Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 34

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                     Хэргийн индекс: 180/2017/0041/Э

Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг  шүүгч Л.Уянга даргалж тус шүүхийн “А” танхимд  хаалттай хийсэн хуралдаанд

Нарийн бичгийн дарга                  Д.Мөнхцэцэг,
Улсын яллагч                Ц.Цэен-Ойдов,
Шүүгдэгчийн     өмгөөлөгч             Л.Наранчимэг,
Насанд хүрээгүй шүүгдэгчийн
 хууль ёсны төлөөлөгч           Э.Оюун-Эрдэнэ,
Насанд хүрээгүй шүүгдэгч       Э.Лхагвадорж нарыг  оролцуулан

     Тус аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Боржигон овогт Энх-Амгалангийн Лхагвадоржид холбогдох эрүүгийн 201723000029 дугаартай хэргийг 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1999 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Хэнтий аймгийн Баянмөнх суманд төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт, Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг А56-18 тоотод оршин суух, Хэрлэн сумын Тэмүүжин цогцолбор сургуулийн 12б ангийн сурагч, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй гэх, хэрэг хариуцах чадвартай Боржигон овогт Энх-Амгалангийн Лхагвадорж /РД: СГ99061612/

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: Яллагдагчаар татах тогтоолд дурдсанаар: яллагдагч Э.Лхагвадорж нь Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг Баянмөнхийн 07-41 тоотод оршин суух иргэн О.Будхүүг хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар нүүрэн тус газар нь гараараа нэг удаа цохиж биед нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогдсон байна.
ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүх хуралдаанд хавтаст хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн  судлав. Үүнд:

 Хохирогч О.Будхүүгийн мөрдөн байцаалтад өгсөн: “ би 2017 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Тэмүүжин цогцолбор сургуулийн аварга шалгаруулах Сагсанбөмбөгийн тэмцээнд орсон. Тэгээд манай анги тус сургуулийнхаа 12б бүлэгтэй тоглохоор болсон. Тэгээд 15 цагийн үед тухайн ангитай тоглоод манай анги хожсон. Намайг заалнаас гараад явж байтал миний араас Чинзоригтбаатаржав ирээд шууд намайг шанаа руу нэг удаа цохиод аятайхан тоглож чадахгүй байна уу гэсэн. Тэгэхээр нь би зөрүүлээд Чинзоригтбаатаржавыг нэг удаа цохисон чинь Чинээ намайг ахиад нэг цохисон. Тэгээд бид хоёр зууралдаад байж байтал Лхагвадорж ирээд миний хамар луу шууд цохисон. Миний хамраас цус гараад би цусаа тогтоох гээд угаалгын өрөө орсон. Хамраа толинд хартал хугарсан байсан. Тэгтэл манай ангийн багш Жавзан орж ирсэн. Багш эхлээд эмнэлэгийн байгууллагад хандаад дараа нь манай ар гэр лүү холбогдсон. Тэгээд хамгийн сүүлд Цагдаагийн байгууллагад хандсан. Лхагвадорж өмнө нь намайг 2016 оны 10 дугаар сарын сүүлээр урлагын үзлэгийн үеэр сандал дээрээс бос гээд нэг удаа алгадаж байсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-21 тал/,

    Хууль ёсны төлөөлөгч Н.Цэцэгмаагийн мөрдөн байцаалтад өгсөн: “... Би 2017 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Хэнтий аймгийн Норовлин суманд байж байтал манай хүү Будхүүгийн ангийн багш Жавцан залгаад танай хүүхдийн хамар луу хүн цохиод хугалсан байна гэж хэлэхээр нь би та тэгвэл цагдаагийн байгууллагад ханд гэж хэлсэн. Тэгээд би 2017 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр ангийн багш руу нь залгахад Будхүү хичээлдээ ирээгүй хамар хугарсан байна гээд чихээс хийлгэсэн гэртээ хэвтэж байгаа гэсэн. Би 2017 оны 01 дүгээр сарын 23-нд аймагт ирсэн. Аймагт ирээд байж байтал манай хүүхдийг цохисон хүүхдийн ар гэрийнх нь хүмүүс ирж уулзсан. Бид нар ярилцаад миний хүүхдийг ямар нэгэн хохиролгүй болгох талаар ярилцаж тохиролцсон. Манай хүүхдийг надтай хамт Улаанбаатар хот руу дагуулж явж хамрыг нь янзлуулсан. Би гомдолтой байна. Миний хүүхэд ингэж гэмтээгүй бол би Хэнтий аймагт ирэх шаардлагагүй байсан. Би хэрвээ сумандаа хувиараа дээлээ оёж байсан бол өдөрт 120.000 төгрөг олох байсан. Гэтэл энэ асуудлаас болж би 10-аад хоногийн ажлаа алдлаа. Лхагвадорж гэх хүүхдийн эгч нь болох хүн зан харьцааны хувьд доголдолтой,  хүнтэй харьцах чадваргүй намайг үл тоосон байдалтай байгаа асуудалд би гомдолтой байна. Би тухайн хүнээс одоо хохирол болох 500.000 төгрөг авна гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-23 тал/,

Гэрч Х.Чинзоригтбаатаржавын мөрдөн байцаалтад өгсөн: “..Тоглолтын явцад манай ангийн хүүхэдтэй Будхүү маргалдаад байсан. Тоглолт дуусаад заалнаас Будхүүг би коридорт дуудаад аятайхан тоглож чадахгүй байна уу гээд нэг удаа цохихиод намайг буцаагаад цохисон. Тэгээд бид 2 барьцалдаад байж байтал Лхагвадорж бид 2-ыг салгасан, Лхагвадорж Будхүүгийн хамрыг цохихыг би хараагүй гэсэн мэдүүлэг /хх-ийн 26-27 тал/,
Гэрч Н.Жавзангийн мөрдөн байцаалтад өгсөн: ...2017 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 15 цагийн үед ангийн тоглолт дууссаны дараа хүүхдүүд Будхүүг Лхагва зодчихлоо гэж хоорондоо ярьж байсан. Тэгэхээр нь Будхүү хаана байна гэхэд жорлонд байна гэхээр нь очтол Будхүү хамраас нь цус гарсан байдалтай, хамар нь мурийчихсан байсан. Тэгэхээр нь сургуулийн эмчийг дуудаж үзүүлэхэд түргэн дуудаад үзүүл гэхээр нь эмнэлэгт дуудлага өгөөд ар гэрт нь мэдэгдээд дараа нь цагдаагийн байгууллагад хандсан. Будхүү даруухан томоотой, янз бүрийн хэрэг төвөгт орооцолдож байгаагүй, сурлагын хувьд дунд зэрэг, спортын авъяастай хүүхэд байгаа юм гэсэн мэдүүлэг /хх-ийн 25 тал/,

Гэрч Х.Чинзоригтбаатаржавын мөрдөн байцаалтад өгсөн: “... би 2017 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Тэмүүжин цогцолбор сургуулийнхаа сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон. Манай 12б анги 11б ангитай тоглохоор болсон. Тэгээд 16 цагийн үед тоглолт эхлээд тоглолтын явцад манай ангийн нэг хүүхэдтэй Будхүү маргалдаад байсан. Тэгээд тоглолт дуусаад манай анги 11б бүлэгт хожигдсон. Тэгээд заалнаас 11б ангийн хүүхдүүд гараад явахаар нь би араас нь гараад сургуулийн коридорт Будхүүг дагуулаад чи аятайхан тоглож чадахгүй байна уу гээд цохисон чинь Будхүү намайг зөрүүлээд нэг цохисон тэгээд би хоёр барицалдаад байж байтал манай ангийн хүүхэл Лхагвадорж ирж бид хоёрыг салгахаар нь би анги руугаа орсон. Би ангидаа сууж байтал Будхүүгийн ангийн багш манай ангид орж ирээд Лхагвадорж хаана байна хүүхдийн хамар цохисон байна гэж хэлсэн ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 26-27 тал/,

Яллагдагчаар Э.Лхагвадоржийн мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...би 2017 оны 01 дүгээр сарын 21-ний Хэрлэн сумын 3 дугаар багт байрлах бага Тэмүүжин дээр сагсанбөмбөгийн тэмцээнд орж байсан. Би тухайн сургууль дээр байрлаж байсан ангиасаа гартал сургуулийн коридорт Будхүү, Чинзоригтбаатаржав хоёр зодолдож байсан тэгэхээр нь би тэр хоёрыг очиж салгаад Будхүүг нүүрэн тус газар нь цохисон” гэсэн мэдүүлэг /хх-ийн 36-37, 39-40 тал/,

Шинжээчийн дүгнэлт: Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт ¹77, Дүгнэлт: 1. О.Будхүүгийн биед зүүн нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, хамрын ясны хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3. О.Будхүүгийн биед үүссэн гэмтлүүд нь хэрэг учрал болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Дээрх гэмтлүүд нь  шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид дээрх гэмтэл нь энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй... гэжээ. (хх-ийн 31 тал),

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 56 тал),
    Шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 59 тал) зэрэг болно.

    Шүүх шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үнэлж дүгнээд, шүүгдэгч Э.Лхагвадоржийг 2017 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Тэмүүжин цогцолбор сургуулийн коридорт сагсан бөмбөгийн тэмцээнд хожигдсон гэх хувийн таарамжгүй харьцааны улмаас хохирогч О.Будхүүгийн нүүрэн тус газар гараараа нэг удаа цохиж нь бусдын бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.
Хохирогч О.Будхүү болон түүний хууль ёсны төлөөлөгч Н.Цэцэгмаа нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн тул шүүх шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцох нь зүйтэй болно.
Шүүгдэгч Э.Лхагвадорж нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирогч О.Будхүү нь шүүгдэгчтэй сайн дураар эвлэрсэн байх тул шүүх шүүгдэгчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.  

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 290, 294, 298, 374 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Боржигон овогт Энх-Амгалангийн Лхагвадоржийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг  үйлдсэн  гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар насанд хүрээгүй шүүгдэгч Э.Лхагвадоржийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, түүнд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдаж түүнд авсан батлан даалтын таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт  зааснаар энэ шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     Л.УЯНГА