Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 102/ШШ2021/00539

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 102/ШШ2021/00539

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 4-р хороо,  Б овогт Ц-ын Х-ны нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 4-р хороо, Б овогт М-ын Б-т холбогдох хүүхдийн асрамж өөрчлүүлэх, тэтгэлэг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ц.Х, хариуцагч М.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэнпунцаг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Х шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06-р сарын 17-ны өдрийн шийдвэрээр М.Б бид хоёр гэрлэлтээ цуцлуулсан. Гэр бүл цуцлуулахад охин Б.Х-г аавынх нь асрамжид үлдээсэн. Тухайн үед өөрийн байраа нөхөр, үр хүүхэддээ үлдээсэн. М.Б архи уудаг учир охинтойгоо байвал уухгүй байх, гадаа хөлдөж үхэхвий гэж өөрийгөө биш энэ хүний талд шийдвэр гаргасан. Тухайн үед намайг буруутгахаасаа илүү надаас уучлал гуйсан бол би гэрлэлтээ цуцлуулахгүй байсан. Миний охины бичсэн зүйлийг аав нь турхирч зааварлаж бичүүлсэн гэж гэж бодож байна. М.Б нь хүүхдийн хажууд архи ууж буруу үлгэр дууриал үзүүлж байна. Охин хүүхдэд ээж хүний хайр халамж хэрэгтэй учир охин Б.Х-г асрамждаа авч тэтгэлэг гаргуулах хүсэлттэй байна гэв.

 

Хариуцагч М.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хүүхдийн асрамж өөрчлүүлэхийг зөвшөөрөхгүй. Охин Б.Х ээжтэйгээ амьдрахгүй гэдэг. Би хүүхдээ дарамталсан, айлгасан зүйл байхгүй. Өнөөдөр миний охин өөрөө тайлбар бичиж өгсөн. Ээжээсээ айсандаа хаалга онгойлгож өгсөн, орж ирээд зураг аваад байхаар нь ээж боль гэхэд нь цохиод гараад явсан гэсэн. Өчигдөр өглөө унтаж байхад 9 цагт хаалга хүчтэй цохиж байна гэж охин утсаар ярисан. Тэгэхээр нь битгий онгойлгож өгөөрэй гэж хэлсэн. Өөрийнх нь утсыг авахгүй болохоор ээжийнхээ утсаар яриад гэрт гутал байгаа цонхоор шид гээд авсан байсан. Ц.Х-ны зан харилцааг хүүхдүүд нь мэддэг. Би охиноо ээжтэйгээ уулзахыг хориглоогүй, охины болон миний хүсэлтийг харгалзан үнэн зөвөөр шийдэж өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бусад баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Х нь М.Б-т холбогдох хүүхдийн асрамж өөрчлүүлэх, тэтгэлэг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж дүгнэлээ.

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06-р сарын 17-ны өдрийн 102/ШШ2019/01810 тоот шийдвэрээр М.Б, Ц.Х нарын гэрлэлтийг цуцалж, 2009 оны 2-р сарын 21-ний өдөр төрсөн охин Б.Х-г эцгийн асрамжинд үлдээж шийдвэрлэжээ. Шүүхийн шийдвэр /хх 8-10/ хүчин төгөлдөр байна.

 

Нэхэмжлэгч Б.Х-г өөрийн асрамжинд авахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ М.Б нь архи уудаг, хүүхдээ айлд байлгадаг, халамж анхаарал үзүүлдэггүй гэж тайлбарлажээ.

 

Талууд гэрлэлтээ цуцлуулсан боловч 2021 оны 2-р сар хүртэлх хугацаанд хамт байсан, улмаар таарамжгүй харьцааны улмаас хоорондоо хэрүүл маргаан үүсгэдэг, цагдаагийн байгууллагат дуудлага, мэдээлэл өгдөг нь зохигчийн тайлбар, дуудлага мэдээллийн лавлагаагаар тогтоогдсон байна. Харин эцэг, эхийн гаргаж байгаа зан харьцааны доголдолтой байдал нь хүүхдийн хүмүүжилд сөргөөр нөлөөлөхөөр байна.

 

Харин шүүхийн шийдвэрээр хүүхдийг эцгийнх нь асрамжинд үлдээснээр хүүхдийн эрх ашгийг зөрчсөн, түүнийг өөрийн асрамжинд байлгаагүй айлд байлгасан, хайр халамжаар дутаасан, хүүхдийн хүмүүжилд сөргөөр нөлөөлсөн, хүчирхийлэл үйлдсэн зэрэг нөхцөл байдлууд тогтоогдоогүй байна.

 

Эцэг нь хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, асран тэтгэх, хүүхдийн сурч боловсрох орчин нөхцөл, орон байраар хангагдсан байх ба охин Б.Х-ийн ...аавтайгаа хамт амьдарна гэсэн санал, хүсэл зориг, түүний насны байдал зэргийг үндэслэн түүнийг эцгийн асрамжинд хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

 

Хэдийгээр эх Ц.Х нь өөрийн гэсэн орон сууцтай болсон боловч хүүхдийн саналыг харгалзан үзсэн болно.

 

Хүүхдийн эрхийн тухай конвенцийн 9-р зүйлийн 3 дахь хэсэг, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5-р зүйлийн 5.3 дахь хэсэгт зааснаар хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхийг зөрчихгүй, эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь эцэг, эхийн хэн аль нь саад учруулахгүй байх үүрэгтэй.

 

Хэрэгт авагдсан М.Б-т холбогдох зөрчлийн баримт, лавлагаа нь талуудын таарамжгүй харьцааны улмаас үүссэн үйл баримттай холбоотой, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 7991 тоот дүгнэлт хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан тухай 19959 тоот тогтоол нь нэхэмжлэлийн шаардлагатай холбоогүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.3, 116, 118-р зүйлд зааныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 14-р зүйлийн 14.6 дахь хэсэг, 40-р зүйлийн 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан охин Б.Хулангийн асрамжийг өөрчилж өөрийн асрамжиндаа авах, М.Б-өөс хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүссэн Ц.Х-ы нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээсүгэй.

 

Шийдвэрийг зохигч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж эрхтэй.

 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА