ дүрмийн 23.2, 23.3-т зааснаас бусад тохиолдолд хүн тээвэрлэхийг хориглоно" гэх заалтыг зөрчсөний улмаас тухайн тээврийн хэрэгсэл нь мод мөргөж осолдож тээврийн хэрэгсэлд зорчин явсан Д.О***********ийн биед хүзүүний С2-р нугалмын хугарал, С6-р нугалмын сэртэнгийн хугарал, сээрний Th4-р нугалмын их биеийн шахагдсан хугарал бүхий хүнд гэмтэл, Ж.Б***********ийн биед баруун богтос ясанд хугарал, аарцаг ясанд цагариг тасарсан хугарал бүхий хүндэвтэр, Ц.Э***********гийн биед сээрний Тh3-Тh6 нугалмайн их биед хугарал, Тh5 нугалмайн арын сэртэнд хугарал, зүүн атгаалж чөмөг ясанд далд хугарал, зүүн талын 7-9-р хавирганд хугарал, баруун зүүн уушгинд няцралт бүхий хүнд гэмтлийг учруулж “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг үйлсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Н.Н*********** нь 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар баг Дунд нуруу гэх газар Кia Ceres маркийн 30-75ХӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1 "Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана" мөн дүрмийн 23.1 "Зорчигчийг хүн тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслээр тээвэрлэнэ. Ачааны автомашины жолоочийн бүхээг дотор зориулалтын суудалд зорчигч тээвэрлэхийг зөвшөөрөх бөгөөд харин түүний тэвшин дээр энэ дүрмийн 23.2, 23.3-т зааснаас бусад тохиолдолд хүн тээвэрлэхийг хориглоно" гэх заалтыг зөрчсөний улмаас тухайн тээврийн хэрэгсэл нь мод мөргөж осолдож тээврийн хэрэгсэлд зорчин явсан Д.О***********ийн биед хүзүүний С2-р нугалмын хугарал, С6-р нугалмын сэртэнгийн хугарал, сээрний Th4-р нугалмын их биеийн шахагдсан хугарал бүхий хүнд гэмтэл, Ж.Б***********ийн биед баруун богтос ясанд хугарал, аарцаг ясанд цагариг тасарсан хугарал бүхий хүндэвтэр, Ц.Э***********гийн биед сээрний Тh3-Тh6 нугалмайн их биед хугарал, Тh5 нугалмайн арын сэртэнд хугарал, зүүн атгаалж чөмөг ясанд далд хугарал, зүүн талын 7-9-р хавирганд хугарал, баруун зүүн уушгинд няцралт бүхий хүнд гэмтлийг учруулж “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл, хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 25-р хуудас), хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 26-38-р хуудас), хохирогч Ц.Э***********гийн мэдүүлэг (хх-ийн 41-42, 43-44, 65-р хуудас), хохирогч Ж.Б***********ийн мэдүүлэг (хх-ийн 50-51, 53-р хуудас), хохирогч Д.О***********ийн мэдүүлэг (хх-ийн 59-60, 62-р хуудас), иргэний нэхэмжлэгч Г.Аззаяагийн мэдүүлэг (хх-ийн 72-р хуудас), гэрч Ц.Мөнхжаргалын мэдүүлэг (хх-ийн 84-85-р хуудас), Хөвсгөл аймаг Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч М.Батмөнхийн 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 54 дугаартай шинжээчийн дүгнэлт (хх-ийн 88-р хуудас), Хөвсгөл аймаг Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч М.Батмөнхийн 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 49 дугаартай шинжээчийн дүгнэлт (хх-ийн 94-р хуудас), Говь-Сүмбэр аймаг Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Л.Жаргалтогтохын 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 55 дугаартай шинжээчийн дүгнэлт (хх-ийн 100-101-р хуудас), Цагаан Шонхорын Жигүүр НҮТББ замын хөдөлгөөний аюулгүй байдал судлалын шинжээч Р.Цогтоогийн дүгнэлт(хх-ийн 112-113-р хуудас), эвлэрлийн гэрээ (хх-ийн 136-137-р хуудас) зэрэг бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч Н.Н*********** нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдохгүй болно.
Энэ хэргийн улмаас хохирогч Д.О***********, Ц.Э***********г нарын эрүүл мэндэд хүнд хохирол, хохирогч Ж.Б***********ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байна.
Шүүгдэгч Н.Н*********** нь хохирогч Ц.Э***********г, О***********, Ж.Б*********** нарт тус бүх 3,500,000 төгрөгийн хохирол төлж, эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул шүүгдэгч Н.Н***********г хохирогч нарт төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.
Харин иргэний нэхэмжлэгч Г.Аззаяа нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээний төлбөр 16,357,850 төгрөгийг нэхэмжилж байх ба Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын цахим системийн хохирогч Ц.Э***********г 5,448,500 төгрөгийн, хохирогч Д.О*********** 7,445,050 төгрөгийн, хохирогч Ж.Б*********** 3,464,300 төгрөгийн эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн тухай лавлагаа (хх-ийн 68-70-р хуудас)-гаар тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Н.Н***********гээс 16,357,850 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгох нь зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Н.Н***********гийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж дүгнэв.
Эрүүгийн *********** дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Тайтан ургийн овогт Н***********гийн Н***********г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч Н***********гийн Н***********гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 (гурав) жилийн хугацаагаар хасаж, хорих ялыг оногдуулахгүйгээр 2 (хоёр) жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар шүүгдэгч Н.Н***********гийн оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч Н.Н***********д хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар шүүгдэгч Н.Н***********гээс 16,357,850 (арван зургаан сая гурван зуун тавин долоон мянга найман зуун тавь) төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын сангийн 100900020080 тоот дансанд оруулсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Н*********** нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн *********** дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Н***********д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЭЭЖИН