Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 102/ШШ2020/03523

 

 

 

 

 

2020 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 102/ШШ2020/03523

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 8 дугаар хороонд оршин суух, эрхэлсэн ажилгүй, регистр , Б овогт Э-ы Т-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүргийн 8 дугаар хороонд оршин суух, эрхэлсэн ажилгүй, регистр , Л овогт Т-ын Т-т холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгохыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.Т, хариуцагч Т.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баттулга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Э.Т шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2013 оны 10-р сараас Т.Т-тай хамт амьдарч байгаад 2014 оны 2-р сарын 14-нд гэрлэлтээ батлуулсан. Ингээд 2014 оны 6-р сарын 3-нд хүү Т.Т, 2016 оны 2-р сарын 16-нд хүү Т.А нарыг төрүүлсэн. Хамт амьдарч эхлэхдээ нөхөр Т.Т-ийг архи уудгийг мэдэж байсан ч хэтэрхий их уудаг гэж бодоогүй. Ер нь 7 хоногийн амралтын өдөр болохоор архи уудаг байснаа 7 хоногт 3-4 удаа, сүүлдээ 6-7 хоног архи уудаг болсон. Архи уухаар ажлаа тасална, гадуур хононо, ажлын газрынхаа эмэгтэйтэй дотно харьцаатай болсон, бэлгийн замын өвчин халдааж байсан. Архи уухаараа ширүүн догшин зантай, хэл амаар доромжилно, гар хүрдэг. Энэ байдлууд нь 2 хүүхдийн сэтгэл зүйд нөлөөлж хүүхдүүд сэтгэл тогтворгүй, хүмүүжилд нь сөргөөр нөлөөлж эхэлсэн. Би хэд хэдэн удаа 2 хүүхдээ аваад тусдаа амьдарч үзсэн. Одоо Т.Т-т үнэхээр итгэлгүй, хайргүй болсон. Иймд Т.-гаас гэрлэлтээ цуцлуулж, 2 хүүхдээ өөрийн асрамжид авна, тэтгэлэг гаргуулна гэв.

 

Хариуцагч Т.Т шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид 2014 онд гэрлэж, хүү Т.Т, Т.А нар төрсөн. Бид гэр бүл болоод 7 жил болж байна. Намайг найз нөхөдтөйгөө уулзаад архи үнэртүүлээд ирэхээр элдвээр хэлдэг, намайг юу ч хэлээгүй байхад өөрөө цагдаа дууддаг, үүнийг Баянгол дүүргийн цагдаа нар ч мэднэ. Гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна. Хүүхдүүдийн асрамж, тэтгэлэг төлөх тал дээр маргахгүй, зөвшөөрч байна гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 Нэхэмжлэгч Э.Т нь Т.Т-т холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

 

Т.Т, Э.Т нар нь 2013 онд гэр бүл болж, 2014 оны 2-р сарын 14-ний өдөр гэрлэлтээ бүртгүүлжээ. Гэрлэгчид хамт амьдрахдаа 2014 оны 6-р сарын 3-нд хүү Т.Т, 2016 оны 2-р сарын 16-нд хүү Т.А нарыг төрүүлж өсгөжээ.

 

Гэр бүлийн тухай хуулинд зааснаар гэрлэгчид нь бие биедээ үнэнч байх, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, гэр бүлийн гишүүд нь бие биеэ халамжлах, хүндэтгэх, тэжээн тэтгэх, гэр бүлд шаардагдах эдийн засгийн нөхцөлийг бүрдүүлэх, хэн нэгнийхээ эрхийг зөрчихгүй, бие биеэ аливаа хэлбэрээр хүчирхийлэхгүй байх үүрэгтэй байна.

 

Харин гэрлэгчид хамт амьдрах хугацаанд нөхөр Т.Т нь архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэж, эхнэрээ хэл амаар доромжлох, зодох зэргээр бие махбодын болон сэтгэл санааны хүчирхийлэл үйлдэж байсан нь нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдсон, энэ нөхцөл байдал нь хүүхдүүдийн хүмүүжилд сөргөөр нөлөөлөхөөр байна.

 

Гэрлэгчийн зан харьцааны доголдол, таарамжгүй байдлын улмаас хэн аль нь цаашид хамт амьдрах боломжгүй гэж үзэж гэрлэлтээ цуцлуулахыг хүссэн байх тул эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлах нь зүйтэй.

 

Талуудын гэрлэлтийг цуцлахдаа бага насны хүү Т.Т Т.А нарыг эх Э.Т-ийн асрамжид үлдээж, хуульд заасан журмаар хүүхдийн тэтгэлэг тогтоож эцэг Т.Т-аар тэжээн тэтгүүлэх нь зүйтэй.

 

Гэр бүлийн тухай хуулийн 26-р зүйлд зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд эцэг, эхийн үүрэг хэвээр үлдэж, хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглоно.

 

Түүнчлэн Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5-р зүйлийн 5.3-т заасан хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхийг зөрчихгүй, эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байх үүрэгтэй.

 

Талуудын хооронд эд хөрөнгийн маргаангүй, эвлэрүүлэн зуучлах ажиллагааг 2020 оны 9-р сарын 17-ны өдөр дуусгавар болгосон байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1 , 116, 118, 132-р зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 14-р зүйлийн 14.1, 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан Т-ын Т, Э-ны Т нарын гэрлэлтийг цуцалж, 2014 оны 6-р сарын 3-нд төрсөн хүү Т.Т, 2016 оны 2-р сарын 16-нд төрсөн хүү Т.А нарыг эх Э.Т-ийн асрамжид үлдээсүгэй.

 

2.Гэр бүлийн тухай хуулийн 40-р зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан хүү Т.Т, Т.А нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 16 нас /суралцаж байгаа тохиолдолд 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр, тус бүрт тэтгэлэг гаргуулж эцэг Т.Т-аар тэжээн тэтгүүлсүгэй.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагч Т.Т-аас 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

Шийдвэрийг зохигч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА