Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 128/шш2022/0412

 

2022              05              30                                            128/ШШ2022/0412 Улаанбаатар хот \ъ

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дуламсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Н**** ******” ХХК /РД:6******/,

Хариуцагч:   Монгол Улсын Сангийн яам хоорондын, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааны явцад гарсан захиргааны акттай холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З*******, Б.Б********, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Г*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Л********* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Н**** ******” ХХК-иас Монгол Улсын Сангийн яаманд холбогдуулан “Сангийн яамны 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 6-1/565 дугаартай албан бичгийн 4 дүгээр заалтын 3 дахь дэд хэсгийн “харин Н**** ****** ХХК -ийн ижил төстэй ажил гэрээгээр гүйцэтгэсэн туршлагын мэдээлэлд “Т* ** ** ** ** **” ХХК-ийн тодорхойлолт нь тамга, тэмдгээр баталгаажуулаагүй байгаа нь тендерийн баримт бичгийн тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 18.1.г “Сүүлийн 5 жилийн аль нэг жилд авто самосвалын дугуй нийлүүлж байсан гэрээний хуулбар, гэрээ дүгнэсэн акт, эсхүл өмнөх үйлчлүүлэгчийн тодорхойлолт ирүүлэх” гэсэн шаардлагыг хангаагүй байна” гэсэн хэсэг болон “иймд тендер шалгаруулалтын үнэлгээг хуульд нийцүүлэн дахин хийхийг хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.3-д заасныг үндэслэн мэдэгдье, тус тендер шалгаруулалттай холбогдуулан гаргасан захиалагчийн 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн шийдвэрийг хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.1-д дэх заалтын дагуу хүчингүй болгож байна” гэсэн хэсгүүдийг тус тус хүчингүй болгуулах”-аар маргаж байна.

2. Нэхэмжлэгч “Н**** ******” ХХК нь “Э*********** ******” ХК-иас 2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр нээлттэй зарласан ЭТТ/2********дугаартай “Автосамосвалийн дугуй нийлүүлэхцахим тендер шалгаруулалтад оролцож, тендерийн баримт бичигт заасан хугацаанд төрийн худалдан авах ажиллагааны цахим систем болох www.tender.gov.mn хаягаар өөрийн тендерийг илгээсэн.

Ингээд захиалагчаас уг тендерийг хянаж үзээд 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 12/2808 дугаар албан бичиг, 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 12/118 дугаар албан бичгээр тус тус гэрээ байгуулах эрх олгосныг мэдэгдсэн.

Гэтэл Монгол Улсын Сангийн яамнаас 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр “Э****** **********” ХК-д 6-1/565 дугаар “Гомдол хянасан тухай” шийдвэрээр “...тендер шалгаруулалтын үнэлгээг хуульд нийцүүлэн дахин хийхийг мэдэгдэж ... тус тендер шалгаруулалттай холбогдуулан гаргасан захиалагчийн 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн шийдвэрийг хүчингүй болгож...захиалагчийн шийдвэр буюу үйлдлийн хэрэгжилтийг түр түдгэлзүүлсэн шийдвэрийн хугацаа үүгээр дуусгавар болж байна” гэж мэдэгдсэн байна.

Улмаар 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр “Эрдэнэс таван толгой” ХК-иас 12/250 дугаар “Тендер хүчингүй болсныг мэдэгдэх тухай” албан бичгээр “Н**** ******” ХХК-д хандан “...тендерийн хүчинтэй байх хугацаа 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөр дуусгавар болсон тул тендерийг хүчингүй болгож дахин зарлах болсныг үүгээр мэдэгдэж байна” гэх тайлбарыг өгсөн.  

3. Ингээд нэхэмжлэгч “Н**** ******” ХХК-иас Монгол Улсын Сангийн яаманд хандахад 2022 оны 3 дугаар сарын 02-ны өдөр 6-1/1056 дугаар албан бичгээр “...тус тендер шалгаруулалтад оролцсон “Б******** ********” ХХК-иас гаргасан гомдлыг тус яам хянан үзэж, гомдлын хариуг 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 6-1/565 тоот албан бичгээр захиалагчид хүргүүлсэн байна.” гэсэн хариуг өгсөн, үүнийг нэхэмжлэгч эс зөвшөөрч 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

4. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: “1/ Нэхэмжлэгч "Н**** ******" ХХК нь 2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр "Э****** **********" ХХК-иас нийтэд нээлттэй зарласан "Автосамосвалын дугуй нийлүүлэх" ЭТТ/2********дугаартай цахим тендерт холбогдох хууль журмын дагуу оролцсон бөгөөд 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр тендерийг нээж, үнэлгээний хорооноос манай компанийг хамгийн сайн үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчоор сонгож, 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 12/2808 дугаар албан бичгээр гэрээ байгуулах эрх олгосон.

Манай компани нь 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хуулийн 20 дугаар зүйл болон Захиалагчийн "Гэрээ байгуулах эрх олгох тухай" мэдэгдэлд заасны дагуу тендерийн үнийн 5 хувьтай тэнцэх гүйцэтгэлийн баталгааг байршуулж, гэрээ байгуулахаар захиалагчид хандсан.

Гэтэл манай компанийн шалгарсан ЭТТ/2********дугаартай "Автосамосвалын дугуй"-н тендер шалгаруулалтад 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр "Э** ** *** ** **” ХХК гомдол гаргасан бөгөөд гомдлыг Монгол Улсын Сангийн яам хянан үзэж холбогдох хариуг хуулийн 55 дугаар зүйлийн 55.2 дахь хэсэгт заасны дагуу 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 6-1/192 дугаар албан бичгээр захиалагч "Э****** **********" ХК-нд хүргүүлсэн байдаг. "Э****** **********" ХК нь "Э** ** *** ** **” ХХК-ийн гаргасан гомдлыг Монгол Улсын Сангийн яам хянан үзэж шийдвэрлэсний дараа дахин 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 12/118 дугаар "Гэрээ байгуулах эрх олгох тухай" албан бичгийг шинээр ирүүлсэн. Ингээд манай компани нь хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэгт заасан хугацаанд буюу гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш ажлын 6 хоногийн дотор буюу 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр талуудын хооронд байгуулагдах "Худалдах, худалдан авах гэрээ"-нд гарын үсэг зурж, хуулийн этгээдийн тэмдэг дарж баталгаажуулан захиалагч "Э****** **********" ХК-д хүргүүлсэн. Гэвч талуудын хооронд байгуулагдах "Худалдах, худалдан авах гэрээ" нь 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн байдлаар албажиж, байгуулагдаагүй тул тус гэрээ байгуулагдаагүй талаар холбогдох мэдээллийг захиалагч талаас утсан холбоогоор 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр лавлахад дахин оор компани гомдол гаргасан учраас хуулийн хугацаанд гэрээ байгуулагдаагүй гэдэг хариуг аман хэлбэрээр өгсөн.

Гэтэл уг тендерт оролцсон "Б******** ********" ХХК-иас гаргасан гомдлын дагуу Сангийн яам тендерийг хянан үзээд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу 55 дугаар зүйлийн 55.3.1-д заасны дагуу захиалагчийн 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн шийдвэрийг Сангийн яамны 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 6-1/565 дугаар шийдвэрээр хүчингүй болгосон тухай манай байгууллагад 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 6-1/1056 дугаар албан бичгээр мэдэгдсэнийг эс зөвшөөрч нэхэмжлэл гаргаж байна.

Монгол Улсын Сангийн яамны тус албан бичиг нь "М***** *****” ХК-ийн албан ёсны шуудангийн хүргэлтээр манай компанид 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хүргэгдэж ирсэн болно.

Сангийн яамны 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 6-1/565 дугаар шийдвэрт захиалагчийн шийдвэрийг хүчингүй болгосон үндэслэлээ "Харин "Н**** ******" ХХК ийн ижил төстэй ажил гэрээгээр гүйцэтгэсэн туршлагын мэдээлэлд "Т* ** ** ** ** **" ХХК-тай байгуулсан гэрээний хуулбарыг ирүүлсэн боловч өмнөх үйлчлүүлэгч болох "Т* ** ** ** ** **” ХХК-ийн тодорхойлолт нь тамга, тэмдгээр баталгаажаагүй байгаа нь тендерийн баримт бичгийн тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 18.1 (г)-д "Сүүлийн 5 жилийн аль нэг жилд автосамосвалын дугуй нийлүүлж байсан гэрээний хуулбар, гэрээ дүгнэсэн акт эсхүл өмнөх үйлчлүүлэгчийн тодорхойлолт ирүүлэх” гэсэн шаардлагыг хангаагүй байна" гэжээ.

2/ Манай компанийн хувьд өмнөх үйлчлүүлэгч "Т* ** ** ** ** ** " ХХК-тай байгуулсан гэрээ, тодорхойлолт нь хуулийн этгээдийн тэмдгээр баталгаажсан боловч уг тендер нь цахим тендер байсан учир эх хувь баримтуудыг сканердаж илгээсэн бөгөөд сканердсан баримтыг үндэслэн тэмдэг дарагдаагүй гэж үзэж байгаа нь шударга бус юм. Жич: /цахим тендерт оролцогч байгууллага нь файл-н хэмжээг 15 мб-д багтааж тендерийн баримт бичгийг илгээхээр Төрийн худалдан авах ажиллагааны цахим системд системчилсэн байдаг тул тус баримт бичгийн файл-н чанарыг багасгаж илгээхээс өөр аргагүй нөхцөл байдал тулгарч байгаа учир гэрээ болон албан бичгийн тэмдэг бүдэг гарах тохиолдол байдаг.

Уг баримтыг тэмдэг дарагдаагүй эсэхийг тулгаж хянан үзэхдээ тендерт оролцогчоос тайлбар тодруулга авч эх баримтыг шалгаж үзэх боломжтой байхад шууд тэмдэг дарагдаагүй тэмдгээр баталгаажаагүй гэж дүгнэсэн нь хэтэрхий нэг талыг барьсан бодит байдал болон хуульд нийцээгүй, тендерт шалгарсан оролцогчийн эрхийг ноцтой зорчсон шийдвэр гэж үзэж байгаа учир уг шийдвэрийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж байна. Иймд Сангийн яамны 2022 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн 6-1/565 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Г******* шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...1/ Тус албан бичгийн 4 дэх хэсгийн 4 дүгээр дэд хэсэгт “Н**** ******” ХХК-ийн гэрээгээр гүйцэтгэсэн ижил төстэй ажлын мэдээлэлд “Т* ** ** ** ** **” ХХК-тай байгуулсан гэрээний хуулбарыг ирүүлсэн боловч “Т* ** ** ** ** **” ХХК-ийн тамга тэмдгээр баталгаажаагүй байх тул тендерийн баримт бичгийн тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 18.1г-д заасан шаардлагыг хангаагүй байна гэж үзэж тендер шалгаруулалтыг хүчингүй болгож дахин тендер шалгаруулалтыг дахин хийлгэхийг даалгасан агуулгатай албан бичгийг Сангийн яамнаас гаргасан.

2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн шийдвэрийн дараа дахин Тендерийн үнэлгээний хороо дахин хуралдаж шийдвэр гаргасан. ТОӨЗ 18.1г-д заасан шаардлага нь сүүлийн 5 жилийн аль нэг жилд ижил төстэй ажил гүйцэтгэсэн байх туршлагыг хэлээд байгаа юм.

“Т* ** ** ** ** **” ХХК-тай байгуулсан гэрээ 2 хувь үйлдэгдсэн бөгөөд хуулбар хувийг нь цахимаар илгээсэн. Тамга тэмдэг бүдэг гарсан эсэхийг Сангийн яам шалгаж үзэлгүйгээр шийдвэр гаргасан.

Тендер шалгаруулалтын журамд зааснаар шаардлагатай гэж үзвэл Сангийн яам гомдол шалган шийдвэрлэх ажиллагаатай холбоотой баримтыг захиалагч болон тендерт оролцогчоос гаргуулж авах эрхтэй. Журам болон Захиргааны ерөнхий хуульд заасан эрх үүргээ хэрэгжүүлээгүй. “Т* ** ** ** ** **” ХХК-тай байгуулсан бараа худалдах,худалдан авах гэрээгээ цахим тендерт өгсөн. Энэ гэрээний үүрэг одоо болтол дуусаагүй байгаа тул гэрээ дүгнэсэн актыг гаргаж өгөх боломжгүй. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 13, 14, 15 дугаар зүйлүүдэд захиалагчийн зүгээс тендерт оролцохоор материал ирүүлсэн аж ахуй нэгжүүдийн санхүүгийн чадавхыг магадлах, туршлагыг магадлах гэх мэт хуульд заасан шаардлагуудыг хангаагүй гэх үндэслэл “Н**** ******” ХХК-д тогтоогдохгүй. Хуульд нийцээгүй шийдвэр гаргасан.

Сангийн яамны маргаан бүхий актад дурдсан үндэслэл, шаардлага нь туршлагыг үнэлэх гэсэн агуулгатай. Хариуцагч талаас “Н**** ******” ХХК-ийг сүүлийн 5 жилийн аль нэг жил ижил төстэй ажил гүйцэтгээгүй буюу ажлын туршлагагүй компани гэж тайлбарлаад байна. Нэхэмжлэгчээс өгсөн тендерийн баримт бичиг дотор “Т* ** ** ** ** **” ХХК-тай хийсэн дугуй нийлүүлэх худалдах худалдах авах гэрээг өгсөн. Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтэд гэрээ эсвэл тодорхойлолт ирүүл гэж заасан бөгөөд үүний дагуу гэрээ явуулсан.

Гэрээний үүрэг дуусгавар болоогүй учраас гэрээ дүгнэсэн акт гаргаж өгөөгүй. Иймд туршлагын шаардлага хангаагүй гэж үзсэн нь үндэслэлгүй буюу бодит байдалтай нийцэхгүй байна.

3/ Урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа захиргааны байгууллагынхаа хувьд гомдол шалган шийдвэрлэх журмыг нарийвчилсан зохицуулалт Тендерийн тухай хуульд байдаггүй. Захиргааны ерөнхий хуульд 93 дугаар зүйлийн 93.1-т урьдчилан шийдвэрлэх ажиллагааг дээд шатны захиргаа, эсхүл хуулиар урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явуулахаар хуульчилсан. Захиргааны ерөнхий хуулийн 95 дугаар зүйлд Урьдчилан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд гомдлыг шалган шийдвэрлэх нарийвчилсан журмыг зохицуулсан. 95.1.3-т “гомдол гаргагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч, шаардлагатай бол эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн гуравдагч этгээдэд гомдлыг шийдвэрлэх он, сар, өдөр, газрыг урьдчилан мэдэгдэж, уг ажиллагаанд хүсэлтээр нь байлцуулах” гэж заасныг Сангийн яам хэрэгжүүлээгүй.

Сангийн сайдын тушаалаар батлагдсан гомдол шалган шийдвэрлэх тухай журамд урьдчилан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа шаардлагатай бол холбогдох нотлох баримт цуглуулах үүргийг журамласан, 95.1.3-т зааснаар нэхэмжлэгчийг энэ ажиллагаанд оролцуулж нөхцөл байдлыг тогтоогоогүй. Энэ маргаантай адил “Н**** ******” ХХК-ийн тамга тэмдэг бүдэг гарсан гэх гомдлыг Сангийн яам шийдвэрлэхдээ захиалагчаар нь дамжуулан эх хувьтай нь тулгаж хараад шаардлага хангасан гэж үнэлсэн жишиг практик байгаа. Үүнийг нотлох баримтаар гаргаж өгсөн. Энэ үндэслэлээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

4/ Сангийн яам тендерт оролцогчдоос гаргасан гомдлыг хянан шийдвэрлэхдээ Захиргааны ерөнхий хуулийг баримтлахгүй зөвхөн Сангийн сайдын журмаа баримтлан гэж байгаа нь хууль бус юм. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд хууль хэрэглэх дарааллыг заасан байдаг. Сангийн яамнаас явуулж байгаа гомдол шалгах ажиллагааг Тендерийн тухай хууль болон Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 1-т заасны дагуу хуулиар эрх олгогдсон захиргааны байгууллагаас явуулж байгаа захиргааны урьдчилан шийдвэрлэх ажиллагаа юм.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гомдол шалган шийдвэрлэх ажиллагааны дарааллыг хэлэхдээ гомдлыг улсын байцаагч нар хүлээж аваад захиалагчаас шаардлагатай баримтуудыг ирүүлэхийг шаардана. Ирүүлсэн баримтуудад дүгнэлт хийж гомдол шалган шийдвэрлэх журам явагддаг гэж тайлбарласан. Үүнийг Сангийн яамнаас батлагдсан гэх журмаар зохицуулсан. Уг журмын 5.1 дүгээр зүйлд “захиалагчаас нэмэлт баримт шаардах эрх, 5.1.2-т холбогдох бусад этгээдээр нотлох баримт цуглуулах тайлбар авах, 5.1.10-т шаардлагатай бусад мэдээлэл, баримт цуглуулах талаар журамласан. Захиргааны ерөнхий хуулийн 95 дугаар зүйлд заасан “гомдол шалган шийдвэрлэх журам” Сангийн яаманд үйлчлэх ёстой. 95 дугаар зүйлийн 95.1.3-т “шаардлагатай бол эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн гуравдагч этгээдэд гомдлыг шийдвэрлэх он, сар, өдөр, газрыг урьдчилан мэдэгдэж, уг ажиллагаанд хүсэлтээр нь байлцуулахаар маш тодорхой заасан байгаа” гэв.

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г******* шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...1/ “Эрдэнэс таван толгой” ХХК-ас нээлттэй зарласан “Автосамосвалийн дугуй нийлүүлэх” тендерт оролцогч “Б******** ********” ХХК-иас тендер оролцогчдын өгөгдлийн хүснэгтийн 18.1.г-д заасан шаардлагыг хангаагүй гэж гомдол гаргасан.

Гомдлын хүрээнд шалган шийдвэрлэхдээ Сангийн садын 2019 оны 141 дүгээр тушаалаар батлагдсан тендерт оролцогчдоос ирүүлсэн гомдлыг хянан шийдвэрлэх журмын хүрээнд хянана шийдвэрлэдэг. Тендерт оролцогч нар тендерээ цахимаар илгээхдээ скайнардаж явуулдаг. Ирүүлсэн баримт бичгийн хүрээнд тендер хянан шийдвэрлэх ажиллагаа явагддаг. Оролцогч нараас илүү баримт бичиг шаардах боломжгүй. Захиалагчийн хувьд энэ үүргээ хэрэгжүүлэх боломжтой байсан. Энэ талаарх баримт авагдаагүй. Тамга тэмдгээр баталгаажсан байсан гэдгийг нотариатаар баталгаажуулж өгч байна. Шүүх дээр нотлох баримтын хүрээнд шийдвэрлэх боломжгүй. Компаниудын тендерт ирүүлсэн материалын хүрээнд хянан шийдвэрлэдэг. Тамга тэмдэг дарагдаагүй бол хүчин төгөлдөр бус гэж үзнэ. Энэ зарчмын дагуу тендерт ирүүлсэн материалуудыг шалгаж үзэхэд тамга тэмдгээр баталгаажсан эсэхийг  тодорхойлох боломжгүй байсан. Захиалагчаас ирүүлэх баримтуудыг шаардаж ирүүлсэн баримтын хүрээнд гомдлыг шалган шийдвэрлэдэг.

Хүчинтэй хугацаа дуусаагүй тохиолдолд дахин үнэлгээ хийх боломжтой байдаг. Хүчинтэй байх хугацаанд гэрээ байгуулагдсан байх шаардлагатай. Хүчинтэй байх хугацаанд дахин нэг удаа сунгасан.

2/ Гомдол хянан шийдвэрлэх журмын 5.1.12-т шаардлагатай бусад баримт бичгийг захиалагчаас авч болно гэж заасан. Шаардлагатай бусад баримт гэдэгт үнэлгээний хорооны тэмдэглэл, тодруулга авсан бол явуулсан хариу албан бичиг зэргийг л шаарддаг. Тендерийн тухай хуульд тендер шалгаруулалтад нөлөөлөхөөс бусад тохиолдолд тодруулга авах зохицуулалтыг тодорхойлсон байдаг. Нэг компаниас тодруулга авч болохгүй, бусад тендерт оролцогч компаниудаас адил шаардлага тавьж шалгаруулалтыг хийх ёстой.

Маргаж байгаа гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэхээр ижил төстэй ажлын шаардлагыг хангахгүй. Тендерийн хуулийн дагуу ирүүлсэн тендерийн баримт бичгийн дагуу гомдол, маргааныг хянан шийдвэрлэдэг. Захиалагчаас тодруулга авах хуулийн зохицуулалт байхгүй.

Захиргааны ерөнхий хуульд зааснаар тайлбарлах боломжгүй. Тендертэй холбоотой маргаан учраас Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд зааснаар шийдвэрлэнэ.

3/ Ижил төстэй ажлын туршлага байхгүй гэсэн үндэслэлээр маргаан бүхий захиргааны акт гарсан. Дараагийн үндэслэл нь “Б******** ********” ХХК-ийн гаргасан гомдол буюу захиалагчийн гаргасан шийдвэр үндэслэлгүй тул Сангийн яамнаас уг тендерийг хүчингүй болгож дахин үнэлгээ хийлгэхийг даалгасан шийдвэр гарсан. Сангийн яамнаас гомдол маргааныг хянан шийдвэрлээд ямар нэгэн шийдвэр гардаг. Энэ шийдвэр өөрөө хууль ёсны байх ёстой. Нэхэмжлэгч талаас Захиргааны ерөнхий хуулиар явах гээд байна. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасан зохицуулалтын хүрээнд Сангийн сайдын 2017 оны 141 дүгээр тушаалыг батлаад нийтээр дагаж мөрдөхөөр ашиглаж байгаа. Хууль зүйн яамнаас энэ журмыг захиргааны хэм хэмжээний актын улсын бүртгэлд бүртгэсэн нь ямар нэгэн хуультай зөрчилдөөгүй гэж үзсэн. Захиргааны ерөнхий хуультай нийцэж байгаа эсэхийг Хууль зүй, дотоод хэргийн яамнаас хянадаг. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв. 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх энэ хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар, цахим тендерийн баримт бичгийг агуулсан СД зэргийг шинжлэн судалж үнэлээд дараахь хууль зүйн үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч “Н**** ******” ХХК-ийг төлөөлж тус компанийн Гүйцэтгэх захирал  Т.Мөнхсаруул шүүхэд хандаж “Сангийн яамны 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 6-1/565 дугаар албан бичгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа уг албан бичгийн 4 дүгээр заалтын 3 дахь дэд хэсгийн “харин Н**** ****** ХХК-ийн ижил төстэй ажил гэрээгээр гүйцэтгэсэн туршлагын мэдээлэлд “Т* ** ** ** ** **” ХХК-ийн тодорхойлолт нь тамга, тэмдгээр баталгаажуулаагүй байгаа нь тендерийн баримт бичгийн тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 18.1.г “Сүүлийн 5 жилийн аль нэг жилд автосамосвалын дугуй нийлүүлж байсан гэрээний хуулбар, гэрээ дүгнэсэн акт, эсхүл өмнөх үйлчлүүлэгчийн тодорхойлолт ирүүлэх” гэсэн шаардлагыг хангаагүй байна” гэсэн хэсэг болон “иймд тендер шалгаруулалтын үнэлгээг хуульд нийцүүлэн дахин хийхийг хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.3-д заасныг үндэслэн мэдэгдье, тус тендер шалгаруулалттай холбогдуулан гаргасан захиалагчийн 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн шийдвэрийг хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.1-д дэх заалтын дагуу хүчингүй болгож байна” гэсэн хэсгүүдийг тус тус хүчингүй болгуулах”-аар тодруулсан, уг тодруулсан шаардлагын хүрээнд хэргийг хэлэлцэв.

Түүнчлэн нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...манай компанийн тендер хамгийн сайн тендерээр шалгарсан, Сангийн яаманд гомдол гарсны дагуу хянахдаа хариуцагч нь “Тендерт оролцогчдоос ирүүлсэн гомдлыг хянан шийдвэрлэх журам”-ын холбогдох заалтыг зөрчсөн, тамга тэмдэг дарсан албан бичгийг хүргүүлсэн, цахим баримт болгох явцад тамга нь бүдгэрсэн байхад тодруулаагүй, Захиргааны ерөнхий хуулийн 95 дугаар зүйлийн 95.1.3-т заасныг баримтлаагүй...” гэж тайлбарлан маргасныг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...”Б******** ********” ХХК-иас гаргасан гомдлын үндэслэл бүрээр “Б******** ********” ХХК болон “Н**** ******” ХХК-ийн ирүүлсэн тендерүүдэд үндэслэн хянан үзсэн, өөр ажиллагаа явуулах боломжгүй, Захиргааны ерөнхий хуулийг баримтлахгүй, Сангийн сайдын баталсан журмын дагуу хянах үүрэгтэй, албан бичиг хууль зөрчөөгүй” гэж маргаж байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл нэхэмжлэгч “Н**** ******” ХХК нь 2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр “Эрдэнэс таван толгой” ХК-иас зарласан “Автосамосвалын дугуй нийлүүлэх” ЭТТ/2********дугаар бүхий нээлттэй тендер шалгаруулалтад оролцсон байх ба тус тендерийн Үнэлгээний хорооны 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 12/2808 дугаар албан бичгээр нэхэмжлэгчид “хамгийн сайн тендер ирүүлсэн тул гэрээ байгуулах эрх олгож” мэдэгдэл хүргүүлжээ. 

Уг мэдэгдлийг үндэслэн нэхэмжлэгчээс захиалагчтай гэрээ байгуулах шатанд тендерийн оролцогч “Э** ** *** ** **” ХХК гомдол гаргасан, Сангийн яам гомдлыг хянаж хариу өгснөөр “Э****** **********” ХХК гэрээ байгуулах мэдэгдлийг нэхэмжлэгчид 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 12/118 дугаар албан бичгээр 2 дахь удаа хүргүүлсэн, уг мэдэгдлийн дагуу гэрээ байгуулах шатанд тендерийн оролцогч “Б******** ********” ХХК-иас 2022 оны 01 дүгээр сарын 24-нд “...“Н**** ******” ХХК-ийн хувьд итгэмжлэл нь хуулийн шаардлага хангаагүй, дугуй борлуулах дилерийн эрх олгосон баримт бичиг нь зөрчилтэй, Шүүхийн ерөнхий зөвлөлийн архивын тодорхойлолт нь хоорондоо зөрүүтэй, “Т* ** ** ** ** **” ХХК-ийн албан тодорхойлолт нь тамга тэмдэггүй байгаа нь шаардлага хангаагүй...” гэх үндэслэлүүдээр гомдол гаргасан болох нь тогтоогдсон, эдгээр үйл баримтуудын талаар хэргийн оролцогчид мараагүй.

Маргаан бүхий захиргааны акт болох Сангийн яамны 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 6-1/565 дугаар албан бичгээр “...“Б******** ********” ХХК-иас ирүүлсэн гомдлыг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2 дахь хэсэг болон Сангийн сайдын 2019 оны 131 дүгээр тушаалаар батлагдсан “Тендерт оролцогчдоос ирүүлсэн гомдлыг хянан шийдвэрлэх журам”-д заасны дагуу захиалагчаас ирүүлсэн холбогдох баримт материалд үндэслэн хянан үзлээ...” гээд уг албан бичгийн 4 дүгээр заалтын 3 дахь дэд хэсэгт “харин Н**** ****** ХХК -ийн ижил төстэй ажил гэрээгээр гүйцэтгэсэн туршлагын мэдээлэлд “Т* ** ** ** ** **” ХХК-ийн тодорхойлолт нь тамга, тэмдгээр баталгаажуулаагүй байгаа нь тендерийн баримт бичгийн тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 18.1.г “Сүүлийн 5 жилийн аль нэг жилд автосамосвалын дугуй нийлүүлж байсан гэрээний хуулбар, гэрээ дүгнэсэн акт, эсхүл өмнөх үйлчлүүлэгчийн тодорхойлолт ирүүлэх” гэсэн шаардлагыг хангаагүй байна” гэсэн хэсэг болон “иймд тендер шалгаруулалтын үнэлгээг хуульд нийцүүлэн дахин хийхийг хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.3-д заасныг үндэслэн мэдэгдье, тус тендер шалгаруулалттай холбогдуулан гаргасан захиалагчийн 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн шийдвэрийг хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.1-д дэх заалтын дагуу хүчингүй болгож байна” гэж шийдвэрлэжээ.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д “Тендерт оролцогч нь энэ хуулийн 11.2-т заасныг зөрчсөн болон...захиалагчийн шийдвэрийг эс зөвшөөрсөн, хуульд заасан хугацаанд захиалагч шийдвэр гаргаагүй, эсхүл гэрээ байгуулах эрх олгосон тухай гомдлыг зөвхөн төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тус тус ажлын 5 өдрийн дотор гаргана.” гэж, 55 дугаар зүйлийн 55.3-т “Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага...гомдлыг авч хэлэлцээд захиалагч энэ хуулийг зөрчсөн гэж үзвэл дараахь шийдвэр гаргана:” гэж, 55.3.1-д “энэ хуулийг зөрчсөн захиалагчийн үйлдэл буюу шийдвэрийг хэсэгчлэн, эсхүл бүхэлд нь хүчингүй болгох, өөрчлөх;”, 55.3.3-д “зөрчлийг арилгасны үндсэн дээр тендер шалгаруулалтыг явуулахыг захиалагчаас шаардах” гэж тус тус заасан.

Түүнчлэн, Захиргааны ерөнхий хуулийн 95 дугаар зүйлийн 95.1-д “Захиргааны байгууллага гомдлыг хянан шийдвэрлэх талаар дараах ажиллагаа явуулна”гэж, 95.1.1-д “захиргааны акт хууль тогтоомж болон зорилгодоо нийцсэн эсэхийг шалгах;” 95.1.2-т “захиргааны байгууллага сонгох боломжоо хэрэглэсэн байдлыг шалгах” гэж тус тус заасан байна.

Захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн бүртгэлд бүртгэгдэж хүчин төгөлдөр болсон Сангийн сайдын 2019 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 131 дүгээр тушаалаар батлагдсан “Тендерт оролцогчдоос ирүүлсэн гомдлыг хянан шийдвэрлэх журам”-ын 1.1-д “Энэ журмаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль /цаашид “хууль” гэх/-д заасны дагуу тендерт оролцогчдоос захиалагчийн шийдвэр, үйл ажиллагаатай холбоотойгоор захиалагчид өөрт нь болон гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гомдол гаргах, тэдгээр нь гомдлыг хүлээн авч, хянан шийдвэрлэхтэй холбоотой харилцааг зохицуулна”, 1.3-д “Хуулийн 55 дугаар зүйлд үндэслэн захиалагчийн шийдвэр, үйл ажиллагаатай холбогдуулан тендерт оролцогчоос гаргасан гомдлыг...Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага урьдчилан шийдвэрлэх ажиллагааны урмаар шийдвэрлэх ба гаргасан шийдвэрийг захиалагч Захиргааны ерөнхий хуулийн 98 дугаар зүйлийн 98.2 дахь хэсэгт заасны дагуу заавал биелүүлнэ”, 4.1-д “Тендерт оролцогч нь хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасан асуудлаар үндэслэл бүхий гомдлыг төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад гаргана”, 5.1-д “Сангийн яам хүлээн авсан гомдлын агуулга, шаардлагаас хамааран дор дурдсан мэдээлэл, баримт бичгийг ирүүлэхийг захиалагчаас шаардаж болно”, 5.2-т “Гомдол хянан шийдвэрлэх явцад ойлгомжгүй, зөрүүтэй болон бусад нөхцөл байдал үүсвэл Сангийн яам холбогдох албан тушаалтнаас тайлбар авч болно”, 6.2-т “Сангийн яам энэ журмын дагуу гомдлыг хянан шийдвэрлэсэн нь урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар шийдвэрлүүлэх шаардлагыг хангасанд тооцно” гэж тус тус заажээ.

Түүнчлэн нэхэмжлэгчээс шүүхэд ирүүлсэн, “Т* ** ** ** ** **” ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 576/21 тоот “Тодорхойлолт гаргах тухай” албан бичгээр Тендерийн хороонд хандаж “Т* ** ** ** ** **” ХХК нь Франц улсын Мишелин брэндийн Монгол албан ёсны төлөөлөгч “Н**** ******” ХХК-тай 2020 оноос хамтран ажиллаж байгаа...уг Мишелин брэндийн автосөмосвалын дугуй нь манай уурхайд хамгийн тохиромжтой бөгөөд гүйцэтгэл сайн болохыг үүгээр тодорхойлж байна” гээд Гүйцэтгэх захирал Б.Б****** гарын үсэг зурж тус компанийн тамга дарсан байх ба харин нэхэмжлэгчээс “Э****** **********” ХК-ийн тендерийн хороонд хүргүүлсэн цахим тендерийн баримт бичигт хавсарган хүргүүлсэн дээрхи албан бичгийн хуулбар хувьд Гүйцэтгэх захирал Б.Б******ын гарын үсэг зурагдсан хэдий ч тухайн компанийн тамга дарагдсан эсэх нь тодорхой ялгагдаж харагдахгүй байгаа нь шүүх хуралдаанаар шинжлэн судалсан диск /СД/-нд хадгалагдсан баримт бичгээр тогтоогдсон болно.

Үүнээс үзвэл нэхэмжлэгчээс цахимаар хүргүүлсэн тендерийн баримт бичигт хавсаргасан “Т* ** ** ** ** **” ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 576/21 тоот “Тодорхойлолт гаргах тухай” албан бичигт тус компанийн тамга дарагдсан эсэх нь тодорхойгүй болж улмаар энэ асуудлаар маргаан үүсч гомдол гарсан, үүнээс улбаалан “Н**** ******” ХХК нь тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 18.1.г “Сүүлийн 5 жилийн аль нэг жилд автосамосвалын дугуй нийлүүлж байсан гэрээний хуулбар, гэрээ дүгнэсэн акт, эсхүл өмнөх үйлчлүүлэгчийн тодорхойлолт ирүүлэх” гэсэн шаардлагыг хангасан эсэх нь ойлгомжгүй нөхцөл байдал үүсгэжээ.

Энэ тохиолдолд тухайн гомдлыг Сангийн яам хэрхэн шийдвэрлэх талаар  “Тендерт оролцогчдоос ирүүлсэн гомдлыг хянан шийдвэрлэх журам”-ын 5.2-т тодорхой заасан байхад хариуцагч уг гомдлыг хянан шийдвэрлэх ажиллагааг бүрэн гүйцэд хийгээгүй, тухайлбал “Т* ** ** ** ** **” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Б******аас ирүүлсэн тодорхойлолт хүчин төгөлдөр, үнэн зөв эсэх талаар ойлгомжгүй, зөрүүтэй нөхцөл байдал үүссэн байхад энэ талаар тайлбар авч тодруулах ажиллагааг зайлшгүй хийх ёстой байсан гэж үзэхээр байна.

Учир нь дээрх журмын 6.2-т “Сангийн яам энэ журмын дагуу гомдлыг хянан шийдвэрлэсэн нь урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар шийдвэрлүүлэх шаардлагыг хангасанд тооцно” гэж заасан нь агуулгын хувьд Захиргааны ерөнхий хуулийн 95.1-д заасан шаардлагыг давхар илэрхийлж байх бөгөөд энэ утгаараа Сангийн яамнаас гомдлыг хянан шийдвэрлэж буй ажиллагаа нь Захиргааны ерөнхий хуулийн дээрхи зохицуулалт болон “Тендерт оролцогчдоос ирүүлсэн гомдлыг хянан шийдвэрлэх журам”-ын аль алинд нийцэж байх учиртай, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...зөвхөн журмыг баримтална, Захиргааны ерөнхий хуулийн зохицуулалт үйлчлэхгүй” гэх тайлбар үндэслэлгүй.

Энэ үүднээс авч үзвэл хариуцагч Сангийн яам нь нэхэмжлэгч “Н**** ******” ХХК нь тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 18.1.г “Сүүлийн 5 жилийн аль нэг жилд автосамосвалын дугуй нийлүүлж байсан гэрээний хуулбар, гэрээ дүгнэсэн акт, эсхүл өмнөх үйлчлүүлэгчийн тодорхойлолт ирүүлэх” гэсэн шаардлагыг хангасан эсэх талаархи гомдлыг хянахдаа журмын 5 дугаар зүйлийн 5.2-т заасан ажиллагааг хийгээгүйгээс түүний гаргасан шийдвэр хууль зүйн үндэслэлгүй, уг албан бичгийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж шүүх дүгнэв.

Түүнчлэн нэхэмжлэгч “Н**** ******” ХХК нь тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 18.1.г Сүүлийн 5 жилийн аль нэг жилд автосамосвалын дугуй нийлүүлж байсан гэрээний хуулбар, гэрээ дүгнэсэн акт, эсхүл өмнөх үйлчлүүлэгчийн тодорхойлолт ирүүлэх” гэсэн шаардлагын хүрээнд “Т* ** ** ** ** **” ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 576/21 тоот “Тодорхойлолт гаргах тухай” албан бичиг болон тус компанитай байгуулсан гэрээний хувийг хүргүүлсэн, тухайн гэрээний хугацаа дуусаагүй үргэлжилж байгаа нь уг гэрээний хувь болон 576/21 тоот албан бичгээс тодорхой байхад тэдгээрийг хооронд нь харьцуулж үзэлгүйгээр зөвхөн “тодорхойлолтонд тамга дарагдаагүй” гэх шалтгаанаар нэхэмжлэгч компанийг тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 18.1.г-д заасан шаардлагыг хангаагүй гэж дүгнэсэн нь учир дутагдалтай гэж үзнэ.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч компани нь 2020 онд Т* ** ** ** ** ** ХХК-тай байгуулсан Автосамосвалын дугуй нийлүүлэх гэрээ”-ний хуулбараа хүргүүлсэн, уг гэрээний хугацаа дуусаагүй үргэлжилж байгаа нөхцөлд “гэрээ дүгнэсэн акт” ирүүлэх боломжгүй бөгөөд өмнөх үйлчлүүлэгч “Т* ** ** ** ** **” ХХК-ийн тодорхойлолтыг ирүүлсэн нь тус тус тендерийн баримт бичгийн шаардлагыг хангаж байхад эдгээр баримтуудыг харьцуулж үзэлгүй, уг албан бичгийг эх хувьтай нь тулгаж шалгаагүй, түүнийг гаргаж ирүүлсэн этгээд болох “Т* ** ** ** ** **” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Б******аас тайлбар авалгүйгээр 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 6-1/565 дугаар албан бичгийг гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй, энэ талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...зөвхөн журмын 5.1-д заасан баримт бичгийн хүрээнд л хянах үүрэгтэй, өөр бусад баримт бичиг шаардах, ажиллагаа явуулах боломжгүй” гэх тайлбар үндэслэлгүй.

Шүүхийн энэ шийдвэрээр Сангийн яамны 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 6-1/565 дугаар албан бичгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа уг албан бичгийн 4 дүгээр заалтын 3 дахь дэд хэсгийн “харин Н**** ****** ХХК-ийн ижил төстэй ажил гэрээгээр гүйцэтгэсэн туршлагын мэдээлэлд “Т* ** ** ** ** **” ХХК-ийн тодорхойлолтыг тамга, тэмдгээр баталгаажуулаагүй байгаа нь тендерийн баримт бичгийн тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 18.1.г “Сүүлийн 5 жилийн аль нэг жилд автосамосвалын дугуй нийлүүлж байсан гэрээний хуулбар, гэрээ дүгнэсэн акт, эсхүл өмнөх үйлчлүүлэгчийн тодорхойлолт ирүүлэх” гэсэн шаардлагыг хангаагүй байна” гэсэн хэсгийг хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэн, хүчингүй болгож шийдвэрлэсэн тул  түүний үр дагавар болох Сангийн яамны маргаан бүхий албан бичгийн, “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55 дугаар зүйлийн 55.3.1, 55.3.3-д заасныг үндэслэн захиалагчийн гаргасан 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн шийдвэрийг хүчингүй болгосон” болон “тендер шалгаруулалтын үнэлгээг хуульд нийцүүлэн дахин хийхийг захиалагчид даалгасан” хэсгүүдийг тус тус хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Иймд дээр дурдсан хууль зүйн үндэслэлүүдээр нэхэмжлэгч “Н**** ******” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.            Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, 55.3.1, 55.3.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Н**** ******” ХХК-иас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Сангийн яамны, 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 6-1/565 дугаар албан бичгийн 4 дүгээр заалтын 3 дахь дэд хэсгийн “харин Н**** ****** ХХК -ийн ижил төстэй ажил гэрээгээр гүйцэтгэсэн туршлагын мэдээлэлд “Т* ** ** ** ** **” ХХК-ийн тодорхойлолт нь тамга, тэмдгээр баталгаажуулаагүй байгаа нь тендерийн баримт бичгийн тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 18.1.г “Сүүлийн 5 жилийн аль нэг жилд автосамосвалын дугуй нийлүүлж байсан гэрээний хуулбар, гэрээ дүгнэсэн акт, эсхүл өмнөх үйлчлүүлэгчийн тодорхойлолт ирүүлэх” гэсэн шаардлагыг хангаагүй байна” гэсэн хэсэг болон “иймд тендер шалгаруулалтын үнэлгээг хуульд нийцүүлэн дахин хийхийг хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.3-д заасныг үндэслэн мэдэгдье, тус тендер шалгаруулалтттай холбогдуулан гаргасан захиалагчийн 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн шийдвэрийг хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.1-д дэх заалтын дагуу хүчингүй болгож байна” гэсэн хэсгүүдийг тус тус хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар 113.2-т зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Н.ДУЛАМСҮРЭН