Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2023 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 001/ХТ2023/00069

 

                                                                                         “Ж” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай           

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж, шүүгч М.Батсуурь, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар                                                                                           

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 

2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 102/ШШ2023/00007 дугаар шийдвэр, 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 210/МА2023/00416 дугаар магадлалтай,         

“Ж” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

“Е” ХХК-д холбогдох

2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 17 тоот барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг           

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Х.У, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Г, нарийн бичгийн дарга Б.Н нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Ж” ХХК нь хариуцагч “Е” ХХК-д холбогдуулан 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 17 тоот барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

2. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 102/ШШ2023/00007 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан үндэслэлгүй тул “Е” ХХК, Р.А нарын 2016 оны 07 сарын 08-ны өдөр байгуулсан 17 дугаартай барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох тухай нэхэмжлэгч “Ж” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.  

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 210/МА2023/00416 дугаар  магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 сарын 21-ний өдрийн 102/ШШ2023/00007 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт заасан үндэслэлгүй тул...” гэснийг “...69 дүгээр зүйлийн 69.1, 69.2 дахь хэсэгт заасныг баримтлан...” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Уийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.12.21-ний өдрийн 102/ШШ2023/00007 шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023.02.27-ны өдрийн 210/МА2023/00416 магадлалыг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар хяналтын журмаар гомдол гаргаж байна. Анхан болон давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172.2.3-т зааснаар шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн.  орон сууц нь “Ж” ХХК-ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө юм. Гэтэл иргэн Р.А нь уг орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэм, итгэмжлэл зэргийг хуурамчаар үйлдэн “Е” ХХК-д барьцаанд тавьж зээлийн гэрээ хийсэн. Улмаар хамтран зээлдэгчээр Р.О-ны гарын үсгийг хуурамчаар зурж 2016.07.08- ны өдрийн 17 тоот зээлийн гэрээг байгуулан 50 сая төгрөгийг зээлж барьцаанд нь “Ж” ХХК-ийн дээрх үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан байна. Энэ нь 2018.06.22-ны өдрийн 1806009601212 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газрын Прокурорын тогтоолд “ЭХ-ийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан “Ж” ХХК-ийн ерөнхий захирал Р.О-ны гарын үсгийг хуурамчаар үйлдэн, компанийн дүрэмд хууль бусаар өөрчлөлт оруулж, “Е” ХХК-аас 50 сая төгрөгийн зээл авч, үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанд тавьж бусдыг залилсан гэмт хэргийг үйлдсэн тул Р.Аийг яллагдагчаар татсугай” гэсэн бичгийн нотлох баримт, өөрөө хэргээ хүлээсэн мэдүүлэг, тус хэрэгт гэрчээр н.А-ын өгсөн мэдүүлэг, 2018.06.08-ны өдрийн 3348 дугаартай Шинжээчийн дүгнэлтээр Р.О-ны гарын үсгийг хуурамчаар үйлдсэн болох нь тогтоогдсон.

Учир нь “Ж” ХХК-ийн өмчлөлийн тухайн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалах эрхийг, зөвшөөрлийг Компанийн тухай хууль, “Ж” ХХК-ийн дүрмээр хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрээр нь олгох зохицуулалттай. “Ж” ХХК-ийн хувьцааг иргэн Ж.О, Б.Э, М.Э, Р.О нар эзэмшдэг. Компанийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдээр Ерөнхий захирал Р.О бүртгэлтэй байдаг. Гэтэл “Ж” ХХК-ийн өмчийг барьцаалах эрх, зөвшөөрлийг Компанийн эрх бүхий этгээд болох хувьцаа эзэмшигчдийн хурал, Ерөнхий захирлын аль нь ч олгоогүй байдаг. Харин Р.А нь компанийн дүрэм, баримт бичиг, захирлын гарын үсгийг хуурамчаар үйлдэн “Е” ХХК-аас зээл авч, улмаар дээрх үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж Барьцааны гэрээ хийсэн нь өөрийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдсон.

Иргэний хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн тухай: Магадлалын Хянавал хэсгийн 6 дах заалтад ...төлөөлөх бүрэн эрхгүй этгээдтэй хэлцэл хийснээ мэдсэн, эсхүл мэдэх боломжтой байсан гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдсонгүй гэж дүгнэсэн бөгөөд хавтаст хэрэгт авагдсан барьцааны гэрээнд “Ж” ХХК-ийн захирал Р.О гарын үсэг зурсан. Энэ гарын үсэг нь Р.О гарын үсэг биш гэдэг нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсоор атал мэдэх боломжгүй байсан гэж дүгнэсэн нь “Е” ХХК дээр Р.О гэдэг хүн очоогүй байхад мөн Р.О-ны өмнөөс хэн нэгэн этгээд очиж гарын үсэг зурж байхад мэдээгүй гэдэг нь илт хууль бус дүгнэлт болсон. Иргэний хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д хэлцэл хүчин төгөлдөр байх зайлшгүй нөхцөл болсон зөвшөөрөл олгох эрх, үүрэг бүхий гуравдагч этгээд уг зөвшөөрлийг олгосон буюу олгохоос татгалзсан тухайгаа хэлцлийн талуудад нэгэн адил мэдээлнэ гэж заасан бөгөөд энэхүү заалт нь хэлцлийн талууд ч энэ заалтаар зөвшөөрөл олгогдсон эсэхийг мэдэх үүрэг хүлээж буй юм. Иргэний хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д заасныг Анхан болон Давж заалдах шатны шүүх буруу тайлбарлан хэрэглэсэн. Шийдвэрийн үндэслэх хэсгийн 4.2-т А нь “Ж” ХХК-аас түүнд 2016.07.05-ны өдөр олгосон итгэмжлэл нь Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018.06.08-ны өдрийн 3348 дугаар дүгнэлтээр “Ж” ХХК-ийн захирал Р.О-ны гарын үсэг биш барьцааны гэрээнд зурагдсан гарын үсэг мөн болох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1, 44.1-д зааснаар бичмэл нотлох баримтаар тогтоогдож байна гэж дүгнэсэн. Шийдвэрийн үндэслэх хэсгийн 4.3-т Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1-д “Барьцааны гэрээг бичгээр байгуулна” гэж, мөн хуулийн 43-р зүйлийн 43.2.1-д “талууд хүсэл зоригоо илэрхийлж гарын үсэг зурсан” бол бичгээр хийх хэлцлийг хийсэн гэж үзнэ гэж дүгнэсэн бөгөөд “Ж” ХХК-ийн захирал нь Р.О ямар нэг байдлаар өөрөө хүсэл зоригоо илэрхийлж огт гарын үсэг зураагүй билээ. Энэ байдал нь мөн барьцааны гэрээнд гарын үсэг нь хуурамчаар зурсан гэдэг дээр дурдсан үндэслэлээр нотлогдож байна. Иргэний хуулийн 156-р зүйлийн 156.2 дахь хэсэгт ”Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг, улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд гэрээнд талуудын нэр, оршин суугаа газар, барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээ, үүргийг хангах хугацаа, барьцааны зүйл, түүний байгаа газар, үнийг заана” гэжээ. Анхан шатны шүүх нь барьцааны гэрээний талуудыг “Е” ХХК, Р.А гэж тодорхойлсон бөгөөд гэрээний оролцогч биш гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 156-р зүйлийн 156.2-т заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн. Тухайн итгэмжлэл, барьцааны гэрээн дээр зурсан гарын үсэг нь хуурамч байсан гэдгийг үндэслэх хэсгийнхээ 4.2-т дүгнэсэн атлаа тухайн итгэмжлэл барьцааны гэрээ нь хүчин төгөлдөр байсан Иргэний хуулийн дээрх шаардлагад нийцсэн гэж дүгнэж буй нь огт үндэслэлгүй дүгнэлт болжээ. “Ж” ХХК-ийн захирал Р.О нь тухайн итгэмжлэл хуурамчаар үйлдэгдсэн мөн зээлийн гэрээний барьцаанд тавьж байгааг огтоос мэдээгүй бөгөөд мэдэх боломж байгаа бөгөөд хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдэх үеэс мэдэж өөрийн зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шүүхийн байгууллагад хандаж эрхээ сэргээлгэхээр явж байна. Өмчийн эзэнд мэдэгдэхгүйгээр хуурамч бичиг баримт бүрдүүлэн түүнийгээ үндэслэн зээл аваад түүнийгээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлээд явахад эрх нь зөрчигдсөн иргэн хохироод үлдэх хуулийн практик тогтохоор байгааг Улсын Дээд шүүх анхаарч үзнэ үү. Иймээс Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.12.21-ний өдрийн 102/ШШ2023/00007 шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023.02.27-ны өдрийн 210/МА2023/00416 магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

5. Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн 2023.04.13-ны өдрийн хуралдааны 001/ШХТ/2023/00389 тогтоолоор нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Уийн хяналтын журмаар гаргасан гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-т заасан үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна.

ХЯНАВАЛ:

6.  Нэхэмжлэгч “Ж” ХХК нь хариуцагч “Е” ББСБ ХХК-д холбогдуулан 2016.07.08-ны өдрийн 17 тоот барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

7. Анхан шатны шүүх “...“Е” ББСБ ХХК-ийг барьцааны гэрээ байгуулахдаа зохих этгээдийн зөвшөөрлийг аваагүй гэм буруутай, уг зөвшөөрлийг хүчингүй гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэлд хамаарахгүй” гэж дүгнэн “Ж” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

8. Давж заалдах шатны шүүх ”... Р.А нь Ж ХХК, захирал Р.О-ны гарын үсгийг хуурамчаар зурж, хуурамч итгэмжлэл үйлдсэн гэх асуудалд “Е” ББСБ ХХК-ийг буруутгах үндэслэлгүй, уг асуудалд хамааралгүй байна. Иргэний хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 69.2 дахь хэсэгт тус тус зааснаар дур мэдэн хэлцэл хийсэн Р.А нь хэлцлээр хүлээсэн үүргийг хэлцлийн нөгөө тал “Е” ББСБ ХХК-ийн шаардлагаар биелүүлэх, нөгөө тал “Ж” ХХК-д учирсан гэм хорыг арилгах үүрэгтэй тул нэхэмжлэгч “Ж” ХХК нь хохирлоо буруутай этгээд Р.Аээс шаардахад энэ магадлал саад болохгүй” гэж дүгнэн, шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч талын гомдлыг хангахгүй орхижээ.

9. Нэхэмжлэгч нь “...Р.А нь “Ж” ХХК-ийн дүрэм, “Ж” ХХК-аас үл хөдлөх эд хөрөнгө барьцаалах эрх олгосон итгэмжлэлийг хуурамчаар үйлдэн “Е” ХХК-ийн барьцаанд тавьж зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, 50,000,000 төгрөг авсан. Итгэмжлэл болон барьцааны гэрээ, барьцаалбарт “Ж” ХХК-ийн захирал Р.Оюуны гарын үсгийг хуурамчаар зурсан нь баримтуудаар тогтоогдсон. “Ж” ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалах эрхийг хувьцаа эзэмшигчдийн хурлаар олгох ба энэ эрхийг хувьцаа эзэмшигчдийн хурал болон захирлын хэн ч олгоогүй болох нь тогтоогдсон. Иймд дээрх барьцааны гэрээг зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэл” гэж шаардлагынхаа үндэслэлийг тайлбарласан.  

10.  Хариуцагч нь “... ... Р.Атэй хуулийн дагуу зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, 50,000,000 төгрөгийн зээл олгосон боловч үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэл гаргаснаар зээлдэгч нь зээлийн төлбөрийг төлөх, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангахыг тус тус зөвшөөрч, төлбөр төлөх хугацааг тохирсны дагуу шүүгчийн захирамжаар зохигчийн эвлэрлийг баталсан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдэж байх үед “Ж” ХХК нь залилуулсан гэж гомдол гаргаж, Р.Ат эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татуулсан боловч иргэний журмаар нэхэмжлэл гаргана гэснээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Иймд итгэмжлэл болон барьцааны гэрээнд “Ж” ХХК-ийн захирал Р.О-ны гарын үсгийг хуурамчаар зурсан нь эрүүгийн хэргийн баримтуудаар тогтоогдохгүй болсон. Тухайн баримтуудыг хөдөлбөргүй үнэн гэдгийг эрх бүхий байгууллагын шийдвэрээр тогтоогоогүй, ... гэрээг “Ж” ХХК-ийн эрх олгосон зөвшөөрөл, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, компанийн дүрэм зэргийг үндэслэн Р.Атэй байгуулсан ба Р.О-тай гэрээ байгуулаагүй. Мөн Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэж татгалзлын үндэслэлээ тайлбарлан маргажээ.  

11.  Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд 2016.07.08-ны өдрийн зээлийн гэрээгээр “Е” ББСБ ХХК-аас Р.А нь 50,000,000 төгрөгийг 2 жилийн хугацаатай сарын 3.9 хувийн хүүтэй зээлэх, “Ж” ХХК-ийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан гэрээг байгуулж, нотариатчаар гэрчлүүлж, улсын бүртгэлд бүртгүүлсэн байна.  

12. Зээлдэгч Р.А нь гэрээний үүргээ биелүүлээгүйгээс “Е” ББСБ ХХК шүүхэд нэхэмжлэл гаргаснаар Р.А  нь 64,715,557 төгрөг төлөх, үүргийг барьцаа хөрөнгөөр хангахыг хүлээн зөвшөөрч, талууд мөнгөн төлбөрийн үүргийг биелүүлэх хугацааг тохирч, эвлэрсэн байх ба Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017.03.30-ны өдрийн 102/ШШ2017/00884 дугаар захирамжаар зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосноор барьцаа хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдэж эхэлсэн боловч одоог хүртэл зээлийн гэрээний үүрэг биелэгдээгүй байна.  

13. “... захирал Р.О-ны гарын үсгийг хуурамчаар зурсан, мөн компанийн гишүүдийн тоог 2 болгон засвар оруулан өөрчилж өөрийн нэрийг хууль бусаар оруулсан” гэж  “Ж” ХХК-ийн гомдол гаргасны дагуу 2018.01.28-ны өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээж шалгах явцад “... итгэмжлэл, барьцааны гэрээ, барьцаалбарт зурагдсан гарын үсгүүд Р.О-ны гарын үсэг мөн эсэх”-ийг тогтоохоор Шүүхийн шинжилгээний хүрээлэнг шинжээчээр томилсон ба гарын үсгүүд нь Р.О-ны гарын үсэг биш, дуурайлган зурсан гэсэн дүгнэлт гарсны дагуу Баянзүрх дүүргийн Прокурорын газрын прокурорын 2018.06.22-ны өдрийн 1806009601212 дугаар тогтоолоор Р.Аийг ... ерөнхий захирал Р.О-ны гарын үсгийг хуурамчаар үйлдэн  банк бус санхүүгийн байгууллагад 50,000,000 төгрөгийн барьцаанд тавьж зээл авч бусдыг залилсан гэмт хэргийг үйлдсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан ...”, ... хохирогч Л.Б нь “Ж” компанийн зүгээс иргэний журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан, хохирогч П.Г “Е”т ББСБ-ын зүгээс барьцаа хөрөнгөөс хохирол гаргуулах санал тус тус гаргасан,  ... иймд хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна” гэж прокурор дүгнэн, Р.Ат холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.

14. “Ж” ХХК-аас 2016.07.05-ны өдөр Р.Ат олгосон итгэмжлэлийг үндэслэн маргааны зүйл болж буй үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан гэрээг байгуулсан талаар талууд маргаагүй харин Р.Аийн хариуцагч “Е” ББСБ ХХК-ийн ипотек хүчин төгөлдөр эсэх тухай маргажээ.

15. Энэ маргаан 2021.09.17-ны өдөр Р.А нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хариуцагч “Е” ХХК-д холбогдуулан 2016.07.08-ны өдрийн 17 тоот зээлийн гэрээ, барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргаснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа эхэлсэн байх бөгөөд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022.01.19-ний өдрийн 125 дугаар магадлалаар хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасны дараа 2022.08.16-ны өдөр “Ж” ХХК нь нэхэмжлэгчээр оролцсон.

16. “Ж” ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгийг зээлийн барьцаанд тавихдаа итгэмжлэл, барьцааны гэрээ, барьцаалбарт компанийн захирал Р.О-ны гарын үсгийг дуурайлган зурсан Р.А нь анх нэхэмжлэл гаргасан, түүнчлэн Р.Ат холбогдох эрүүгийн хэрэг шалгагдах явцад “Ж” ХХК нь хэргийг “... иргэний журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан”,  гэрч Д.Аын “... Р.Аийн эгч Р.О-ны оронд хариуцагч хуулийн этгээдийн албан байр болон нотариат дээр Р.Аийн гуйлтаар түүнтэй хамт очсон ...” тухай мэдүүлэг, Р.А нь зээлийн болон барьцааны гэрээг байгуулахдаа компанийн гэрчилгээ, дүрэм зэрэг баримтыг нь эх хувиар нь авч очсон, тэрээр захирал Р.О-ны төрсөн дүү болох нь хэрэгт авагдсан баримт, зохигчийн тайлбараар тогтоогдож байх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон хоёр шатны шүүхийн шийдэл Иргэний хуулийн 65 дугаар 65.1-т заасныг зөрчөөгүй байна.

17. Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийсэн боловч Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг оновчтой хэрэглээгүй байгааг хяналтын шатны шүүхээс залруулах боломжтой гэж үзлээ.

Хариуцагч “Е” ХХК-ийн барьцаанд байгаа “Ж” ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлүүлэх нь нэхэмжлэлийн шаардлагын зорилго байх бөгөөд энэ тохиолдолд хариуцагчийн барьцааны эрхийг шударгаар олж авсан эсэх нь хууль зүйн дүгнэлт хийхэд гол ач холбогдолтой буюу хэргийн баримтаар  “Е” ХХК-ийг Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.6-д зааснаар шударга эзэмшигч гэж дүгнэж, шийдвэр, магадлалд хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 102/ШШ2023/00007 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 210/МА2023/00416 дугаар магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг  “Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.4-д заасныг баримтлан  “Е” ББСБ ХХК, Р.А нарын хооронд 2016 оны 07 сарын 08-ны өдөр байгуулсан 17 дугаартай барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох тухай нэхэмжлэгч “Ж” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж тус тус өөрчлөн, шийдвэр магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.У-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     Н.БАЯРМАА  

           ШҮҮГЧИД                                      М.БАТСУУРЬ      

        П.ЗОЛЗАЯА

                                                                                           Д.ЦОЛМОН                                                                                   

        Х.ЭРДЭНЭСУВД