| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Адъяахүүгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 102/2020/03621/И |
| Дугаар | 102/ШШ2021/00705 |
| Огноо | 2021-03-18 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 03 сарын 18 өдөр
Дугаар 102/ШШ2021/00705
2021 оны 03 сарын 18 өдөр Дугаар 102/ШШ2021/00705 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сэндэрийг суулган тэмдэглэл хөтлүүлж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: М.Б,
Хариуцагч: Ц.З,
Худалдах, худалдан авах гэрээний үүрэг, гэрээнээс учирсан хохиролд нийт 2,580,000 /хоёр сая таван зуун наян мянган/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч М.Б, хариуцагч Ц.З нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч М.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
Иргэн Ц.З нь 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдөр надад 8*10 хэмжээтэй дүнзэн торх 8,000,000 төгрөгөөр надад худалдсан бөгөөд торхны шувуу нурууны мод болох 1,5м3 хэмжээтэй 5-ын банз болон мансардны тулгуур 2ш дүнз модыг 10 хоногийн дотор Хөвсгөл аймгаас нийлүүлэхээр тохиролцсон. Төлбөрийг би өөрийн нөхөр Б.М Голомт банкны данснаас Ц.З дансанд шилжүүлсэн. Хариуцагч Хөвсгөл аймгаас шувуу нурууны мод авч ирэх тул дээвэр болон тааз хийх банз нийлүүлэх боломжтой, 10м3 банзны үнэ 2,000,000 төгрөг болно, төлбөрөө урьдчилан өгч байж мод бэлтгэж байгаа хүнээсээ банз авна гэсэн тул 8 дугаар сарын 23-ны өдөр урьдчилгаа 1,000,000 төгрөг, 8 дугаар сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн нотариатаар баталгаажуулж гэрээ хийсний дараа 1,000,000 төгрөг Ц.З Голомт банкны дансанд шилжүүлсэн. Гэвч Ц.З гэрээний үүргээ биелүүлэхгүй элдэв шалтаг, тайлбар тавьсаар хүйтэрч, барилгын ажил явуулах боломжгүй болсон тулс тохиролцсон банз, модны хөлсөө нэхэмжлэн, Ц.З утсаар ярих бүрт өнөөдөр, маргааш шилжүүлнэ гээд холбоо тасарсан. Иймд Ц.З иргэний бүртгэлийн хаягийн дагуу Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр нэхэмжлэл гаргасан боловч бүртгэлтэй хаягт амьдардаггүй, оршин суугаа газар тодорхойгүй үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Улмаар миний бие өөрийн харъяаллын дагуу Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Ц.З эрэн сурвалжлуулахаар хүсэлт гаргаж, 101/ШШ2020/00765 шийдвэр 2020 оны 3 дугаар сарын 03-ны өдөр гарсан. Уг шийдвэрийн дагуу хариуцагчийн оршин байгаа газрыг олж тогтоосон.
Тиймээс Ц.З гэрээний дагуу төлсөн 2,000,000 төгрөг, торхны шувуу нурууны мод өгөхөөр тохирсон ч түүнийгээ өгөөгүйн улмаас бусдаас худалдан авсан үнэ 480,000 төгрөг, мансардны тулгуур 2ш модны үнэд мөн төлсөн 100,000 төгрөг, нийт 2,580,000 төгрөгийг шаардаж байна. Хариуцагчийг эрэн сурвалжлуулахад 70,200 төгрөгийн зардал гарсан боловч үүнийг нэхэмжлээгүй болно. Манайх лагерь дээрээ авахаар байсан. Худалдагч тал банзыг лагерь дээр авч ирэх үүрэг хүлээсэн боловч энэ үүргээ биелүүлээгүй. Манайх 10 дугаар сарын 03-нд хот руу орсон. Үүнээс хойш хүйтэрсэн хойно банз авчирлаа гэж ярьсан. Гэрээнд 9 дүгээр сарын 06-нд буулгахаар үүрэг хүлээсэн, өвөл банзаар юу хийхэв дээ гээд аваагүй, мөн өөрсдөө ирж ав гэсэн. Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй учир бид гэрээнээсээ татгалзаж, төлсөн төлбөр болон учирсан хохирол 2,580,000 төгрөгийг шаардаж байна...гэв.
Хариуцагч Ц.З шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар болон, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
Миний бие нэхэмжлэгчтэй 2019 оны 8 дугаар сард торхны наймаа хийж, дүнзэн торхоо хүргэж аваачиж өгсөн. Би өөрийн зардлаар ачуулж хотод оруулж ирээд, буулгаж ачуулж хашаанд нь буулган бариулж өгсөн. М.Б би 8,000,000 төгрөгөөр торхыг зарсан. Торхыг ачуулаад, буулгаж өрүүлэхэд 650,000 төгрөг болсон ба бүх зардлыг би гаргасан. Улмаар М.Б би банз авах санал тавьж, 3 мм, 5мм банз авахаар болсон ч би ярьсан хугацаанаасаа хэтэрсэн нь үнэн. Гэвч хугацаа хэтэрсэн ч би хотод авчирсан. Хотод оруулж ирээд нэхэмжлэгчийг банзаа ирж аваарай гэхэд хашаанд авчирж өг гэхээр нь би боломжгүй ээ хотод оруулж ирнэ гэж хэлсэн гээд бид хоёрын дунд зөрчил гарсан. Ингээд би аваачиж өгье гэхэд хашаагаа хадчихсан, авахгүй гээд, надаас мөнгөө нэхсэн. Тухайн банзыг хот руу зөөвөрлөхөд миний зүгээс 800,000 төгрөг зарцуулсан. Би ч гэсэн хохироод байгаа учир нэхэмжлэгчид мөнгө төлөх боломжгүй.
Шувуу нурууны банзны хувьд хоёр талын захын А мод, голын А мод өгөхөөр ярилцсан. Түүнээс биш бүрэн төгс А мод өгөхөөр тохироогүй. Би модыг 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр ачуулаад, 10 дугаар сарын 26-ны өдөр аваарай гэж утсаар холбогдож хэлсэн. Гэтэл худалдан авагч тал модыг өөрсдөө авчирж өг гэсэн. Тэдний хашаанд буулгахаар ачихад дахиад 500,000 төгрөгийн зардал гарах учраас, мөн хүргэж өгнө гэж тохироогүй учраас боломжгүй гэдгээ мэдэгдсэн. Ингээд тухайн модыг жил дамнуулан айлын хашаанд байлгаж байгаад 800,000 төгрөгөөр л зарсан. Банзыг авчраагүй биш авчирсан. Гарал үүслийн бичиг нь бүгд байгаа. Би ч мөн хохирсон. Төлнө гэвэл миний хувьд банзны үнэ 2,000,000 төгрөгийн талыг нь л төлнө. Нэхэмжлэгч талтай яриагүй гэдэг нь худлаа. Бид байнга л утсаар ярьж холбоотой байсан. Банзны хүнтэй ч М.Б эгчийг яриулж байсан... гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын тайлбарыг нэг бүрчлэн шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч М.Б нь хариуцагч Ц.З холбогдуулан, худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу төлсөн 2,000,000 төгрөг, гэрээнээс учирсан хохирол 580,000 төгрөг, нийт 2,580,000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч Ц.З нэхэмжлэлийн шаардлагаас 1,000,000 төгрөгийг төлөх боломжтой гэж тайлбарлах бөгөөд ...гэрээний дагуу нийлүүлэх банзыг хотод авчрах үүргээ биелүүлсэн боловч худалдан авагч тал хүлээн авах үүргээ биелүүлээгүй, гэрээгээр тохирсон хугацааг хэтрүүлсэн нь үнэн хэдий ч урт хугацаагаар хэтрүүлээгүй, ...шувуу нуруунд орох А мод бүрэн байдлаар өгөхөөр тохиролцоогүй учир гэрээнээс учирсан хохирол гэх 580,000 төгрөг үндэслэлгүй хэмээн маргаж байна.
2019 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Ц.З, М.Б нарын хооронд Дүнзэн торх нийлүүлэх гэрээ байгуулагдаж, худалдагч Ц.З нь 3х5, 5х5 хэмжээтэй тал банзыг (10 куб) худалдан авагч М.Б Баянзүрх дүүрэг, Улиастай нутаг дэвсгэрт байрлах хувийн эзэмшлийн газар дээр 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр буулгаж, бүрэн бүтэн хүлээлгэн өгөх, худалдан авагч тал нь гэрээний нийт үнэ 2,000,000 төгрөгийг 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдөр төлөхөөр тохирч, гэрээг бичгээр байгуулжээ. /хх-3/
Гэрээний талууд үүргээ биелүүлээгүйн улмаас хүлээх хариуцлагын талаар гэрээнд тусгахдаа захиалагч тал төлбөрийг тогтоосон хугацаанд төлөөгүй тохиолдолд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0,1 хувиар тооцож хоног тутамд алданги тооцон нийлүүлэгч талд төлөх, нийлүүлэгч тал чанарын шаардлага хангаагүй, гэрээнд заасан банзны хэмжээ зөрсөн, чанаргүй бүтээгдэхүүн нийлүүлсэн, харилцан тохиролцсон тогтоосон хугацаанд нийлүүлээгүй зэрэг буруутай үйл ажиллагааны улмаас захиалагчид учирсан хохирлыг бүрэн хариуцаж, хугацаа хэтэрсэн тохиолдолд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0,1 хувиар тооцож захиалагчид алданги төлөхөөр зааж, гэрээг нотариатаар гэрчлүүлсэн ба Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний шинжийг агуулсан, хуульд заасан хэлбэрийн шаардлага хангасан хүчин төгөлдөр гэрээ байна.
Нэхэмжлэгч М.Б гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдөр 2,000,000 төгрөгийг худалдагч талд шилжүүлсэн болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан дансны хуулгаар тогтоогдох бөгөөд зохигчид энэ үйл баримтын талаар болон гэрээний гол нөхцөл, хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй.
Хариуцагч Ц.З нь гэрээний дагуу барилгын материал буюу 3х5, 5х5 хэмжээтэй 10куб банзыг худалдан авагч М.Б Баянзүрх дүүрэг, Улиастай нутаг дэвсгэрт байрлах хувийн эзэмшлийн газарт 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр буулган, хүлээлгэж өгөх үүрэг хүлээсэн байна.
Гэрээгээр хүлээсэн дээрх үүргээ хариуцагч биелүүлээгүй болох нь шүүх хуралдаанд гаргасан зохигчдын тайлбараар тогтоогдсон, мөн банзыг нэхэмжлэгчийн хашаанд буулгах үүрэг хүлээгээгүй гэж тайлбарлан маргах боловч харилцан хүсэл зоригоо илэрхийлж байгуулсан худалдах-худалдан авах гэрээний 2, 3 дугаар зүйлүүдэд энэ талаар тусгайлан заажээ.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.
Худалдагч тал хууль болон гэрээнд заагдсан эд хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд, тохирсон хугацаанд шилжүүлэх үүргээ биелүүлээгүйн улмаас гэрээний үүрэг зөрчигдөж, улмаар худалдан авагч тал гэрээнээс татгалзан, төлбөр 2,000,000 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардсан нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт нийцсэн байх тул нэхэмжлэлийн энэхүү шаардлагыг шүүх хангаж шийдвэрлэлээ.
Харин хариуцагч тал гэрээний үүргээ зөрчсөний улмаас учирсан хохирол буюу бусдаас худалдан авсан гэх мансардны тулгуур 2 ширхэг дүнз модны төлбөр 100,000 төгрөг, шувуу нурууны 9 ширхэг А модны банзны төлбөр 480,000 төгрөгийг тус тус гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар дээрх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлох үүргээ биелүүлээгүй, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч Ц.З 580,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, заримыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 56,230 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн хангагдсан шаардлагын хэмжээгээр шүүхийн зардлыг хариуцагчид хуваарилах тул Ц.З 46,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Б олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ц.Золжаргалаас 2,000,000 /хоёр сая/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Байгалд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 580,000 төгрөгт холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 56,230 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Ц.З 46,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Б олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ А.САРАНТУЯА