| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 102/2021/00450/И |
| Дугаар | 102/ШШ2021/00597 |
| Огноо | 2021-03-10 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 03 сарын 10 өдөр
Дугаар 102/ШШ2021/00597
| 2021 оны 03 сарын 10 өдөр | Дугаар 102/ШШ2021/00597 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 3-р хороо, Т овогт М-гийн Д-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүргийн 6-р хороо, Ж овогт Г-ын У-д холбогдох хүүхдийн асрамж, тэтгэлэг гаргуулахыг хүссэн хэргийг тус хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Б.Болд-Эрдэнэ оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2019 онд У-тай танилцаж улмаар гэр бүл амьдарсан. Бидний дундаас 2020 оны 10-р сарын 3-ны өдөр охин А төрсөн. Одоо 4 сартай. Бид зан харилцааны асуудалтай байсан учраас албан ёсоор гэр бүлээ батлуулаагүй өдий хүрсэн. Хамтран амьдрах хугацаанд зан харилцааны таарамжгүй байдлаас болж 2020 оны 10-р сарын 9-ний өдрөөс эхлэн тус тусдаа амьдрах болсон. Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй. Гэр бүлийн тухай хуулийн 14-р зүйлийн 14.5д зааснаар охин А-г миний асрамжинд үлдээж, аав Г.У-аас хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Г.У шүүхэд гаргасан тайлбартаа: Д-ийн нэхэмжлэл тэтгэмж тогтоох, охин А-г эхийн асрамжинд байлгахыг зөвшөөрч байна гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М.Д нь Г.У-ад холбогдох хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
М.Д, Г.У нар нь 2019 оноос хамт амьдарч байгаад 2020 оны 10-р сарын 03-ны өдөр охин Д.А-г төрүүлжээ.
Тэд гэрлэлтээ бүртгүүлээгүй бөгөөд хүүхдийн эхээр М.Д-ийг бүртгэж, төрсний гэрчилгээ олгосон /хх 6/ байна.
Гэр бүлийн тухай хуулийн 21.5 дахь хэсэгт зааснаар гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ, 26-р зүйлийн 26.1 дэх хэсэгт зааснаар эцэг, эх нь хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ, 38-р зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар эцэг, эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй байна.
Талууд гэрлэлтээ бүртгүүлээгүй боловч гэр бүл болох зорилгоор хамт амьдарсан, гэвч хоорондын зан харьцааны таарамжгүй байдлын улмаас тусдаа амьдарсан, энэ хугацаанд охин Д.А нь эхийн асрамжинд байжээ.
Хэдийгээр талууд тусдаа амьдарч байгаа, цаашид хамт амьдрах боломжгүй боловч хүүхдийн хувьд эцэг, эхийн үүрэг хэвээр үлдэж, хүүхдээ тэжээн тэтгэх үүргээс хэн аль нь чөлөөлөгдөхгүй, хариуцагч нь хүүхдийн тэтгэлэг, асрамжийн талаар маргаагүй байна.
Түүнчлэн Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5-р зүйлийн 5.3-т заасан хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхийг зөрчихгүй, эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байх үүрэгтэй.
Иймд хуульд заасан журмаар хүүхдийн тэтгэлэг гаргуулж эцэг Г.У-р тэжээн тэтгүүлэх нь зүйтэй.
Нэхэмжлэгч нь өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлэх хүсэлт гаргасан, хариуцагч шүүх хуралдааны мэдэгдлийг хүлээн авсан боловч ирээгүй тул тэдний эзгүйд хэргийг шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14-р зүйлийн 14.5 дахь хэсэг, 40-р зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан 2020 оны 10-р сарын 03-ны өдөр төрсөн охин Д.А-ааг эхийн асрамжинд үлдээж, түүнийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа тохиолдолд 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулж эцэг Г.У-аар тэжээн тэтгүүлсүгэй.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагч Г.У-аас 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
Шийдвэрийг зохигч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА