Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 2024/ШЦТ/67

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатнышүүхийн  шүүгч Ч.Байгалмаа даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Сайнбилэг

Улсын яллагч: Ж.Энхбат

Шүүгдэгч: *******, түүний өмгөөлөгч Г.Чингис нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1, 27.11 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******ад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2314001560032  дугаартай хэргийг 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, ******* овогт *******гийн *******, регистрийн дугаар ;

Үйлдсэн хэргийн талаар

Шүүгдэгч ******* нь 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 17-18 цагийн үед ******* улсын дугаартай Тоёота приус маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т ‘Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна" гэсэн заалтыг зөрчиж, Баянхонгор аймгийн ******* сумын 5 дугаар багт байрлах ******* 510 тоот хашааны гадна шороон зам дээр тоглож байсан насанд хүрээгүй хохирогч *******ыг мөргөж, зам тээврийн осол гарган насанд хүрээгүй хохирогч *******ын эрүүл мэндэд зүүн бугалга ясны хүзүү хэсгийн хөндлөн, бага зэрэг зөрүүтэй сэлтэрсэн хугарал бүхий хүндэвтэр хохирол учруулсан,

Мөн шүүгдэгч ******* нь 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 17-18 цагийн үед ******* улсын дугаартай Тоёота приус маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Баянхонгор аймгийн ******* сумын 5 дугаар багт байрлах харздай 510 тоот хашааны гадна шороон зам дээр тоглож байсан насанд хүрээгүй хохирогч *******ыг мөргөж, зам тээврийн осол гарган насанд хүрээгүй хохирогч *******ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулахдаа хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт  хэрэгт тус тус холбогджээ./яллах дүгнэлтэд бичигдсэнээр/,

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

Шүүгдэгч *******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн

Би сумаас хөдөө гарах гээд явж байсан. Тэгээд машин маслогүй болчихоор нь авах гээд явсан. Тэгээд явахын өмнө тухайн хүүхэд дугуйтай хүрж ирээд мөргүүлэхээ алдсан. Эргээд буцаад ирж байхад тухайн хүүхэд зам гардаг дээр зогсож байсан. Тэгээд хажуугаар нь гартал дугуйтайгаа орсон. Би эргээд давхиад очиход цус гарчихсан хэвтэй байсан. Би “ингээд хэрэг хийчих гэж гээд” орилж байгаад давхиад явсан гэв.

Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтад өгсөн:

...Би яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Өмнө нь мэдүүлэг өгсөн. Тухайн мэдүүлэгт бүгдийг ярьсан...гэх мэдүүлэг /хх-ийн 65-66/,

Насанд хүрээгүй хохирогч *******ын мөрдөн байцаалтын шатанд өдөр өгсөн

...2023 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 18 цагийн үед ******* сумын 5 дугаар багт байрлах хашааны ард талд байдаг овойлттой шороон дээр унадаг дугуйгаа унаад тоглож байхад намайг машин ирээд мөргөсөн. Тэгээд өвөө намайг сумын эмнэлэгт авч ирсэн. Би дугаарыг нь хараагүй. Саарал өнгийн машин байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 34-35 /,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өдөр өгсөн:

...Хүүхдийнхээ эмчилгээнд, мөн ирж, буцах зардалд багцаагаар 1.500.000 төгрөг орсон. Миний хувьд нарийн тооцоо гаргаагүй. Эмчилгээний баримтуудыг цуглуулаагүй, гаргаж өгөх баримт алга: Сэтгэл санаанд учирсан хохирол нэхэмжлэхгүй. Хүүхдийн бие зүгээр болсон учраас ямар нэгэн гомдол, санал, нэхэмжлэх зүйл алга байна. Хүүхдийн эмчилгээнд 900.000 төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг/хх-ийн 71-72/

Иргэний нэхэмжлэгч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...Насанд хүрээгүй хохирогч ******* нь гэмтлийн оношоор эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдсан 1.640.930 төгрөгийг буруутай этгээдээс нэхэмжилж байна. Одоогоор төлбөр төлөгдөөгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 78-79/

Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...Манайд 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 18 цагийн үед 4 настай эрэгтэй хүүхэд машинд дайруулсан гэсэн зовуурьтай ирсэн. Би тухайн үед биед нь үзлэг хийхэд бол өөрөө ярьж чадахгүй, сайн уйлж чадахгүй, ухаан балартсан байдалтай, арьс салст нь цонхийж цайсан, нүүрний зүүн тал нь /дух, хацар/ зулгарсан шархтай, нуруу болон зүүн талын гарын хөдөлгөөн хязгаарлагдсан бас зулгарсан шархтай ирсэн. Манай байгууллагаас өвчин намдаах, цус тогтоох, тархины хаван буулгах, бодисын солилцоо сайжруулах, эргэлдэх цусны хэмжээ нөхөн эмчилгээнүүдийг хийсэн. Одоо хүүхдийн биеийн байдал хэвийн, ухаан орсон байгаа...гэх мэдүүлэг/хх-ийн 41-42 /,

Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд  өгсөн:

“...16 цаг 30 минутын үед манай хашааны гадаа манай эгчийн хүүхэд үе тэнгийн хүүхдүүдтэйгээ тоглож байсан. Тэгтэл гэнэт хүүхэд орилоод эхлэхээр нь гэрээсээ гүйж гараад хашааны гадаа гарахад манай эгчийн хүүхэд машин зам дээр газарт унасан байдалтай, унадаг дугуйныхаа ертөнцийн зүгээр хойд талд нь хэвтэж байсан.  Би очоод тэвэрч аваад хартал амнаас, толгой хэсгээс цус гарсан байдалтай байсан. Тэгсэн дүүг мөргөсөн машин хажууд ирж зогсчхоод тэгээд гудамж уруудаад баруун тийшээ яваад өгсөн. Би дүүг тэврээд сумын төвийн эмнэлэг рүү аваад явсан. Би тэр машины дугаар номерыг хараагүй, саарал өнгийн приус 20 маркийн тээврийн хэрэгсэл байсан. Дээрээ хар өнгийн ачаатай байсан. Машинаас жолооч бол бууж ирээгүй, машин дотроо сууж байсан  машинаа унаад хөдлөөд явсан. Намайг харахад жолоочоос өөр хүн харагдаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 45-46/,

Насанд хүрээгүй гэрч ийн мөрдөн байцаалтын шатан өгсөн: “...17-18 цагийн хооронд манай гудамжны үзүүрийн овгор шороон дээр унадаг дугуйгаар уруудаж, өнхөрч тоглож байсан. Тухайн үед *******, манай 3 настай дүү , 5 настай, 4 настай, бид хэд тоглож байсан... ******* шорооноос дугуйгаараа өнхөрч бууж байтал доороос ирж байсан саарал өнгийн приус 20 маркийн машин *******ыг мөргөж унагаачхаад цаашаа явж байгаад эргэж зогсож харчхаад яваад өгсөн...” гэх мэдүүлэг/хх-ийн 80-81/,

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 358 дугаартай

 1.2 *******ын биед ирүүлсэн эмнэлгийн баримтаар зүүн бугалга ясны хүзүү хэсгийн хөндлөн, бага зэрэг зөрүүтэй сэлтэрсэн хугарал, тархи доргилт, духны зүсэгдсэн шарх, нүүр, зүүн бугалга, шуу, тохой, нурууны зулгарсан шарх, зүүн өвдөгний шалбархай /зулгаралт/ гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

3. Дээрх бугалга ясны хүзүү хэсгийн хөндлөн, бага зэрэг зөрүүтэй сэлтэрсэн хугарал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Дээрх бусад тархи доргилт, духны зүсэгдсэн шарх, нүүр, зүүн бугалга, шуу, тохой, нурууны зулгарсан шарх, зүүн өвдөгний шалбархай /зулгаралт/ гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Дээрх гэмтлүүд нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

5. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл болно...гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 100-102/,

Шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 202327 дугаартай “...8042 БНХ улсын дугаартай Тоёота приус маркийн автомашины жолооч ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна" гэсэн заалтыг зөрчсөнөөс үүдэн осол гарсан гэж үзэж байна. Уг зам тээврийн осол жолооч *******ын Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөн үйлдлээс шалтгаалсан боловч 4-н настай хүүхдийг харгалзах хүнгүй замын хөдөлгөөнд оролцуулсан нь осол гарах нөхцөл нь болсон гэж үзэж байна. Хэргийн газар авсан гэрэл зураг, үзлэгийн тэмдэглэл зэргээс зам, замын байгууламж, тэдгээрийн бүрэн бүтэн байдал нөлөөлсөн эсэхийг тодорхойлох боломжгүй байна...гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн108-109/,

Баянхонгор аймгийн Энх-Нахиа” ХХК-ийн 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 26 дугаартай шинжээчийн “...Унадаг дугуйнд учирсан эвдрэлийн үнэ 137.000 төгрөг болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт /хх-ийн 113/,

Баянхонгор аймгийн Энх-Нахиа” ХХК-ийн 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 25 дугаартай шинжээчийн ...prius-20 маркийн тээврийн хэрэгслийн үнэ 5,600,000, тээврийн хэрэгслийн гүперийн үнэ 100,000 төгрөг нийт 5,700,000 төгрөг…гэх дүгнэлт /хх-ийн 117/,

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухайн тогтоол / хх-ийн 56-60/, гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл / хх-ийн 07/, зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11-18/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 19-27/, шүүгдэгч *******ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 120/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 125/, шүүгдэгч *******ын иргэний үнэмлэхний лавлагаа / хх-ийн 126/, дипозит дансны хуулга /хх-ийн 128-133/, оршин суугаа газрын багийн засаг даргын тодорхойлолт / хх-ийн 135/, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 137-139/, нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр /хх-ийн 144-145, /, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд” хянан хэлэлцлээ.

Шүүгдэгч ******* нь 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 17-18 цагийн үед ******* улсын дугаартай Тоёота приус маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т ‘Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна" гэсэн заалтыг зөрчиж, Баянхонгор аймгийн ******* сумын 5 дугаар багт байрлах ******* 510 тоот хашааны гадна шороон зам дээр тоглож байсан насанд хүрээгүй хохирогч *******ыг мөргөж, зам тээврийн осол гарган насанд хүрээгүй хохирогч *******ын эрүүл мэндэд зүүн бугалга ясны хүзүү хэсгийн хөндлөн, бага зэрэг зөрүүтэй сэлтэрсэн хугарал бүхий хүндэвтэр хохирол учруулсан, хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан  гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын шатанд үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн шүүгдэгч *******ын мэдүүлэг /хх-ийн 65-66/

Насанд хүрээгүй хохирогч *******ын..хашааны ард талд байдаг овоолготой шороон дээр унадаг дугуйгаа унаад тоглож байхад намайг машин ирээд мөргөсөн....гэх мэдүүлэг /хх-ийн 34-35 /, 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ийн...Хүүхдийнхээ эмчилгээнд, мөн ирж, буцах зардалд багцаагаар 1.500.000 төгрөг орсон. Сэтгэл санаанд учирсан хохирол нэхэмжлэхгүй. Хүүхдийн бие зүгээр болсон учраас ямар нэгэн гомдол, санал, нэхэмжлэх зүйл алга байна. Хүүхдийн эмчилгээнд 900.000 төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг/хх-ийн 71-72/

Иргэний нэхэмжлэгч ын“...Насанд хүрээгүй хохирогч ******* нь гэмтлийн оношоор эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдсан 1.640.930 төгрөгийг буруутай этгээдээс нэхэмжилж байна. Одоогоор төлбөр төлөгдөөгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 78-79/

Гэрч ын...эрэгтэй хүүхэд машинд дайруулсан гэсэн зовуурьтай ирсэн, биед нь үзлэг хийхэд бол өөрөө ярьж чадахгүй, сайн уйлж чадахгүй, ухаан балартсан байдалтай, арьс салст нь цонхийж цайсан, нүүрний зүүн тал нь /дух, хацар/ зулгарсан шархтай, нуруу, зүүн талын гарын хөдөлгөөн хязгаарлагдсан бас зулгарсан шархтай ирсэн...гэх мэдүүлэг/хх-ийн 41-42/

Гэрч ын...манай эгчийн хүүхэд машин зам дээр газарт унасан байдалтай, унадаг дугуйныхаа ертөнцийн зүгээр хойд талд нь хэвтэж байсан,... амнаас, толгой хэсгээс цус гарсан байдалтай байсан....гэх мэдүүлэг /хх-ийн 45-46/

Насанд хүрээгүй гэрч ийн...******* шорооноос дугуйгаараа өнхөрч бууж байтал доороос ирж байсан саарал өнгийн приус 20 маркийн машин *******ыг мөргөж унагаачхаад цаашаа явж байгаад эргэж зогсож харчхаад яваад өгсөн...” гэх мэдүүлэг/хх-ийн 80-81/,

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 358 дугаартай шинжээчийн... *******ын биед ирүүлсэн эмнэлгийн баримтаар зүүн бугалга ясны хүзүү хэсгийн хөндлөн, бага зэрэг зөрүүтэй сэлтэрсэн хугарал, тархи доргилт, духны зүсэгдсэн шарх, нүүр, зүүн бугалга, шуу, тохой, нурууны зулгарсан шарх, зүүн өвдөгний шалбархай /зулгаралт/ гэмтэл тогтоогдлоо,... гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...гэх дүгнэлт /хх-ийн 100-102/,

Шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 202327 дугаартай шинжээчийн...жолооч ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна" гэсэн заалтыг зөрчсөнөөс үүдэн осол гарсан гэж үзэж байна.. .гэх дүгнэлт /хх-ийн108-109/,болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг гэдэг нь авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, техник ашиглалтын журам, хүний амьд явах эрх, эрүүл мэндийн халдашгүй байдал, бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн холимог хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхгүй юм.

Мөн хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэж авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсныг ойлгоно.

Замын хөдөлгөөнд оролцож буй аливаа этгээд нь Замын Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнтэй нийцүүлэн гаргасан Замын хөдөлгөөний дүрмийг сахин биелүүлэх үүрэгтэй.

Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний хэлтсийн 20223 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 358 дугаартай шинжээчийн /хх-ийн100-102/ хохирогч *******...-н биед учирсан гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байгаа;

Шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 202327 шүүгдэгч *******-г Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12,3-д зааснаар ...Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна..” гэсэн заалтыг зөрчсөн талаар тус тус дурдсан байна. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 Шүүгдэгч ******* нь Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн үйлдэл нь хууль бус бөгөөд тэрээр үйлдлийнхээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, хохирол, хор уршиг учрах боломжтойг мэдэх ёстой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас бусдад хохирол, хор уршиг учирсан байх тул түүний хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдлийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй, харин гэмт хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл тул гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 Шүүгдэгч ******* нь Замын хөдөлгөөний дүрмийн заалтуудыг зөрчиж насанд хүрээгүй хохирогч *******ыг мөргөсөн үйлдлийн улмаас хохирогчийн биед зүүн бугалга ясны хүзүү хэсгийн хөндлөн, бага зэрэг зөрүүтэй сэлтэрсэн хугарал, тархи доргилт, духны зүсэгдсэн шарх, нүүр, зүүн бугалга, шуу, тохой, нурууны зулгарсан шарх, зүүн өвдөгний шалбархай гэмтэл бүхий хүндэвтэр гэмтэл учруулсан байх ба үйлдэл хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой.

 Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1, 27.11 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч  *******ад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчилж байгаа нь хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн  байх тул шүүхээс *******ыг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,хэрийн газрыг зориуд орхиж зугтаасан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуульд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн эрүүгийн хариуцлага хүлээлгэх төрлийг 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр өөрчлөн найруулж, 2024 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөхөөр заажээ.

 Иймд энэхүү гэмт хэргийг шүүгдэгч ******* нь 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдөр үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлах нь зүйтэй.

 Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлж барагдуулсан зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад насанд хүрээгүй хохирогч *******, түүний хууль ёсны төлөөлөгч ******* нарт 900,000 төгрөгийг хохирлыг төлж барагдуулсан, хохирогч хууль ёсны төлөөлөгч нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн, эвлэрлийн гэрээ байгуулсан /хх-ийн 155/ байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж   үзлээ.

Шүүгдэгч *******ад нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа  гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Г.Чингис нар нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар: “...Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 хэсэгт зааснаар гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.  

Шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулах саналтай байна...гэх

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Чингисийн... 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдөр тухайн гэмт хэрэг үйлдэгдсэн байдаг. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийг 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр өөрчлөн найруулж тухайн гэмт хэргийн ялын санкцийг нэмэгдүүлсэн.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх боломжтой байна. Шүүгдэгч *******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн ерөнхий хуулийн 6.8 дугаар зүйлд зааснаар нэмж нэгтгэн 4 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 4, 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулах 4 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас чөлөөлж өгнө үү...гэх дүгнэлтийг шүүхэд гаргажээ.  

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1-т заасан “… гэмт хэрэг түүнд хүлээлгэх хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно…” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т заасан “… Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна…” гэсэн хууль ёсны болон шударга ёсны зарчмуудыг баримталж, шүүхээс шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдлыг харгалзан хэргийн хэмжээний дотор ял шийтгэлийг оногдуулах бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8-д” ...Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан , эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана...” гэж, “..Монгол Улсын Үндсэн хуулийн 47 дугаар зүйлд ... Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ...” гэж заасныг үндэслэл болгов.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан ...  гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг зэргийг харгалзан ялаас чөлөөлж болно... гэж хуульчилсан.

Шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэрэгт ял шийтгэл оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасныг баримтлан нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг тогтоох нь зүйтэй байна.

Шүүгдэгч *******ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоос нөхөн төлсөн / насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гомдол саналгүй/,  шүүгдэгчийн хувийн болон эрүүл мэндийн байдал / нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр 70 хувийн хөдөлмөрийн чадвар алдалттай, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1-т заасан шаардлагыг хангаж байгаа зэргийг харгалзан түүнд шүүхээс  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1,  1.9 дүгээр зүйлийн 1-т заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******ыг 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг  тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн  1.1 дэх заалтад түүнийг ялаас чөлөөлөх хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Насанд хүрээгүй хохирогч ******* эмнэлгийн тусламж үйлчилгээ авч, нийт 1652930 төгрөгийн эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт, чөлөөлтөд хамрагдсан байх тул Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1.1 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч *******аас 1652930 төгрөгийг гаргуулж, эрүүл мэндийн даатгалын санд олгож,

Шүүгдэгч *******ад хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож,

Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1,  36.8, 36.10-д заасныг удирдлага болгонТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ыг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд  хүндэвтэр хохирол учруулсан, хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн  27.10 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******ыг 3 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар,

Мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1-т зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар 1, 2, 2.2-т зааснаар шүүгдэгч *******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т зааснаар  оногдуулсан 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1-т зааснаар оногдуулсан 1 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг нэмж нэгтгэн түүний эдлэх ялыг 4 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 4,  6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан шүүгдэгч *******ад оногдуулсан 4 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас чөлөөлсүгэй.

5. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1.1 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч *******аас 1652930 төгрөгийг гаргуулж, эрүүл мэндийн даатгалын санд олгосугай.

6. Шүүгдэгч *******ад хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

7. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж  сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор  Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******ад хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА