Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 102/ШШ2021/00596

 

 

 

 

 

2021 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 102/ШШ2021/00596

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 8-р хороо, Х овогт Б-н Э-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүргийн 12-р хороо, Е овогт Б-ийн С-д холбогдох гэрлэлт цуцлуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Б.Болд-Эрдэнэ оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 1986 онд Улаанбаатар хот Багануур дүүрэгт төрсөн. Б.С-тай 2002 онд танилцан 2006 онд гэр бүл болж батлуулсан. Энэ хугацаанд 2008, 20012 онд хоёр охин төрсөн. С нь анх гэр бүл болсноос хойш болон одоог хүртэл удаа дараа гар хүрч зодон, сэтгэл санааны болон биеийн дарамт учруулдаг байсан тул 2020 оны 2-р сараас эхлэн тусдаа амьдарч байна. Иймд гэр бүл цуцлуулах хүсэлтэй байна гэжээ.

 

Хариуцагч Б.С шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Б.Э-ын нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад гэрлэлт цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байна. Хүүхдийн асрамжинд маргах зүйлгүй, тохиролцож шийдвэрлэсэн. Дундын эд хөрөнгийн маргаан байхгүй, бүхэлд нь зөвшөөрч байна гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 Нэхэмжлэгч Б.Э нь Б.С-д холбогдох гэрлэлт цуцлуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Б.Э, Б.С нар нь 2006 онд гэрлэлтээ бүртгүүлжээ. Гэрлэгчид хамт амьдрахдаа 2012 оны 8-р сарын 13-нд охин С.А, 2012 оны 7-р сарын 31-нд охин С.А нарыг төрүүлж өсгөжээ.

 

Гэр бүлийн тухай хуулинд зааснаар гэрлэгчид нь бие биедээ үнэнч байх, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, гэр бүлийн гишүүд нь бие биеэ халамжлах, хүндэтгэх, тэжээн тэтгэх, гэр бүлд шаардагдах эдийн засгийн нөхцөлийг бүрдүүлэх, хэн нэгнийхээ эрхийг зөрчихгүй, бие биеэ аливаа хэлбэрээр хүчирхийлэхгүй байх үүрэгтэй байна.

 

Харин гэрлэгчид хамт амьдрах хугацаанд нөхөр Б.С-ийн хүчирхийллийн улмаас тусдаа амьдарч байгаа, энэ нөхцөл байдал нь хүүхдүүдийн хүмүүжилд сөргөөр нөлөөлөхөөр байна.

 

Гэрлэгчийн зан харьцааны таарамжгүй байдлын улмаас хэн аль нь цаашид хамт амьдрах боломжгүй гэж үзэж гэрлэлтээ цуцлуулахыг хүссэн байх тул эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлах нь зүйтэй.

 

Талууд гэрлэлтээ цуцлуулахдаа хүүхдийн асрамжийн талаар маргаагүй боловч насанд хүрээгүй охин С.А, С.А нарыг эх Б.Э-ын асрамжинд үлдээж шийдвэрлэлээ.

 

Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5-р зүйлийн 5.3, Гэр бүлийн тухай хуулийн 26-р зүйлд зааснаар эцэг, эх нь гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд эцэг эхийн үүрэг хэвээр үлдэж хүүхэд тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх, хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх, хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглоно.

 

Талуудын хооронд эд хөрөнгийн маргаангүй, эвлэрүүлэн зуучлах ажиллагааг 2020 оны 7-р сарын 21-ний өдөр дуусгавар болгосон байна.

 

Гэрлэгч нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас өөрсдийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байх тул тэдний эзгүйд хэргийг шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1 , 116, 118, 132-р зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 14-р зүйлийн 14.1, 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан Б-ийн С, Б-ын Э нарын гэрлэлтийг цуцалж, 2012 оны 8-р сарын 13-нд төрсөн охин С.А, 2012 оны 7-р сарын 31-нд төрсөн охин С.А нарыг эх Б.Э-ын асрамжинд үлдээсүгэй.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагч Б.С-аас 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

Шийдвэрийг зохигч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж эрхтэй.

 

 

 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА