Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 04 сарын 10 өдөр

Дугаар  2024/ШЦТ/40

 

 

 

 

 

 

                                                                                                                              

      2024         04          10                                 ...

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг  ерөнхий шүүгч Д.Ц даргалж

 

Нарийн бичгийн дарга М.Х

Улсын яллагч  Д.З  

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч О.С, Б.Т

Хохирогч Д.А

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Г

Шүүгдэгч Н.Ч нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны 1 дүгээр  танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Н-ийн Ч-т холбогдох эрүүгийн ... тоот хэргийг 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдөр  хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ны өдөр ... төрсөн, ... настай, ...,... боловсролтой, ... мэргэжилтэй, энэ хэрэгт татагдах үедээ “...” ХХК-нд ... ажилтай байсан, ам бүл ..., ... хамт ... тоотод оршин суух, урьд Нийслэлийн ... дүүргийн шүүхийн 2008 оны ... дугаар сарын ...-ний өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзсан, Дорноговь аймаг дахь Сум дундын 2-р шүүхийн 2009 оны ... дугаар сарын ...-ны өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 89 дүгээр зүйлийн 89.2-т зааснаар 3 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлсэн, улсаас авсан гавьяа шагналгүй, Б овогт Н-ийн Ч- /РД:.../

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Н.Ч нь 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Дорноговь аймгийн ... сумын 3 дугаар баг ... гэх газарт Замын-Үүдээс Улаанбаатар чиглэлийн засмал замд Lexus RX-400 (Лексус ар экс-400) маркийн ...УБК улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3 "Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна" гэсэн заалтыг зөрчсөний улмаас замын хажуу руу унаж, зам тээврийн осол гарган, тухайн тээврийн хэрэгсэлд зорчин явсан Н.У-ын амь насыг хохироосон, хохирогч О.Т, Д.А нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                         ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэгч талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Н.Ч шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Тухайн өдөр 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр байсан. А, Т нар Улаанбаатар хот руу явах ажил байна гээд цуг явахаар болсон. Т манай найз бүсгүйг аваад явъя гээд Замын-Үүд буудал дээр очоод найз бүсгүйг нь аваад бид хэд хөдөлсөн. Ингээд Замын-Үүдээс гараад хөдөлж байхад А хажуугийн суудал дээр сууж явж байхдаа нойрмоглоод байсан учир за чи хойшоо суугаад унтчих, хажууд хүн унтаад байхаар нойрмоглоод байдаг юм гээд хойшоо суулгаад явсан. Тэгээд Т урагшаа суугаад бид замаасаа хөдлөөд 20, 30 минут орчим явж байхад зам дээр гэнэт хурц гэрэлтэй машин дохиод байхад гэрлээ шилжүүлэхгүй байсан. Зөрөөд өнгөрөхөд үхэр тулж гарч ирсэн.  Тухайн үед би гэм буруутай үйлдэл гаргасан. Тэгээд гэнэт сэрээд анхны тусламжуудыг үзүүлсэн. Яг эргээд унаад байж байхад манайд ажилчин байсан И гэх залуу зам дээр явж таараад тухайн үед А, Т нарт яаралтай тусламж үзүүлээд хамт явуулсан. Миний бие олон улсын хөдөлмөрийн аюулгүй байдлын хэв журмын дагуу буугаад нөгөө эмэгтэйгээ өгч явуулах гэсэн боловч хүнд байдалтай байсан. Тэгээд нөгөө эмэгтэйд анхны тусламж үзүүлээд, шарх боолт хийгээд хажуу тийшээ хэвтүүлж байгаад эмнэлгийн байгууллагыг 1 цаг 20 минутын хугацаанд хүлээж байгаад хүлээлгэж өгсөн. Эмнэлгийн байгууллагад хүлээлгэж өгөөд цагдаагийн байгууллагатай хамт тухайн газрыг цэвэрлэх ажил хийгээд тухайн газраас шөнийн 12 цагт хөдлөөд явсан. Маргааш нь хохирогчийн ар гэр ирээгүй байсан болохоор хохирогчийн задлан шинжилгээ гэх зүйлүүдэд би гүйгээд явсан. Тэгээд үнэхээр их харамсалтай зүйл болсон. Тухайн цаг үед бид чадах хэмжээгээрээ анхны тусламж үзүүлээд явсан боловч яах аргагүй ийм нөхцөл байдал болчихсон байсан. Гэм буруугаа хүлээж байгаа. Шүүхээс оноосон хохирлыг төлөхөө илэрхийлж байна” гэв.

 

  Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.С мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Талийгаач Н.У нь миний төрсөн охин байгаа юм. 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 23:30 цагийн орчим талийгаачийн охин Т над руу залгаж болсон зам тээврийн ослын талаар хэлсэн. Би өөр зүйл мэдэхгүй байна. 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр фэйсбүүкээр холбогдсон. Тухайн үед би даараад байна. Улаанбаатар хот руу очиж хувцсаа авах хэрэгтэй байна. Та хэзээ ирэх вэ таныг ирэхээр очиж дулаан хувцсаа авна гэж байсан. Би тухайн үед Турк улсад явж байсан. Тэгээд би 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод очно гэдгээ хэлсэн. Надад өмнө нь очно гэж хэлж байснаас яг Замын-Үүд сумаас гарлаа гэж хэлсэн зүйл байхгүй...” гэжээ. /хх-ийн 19-20/

 

Хохирогч Д.А шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Цаашид гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Шүүгдэгчид оноох ялын хэмжээг буруулж өгнө үү гэсэн саналтай байна” гэв.

 

             Хохирогч Д.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр орой 19:00 цагийн орчимд Т, Ч, мөн үл таних эмэгтэй, мөн миний бие дөрвүүлээ Улаанбаатар хот руу явж байсан. Замын-Үүд сумаас гараад би урд талын суудал дээр унтаж байтал Ч ах хүн хажууд унтаад байхаар нойр хүрээд байдаг юм гээд намайг хойш суулгасан. Тэгээд би ард талын суудал дээр суугаад чихэвч зүүгээд унтаж байсан. Тэгээд нэг мэдэхэд түс тас хийгээд явчихсан. Тэгээд би ухаан балартаад нэг сэрэхэд газар хэвтэж байсан. Намайг Ч ах ирж сэрээгээд намайг машинд суулгасан. Тэгээд би Замын-Үүд суманд эмнэлэгт ирсэн. Тухайн тээврийн хэрэгслийг Ч жолоодож явсан. Т-ын толгой орой хэсэг хагарсан, гар хөл шалбарсан байдалтай. Мөн эмнэлгээс хавирга хугарсан гэж хэлсэн гэсэн. Харин миний толгой дагзны хэсэгт хагарч, нуруу халцарсан, доргилт авснаас болж нүд хавантаж цус хурсан байдалтай байна. Харин үл таних эмэгтэй нас барсан гэж хэлсэн. Харин жолооч Ч ахын гар нь шалбарсан оёдол тавиулсан байсан өөр гэмтэл байхгүй байсан. Би унтаж байсан учраас хэдэн км/ц хурдтай явж байсан талаар мэдэхгүй байна. Жолооч огт архи уугаагүй байсан. Би У гэх хүнийг огт танихгүй. Би Замын-Үүд суманд материалгүй болчихоод заваараа Улаанбаатар хотод гэртээ очиж гэрээ дулаалах санаатай явж байсан. Би машины ар талын суудал дээр сууж явсан. Надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...”гэжээ /хх-ийн 22/

            Хохирогч О.Т мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2023 оны 10 дугаар сарын 03-ны орой 19:00 цагийн орчим А, Ч, миний уулздаг эмэгтэй У мөн миний бие дөрвүүлээ Улаанбаатар хот руу явж байсан. Замын-Үүд сумаас гараад 30-40 минут явж байсан байх тэгээд замд гэнэт үхэр гарч ирээд үхрээ гаргаад дараад буцаад зам руу орох шиг болоод машин уначихсан. Би тухайн үед юу болоод байгаа талаар сайн ойлгохгүй шокийн байдалтай байсан. Тэгээд нэг ухаан орсон чинь Замын-Үүд сум руу явж байгаа машинд А бид хоёрыг суулгаад явуулсан. Харин машин онхолдчихсон байдалтай байсан. Би машинд суух хүртлээ шокийн байдалтай байж байгаад гэнэт ухаан орсон. Тухайн тээврийн хэрэгслийг Ч жолоодож явсан. Миний толгой орой хэсэг хагарсан. Гар хөл шалбарсан байдалтай мөн эмнэлгээс хавирга хугарсан гэж хэлсэн. Тэгэхдээ надад ямар нэгэн зовиур мэдэгдэхгүй байгаа. Харин А-ийн толгойны дагзны хэсэгт хагарч, нуруу халцарсан, доргилт авснаас болж нүд хавантаж цус хурсан байдалтай байсан. Харин У-ыг нас барсан гэж хэлсэн. Харин жолооч Ч-ийн биед гар нь шалбарсан байсан өөр гэмтэл байхгүй байсан. Тухайн тээврийн хэрэгсэл ямар хурдтай явж байсан талаар мэдэхгүй байна. Жолооч огт архи уугаагүй байсан. Би У гэх хүнтэй найзын журмаар уулздаг бөгөөд тухайн өдөр би Улаанбаатар хотод очиж гэрээ барих гэж байсан бөгөөд Улаанбаатар хот руу явлаа гэж У-д хэлэхэд У намайг аваад явчихаач гэж хэлээд тэгээд хамт явахаар болсон. Би машины урд талын зорчигчийн суудалд явсан. Надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэжээ /хх-ийн 24-25/,

            Иргэний нэхэмжлэгч Д.Д-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн гэмт хэргийн улмаас иргэн Д.А нь Эрүүл мэндийн даатгалын сангаас 2,833,000 төгрөгийн зардал, О.Т нь Эрүүл мэндийн даатгалын сангаас 1,154,000 төгрөгний нийт 3,987,000 төгрөгний Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нэгдсэн эмнэлгээс тусламж үйлчилгээ авч Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 3,987,000 төгрөгийн зардал гарсан тул дээрх тусламж үйлчилгээний зардлыг Н.Ч-оос гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь ... дугаартай дансанд төлүүлж өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-ийн 30/,

            Иргэний нэхэмжлэгч Ч.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр ...  улсын дугаартай тээврийн хэрэгслийг ... ББСБ ХХК-ийн нэр дээр барьцаалж 25,000,000 төгрөг зээл гаргуулж авсан. Зээлдэгч нь гэрээнд заасны дагуу тогтмол хугацаанд төлөлтийг хийдэг. Манай франкфурт капитал ББСБ ХХК-ийн зүгээс зээлдэгч гэрээний дагуу хугацаандаа зээлээ төлж байгаа тул манай байгууллагын зүгээс төлбөр тооцоог гаргуулж авахгүй. Харин тээврийн хэрэгслийн одоо эзэмшиж байгаа иргэн хохирлын асуудлыг бүрэн хариуцах...” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35/,

            Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 03/

            Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 05-13/

            Осол хэргийн газар хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 14/,

            Хохирогч Д.А-ийн Эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээний мэдээлэл /хх-ийн 26 ар тал/,

            Хохирогч О.Т-ыг Эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээний мэдээлэл /хх-ийн 27 ар тал/,

            2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Цогцост үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 40-41/,

            Дорноговь аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн ... дугаартай шинжээчийн дүгнэлт:

            1. Амь хохирогч Н.У-ын биед хавсарсан хүнд гэмтэл, гавал тархи, цээжний далд гэмтэл, суурь ясны хугарал, тархины эдийн няцрал, их , бага тархины аалзан бүрхүүл дорх цус хуралт, цээжний баруун талд 1-12 дугаар хавирга нугаламын хажуугийн шугамаар хугарал, цээжний баруун талд 5-р хавирганы өвчүүний хажуугийн шугамаар хугарал, баруун уушгины урагдал, цээжний хөндий дэх цус хуралт, хуйханд дагзны баруун талд шарх, духны дунд хэсэгт зулгаралт, цус хуралт, зүүн хацарт зулгаралт, хамрын нуруу хэсэгт зулгаралт, баруун гарын ар хэсэгт зулгаралт, 5-р хурууны 2-р үений ар хэсэгт шарх, 1 хурууны ар талд 1х0,5см шарх, зүүн тохой хэсэгт шарх, зулгаралт, зүүн гарын ар талд олон тооны жижиг зулгаралтууд, зүүн гарын 1-р хурууны 2-р үений ар талд шарх, зүүн гуяны доод талд ангайсан шарх, цус хуралт, хэвлийн хоёр талаар зулгаралт, баруун гуяны хажуу урд хэсгийг хамарсан цус хуралт, зулгаралтууд, баруун өвдөгөнд зулгаралтууд, нуруунд зулгаралтууд гэмтлүүд тогтоогдлоо.

            2. Дээрх гэмтлүүд мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүснэ.

            3. Амь хохирогч нь хавсарсан хүнд гэмтэл: гавал тархи, цээжний далд гэмтэл: суурь ясны хугарал, тархины эдийн няцрал, их, бага тархины аалзан бүрхүүл дорх цус хуралт, цээжний баруун талд 1-12 дугаар хавирга нугаламын хажуугийн шугамаар хугарал, цээжний баруун талд 5-р хавирганы өвчүүний хажуугийн шугамаар хугарал, баруун уушгины урагдал, цээжний хөндий дэх цус хуралт улмаас зүрх судасны хурц дутагдалд орж нас баржээ.

            4. Амь хохирогч Н.У-ын цусанд спиртийн агууламж илрээгүй болно.

            5. Шинээр илэрсэн зүйлгүй болно...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 42-45, 46-53/

 

            Дорноговь аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн ... дугаартай шинжээчийн дүгнэлт:

            1.  О.Т-ын биед гэмтэл тогтоогдлоо.

            2. О.Т-ын биед цээжний зүүн талд 7,8-р хавирга ясны хугарал, тархины доргилт, хүзүү цээжний гэмтэл, хуйхны ил шарх, зүүн гарын өнгөц зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо.

            3.   Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ.

            4. Дээрх гэмтлүүдийн цээжний зүүн талд 7,8-р хавирга ясны хугарал нь “ Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах ба тархины доргилт, хүзүү цээжний гэмтэл, хуйхны ил шарх, зүүн гарын өнгөц зулгаралт гэмтлүүд нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах болно.

            5. Хүндэвтэр зэргийн гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар буюу 4 долоо хоногоос дээш хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадвар үлэмж хэмжээгээр тогтонги байдлаар алдана.” гэх дүгнэлт /хх-ийн 56-57/,

           

            Хохирогч О.Т-д Дорноговь аймгийн Замын-Үүд сум нэгдсэн эмнэлгээс эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлсэн эмчилгээ, үйлчилгээний баримтууд /хх-ийн 58-91/,

 

            Дорноговь аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн ... дугаартай шинжээчийн дүгнэлт:

            1.Д.А-ийн биед гэмтэл тогтоогдлоо.

            2.Д.А-ийн биед гавал тархины далд гэмтэл, тархины эдийн няцрал дунд зэрэг, хуйхны няцарч, урагдаж, зүсэгдсэн шархнууд, тархины доргилт, хүзүүний ар хэсэг зүүн мөр орчимд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо.

            3.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ.

            4.Дээрх гэмтлүүдийн гавал тархины далд гэмтэл, тархины эдийн няцрал дунд зэрэг нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах ба хуйхны няцарч, урагдаж, зүсэгдсэн шархнууд, тархи доргилт, хүзүүний ар хэсэг зүүн мөр орчим зулгаралт гэмтлүүд нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах болно.

             5.Хүндэвтэр зэргийн гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар буюу 4 долоо хоногоос дээш хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадвар үлэмж хэмжээгээр тогтонги байдлаар алдана.” гэх дүгнэлт /хх-ийн 93-94/,

 

            Хохирогч Д.А-т Дорноговь аймгийн Замын-Үүд сум нэгдсэн эмнэлгээс эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлсэн эмчилгээ, үйлчилгээний баримтууд /хх-ийн 95-131/

 

            Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн ... дугаартай шинжээчийн дүгнэлт:

            1.Шинжилгээнд ирүүлсэн ... хуруу шилний дугаартай “Ч” гэж хаягласан цуснаас спиртын агууламж илрээгүй.” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 133-134, 135/,

 

            2023 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн ... дугаартай техникийн эвдрэлийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн /хх-ийн 137-139, 140-143/,

 

            ...н ХХК-ийн 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн №... дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 146/,

           .... НҮТББ замын хөдөлгөөний аюулгүй байдал судлалын хүрээлэнгийн 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн ... дугаартай шинжээчийн дүгнэлт:

            1.Toyota lexus маркийн ... улсын дугаартай автомашины Н.Ч нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюулгүй, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

            2.Шинжээчийн зүгээс хариулах боломжгүй байна.

            3. Toyota lexus маркийн ... улсын дугаартай автомашины Н.Ч нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 дахь заалт зөрчсөний улмаас /энэхүү дүгнэлтийн 1 дүгээр хариултад тусгагдсан/ уг зам тээврийн осол гарах шалтгаан болсон гэж үзэж байна. 4. Нэмэлт тусгах санал үгүй болно.” гэх дүгнэлт /хх-ийн 152-153/,

            Шүүгдэгч Н.Ч-ийг урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 176, 178-180, 182-186/

            Шүүгдэгч Н.Ч-ийн иргэний үнэмлэхний хуулбар, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Хур иргэний мэдээллийн системийн  мэдээлэл /хх-ийн 187-190/, хохирогч О.Т хохирогч Д.А нарын Дорноговь аймгийн Замын-Үүд сумын сум дундын Цагдаагийн хэлтэст гаргасан хүсэлт /хх-ийн 191-192/, 2023 оны 10 дугаар сарын 07, 26-ны өдөр Д.А гэх хүний ... тоот данснаас П.А гэх хүний ... тоот дансанд 5,000,000 төгрөг, 10,000,000 төгрөг шилжүүлсэн баримт /хх-ийн 193-194/, ... ББСБ ХХК, Д.А нарын хооронд байгуулсан 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн №... дугаартай зээлийн гэрээ, эргэн төлөлтийн хуваарь /хх-ийн 195-202/, Ард даатгалд даатгуулсан авто тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ /хх-ийн 203-205/, ... улсын дугаартай Lexus RX400h-XU30 маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 206/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.С-ийн Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газарт гаргасан хүсэлт /хх-ийн 228/, болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргаж өгсөн хохирол, төлбөртэй холбоотой баримтууд, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргаж өгсөн шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох  баримтуудыг шинжлэн судлав.

  Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Н.Ч нь 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Дорноговь аймгийн Эрдэнэ сумын 3 дугаар баг Дөхмийн хөндий гэх газарт Замын-Үүдээс Улаанбаатар чиглэлийн засмал замд Lexus RX-400 (Лексус ар экс-400) маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3 "Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна" гэсэн заалтыг зөрчсөний улмаас замын хажуу руу унаж, зам тээврийн осол гарган, тухайн тээврийн хэрэгсэлд зорчин явсан Н.У-ын амь насыг хохироосон, хохирогч О.Т, Д.А нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт болжээ.

 

 Шүүгдэгч Н.Ч-ийн энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэргийн шинжийг агуулж байна.

 

            Шүүгдэгч Н.Ч нь 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Дорноговь аймгийн Эрдэнэ сумын 3 дугаар баг Дөхмийн хөндий гэх газарт Замын-Үүдээс Улаанбаатар чиглэлийн засмал замд Lexus RX-400 (Лексус ар экс-400) маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3 "Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна" гэсэн заалтыг зөрчсөний улмаас замын хажуу руу унаж, зам тээврийн осол гарган, тухайн тээврийн хэрэгсэлд зорчин явсан Н.У-ын амь насыг хохироосон, хохирогч О.Т, Д.А нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.С-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Талийгаач Н.У нь миний төрсөн охин байгаа юм. 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 23:30 цагийн орчим талийгаачийн охин Т над руу залгаж болсон зам тээврийн ослын талаар хэлсэн. Би өөр зүйл мэдэхгүй байна. 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр фэйсбүүкээр холбогдсон. Тухайн үед би даараад байна. Улаанбаатар хот руу очиж хувцсаа авах хэрэгтэй байна. Та хэзээ ирэх вэ таныг ирэхээр очиж дулаан хувцсаа авна гэж байсан. Би тухайн үед Турк улсад явж байсан. Тэгээд би 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод очно гэдгээ хэлсэн. Надад өмнө нь очно гэж хэлж байснаас яг Замын-Үүд сумаас гарлаа гэж хэлсэн зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20/,  хохирогч Д.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгээд нэг мэдэхэд түс тас хийгээд явчихсан. Тэгээд би ухаан балартаад нэг сэрэхэд газар хэвтэж байсан. Намайг Ч ах ирж сэрээгээд намайг машинд суулгасан. Тэгээд би Замын-Үүд суманд эмнэлэгт ирсэн.  Тухайн тээврийн хэрэгслийг Ч жолоодож явсан. Т-ын толгой орой хэсэг хагарсан, гар хөл шалбарсан байдалтай. Мөн эмнэлгээс хавирга хугарсан гэж хэлсэн гэсэн. Харин миний толгой дагзны хэсэгт хагарч, нуруу халцарсан, доргилт авснаас болж нүд хавантаж цус хурсан байдалдай байна. Харин үл таних эмэгтэй нас барсан гэж хэлсэн...”гэх мэдүүлэг /хх-ийн 22/, хохирогч О.Т-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Замын-Үүд сумаас гараад 30-40 минут явж байсан байх тэгээд замд гэнэт үхэр гарч ирээд үхрээ гаргаад дараад буцаад зам руу орох шиг болоод машин уначихсан. Би тухайн үед юу болоод байгаа талаар сайн ойлгохгүй шокийн байдалтай байсан. Тэгээд нэг ухаан орсон чинь Замын-Үүд сум руу явж байгаа машинд А бид хоёрыг суулгаад явуулсан. Харин машин онхолдчихсон байдалтай байсан. Би машинд суух хүртлээ шокийн байдалтай байж байгаад гэнэт ухаан орсон. Тухайн тээврийн хэрэслийг Ч жолоодож явсан. Миний толгой орой хэсэг хагарсан. Гар хөл шалбарсан байдалтай мөн эмнэлгээс хавирга хугарсан гэж хэлсэн. Тэгэхдээ надад ямар нэгэн зовиур мэдэгдэхгүй байгаа. Харин А-ийн толгойны дагзны хэсэгт хагарч, нуруу халцарсан, доргилт авснаас болж нүд хавантаж цус хурсан байдалтай байсан. Харин У нас барсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25/, гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 03/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 05-13/, осол хэргийн газар хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 14/, 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн цогцост үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 40-41/, Дорноговь аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн ... дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 42-45, 46-53/, Дорноговь аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн ... дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 56-57/, хохирогч О.Т-д Дорноговь аймгийн Замын-Үүд сум нэгдсэн эмнэлгээс эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлсэн эмчилгээ, үйлчилгээний баримтууд /хх-ийн 58-91/, Дорноговь аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн ... дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 93-94/, хохирогч Д.А-т Дорноговь аймгийн Замын-Үүд сум нэгдсэн эмнэлгээс эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлсэн эмчилгээ, үйлчилгээний баримтууд /хх-ийн 95-131/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн ... дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 133-134, 135/, 2023 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн ... дугаартай техникийн эвдрэлийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 137-139, 140-143/, Ашид билгүүн ХХК-ийн 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн №... дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 146/, ... НҮТББ замын хөдөлгөөний аюулгүй байдал судлалын хүрээлэнгийн 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн ... дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 152-153/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай батлагдан тогтоогдож байна.

            Дээрх яллах талын нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуульд заасан нөхцөл журмын дагуу авагдсан, тухайн хэрэгт хамааралтай, нэг нь нөгөөгөө давхар нотолсон, шүүхийн шийдвэрийн үндэс болсон хууль ёсны нотлох баримтууд гэж үзсэн болно.

 

            Шүүгдэгч Н.Ч нь уг үйлдлийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэж, энэ үйлдлийн улмаас бусдын амь нас хохирч, хоёр хүний биед хүндэвтэр хохирол учруулсан, шүүгдэгчийн үйлдсэн хэргийн гэм буруу нь тогтоогдсон, Дорноговь аймгийн Замын-Үүд дэх сум дундын прокурорын газрын хяналтын прокурорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Дээрх гэмт хэргийн гэм бурууг нотлох зорилгоор Дорноговь аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн ... дугаартай шинжээчийн дүгнэлт, Дорноговь аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн ... дугаартай шинжээчийн дүгнэлт, Дорноговь аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн ... дугаартай шинжээчийн дүгнэлт, 2023 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн ... дугаартай техникийн эвдрэлийн дүгнэлт, ... НҮТББ замын хөдөлгөөний аюулгүй байдал судлалын хүрээлэнгийн 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн .... дугаартай шинжээчийн дүгнэлтүүд гаргасан байх ба уг дүгнэлттэй шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч нар танилцсан бөгөөд энэ талаар ямар нэг маргаан гараагүй байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Н.Ч, түүний өмгөөлөгч Г.Г нар нь үйлдсэн хэргийн гэм буруугийн талаар болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

 Хохирлын хувьд:

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.С-ийн өмгөөлөгч О.С, Б.Т нар хохирогчийг оршуулахтай холбогдон гарсан зардалд 16,397,949 төгрөг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд 93,500,000 төгрөг, өмгөөллийн хөлс 3,500,000 төгрөг нийт 113,397,949 төгрөгнөөс мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Н.Ч-ийн оршуулгын зардалд төлсөн 15,000,000 төгрөгийг хасч нийт 98,397,949 төгрөгийг нэхэмжилжээ.

 

Нэхэмжлэлийн шаардлагаас хохирогчийг оршуулахтай холбогдон гарсан зардалд 1,397,949 төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.С-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас өмгөөллийн хөлс нь хохирогчийг оршуулахтай холбогдон гарах шууд зардал биш гэж үзэж өмгөөллийн хөлс 3,500,000 төгрөгийг хасаж, хэрэгсэхгүй болгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.С нь сэтгэцэд учирсан гэм хорын төлбөрийг сэтгэцийн дүгнэлт гаргуулсны дараа иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй байна.

 

Учир нь: Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “...27.10 дугаар зүйл /Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих/, ...-д заасан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргана” гэж заасан байна.

 

             Мөн энэ гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд нь хүндэвтэр гэмтэл учирсан хохирогч О.Т-ын эмчилгээний зардалд 1,154,000 төгрөгийн, хохирогч Д.А-ийн эмчилгээний зардалд 2,833,000 төгрөгийн зардлыг Эрүүл мэндийн даатгалын сангаас зарцуулсан тул нийт 3,987,000 төгрөгийн зардлыг шүүгдэгч Н.Ч-оос гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлэх нь зүйтэй гэж үзэв.  

 

            Шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн оршуулгын зардалд 15,000,000 төгрөгийг төлсөн болохыг дурдах нь зүйтэй байна.

 

            Хохирогч О.Т, Д.А нар нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй  гэсэн болно.

 

            Шүүгдэгчийн зам тээврийн осол гаргах үедээ унаж явсан ... улсын дугаартай Lexus RX400h-XU30 маркийн тээврийн хэрэгсэл нь “... ББСБ” ХХК-иас авсан 25,000,000 төгрөгийн зээлийн барьцаанд байдаг бөгөөд  иргэний нэхэмжлэгч Ч.Бг мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ “...Манай ...ББСБ ХХК-ийн зүгээс зээлдэгч гэрээний дагуу хугацаандаа зээлээ төлж байгаа тул манай байгууллагын зүгээс төлбөр тооцоог гаргуулж авахгүй...”/хх-ийн 34-35/ гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг иргэний нэхэмжлэгчид төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ. Мөн уг машины зээлийг шүүгдэгч Н.Ч нь аваагүй, түүний эхнэр Д.А нь авсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байна.

 

             Шүүгдэгчид хүлээлгэх Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүхээс шүүгдэгч Н.Ч-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

Шүүгдэгч Н.Ч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

 Шүүгдэгч Н.Ч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэргийг анх удаа үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

 Улсын яллагч Д.З-аас шүүгдэгч Н.Ч-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 8 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 5 жилийн хугацаагаар оршин суух газарт буюу Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс 5 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах  санал гаргасан.

 

Шүүхээс шүүгдэгч Н.Ч-т эрүүгийн ял оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээсэн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан зарим хохирол төлбөрийг төлж барагдуулсан, зарим хохирлыг төлж барагдуулахаа илэрхийлсэн бөгөөд цаашид гарах хохирол төлбөрийг төлж барагдуулах нөхцөл бололцоогоор хангах, хувийн зан төлөв байдал зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзсэн болно.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйл 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцүүлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Иймд шүүгдэгч Н.Ч-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 4 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “Гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах” үүргийг хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгчид хорихоос өөр төрлийн ял оногдуулсан тул шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 1.Шүүгдэгч Б овогт Н-ийн Ч /РД:.../-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх  хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н-ийн Ч-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 /зургаа/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 4 /дөрөв/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д  зааснаар шүүгдэгч Н.Ч-т тэнссэн хугацаанд гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хор уршгийг арилгаж дуусгах үүргийг хүлээлгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ч нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг анхааруулсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 508 дугаар зүйлийн 508.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч Н.Ч-оос хохирогч О.Т, Д.А нарын эмчилгээнд Эрүүл мэндийн даатгалын сангаас зарцуулсан 3,987,000 /гурван сая есөн зуун наян долоон мянга/ төгрөгийг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт, хохирогчийг оршуулахтай холбогдон гарсан зардалд 1,397,949 /нэг сая,гурван зуун ерэн долоон мянга, есөн зуун дөчин ес/ төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Нийслэлийн .... тоотод оршин суух Д-ийн С-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас өмгөөллийн хөлс 3,500,000 /гурван сая, таван зуун мянга/ төгрөгийг хасаж, хэрэгсэхгүй болгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.С нь сэтгэцэд учирсан гэм хорын төлбөрийг сэтгэцийн дүгнэлт гаргуулсны дараа иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг, шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн оршуулгын зардалд 15,000,000 /арван таван сая/ төгрөгийг төлсөн болохыг, иргэний нэхэмжлэгч  ... ББСБ ХХК нь манай байгууллагын зүгээс төлбөр тооцоог гаргуулж авахгүй гэснийг тус тус дурдсугай.

6. Шүүгдэгч Н.Ч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй,  иргэний бичиг баримт болон эд мөрийн баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус  дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 5, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг  эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу  хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор, иргэний нэхэмжлэгч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь шийтгэх тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах  шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Д.Ц