Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 130

 

 

 

 

 

 

2020                1              28                                       2020/ДШМ/130

 

 

   М.У-, А.Б-, Д.Э- нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Н.Батсайхан, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Ариунжаргал,

шүүгдэгч, хохирогч Д.Э-ийн өмгөөлөгч П.Учралгэрэл,

шүүгдэгч, хохирогч А.Б-, М.У-, тэдгээрийн өмгөөлөгч Г.Тамир,    

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 1712 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч, хохирогч А.Б-, М.У- нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн М.У-, А.Б-, Д.Э- нарт холбогдох эрүүгийн 1906045941952 дугаартай хэргийг 2020 оны 1 дүгээр сарын 6-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Боржигон овгийн М.У-, 19.. оны 5 дугаар сарын 31-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, .. настай, эрэгтэй, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1,............. оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ................./;

2. Иөншөбүү овгийн А.Б, 19.. оны 5 дугаар сарын 6-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, .. настай, эрэгтэй, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, ................. дамжааны дадлагажигч, ам бүл ..., ......... хамт ..............тоотод оршин суух бүртгэлтэй боловч, ...................... тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй, /РД:................../;

3. Бэсүд овгийн Д.Э, 19.... оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн суманд төрсөн, ........ настай, эрэгтэй, дээд боловсролтой, уул уурхайн баяжуулалтын инженер мэргэжилтэй, ............ ажилтай, ам бүл 1, .............. тоотод оршин суух бүртгэлтэй боловч ................ тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ................/;

Д.Э- нь 2019 оны 8 дугаар сарын 3-ны шөнийн 04 цагийн үед Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Эрүүл мэндийн хөгжлийн төвийн 2 дугаар байранд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч М.У-, А.Б- нартай маргалдаж, улмаар харилцан зодолдож, эрүүл мэндэд нь тус тус хөнгөн хохирол учруулсан,

А.Б-, М.У- нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бүлэглэн 2019 оны 8 дугаар сарын 3-ны шөнийн 04 цагийн үед Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Эрүүл мэндийн үндэсний төвийн 2 дугаар байранд хохирогч Д.Э-тай маргалдаж, улмаар харилцан зодолдож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Д.Э-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6-д зааснаар “хоёр, түүнээс олон хүнийг”, “эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, А.Б-, М.У- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д зааснаар “бүлэглэж”, “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч А.Б-, М.У- нарыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол бүлэглэж учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Д.Э-ийг “хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар А.Б-д 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял, Д.Э-т 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял, М.У-т 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар, Д.Э-т оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд, А.Б-д оногдуулсан 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 7 сарын хугацаанд тус тус сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, А.Б-, Д.Э- нарт оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжийг, М.У-т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх уг ялын биелэгдээгүй найман цагийн ажлыг тус тус нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч нарт сануулж, А.Б-, М.У-, Д.Э- нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч М.У-, А.Б- нараас 435.995 төгрөг гаргуулж хохирогч Д.Э-т, шүүгдэгч Д.Э-аас 408.000 төгрөг гаргуулж хохирогч А.Б-д, 126.000 төгрөгийг гаргуулж хохирогч М.У-т тус тус олгож, хохирогч М.У-, А.Б- нар нь гэм буруутай этгээд болох шүүгдэгч Д.Э-аас, хохирогч Д.Э- нь гэм буруутай этгээд болох шүүгдэгч М.У-, А.Б- нараас энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хор уршгийн бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу тус бүр жич нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг баримтлан, хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 1 ширхэг сидиг хэрэг хадгалах хугацаа дуустал хавтас хэрэгт үлдээж, А.Б-, М.У-, Д.Э- нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч М.У- гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Намайг А.Б-тэй бүлэглэж хохирогч Д.Э-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг санаатайгаар хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн гэж шүүхийн шийтгэх тогтоолоор гэм буруутайд тооцож, 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би Д.Э-ийн толгой руу 2-3 удаа цохьсон. Цохих үед хохирогч 2 удаа толгойгоороо газар унасан. Үүнийг би анхнаасаа мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөвөөр мэдүүлсэн. Шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн биед учирсан гэмтлийн зэрэгтэй танилцсан ба миний учруулсан гэмтлүүд байсан. Хохирогч Д.Э-ийн биед гэмтэл учруулсан гэм буруутай үйлдлээ би хүлээн зөвшөөрдөг.

Харин найз Б-тэй бүлэглэж хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэдгийг би хүлээн зөвшөөрөхгүй байна. Б-ий хувьд биеэ авч явах ямар ч чадваргүй байсан. Б- нь нэг ч удаа хохирогч Э-ийн биед халдаж цохиж, зодсон зүйл байхгүй байхад шүүх үүнийг анхаарч үзэлгүй бүлэглэж хохирогчийг зодсон гэж үндэслэлгүй дүгнэлт хийж миний эрх зүйн байдлыг дордуулсанд гомдолтой байна.

Хохирогч Э-ийн биед халдаж хөнгөн зэргийн гэмтэл учруулах болсон шалтгаан нь манай найз Б- биеэ авч явах чадваргүй байхад хохирогч Э- нь дээр нь гараад зодож байсан. Анх би болиулж салгасан боловч Э- нь мөн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан тул өөдөөс хэл амаар доромжилж эхэлсэн. Найз Б- рүү дахин дайраад байхаар нь би 2-3 удаа гараа зангидаж байгаад уурандаа цохисон нь үнэн. Би 2 удаа цохиход Э- 2 удаа газар унасан бөгөөд энэ үед гэмтэл авсан. Энэ нь миний буруу. Би тухайн үед хэсэгхэн хугацаанд биеэ бариад найз Б-ийг аваад гэрлүү нь орсон бол Э-ийн биед гэмтэл учрахгүй байсан. Энэ үйлдэлдээ үнэхээр их харамсаж байна. Харин шүүх намайг Б-тэй бүлэглэж Э-ийн биед хөнгөн гэмтэл учруулсан гэж дүгнэсэн нь хэргийн үйл баримтыг үндэслэлтэй зөв, эргэлзээгүй талаас нь дүгнэж шийдвэрлээгүйд гомдолтой байна. Иймд миний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт буруутайд тооцож, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч А.Б- гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Тухайн үед Э-ийг би нэг ч удаа цохиж зодоогүй. Э- нь намайг зодсон гэж худал хэлсэн бөгөөд Э-ийн биед халдаж, гэмтэл учруулаагүй байж шүүхээр гэм буруутайд тооцуулж, ял шийтгүүлж, хийгээгүй хэргийнхээ төлөө хийсэн гэж гүтгүүлж байгаадаа харамсаж байна. Би Э-ийн биед хүрч тэвэрч авсан нь үнэн. Гэхдээ зодож, гэмтэл учруулсан ямар ч үйлдэл байхгүй. Хэрэв гэмтэл учруулсан бол биеийн аль хэсэгт, хэрхэн учруулсан гэдэг нь нотлогдох ёстой. Шүүх үүнийг үнэн зөвөөр шийдвэрлэх байх гэж найдаж байтал анхаарч үзэж дүгнэлт хийлгүйгээр зөвхөн хохирогчийн хэлснээр бүлэглэж гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэсэн нь бодит үнэнтэй нийцсэнгүй. Хийгээгүй үйлдлийн минь төлөө ял шийтгэсэнд маш их гомдолтой байна. Иймд намайг цагаатгаж өгнө үү. ...” гэв.      

Шүүгдэгч, хохирогч А.Б-, М.У- нарын өмгөөлөгч Г.Тамир тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...А.Б-ий хувьд цохисон үйлдэл тогтоогдоогүй. Зөвхөн хохирогч Эрдэнхуягын мэдүүлгээр нотлогдсон гэж үзээд байдаг. Гэрч Төмөрбаатар, Цолмонбаяр нар зодоон болоод хүмүүс орилолдсоны дараа буюу цаг хугацааны хувьд сүүлд гарч ирсэн. Тэр үед А.Б- тэврэлдээд, зууралдаад байсан үйлдэл байдаг. Тэрнээс цохисон зодсон үйлдэл байхгүй. У-ыг цохих үед Б- ямар нэгэн байдлаар хамтран, бүлэглээд, дэмжлэг үзүүлээд Э-ыг барьж байх хооронд У- цохисон үйлдэл тогтоогдоогүй. Үүнийг анхан шатны шүүх хуралдаанд хэлсэн боловч хамтран, бүлэглэж үйлдсэн гэж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. ...” гэв.

Шүүгдэгч, хохирогч Д.Э-ийн өмгөөлөгч П.Учралгэрэл тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх үндэслэлтэй зөв дүгнэлт хийсэн. Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрсөн асуудал байхгүй. Хавтас хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд үндэслэлтэй дүгнэлт хийсэн тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Прокурор Д.Ариунжаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч М.У-, А.Б- нар нь Э-ын биед гэмтэл учруулсан болохоо хүлээн зөвшөөрч байна. Харин бүлэглэж зодоогүй гэж байна. Энэ нь хавтас хэрэгт авагдсан гэрч Цолмонбаярын “Б- гэгч залуу нь манай нөхрийг газар унасан хэвтээ байрлалаар араас нь боож байсан”, гэрч Төмөрбаатарын “Б-, У- хоёр хоёулаа нийлээд орилоод Э- руу дайраад байсан” гэх мэдүүлгүүд болон шинжээч эмч Бадралын мэдүүлгээр үгүйсгэгдэж байна. Үнэхээр зодоон болоогүй юм бол Э-ын эхнэр бичлэг хийж байхад Б- яагаад утсыг нь булааж авах гээд дайрсан юм бэ. Анхан шатны шүүх хуралдааны үед шүүгдэгч А.Б-, М.У- нар маргаанаас болж ийм асуудал болсныг хүлээн зөвшөөрч байна гэчихээд одоо юуг хүлээн зөвшөөрөхгүй байгааг ойлгосонгүй. А.Б- Э-ыг зүгээр зуурч авсан гэж байна. Хэрвээ М.У-, Э- нар хоорондоо л зодолдсон юм бол Э-т тэр олон тооны гэмтэл учрахгүй байсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                             

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлуудаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

Хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

Д.Э- нь 2019 оны 8 дугаар сарын 3-ны шөнийн 04 цагийн үед Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Эрүүл мэндийн хөгжлийн төвийн 2 дугаар байранд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч М.У-, А.Б- нартай маргалдаж, улмаар харилцан зодолдож, эрүүл мэндэд нь тус тус хөнгөн хохирол учруулсан,

А.Б-, М.У- нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бүлэглэн 2019 оны 8 дугаар сарын 3-ны шөнийн 04 цагийн үед Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Эрүүл мэндийн үндэсний төвийн 2 дугаар байранд хохирогч Д.Э-тай маргалдаж, улмаар харилцан зодолдож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Д.Э-ийн хохирогчоор өгсөн “... Тэгээд би хартал нэг тарган залуу нь миний баруун нүд рүү нэг удаа цохьсон... Тэгээд би босож ирээд нөгөө туранхай залуутай нь барилцаж аваад ноцолдсон... Тэр үед туранхай залуу нь манай эхнэрийг бичлэг хийлээ гээд дайраад байсан... Тэгэхээр нь би салгах гэтэл нэг нь намайг боогоод, нэг нь толгой болон хөл, нуруу руу цохиод, өшиглөөд байсан...” /хх-16/,

“... Тарган махлаг залуу нь миний баруун нүд рүү цохиод авсан... Босоод иртэл цэнхэр өнгийн цамцтай залуу нь араас боогоод цохиод байсан... Миний баруун нүд хавдаж хөхөрсөн, зүүн шанааны дотор хэсэгт завьж язарч 2 оёдол тавиулсан. Толгой өвдөж, ар хэсгээрээ хөндүүртэй, дал нуруу, өвдөг, тохой хэсэгт хөхөрч, язарсан байна...” /хх-19/,

А.Б-ий хохирогчоор өгсөн “... тэр залуу миний хувцас руу нулимаад зүүн чамархай хэсэгт нэг удаа цохисон, тэр цохилтонд нь миний толгой манараад явчихсан.... нэг мэдэхэд миний дээд уруулын зүүн хэсэгт сэтэрч цус их алдсан... тэр залуу У-ын гар руу 1-3 удаа өшиглөсөн. Үүний улмаас У- нь тэр залууг мөн өшиглөж, цохисон...” /хх-24/,

М.У-ын хохирогчоор өгсөн “... Тэр залуу над руу дайрах гээд байхаар нь би түлхсэн, тэгэхэд газар унасан. Би тэр залууг 2 удаа түлхэж, газарт унагасан. Тухайн үед миний уур хүрээд А.Б-ийг цохисон залуугийн хөл хэсэг рүү өшиглөсөн, дараа нь би тэр залуу руу дайрч толгой руу нь зүүн гараараа нэг удаа, хананд шахаад зүүн хөлний өвдөг хэсгээр нүүр рүү нь өвдөглөсөн...” /хх28/,

Д.Э-ийн яллагдагчаар өгсөн “... тэр хоёр залуугийн туранхай өндөр буюу А.Б- нь эхэлж миний нүүр рүү цохисон... надтай Б- гэх өндөр туранхай залуу нь зууралдаж, цохиод байсан... Би Б- гэх залуутай сандал дээр цуг унасан гэж байсан...” /х-72/,

А.Б-ий яллагдагчаар өгсөн “... Би зөрүүлээд тэр залуугийн баруун талын чамархай хэсэг рүү 1-2 удаа цохисон... Би хохирогч гэх Э-тай хэд хэдэн удаа зууралдаж, газарт хамт унасан... би эхэлж тэр залууд цохиулж, зодуулсан. Дараа нь би тэр залууг цохисон.” /хх-84-86/,

М.У-ын яллагдагчаар өгсөн “...Тухайн үед миний уур хүрээд А.Б-ийг цохисон залуугийн хөл хэсэг рүү өшиглөсөн, дараа нь би тэр залуу руу дайрч толгой руу нь зүүн гараараа нэг удаа, хананд шахаад зүүн хөлний өвдөг хэсгээр нүүр рүү нь өвдөглөсөн. Тэгэхэд А.Б- нь дундуур ороод нөгөө залууг тэврээд салгасан...” /хх-79/

гэрч Г.Цолмонбаярын “... цэнхэр өнгийн цамцтай туранхай, өндөр залуу шиг санагдаж байна. Тэр залуу нь Э-ийг фудволкоор нь боочихсон, нөгөө намхан махлаг залуу нь гарнаас нь барьчихсан байсан... Тэгтэл намхан махлаг залуу нь Э-ийн нүүр лүү нь цохиод унагаачихсан... Б- гэх цэнхэр цамцтай залуу газар уначихсан манайг нөхрийг хэвтээ байрлалтай ар талаас нь хүзүүг нь боогоод байсан...” /хх-34/,

гэрч Ж.Төмөрбаатарын “... Б- түүний найз хоёр нь Цолмонбаярын нөхөр лүү хоёулаа дайраад цохиж байсан... Цолмонбаярын нөхрийг Б- нь араас нь боочихсон, түүний найз махлаг залуу урьд нь гараад цохиод байхаар нь би очиж махлаг залууг нь татаж авч салгасан...” /хх-36/,

гэрч Ч.Мягмарсүрэнгийн “... У-, Б- нар нь тэр үл таних залуу руу дайраад байсан бөгөөд салгах гэж их оролдсон. Ямар ч байсан У- нүцгэн залууг цохихыг харсан. Гэхдээ хэрхэн, биеийн аль хэсэгт яаж цохисон талаар одоо бол санахгүй байна...” /хх-38/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн 9464 дугаартай “... Э-ийн биед тархи доргилт, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, завьжинд няцарсан шарх, эрүү, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал, зүүн дал, бүсэлхий, хоёр тохойд цус хуралт, баруун гарын сарвууны 4, 5- хуруу, хоёр өвдөгт зулгаралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ...Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” шинжээчийн дүгнэлт /хх-45/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн 9476 дугаартай “... А.Б-ий биед дээд уруулд шарх, уруул чамархайн хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн, шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” шинжээчийн дүгнэлт /хх-50/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 9580 дугаартай “... М.У-ын биед баруун сарвуунд зөөлөн эдийн няцрал, баруун тохойд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.” шинжээчиийн дүгнэлт /хх-54/,

Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-59/ болон хавтас хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг” гэсэн Арваннэгдүгээр бүлэгт хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бол гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан ба Д.Э-, А.Б-, М.У- нарын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн М.У-, А.Б- нарыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол бүлэглэж учруулсан”, Д.Э-ийг “Хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч М.У-ын “...Анхан шатны шүүхээс бүлэглэж бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж гэм буруутайд тооцсоныг хүлээн зөвшөөрөхгүй байна”, А.Б-ий “...Хэрэгт оролцоогүй тул цагаатгаж өгнө үү” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

Учир нь, энэ хэрэгт ямар нэгэн ашиг сонирхлын зөрчилгүй, хууль сануулж мэдүүлэг авсан гэрч Г.Цолмонбаярын “...  махлаг залуу нь Э-ийн зүүн шанаа хэсэг рүү нь нэг удаа хүчтэй цохисон... Э- цохиулсаныхаа улмаас дахиж газар унасан бөгөөд нэг мэдсэн чинь Б- гэх цэнхэр цамцтай залуу газарт уначихсан, манай нөхрийг хэвтээ байрлалтай, ар талаас нь хүзүүг нь боогоод байсан...” /х-34/, Ж.Төмөрбаатарын “... махлаг залуу нь бол Цолмонбаярын нөхрийг нэг удаа газарт унатал нь цохиж унагаасан, Б- нь Цолмонбаярын нөхөр дээр очоод зууралдаад байсан...” /хх-36/, Ч.Мягмарсүрэнгийн “... Ямар ч байсан У- нь нүцгэн залууг цохихыг харсан...Б- болохоор тэр залуутай зууралдаад, ноцолдоод яваад байсан...” /хх-38/ гэх зэрэг мэдүүлгүүд болон бусад нотлох баримтуудаар М.У-, А.Б- нар нь бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь хангалттай нотлогдон тогтоогдсон байна.

Анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо “...шүүгдэгч А.Б-, М.У- нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан зааснаар гэмт хэрэг бүлэглэж үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцсон болно” гэж дүгнэсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангид тухайн гэмт хэргийнх нь үндсэн шинж болгон заасан нөхцөл байдлыг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөлд дахин тооцохгүй тухай Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг зөрчсөн үндэслэлгүй дүгнэлт болжээ.

Д.Э-, М.У-, А.Б- нарын бие биедээ хүч хэрэглэсний улмаас харилцан хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал, гэм буруугийн хэлбэрийг харгалзан үзэж А.Б-д 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял, Д.Э-т 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял, М.У-т 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг ялгамжтай оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй болсон байна.

Эрүүгийн хуулийн Хорьдугаар бүлэгт “Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг”-ийг тодорхойлж, мөн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “... олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулсан” бол гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан бөгөөд М.У-, А.Б- нарын үйлдлийн хувьд дээрх гэмт хэргийн шинж байсан эсэх талаар мөрдөн шалгах явцад шалгаж тодруулаагүй ба шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хэргийг шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдсан гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 2018/ШЦТ/1712 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч М.У-, А.Б- нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 М.АЛДАР

 

ШҮҮГЧ                                                                        Н.БАТСАЙХАН

 

ШҮҮГЧ                                                                                    Б.ЗОРИГ