Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 102/ШШ2021/00160

 

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 102/ШШ2021/00160

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 3-р хороонд оршин суух, , Г овогт Г-ын М-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн 5-р хороо, Үндсэн хуулийн гудамж 3, өөрийн байр, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох холбогдох үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгохыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М, гэрч О.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баттулга нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Г.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11-р сарын 28-ны өдрийн 102/ШШ2018/03581 дугаартай шүүхийн шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01-р сарын 30-ны өдрийн 232 тоот магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2019 оны 5-р сарын 16-ны өдрийн 001/ХТ2019/00701 дугаартай тогтоол тус тус гарсан. Шийдвэрээр Г.Д бид хоёроос 73 020 436.18 төгрөг төлүүлэх шийдвэрийг Улсын дээд шүүх хэвээр үлдээсэн. Улсын бүртгэлийн Ү-2 дугаартай, Баянгол дүүргийн 3-р хороо, 79.85 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдаж зээлийн гэрээний үүргийг хангуулахаар шийдвэр гарсан. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 2020 оны 10-р сарын 12-ны өдрийн 4-224/37036 тоот төлбөр төлөгчид хөрөнгийн үнэлгээ мэдэгдэх тухай албан тоотыг 2020 оны 10-р сарын 19-ний өдөр Монгол шуудангаар хүлээж авсан. Манай 3 өрөө байрыг 173 967 000 төгрөгөөр шинжээч үнэлсэн байна. Манай байрны зах зээлийн үнэлгээ 365 000 000 төгрөг байтал В ХХК нь зах зээлээс доогуур үнээр үнэлсэн. Эх сурвалжаа мэдээллийн сайтуудаас авахдаа байр худалдах үнээр аваагүй, сарын түрээсийн дундаж үнийг сонгон авч тооцсон нь буруу болсон. Манай хорооллын манайх шиг супер засвар хийсэн, манай м.кв-тай ойролцоо орон сууцыг 310 000 000 төгрөгөөр зарагдаж байгаа болно. Гэтэл үндэслэлгүй зах зээлийн үнээс доогуур үнэлж байгаа тул шинжээчийн дүгнэлтийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 сарын 08-ны өдрийн 03581 дүгээр шийдвэрээр нэхэмжлэгчээс 73 020 436 төгрөг гаргуулж Голомт банк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр гарснаас хойш төлбөр төлөгч нь шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй тул барьцаа хөрөнгө болох Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, 3 өрөө орон сууцыг битүүмжлэн, хурааж авсан. Талууд Иргэний хуулийн 177.1-т заасны дагуу үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний чанарыг 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр мэдэгдсэн боловч талууд харилцан тохиролцоогүй тул В ХХК-ийг шинжээчээр томилж үнэлгээ хийлгэсэн. Байрыг 173 967 000 төгрөгөөр үнэлсэн байдаг. Ингээд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14.4-т заасны дагуу 2020 оны 10 сарын 12-ны өдрийн 4224/3736 дугаартай мэдэгдэх хуудсаар үнэлгээний дүгнэлтийг мэдэгдсэн бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55.7-т заасны дагуу үнэлгээтэй холбоотой гомдлыг нэхэмжлэгч нь шинжээчийн дүгнэлттэй танилцсанаас хойш 7 хоногийн дотор гаргах байсан боловч уг хугацааг дуусгавар болсны дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан, зах зээлийн үнэлгээ үндэслэлтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г.М нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгохыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж дүгнэлээ.

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11-р сарын 28-ны өдрийн 102/ШШ2018/03581 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01-р сарын 30-ны өдрийн 232 тоот магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2019 оны 5-р сарын 16-ны өдрийн 001/ХТ2019/00701 тоот тогтоолоор Г.М, Г.Д нараас 73 020 436.18 төгрөг гаргуулж Голомт банканд олгож, улсын бүртгэлийн Ү-2 дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүргийн 3-р хороо, 79.85 м.кв талбай бүхий 3 өрөө сууцыг дуудлага худалдаагаар худалдсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ. Шүүхийн шийдвэр хүчинтэй /хх 5-14, 49-55/ байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ, сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэх ба хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй байна.

 

Тус шүүхийн шүүгчийн 2019 оны 6-р сарын 26-ны өдрийн 00644 дүгээр гүйцэтгэх хуудсыг үндэслэн шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагаа явагдаж, төлбөр төлөгч Г.М-ын өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2 дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүргийн 3-р хороо,  79.85 м.кв талбай бүхий 3 өрөө сууцыг битүүмжлэх, хураах ажиллагаа хийгдсэн, улмаар төлбөр төлөгч нарт үнийн саналаа ирүүлэхийг /хх 59-68/ мэдэгджээ.

 

Төлбөр төлөгч Г.Д үнийн санал өгөхөөс татгалзсан, харин Г.М нь орон сууцыг 542 200 000 төгрөгөөр үнэлж /хх 68-69/ саналаа өгсөн байна.

 

Төлбөр төлөгчийн үнийн саналыг төлбөр авагч Голомт банк зөвшөөрөөгүй тухайгаа 2020 оны 9-р сарын 30-ны өдөр 09/7658 тоот албан бичгээр мэдэгдсэн /хх 71/, улмаар шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 10-р сарын 05-ны өдрийн 10/503 тоот Шинжээч томилох тухай тогтоолоор В ХХК-ийг шинжээчээр /хх 72/ томилжээ.

 

Шинжээч 2020 оны 10-р сарын 09-ний өдрийн дүгнэлтээр тухайн хөрөнгийг 173 967 000 төгрөгөөр үнэлэхдээ /хх 15-38, 73-88/ Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8-р зүйлд заасан үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хэрэглэн, Ремах.мн, Марко.мн, Үнэгүй.мн, Зар мэдээ.мн зэрэг сайтын үнэтэй харьцуулан жишиж стандартын дагуу үнэлсэн байна.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...эх сурвалжаа мэдээллийн сайтуудаас авахдаа байр худалдах үнээр аваагүй, сарын түрээсийн дундаж үнийг сонгон авч тооцсон, манай байр 365 000 000 төгрөгийн үнэтэй гэж тодорхойлсон боловч тайлбар, үндэслэлээ баримтаар нотлоогүй байна.

 

Шинжээч орлогын хандлагын аргаар үнэлгээ хийхдээ тухайн орон сууцны зах зээл дэх түрээсийн нэгжийн үнэ, цаашид ашиглах ашиглалтын орлого, ирээдүйн орлогын үнэ цэнийг капиталжуулах хувийг Монгол банкны бодлогын хүүгээр тооцсон, ойролцоо байрлах ижил зориулалтаар ашиглагдах боломжтой үл хөдлөх хөрөнгийн нэгж талбайн сарын түрээсийн дундаж үнийг үндэслэн үнэлгээ хийсэн нь шинжээчийн дүгнэлт, гэрч үнэлгээчин О.Б-ийн мэдүүлэг зэргээр тус тус тогтоогдсон байна.

 

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч зөвхөн орлогын хандлагын аргын талаар маргасан бөгөөд өртгийн, жишиг үнийн зах зээлийн үнэлгээний аргын талаар маргаагүй байна.

 

Шийдвэр гүйцэтгэгч нь үнэлгээний талаар төлбөр төлөгч нарт 2020 оны 10-р сарын 12-нд Монгол шуудан компаниар хүргүүлж мэдэгдсэн /хх 89, 91/, холбогдох утсаар тус тус мэдэгдэж тэмдэглэл үйлдсэн /хх 90, 92/, улмаар үнэлэгдсэн үнээс багагүй үнээр орон сууцаа 1 сарын дотор худалдан борлуулах саналыг бичгээр мэдэгджээ.

 

Энэ хугацаанд төлбөр төлөгч орон сууцаа худалдах, төлбөр авагчид төлбөрийг төлөх ямар нэг арга хэмжээ авсан нь нотлогдоогүйгээс гадна шийдвэр гүйцэтгэгч нь төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийг үнэлүүлэхдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55-р зүйлийн 55.1 дэх хэсэгт заасан журмыг зөрчөөгүй байна.

 

Эдгээрээс дүгнэвэл, шийдвэр гүйцэтгэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээг 2020 оны 10-р сарын 12-ны өдөр төлбөр төлөгч нарт мэдэгдсэн гэж үзэхээр байх ба нэхэмжлэгч мэдэгдлийг 2020 оны 10-р сарын 19-ний өдөр хүлээж авсан нь тогтоогдоогүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55.7-т заасны дагуу үнэлгээтэй холбоотой гомдлыг танилцсанаас хойш 7 хоногийн дотор гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж дүгнэлээ.

 

Нэхэмжлэгч Г.М-т шүүх хуралдааны мэдэгдлийг хорооны Засаг дарга болон өөрийнх нь 98882000 дугаарын утсаар мэдэгдсэн боловч 2 дахь удаагаа шүүх хуралдаанд хүндэтгэх шалтгаангүйгээр ирээгүй байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100-р зүйлийн 100.2 дахь хэсэгт зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.3, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 177-р зүйлийн 177.1 дэх хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55-р зүйлийн 55.1, 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан Г.М-ын өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2 дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүргийн 3-р хороо, 79.85 м.кв талбай бүхий 3 өрөө сууцыг 173 967 000 /нэг зуун далан гурван сая есөн зуун жаран долоон мянга/ төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгохыг хүссэн Галсанбаатарын Мөнхбаярын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээсүгэй.

 

Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА