| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 102/2020/04466/И |
| Дугаар | 102/ШШ2021/00159 |
| Огноо | 2021-01-20 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 01 сарын 20 өдөр
Дугаар 102/ШШ2021/00159
| 2021 оны 01 сарын 20 өдөр | Дугаар 102/ШШ2021/00159 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 3 дугаар хороонд оршин суух Б овогт О-ын Б-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүргийн 3 дугаар хороонд оршин суух, Б овогт Э-тын А-д холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгохыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.З /үнэмлэх 1979/, хариуцагч Э.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баттулга нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч О.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э.А бид 2 оюутан байхдаа танилцаж, гэр бүл болсон. Хамт амьдрахдаа 2011 оны 6-р сарын 5-нд охин Х, 2015 оны 4-р сарын 4-нд охин Ану нарыг төрүүлсэн. Анх танилцахдаа Э.А архи, дарс уудаггүй байсан. Сургуулиа төгсөөд ажилд орсноосоо хойш ажлынхаа хүмүүстэй архи ууж эхэлсэн. Э.А байнга энэ гэрийг би тэжээж байна гэдэг. Иймд би бас ажилд орсон. Амьдарлаа босгох гэж би ч гэсэн зүтгэсэн. Би ажлаа тарж ирээд гэрийн ажлаа амжуулдаг, харин нөхөр буйдан дээр хэвтэж, зурагт үзэж, халуун хоол иддэг. Сүүлдээ намайг яг л гэрийн үйлчлэгч шиг л санаж, өөрөө архи дарс ууж байх ёстой юм шиг л аашилдаг болсон. Э.А эхлээд ...архи уухгүй... гэдэг байсан, харин сүүлдээ архи ууна гэж хэлдэг болсон. Архи уух болгондоо гэртээ агсан тавьж намайг 3-4 удаа зодож, хоног өдрөөр гэртээ ирэхгүй, өөр эмэгтэй дагуулж ирсэн байсан. Согтуу ирж агсан тавьж намайг зодсон тул цагдаа дуудаж Зөрчлийн хуулиар арга хэмжээ авхуулж байсан. Түүнээс болж би дотроо маш их гэмшиж бидний харилцаа цаашид эргэж хэвэндээ орохгүй юм шиг санагдах болсон. Хэдийгээр Э.А нь арга хэмжээ авхуулснаас хойш агсан тавьж, надад гар хүрхээ больсон ч цаанаа л нэг үйл хөдлөлөөрөө надад айдас төрүүлэх болсон. Миний хувьд хамт амьдарсан хугацаагаа, 2 хүүхдээ бодоод бүгдийг нь тэвчиж, архи уухаа болих байх гэж итгэж байсан. Гэтэл ерөөсөө архи дарс уух нь хэвээрээ, намайг болон хүүхдүүдээ сэтгэл санааны дарамтад байлгасан хэвээр байна. Иймд бидний гэрлэлтийг цуцалж, 2 хүүхдийг минь миний асрамжид үлдээж, тэтгэлэг тогтоож өгнө үү гэв.
Хариуцагч Э.А шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: О.Б нэгэнт ингэж шийдэж байгаа бол татгалзах зүйл байхгүй. Миний хувьд энэ амьдралыг босгох гэж чадлаараа хичээсэн. Гэрлэлт цуцлуулахад татгалзах зүйлгүй, хүүхдийн тэтгэлгийг хуульд заасны дагуу төлнө гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч О.Б нь Э.А-д холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
О.Б, Э.А нар нь 2007 онд гэр бүл болж, 2011 оны 5-р сарын 4-ний өдөр гэрлэлтээ бүртгүүлжээ. Гэрлэгчид хамт амьдрахдаа 2011 оны 6-р сарын 5-нд охин А.Х, 2015 оны 4-р сарын 4-нд охин А.А нарыг төрүүлж өсгөжээ.
Гэр бүлийн тухай хуулинд зааснаар гэрлэгчид нь бие биедээ үнэнч байх, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, гэр бүлийн гишүүд нь бие биеэ халамжлах, хүндэтгэх, тэжээн тэтгэх, гэр бүлд шаардагдах эдийн засгийн нөхцөлийг бүрдүүлэх, хэн нэгнийхээ эрхийг зөрчихгүй, бие биеэ аливаа хэлбэрээр хүчирхийлэхгүй байх үүрэгтэй байна.
Харин гэрлэгчид хамт амьдрах хугацаанд нөхөр Э.А нь архи согтууруулах ундааг хэрэглэдэг, агсам согтуу тавьж эхнэрээ зодох зэргээр бие махбодийн болон сэтгэл санааны хүчирхийлэл үйлдэж байсан, улмаар 2019 онд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн ахнан шатны шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 000 төгрөгөөр торгуулах ял шийтгүүлсэн нь зохигчийн тайлбараар тогтоогдсон, энэ нөхцөл байдал нь хүүхдүүдийн хүмүүжилд сөргөөр нөлөөлөхөөр байна.
Гэрлэгчийн зан харьцааны доголдол, таарамжгүй байдлын улмаас хэн аль нь цаашид хамт амьдрах боломжгүй гэж үзэж гэрлэлтээ цуцлуулахыг хүссэн байх тул эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлах нь зүйтэй.
Талуудын гэрлэлтийг цуцлахдаа бага насны охин А.Х, А.А нарыг эх О.Б-ийн асрамжинд үлдээж, хуульд заасан журмаар хүүхдийн тэтгэлэг тогтоож эцэг Э.А-оор тэжээн тэтгүүлэх нь зүйтэй.
Гэр бүлийн тухай хуулийн 26-р зүйлд зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд эцэг, эхийн үүрэг хэвээр үлдэж, хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглоно.
Түүнчлэн Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5-р зүйлийн 5.3-т заасан хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхийг зөрчихгүй, эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байх үүрэгтэй.
Талуудын хооронд эд хөрөнгийн маргаангүй, эвлэрүүлэн зуучлах ажиллагааг 2020 оны 1-р сарын 13-ны өдөр дуусгавар болгосон байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1 , 116, 118, 132-р зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14-р зүйлийн 14.1, 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан Э-ын А, О-ын Б нарын гэрлэлтийг цуцалж, 2011 оны 6-р сарын 5-нд төрсөн охин А.Х, 2015 оны 4-р сарын 4-нд төрсөн охин А.А нарыг эх О.Б-ийн асрамжинд үлдээсүгэй.
2.Гэр бүлийн тухай хуулийн 40-р зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан охин А.Хулан, А.Ану нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 16 нас /суралцаж байгаа тохиолдолд 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр, тус бүрт тэтгэлэг гаргуулж эцэг Э.А-оор тэжээн тэтгүүлсүгэй.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагч Э.А-оос 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
Шийдвэрийг зохигч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА