Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 102/ШШ2021/00342

 

 

 

 

 

 

 

2021 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 102/ШШ2021/00342

Улаанбаатар хот

 

 

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэлийн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 6-р хороо, Н овогт Ж-ийн Б-гийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүргийн 14-р хороо, Х овогт О-ын Э-д холбогдох 470 000 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.О /үнэмлэх 1622/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баттулга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, өмгөөлөгч Р.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж.Б нь гар утасны дагалдах хэрэгслийн дэлгүүр ажиллуулдаг. Түүний багын найз Ц.С хүү О.Э эхнэртэйгээ хамт гар утасны дагалдах хэрэгслийн лангуу нээж ажиллуулна гээд 720 000 төгрөгний барааг зах зээлийн үнээс 500 төгрөг доогуур, бүх барааг сонгуулж өгсөн. Үүнээс 250 000 төгрөгийг буцааж өгсөн. Одоо үлдэгдэл 470 000 төгрөгийг төлөөгүй байна. Удаа дараа нэхэж мессеж бичсэн боловч хариу өгөхгүй О.Э утсаа авахаа больсон. Иймд О.Э-өөс 470 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч О.Э шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие 2019 оны 09-р сард гар утасны дагалдах хэрэгслийн лангуу ажиллуулж эхэлсэн билээ. Тухайн үед миний ээж Ц.С-ын найз надад дагалдах хэрэгслүүд байгаа, эгч нь бөөний үнээр нь өгье, зарагдахаар нь мөнгийг өгч болно гээд 600 000 төгрөгийн дагалдах хэрэгсэл өгч байсан. Үүнээс 250 000 төгрөгийн төлөлтийг өгсөн. Тухайн үед дагалдах хэрэгсэл анх удаа зарж эхэлж буй надад зах зээлийн ханшнаас үнэтэй android цэнэглэгчүүд нь 2 нь ажилладаггүй, 1 нь масстай, 2 кэйс нь нугалаас хэсгээрээ салсан, мөн S4 загварын батерей нь бамбайж хөөсөн гэх мэт өөрийн үлдэгдэл гологдол бараагаа өгсөн байсныг үйл ажиллагаа явуулаад дагалдах хэрэгслийн талаар мэддэг болсон үедээ мэдсэн. Ээжийн минь найз гээд уурлаж хэлж чадаагүй боловч өөрт нь нэг удаа хэлж байсан. 2020 оны 03-р сард дагалдах хэрэгслийн худалдаа Ковид-19-ийн үед зогсож түүнээс хойш хаагдсан. Тэр үед н.Б гэж хүнд үлдэгдэл бараа нь байгаа, өгье гэсэн боловч авахгүй гэж уурлаж мөнгө нэхэж эхэлсэн. Ингээд ээж минь Б гэж хүнтэй утсаар ярьж үлдэгдэл бараагаа авах эсвэл манай ээжийн өөр найзад н.Б гэж хүн 14000 000 төгрөгийн өртэй тэрнээс нь суутгаж болно гэж байна шүү гэж хэлэхэд ч үгүй гэж дайрч уурласан. Мөн гомдол гаргасан бичигтэй нь танилцахад 700 гаруй мянган төгрөг гэж бичсэн байгаа нь огт үндэслэлгүй үнийн дүн юм. Ямар учраас мөнгөө нэмж цагдаагийн байгууллагад худал мэдүүлэг өгснийг гайхаж бас баримт нотолгоотой шалгахыг хүсч байна. Түүнчлэн өөрөө н.Б гэж хүн нь манай ээж Ц.С-с маш их хэмжээний мөнгө зээлүүлж, байр орон гэрийг минь хүртэл барьцаанд тавиулж маш их тусламж авч байсан. Зээлийн төлөлт өгөх ёстой гэрээ контракт огт байхгүй зарагдаж дуусахаар нь мөнгийг нь өгч болно гэж зарсан барааны мөнгөө нэхэж байгаа. Гэвч бараа нь зарагдаагүй үлдсэн. Ийм тохиолдолд надад үлдэгдэл барааг нь өгөх аль эсвэл хүний лангуун дээр тавьж зарагдахаар нь мөнгийг нь өгөх, бүүр эсвэл ээжийн маань найз нь Надад н.Б 140 000 төгрөгийн өртэй. Тэрнээс нь суутга гэж н.Б-д хүртэл өөрт нь хэлж байсан. Өөр надад ямар ч шийдвэрлэх боломж байхгүй байна. Энэ хүний өгсөн бараа материал нь анхнаасаа тусална гэсэн зорилготой биш өөрийнхөө зарагдаагүй үлдсэн бараагаа, бараа мэдэхгүй надад шахаж өгөх зорилготой байсан. Мөн нийт төлбөр 700 гаруй мянга болоогүй ба 608 000 төгрөг болж байсан. Би эхнэрийн хамт очиж бодож байсан мөнгөн дүнг худал ярьж нэмсэн байна гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ж.Б нь О.Э-д холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 470 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

 

Хариуцагч О.Э нь шүүх хуралдааны мэдэгдлийг 2021 оны 1-р сарын 25-ны өдөр хүлээн авсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байх тул нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг шийдвэрлэлээ.

 

Ж.Б нь 2019 оны 9-р сард О.Э-д 720 000 төгрөгний үнэ бүхий гар утасны дагалдах хэрэгслийг дараа үнийг төлөхөөр худалджээ. Хариуцагч үнээс 250 000 төгрөгийг төлсөн талаар маргаагүй байна.

 

Харин нэхэмжлэгч 720 000 төгрөгний үнэ бүхий бараа худалдсан гэх ба худалдан авагч 600 000 төгрөгний бараа, 608 000 төгрөгний бараа авсан гэж өөр өөрөөр тайлбарлажээ.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байгаа үндэслэлээ .... гологдолтой бараа байсан, зарагдахгүй бараагаа надад өгсөн, Б нь ээжийн найзад 14 сая төгрөгний өртэй, тэрнээс суутгана гэж өөрт нь хэлсэн...өөрөөр шийдвэрлэх боломжгүй гэж тайлбарладаг боловч тайлбар, татгалзлаа нотлоогүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 243-р зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан О-ын Э-өөс 470 000 /дөрвөн зуун далан мянга/ төгрөг гаргуулж Ж-ийн Б-д олгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 14 750 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагч О.Э-өөс 14 750 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

Шийдвэрийг зохигч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА