| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 102/2020/03580/И |
| Дугаар | 102/ШШ2021/00003 |
| Огноо | 2020-12-23 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 12 сарын 23 өдөр
Дугаар 102/ШШ2021/00003
| 2020 оны 12 сарын 23 өдөр | Дугаар 102/ШШ2021/00003 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэлийн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 13-р хороонд байрлах Б банк бус санхүүгийн байгууллага ХХК-ний нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүргийн 15-р хороонд оршин суух,, Б овогт Ш-ын Н-д холбогдох зээлийн гэрээ цуцалж, 53 093 719 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, хариуцагч Ш.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баттулга нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ш.Н нь 2019 оны 4-р сарын 29-ний өдөр Б ББСБ-тай Б0209/2019 дугаартай зээлийн гэрээ байгуулж 43 000 000 төгрөгийг 36 сарын хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэй зээлсэн. Зээлийг дансаар шилжүүлсэн. Зээлдэгч нь эргэн төлөлтийг гэрээний хавсралтад заасан эхний хугацаанаас зөрчиж эхэлсэн. Зээлдэгчээс зээлээ хугацаанд нь төлөхийг удаа дараа шаардаж байсан боловч удахгүй төлнө гэсээр өнөөдрийг хүрлээ. Иймд хугацаанаас өмнө гэрээ цуцалж Ш.Н-гаас үндсэн зээл 39 441 291 төгрөг, зээлийн хүү 13 652 428 төгрөг нийт 53 093 719 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд 13 000 000 төгрөг төлсөн тул 40 093 719 төгрөг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Ш.Н шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: зээлийн гэрээг 2022 оны 4-р сар хүртэлх хугацаагаар зээлсэн. Тус зээлийг эргэн төлөлтийн графикт заасны дагуу төлж байсан боловч Ковид-19 цар тахлын улмаас хөл хорио тогтоосон, улмаар ажил үйлчилгээ зогсонги байдалд орж орлогогүй болж зээлийн эргэн төлөлтөд хүндрэл учирсан. Өнгөрсөн хугацаанд зээлээс 30 093 315 төгрөг төлсөн. Хугацаа бага зэрэг хэтэрсэн нь үнэн. Төлсөн мөнгөний ихэнхийг хүүнд тооцож авсан байна. Миний тооцоогоор нэхэмжлэл гаргахад 36 679 926 төгрөг төлөх байсан, үүнээс 13 000 000 төгрөг төлсөн. Үлдэх 26 679 926 төгрөгийг төлөхөөр байна гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б банк бус санхүүгийн байгууллага ХХК нь Ш.Н-д холбогдох зээлийн гэрээ цуцалж, 53 093 719 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.
Б ББСБ ХХК нь Ш.Н-тай 2019 оны 4-р сарын 29-ний өдөр А0209/2019 тоот зээлийн, Б0209/2019 тоот барьцааны гэрээ байгуулж 43 000 000 төгрөгийг 36 сарын хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэй зээлүүлэх, улсын бүртгэлийн Ү-2205064533 дугаарт бүртгэгдсэн, Баянгол дүүргийн 20-р хороо, 56.7 м.кв талбай бүхий орон сууцыг барьцаалахаар тохирчээ. Иргэний хуулийн 451-р зүйлд заасан зээлийн гэрээ байгуулагдсан, барьцааны гэрээ нь энэ хуулийн 156-р зүйлийн 156.2 дахь хэсэгт зааснаар нотариатаар гэрчлүүлж, улсын бүртгэлд бүртгүүлсэн, зээлийн болон барьцааны гэрээ хүчин төгөлдөр /хх 11-20/ байна.
Зээлдүүлэгч нь 2019 оны 5-р сарын 1-ний өдөр 43 000 000 төгрөгийг зээлдэгчийн дансанд шилжүүлсэн /хх 12/, харин зээлдэгч нь гэрээний хавсалтаар тохирсон зээл эргэн төлөх хуваарийг удаа дараа зөрчсөн, гэрээний хугацаанд 17 094 315 төгрөг төлж, хуваарийн дагуу төлөх зээл, зээлийн хүүг хугацаанд нь төлөөгүйгээс талуудын хооронд маргаан гарчээ.
Зээлдэгч нь гэрээний 2.1.1-д заасан зээл, зээлийн хүүгийн төлбөрийг гэрээний 2.2, 2.2.4, хавсралтад заасан хуваарийн дагуу төлөх үүргээ удаа дараа биелүүлээгүй нь зээл төлсөн талаарх дансны хуулгаар тогтоогдсон байх ба энэ нь гэрээний 6.1.1-т заасан гэрээг цуцлах үндэслэл болсон байна.
Зээлийн гэрээ цуцалсан 2020 оны 9-р сарын 21-ний байдлаар зээлдэгч нь зээл, зээлийн хүүнд 30 194 749 төгрөг төлөх байснаас 17 094 315 төгрөг төлсөн байжээ.
Талууд гэрээ байгуулахдаа үндсэн зээл, зээлийн хүүг сар бүр тогтоосон хэмжээгээр төлөхөөр тохирсон бөгөөд зээлдүүлэгч нь зээлдэгчийн төлсөн 17 094 315 төгрөгөөс 6 320 074 төгрөгийг үндсэн зээлд, 10 774 241 төгрөгийг зээлийн хүүнд төлснөөр тооцсон нь графикаар төлөх зээл, зээлийн хүүгээс зөрүүтэй тооцогдсон байх ба энэ талаарх хариуцагчийн татгалзал үндэслэлтэй байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд хариуцагч нь 2020 оны 11-р сарын 16-ны өдөр 13 000 000 төгрөгийг төлсөн нь банкны баримтаар /хх 49/ тогтоогдсон, гэрээ цуцлах хүртэл зээлдэгч нь үндсэн зээл, зээлийн хүүнд 17 094 315 төгрөг, 13 000 000 төгрөг нийт 30 093 315 төгрөгийг төлсөн гэж дүгнэлээ.
Гэрээ цуцлах хүртэл зээлдэгчийн төлөх байсан 30 194 749 төгрөгөөс 30 093 315 төгрөгийг хасч тооцвол зээлдэгч 100 434 төгрөгийг төлөөгүй байна. Харин зээлдэгч нь гэрээ цуцалсан хугацаа буюу 2020 оны 9-р сарын 20-ноос хойш хүү төлөхгүй бөгөөд төлөгдөөгүй үлдсэн 28 026 116 төгрөгийн зээлийг төлөх үүрэгтэй.
Иймд хариуцагч Ш.Н нь гэрээ цуцлах хүртэлх төлөгдөөгүй 100 434 төгрөг, гэрээ цуцалснаар төлөгдөх үндсэн зээлийн үлдэгдэл 28 026 116 төгрөг, гэрээний хугацаанд хугацаа хэтрүүлж төлсөнд тооцсон нэмэгдүүлсэн хүү 60 413 төгрөг нийт 28 186 963 төгрөгийг төлөх үүрэгтэй гэж дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.2, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 225-р зүйлийн 225.1 дэх хэсэг, 451-р зүйлийн 451.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б банк бус санхүүгийн байгууллага ХХК болон Ш.Н нарын хооронд байгуулсан 2019 оны 04-р сарын 29-ний өдрийн А0209/2019 тоот зээлийн, Б0209/2019 тоот барьцааны гэрээг цуцалж, Ш-ын Н-гаас 28 186 963 /хорин найман сая нэг зуун наян зургаан мянга есөн зуун жаран гурав/ төгрөг гаргуулж Б ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу 24 906 756 /хорин дөрвөн сая есөн зуун зургаан мянга долоон зуун тавин зургаа/ төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 423 419 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагчаас 298 885 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА