Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 102/ШШ2021/00243

 

 

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 102/ШШ2021/00243

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 21-р хороонд оршин суух Т овогт Б-ын О-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэгт оршин суух Б овогт В-ын М-д холбогдох хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүссэн хэргийг тус хянан хэлэлцэв.

 

   Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.О, хариуцагч В.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баттулга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь: 

 

Нэхэмжлэгч Б.О шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2017 оны 8-р сард М-тай Завхан аймагт танилцсан. Улаанбаатар хотод шилжиж ирээд хамт амьдарсан. Хамт амьдарч байгаад 2018 оны 6-р сарын 22-нд хүү У төрсөн. Би М-тыг эхлээд архи уудаг гэж мэдээгүй, хотод ирснээс хойш архи уудаг, улмаар намайг зоддог болсон. Хүү бид хоёрыг 2-3 удаа хөөсөн. Ингээд 2019 оны 1-р сараас салж тусдаа амьдарч байна. М өмнө нь эхнэр, хүүхэдтэй байсан. Гэхдээ би түүнийг ойлгосон, гэрлэлтээ батлуулах боломжгүй байсан. Одоо 3 дахь эхнэрээ авсан байгаа. Иймд хүү Уужимдаа тэтгэлэг тогтоолгох хүсэлтэй байна гэв.

 

Хариуцагч В.М шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би хамт амьдрахдаа Оюунжаргалын аашийг үнэхээр тэвчээгүй. 6 удаа гэр лүүгээ явж 6 удаа араас нь явсан. Хүүхэддээ тэтгэлэг төлнө, татгалзах зүйлгүй гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.О нь В.М-д холбогдох хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Б.О, В.М нар нь 2017 оноос хамт амьдарч байгаад 2018 оны 6-р сарын 22-ны өдөр хүү О.Уужимыг төрүүлжээ.

 

Тэд гэрлэлт бүртгүүлээгүй бөгөөд хүүхдийн эцгээр В.М-ыг бүртгэж, төрсний гэрчилгээ олгосон байна. Харин 2018 оны 7-р сарын 2-ны өдөр хүүхдийн эцгийн нэрийг өөрчилж, эх Б.О-аар овоглож, О-ын У нэрээр улсын бүртгэлд бүртгэжээ. /хх 7-8/

 

Гэр бүлийн тухай хуулийн 21.5 дахь хэсэгт зааснаар гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ, 26-р зүйлийн 26.1 дэх хэсэгт зааснаар эцэг, эх нь хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ, 38-р зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар эцэг, эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй байна.

 

Талууд гэрлэлтээ бүртгүүлээгүй боловч гэр бүл болох зорилгоор хамт амьдарсан, гэвч нэхэмжлэгчийн зан харьцааны байдал, хариуцагчийн гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг зэрэг нөхцөл байдлын улмаас 2019 оны 1-р сараас тусдаа амьдарсан, энэ хугацаанд хүү У эхийн асрамжид байжээ.

 

Хэдийгээр талууд тусдаа амьдарч байгаа, цаашид хамт амьдрах боломжгүй боловч хүүхдийн хувьд эцэг, эхийн үүрэг хэвээр үлдэж, хүүхдээ тэжээн тэтгэх үүргээс хэн аль нь чөлөөлөгдөхгүй, хариуцагч нь хүүхдийн тэтгэлгийн талаар маргаагүй байна.

 

Түүнчлэн Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5-р зүйлийн 5.3-т заасан хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхийг зөрчихгүй, эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байх үүрэгтэй.

 

Иймд хуульд заасан журмаар хүүхдийн тэтгэлэг гаргуулж эцэг В.М-аар тэжээн тэтгүүлэх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 40-р зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан 2018 оны 6-р сарын 22-ны өдөр төрсөн хүү О.У-ыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа тохиолдолд 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулж эцэг В.М-таар тэжээн тэтгүүлсүгэй.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагч В.М-таас 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

Шийдвэрийг зохигч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж эрхтэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА