Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 2024/ШЦТ/93

 

      Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж,

      Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.А,

      Улсын яллагч: Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор М.П-,

      Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Б,

      Шүүгдэгч О.М- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.П-гаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ө.м овогт О-н М-д холбогдох эрүүгийн 2413000910141 дугаартай хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авсныг 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

      Шүүгдэгчийн биеийн байцаалт:

      Монгол Улсын иргэн, 19..... оны ...... дугаар сарын .......-ний өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн, 50 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, нөхөр, хүүхдүүдийн хамт Баян-Өлгий аймгийн Д- сумын 3 дугаар багт оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх, Ө.м овогт О-н М-, регистрийн дугаар: БЕ.........0.

    

     Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

     Шүүгдэгч О.М- нь 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 09-ний өдөрт шилжих шөнийн 01 цагийн орчимд Баян-Өлгий аймгийн Д- сумын 3 дугаар /Хар уул/ багийн нутаг дэвсгэрт байрлах гэрээс нөхөр болох С.Т-ий нэр дээрх Төрийн банкны виза карт, хүү болох Т.З-ийн нэр дээрх ХААН банкны виза карт, Т.З-ийн хар өнгийн цүнхэнд хадгалж байсан бэлэн 1,500,000 төгрөг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан, улмаар 2024 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 09 цаг 10 минутын орчимд Т.З-ийн нэр дээрх ХААН банкны виза картыг ашиглан ХААН банканд байрших Т.З-ийн эзэмшлийн 51.............. тоот данснаас 2,320,000 төгрөгийг Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар /Ховд гол/ багийн нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг ХААН банкин дотор байрлалтай АТМ-ээс хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар гарган авч хохирогчид 3,820,000 төгрөгийн хохирол учруулан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт  холбогджээ.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэг: Гэм буруугийн талаар:

            1.Прокуророос шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтэнд: “...Шүүгдэгч О.М- нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх талаар хүсэлт гаргасан. Уг хүсэлтийг хүлээж авч ялын саналтай тохиролцсон. Хохиролтой холбоотой ямар нэгэн маргаан байхгүй. Шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг гаргаж байна. Шүүгдэгч нь хохирогч Т.З-т учирсан 3,820,000 төгрөгийн хохирлыг өнөөдрийн байдлаар төлж барагдуулаагүй. Шүүгдэгч О.М-ийн дансны шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах тухай прокурорын зөвшөөрлийг гарсан. Эд мөрийн баримтаар Т.З-ийн нэр дээрх ногоон өнгийн ХААН банкны виза карт, С.Т-ий нэр дээрх цэнхэр өнгийн Төрийн банкны виза карт, 940,000 төгрөг, CD бичлэг хураагдсан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналыг гаргаж байна. Цэнхэр өнгийн Төрийн банкны виза картыг хохирогч С.Т-д буцаан олгох, ногоон өнгийн ХААН банкны виза карт, 940,000 төгрөгийг хохирогч Т.З-т буцаан олгох, СD бичлэгийг хэргийн хамт хадгалах нь зүйтэй байна. Шүүгдэгчийн хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах тухай прокурорын зөвшөөрлийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээх саналыг гаргаж байна” гэв.

            2. Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтэнд: “Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч байгаа. Мөрдөн байцаалтын шатанд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж уг хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэсэн. Улсын зүгээс гаргасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналыг дэмжиж байна. Ялын санал дээр тохиролцсон байгаа. Улсын яллагчийн гаргасан саналын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд татгалзах зүйлгүй. Гэмт хэрэг үйлдэх үед тус аймгийн Д- сумын 3 дугаар багт оршин сууж байсан. Хэрэг гарсны дараа Баян-Өлгий аймгийн Өлгий сумд шилжсэн. Гэхдээ хаягийн шилжих хөдөлгөөн хийлгээгүй байгаа. Тус аймгийн Өлгий сумын 10 дугаар багаас хашаа, байшин худалдаж авсан байна. Дээрх ялыг тус аймгийн Өлгий сумын нутаг дэвсгэрээс гарахгүй байхаар тогтоох боломжтой.” гэв.

3. Шүүгдэгчээс шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: “Нэг гэрт хамт амьдарч байгаа нөхөр, хүүхдийн маань виз карт байгаа. Тухайн өдөр хэрүүл маргаан гарч мөнгөний хэрэг гарч виз картаас мөнгө гаргаж авсан. Урьд нь надад юм захиж авхуулдаг байсан тул нууц үгийг нь мэддэг байсан. Нийтдээ 3,820,000 төгрөг авсан.” гэв.

            4. Шүүгдэгч О.М- нь 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 09-ний өдөрт шилжих шөнийн 01 цагийн орчимд Баян-Өлгий аймгийн Д- сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах гэрээс нөхөр болох С.Т-ий нэр дээрх Төрийн банкны виза карт, хүү болох Т.З-ийн нэр дээрх ХААН банкны виза карт, Т.З-ийн хар өнгийн цүнхэнд хадгалж байсан бэлэн 1,500,000 төгрөг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан, улмаар 2024 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 09 цаг 10 минутын орчимд Т.З-ийн нэр дээрх ХААН банкны виза картыг ашиглан ХААН банканд байрших Т.З-ийн эзэмшлийн 51.............. тоот данснаас 2,320,000 төгрөгийг Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар /Ховд гол/ багийн нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг ХААН банкин дотор байрлалтай АТМ-ээс хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар гарган авч хохирогчид 3,820,000 төгрөгийн хохирол учруулан хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 02 дахь тал/, хохирогч Т.З-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 20 дахь тал/,  хохирогч Т.З-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед дахин өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 22 дахь тал/,  хохирогч С.Т-ий мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 26 дахь тал/, гэрч Д.Г-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 32 дахь тал/, гэрч Х.А-ий мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 37-39 дэх тал/, ХААН банканд байрших хохирогч Т.З-ийн эзэмшлийн 51.............. дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 04 дэх тал/, ХААН банкны 2024 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 5180/70 дугаартай албан бичиг /хавтаст хэргийн 08 дахь тал/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 09-12 дахь тал/, эд зүйл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 15 дахь тал/, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хавтаст хэргийн 16-17 дахь тал/, хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хянах /хязгаарлах/ тухай прокурорын зөвшөөрөл /хавтаст хэргийн 14 дэх тал/, яллагдагч О.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 51-52 дахь тал, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

            5. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

            6. Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

            7. Шүүгдэгч О.М- нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

            8. Шүүгдэгч О.М- нь энэ хэргийн улмаас хохирогч Т.З-т 3.820.000 төгрөгийн хохирол учирсан ба хохирогч С.Т-, Т.З- нартай эвлэрсэн, хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж, хохирлыг хэзээ төлөхөө тохиролцсон байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.М-ээс 3.820.000 төгрөг гаргуулан хохирогч Т.З-т олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

9. Прокурорын санал болгож, шүүгдэгч О.М-ийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулах 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

10. Иймд шүүгдэгч О.М-д Эрүүгийн хуулийн тусгай 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

            11. Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан: “...Гэмт хэрэг үйлдэх үед тус аймгийн Д- сумын 3 дугаар багт оршин сууж байсан. Хэрэг гарсны дараа Баян-Өлгий аймгийн Өлгий сумд шилжсэн. Гэхдээ хаягийн шилжих хөдөлгөөн хийлгээгүй байгаа. Тус аймгийн Өлгий сумын 10 дугаар багаас хашаа, байшин худалдаж авсан байна. Дээрх ялыг тус аймгийн Өлгий сумын нутаг дэвсгэрээс гарахгүй байхаар тогтоох боломжтой.” гэх дүгнэлтийг хүлээн авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар шүүгдэгч О.М-д оногдуулсан 6 /зургаа/ сарын зорчих эрхийг хязгаарлах ялыг Баян-Өлгий аймгийн Өлгий сумын нутаг дэвсгэрээс буюу өөрийн оршин суугаа газраас явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэх нь зүйтэй байна.

 

12. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.М- нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг сануулж байна.

 

13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ........... дугаартай, ZАМАNВҮЕК ТUKYEN гэсэн бичигтэй ногоон өнгийн ХААН банкны виза карт 1 ширхэг, 47 ширхэг 20,000-ын мөнгөн дэвсгэрт /940,000 төгрөг/-ийг хохирогч Т.З-т, ................. дугаартай ТUKYEN S гэсэн бичигтэй цэнхэр өнгийн Төрийн банкны виза карт 1 ширхгийг хохирогч С.Т-д буцаан олгож, СД бичлэг 1 ширхгийг хэргийн хамт хадгалахаар шийдвэрлэв.

 

14. Шүүгдэгч О.М-ийн ХААН банкны 51.............. тоот дансны шилжилт хөдөлгөөнийг хязгаарласныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

15. Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч О.М- нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, уг хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг дурдаж байна. 

 

16. Шүүгдэгч О.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ө.м овогт О-н М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.М-ийг 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар шүүгдэгч О.М-д оногдуулсан 6 /зургаа/ сарын зорчих эрхийг хязгаарлах ялыг Баян-Өлгий аймгийн Өлгий сумын нутаг дэвсгэрээс буюу өөрийн оршин суугаа газраас явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.М- нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг сануулсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ................. дугаартай, ZАМАNВҮЕК ТUKYEN гэсэн бичигтэй ногоон өнгийн ХААН банкны виза карт 1 ширхэг, 47 ширхэг 20,000-ын мөнгөн дэвсгэрт /940,000 төгрөг/-ийг хохирогч Т.З-т, ................. дугаартай ТUKYEN S гэсэн бичигтэй цэнхэр өнгийн Төрийн банкны виза карт 1 ширхгийг хохирогч С.Т-д буцаан олгож, СД бичлэг 1 ширхгийг хэргийн хамт хадгалсугай.

 

6. Шүүгдэгч О.М-ийн ХААН банкны 51.............. тоот дансны шилжилт хөдөлгөөнийг хязгаарласныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

 

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.М-ээс 3.820.000 төгрөг гаргуулан хохирогч Т.З-т олгосугай.

 

8. Шүүгдэгч О.М- нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, уг хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй  болохыг тус тус дурдсугай.

 

9. Шүүгдэгч О.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

11. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        А.ДАУРЕНБЕК