Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 102/ШШ2021/00114

 

 

 

 

 

2021 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 102/ШШ2021/00114

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 19-р хороонд оршин суух Х овогт М-ийн Э-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүргийн 19-р хороонд оршин суух Б овогт Э-ийн Л-т холбогдох гэрлэлт цуцлуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Э, хариуцагч Э.Л, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Алтанцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч М.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Л-тай 1995 онд гэрлэсэн. 1996 онд хүү Эй, 2005 онд охин Э нар төрсөн. Би хөдөө ажилладаг учир 10-аад жил тусдаа амьдарсан. Ажил дээрээ аваарт орж, тархины цус харвалттай, саажилттай 10-аад жил болж байна. Энэ хугацаанд эхнэр маань 3 хүүхдээ, бас намайг асарч, тэжээн тэтгэж байгаад өөрөө бас хүнд өвчтэй болсон. Өвчнөөсөө болж стресст орж, их ууртай болж, тэр асуудал нь надад хүнд байдаг. Бие биеэсээ төвөгшөөж, гэр бүлийн харилцаа байхгүй болсон. Хүнд өвчтэй учир надаас салаад хэдэн жил ч гэсэн эрх чөлөөтэй амьдраасай гээд гэрлэлтээ цуцлуулах өргөдөл өгсөн. Хүү Э.Э 25 настай, охин Э.Э 15 настай, отгон хүү Л.Ө 7 настай. Бидэнд эд хөрөнгийн, үр хүүхдийн маргаан байхгүй гэв.

 

Хариуцагч Э.Л шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид том хүүгээ төрсний дараа 1996 оны хавар гэрлэлтээ батлуулсан. Тэрнээс хойш 3 жил тусдаа амьдарч байгаад 2000 онд хотод шилжиж ирсэн. М.Э М ХХК-ийн тосонгийн уурхайд харуулаар 10 гаруй жил ажилласан. Ажиллаж байх хугацаандаа гэр орондоо маш цөөхөн ирдэг байсан. Ер нь бид тус тусдаа амьдралтай болсон гэж ойлгож болохоор 10 жилийг өнгөрөөсөн. 2009 оны хавар уурхайн дарга Н гэдэг хүнтэй архи ууж байгаад хоорондоо зодолдсоны улмаас тархины гэмтэл авч группт орсон. Хотод ирснээс нь хойш энэ хүнийг 10 жилийн турш хөл дээр нь босгох гэж бүх аргыг хэрэглэсэн. Хүү Э.Эт1995 онд, охин Э.Э одоо 16 нас хүрнэ. Отгон хүү Л.Ө М.Э-рын хүүхэд биш. Би хөхний хавдар өвчтэй, олон жил өвчтэй хүн асарч, асар их сэтгэл зүйн дарамтаас үүдэлтэй гэж үзэж байгаа. Энэ хүн өөрийгөө л тайван байлгах зорилготой. Надад ч гэсэн цуг байхад хэцүү байдаг. Зарим нэг өдөр бид хоёр хэн нэгнийгээ түрүүлээд алчих вий гэсэн нөхцөл байдалд хүрдэг. Цаашид хэн хэнийгээ тайван байлгах үүднээс гэрлэлтээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байна. Бид хоёр эд хөрөнгийн болон үр хүүхдийн маргаан байхгүй. Гэр бүлээрээ ярилцаад уг шийдвэрийг гаргасан гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 Нэхэмжлэгч М.Э нь Э.Л-т холбогдох гэрлэлт цуцлуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

 

М.Э, Э.Л нар нь 1996 онд гэрлэж 1996 оны 4-р сарын 17-нд хүү Э.Э, 2005 оны 7-р сарын 29-нд охин Э.Э нарыг төрүүлж өсгөжээ.

 

Гэр бүлийн тухай хуулинд зааснаар гэрлэгчид нь бие биедээ үнэнч байх, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, гэр бүлийн гишүүд нь бие биеэ халамжлах, хүндэтгэх, тэжээн тэтгэх, гэр бүлд шаардагдах эдийн засгийн нөхцөлийг бүрдүүлэх, хэн нэгнийхээ эрхийг зөрчихгүй, бие биеэ аливаа хэлбэрээр хүчирхийлэхгүй байх үүрэгтэй байна.

 

Харин гэрлэгчид хамт амьдрах хугацаандаа эрүүл мэндийн шалтгаан, сэтгэл санааны таарамжгүй байдлаас цаашид хамт амьдрах боломжгүй болсон, хэн аль нь гэрлэлтээ цуцлуулахыг хүссэн байна.

 

Гэрлэгчийн дундаас төрсөн охин Э.Э нь насанд хүрээгүй, 7 настай хүү Ө нь эхээрээ овоглосон, гэрлэгчийн дундаас төрөөгүй нь зохигчийн тайлбараар тогтоогдсон, энэ талаар талууд маргаагүй болно.

 

Түүнчлэн гэрлэлт цуцлуулахдаа хүүхдийн асрамж, тэтгэлэг, эд хөрөнгийн талаар маргаагүй, эвлэрүүлэн зуучлах ажиллагааг 2020 оны 11-р сарын 05-ны өдөр дуусгавар болгосон байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1 , 116, 118, 132-р зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 14-р зүйлийн 14.1, 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан М-ийн Э, Э-ын Л нарын гэрлэлтийг цуцалж, 2005 оны 7-р сарын 29-нд төрсөн охин Э.Э-ыг эх Э.Л-ийн асрамжид үлдээсүгэй.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагч Э.Л-аас 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

Шийдвэрийг зохигч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА