Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 35

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс:  180/2017/0035/Э                   

Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг  шүүгч Л.Уянга даргалж тус шүүхийн “А” танхимд  хаалттай хийсэн хуралдаанд

Шүүх хуралдаанаар:

Нарийн бичгийн дарга                   Н.Болор-Уянга,

Улсын яллагч                                   Ц.Цэен-Ойдов,

Насанд хүрээгүй шүүгдэгч

нарын  өмгөөлөгч                           Д.Гангантөгс,

Насанд хүрээгүй шүүгдэгч

Нарын хууль ёсны төлөөлөгч      Л.Сүхбаатар, Д.Баярбаясгалан,

Насанд хүрээгүй шүүгдэгч            Э.Дашням, С.Мөнх-Очир нарыг оролцуулан

 

Тус аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Жонон овогт Сүхбаатарын Мөнх-Очир, Жонон овогт Энхбаярын Дашням нарт холбогдох эрүүгийн 201623000328 дугаартай хэргийг 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хүлээн хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын  биеийн байцаалт

 1. Монгол улсын иргэн, эрэгтэй, яс үндэс халх, 2001 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд төрсөн, 15 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын ерөнхий боловсролын сургуулийн 10А ангийн сурагч, ам бүл 3, аав, ээжийн хамт Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 1-р баг Навчтай гэх газар оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэх Жонон овогт Сүхбаатарын Мөнх-Очир /РД:СР01300211/,

2. Монгол улсын иргэн, эрэгтэй, яс үндэс халх, 2002 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд төрсөн, 15 настай, бага  боловсролтой, мэргэжилгүй, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын ерөнхий боловсролын сургуулийн 8А ангийн сурагч, ам бүл 5, ээж эгч, ахын хамт Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 1-р баг “Асгатын ам” гэх газар оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэх Жонон овогт Энхбаярын Дашням  /РД:СР02311415/,

            Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар: (Яллах дүгнэлтэнд дурдсанаар)          

 Яллагдагч С.Мөнх-Очир, Э.Дашням нар бүлэглэн давтан үйлдлээр 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын төвд иргэн А.Дунгармаагийн байшинд хууль бусаар нэвтрэн орж Sumsung Glaxy 2 маркийн гар утас болон хүнсний эд зүйлс хулгайлж 219900 төгрөгийн хохирол учруулсан, 2016 оны 11 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын нутагт “Баяндэлгэр” хүнсний дэлгүүрт хууль бусаар нэвтрэн орж хүнсний эд зүйлс хулгайлж иргэн З.Энхтуяад 480350 төгрөгийн хохирол учруулсан, 2016 оны 11 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын “Наран” хүнсний дэлгүүрт хууль бусаар нэвтрэн орж хүнсний эд зүйлс хулгайлж иргэн Ц.Нэргүйд  278550 төгрөгийн хохирол учруулсан, 2016 оны 11 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын нутагт байрлах “Бадрах” хүнсний дэлгүүрт хууль бусаар нэвтрэн орж хүнсний эд зүйлс хулгайлж иргэн Ц.Цэвэлмаад 456200 төгрөгийн нийт 1435000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүх шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг судлав. Үүнд:

            Хохирогч А.Дунгармаагийн мөрдөн байцаалтанд өгсөн “...Би 2016 оны 11 сарын 15-ны өдөр өглөө гэрээ цоожлоод ажилдаа явсан. Тэгээд өдөр 10 цаг 30 минутын орчим гэрийн гадаа цонхон доор гутлын мөр байсан. Миний эзэмшлийн Sumsung grand 2 маркийн гар утсаа хайгаад олоогүй мөн ууттай чихэр, шоколад байсан бүгд байхгүй байсан. Би гар утсаа шинээр нь авахдаа 280.000 төгрөгөөр авсан ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 59-60 тал/,  

            Хохирогч Ц.Нэргүйн мөрдөн байцаалтанд өгсөн “... 2016 оны 11 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө дэлгүүрийн цонхыг онгойлгож дэлгүүр дотор ороод дэлгүүрээс эд зүйлс алга болсон байсан. Тэгээд бараагаа бүртгэж үзсэн. Би алдсан эд зүйлсээ нэхэмжилнэ ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31 тал/,

            Хохирогч Б.Цэвэлмаагийн мөрдөн байцаалтанд өгсөн “... 2016 оны 11 сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Хангалын 13-12 тоот хашаанд байх “Бадрах” нэртэй манай хүнсний дэлгүүрийн Цонхны гадна талын хамгаалалт төмөрийг нь нэг талаас нь хөрөөдөж нэг талыг нь хугалан эвдэж хулгай орсон байсан ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 50-52 тал/,

Хохирогч Ц.Энхтуяагийн мөрдөн байцаалтанд өгсөн “ ... 2016 оны 11 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнө манай “Буяндэлгэр” хүнсний дэлгүүрийн цонхыг эвдээд, порчикоор нь хулгай орсон байсан. Алдагдсан эд зүйлсээ сумын үнэлгээгээр үнэлүүлнэ ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 54-56 тал/,

Гэрчээр О.Загдцэсэмийн мөрдөн байцаалтанд өгсөн “...Би 2016 оны 11 дүгээр сарын 17-ны орой 21 цаг өнгөрч байх үед дэлгүүрээ хаагаад явсан. Цонхны гадны талын сараалжин төмөр зүгээр байсан. Тэгээд гэртээ хариад өглөө 09 цаг гэхэд ажилдаа очсон. Тэгээд хаалга онгойлгосон гэсэн чинь дардаг чулуу байхгүй, цонхны хүрээ мод газар унсан мөн хамгаалалт төмөр нь эвдэрсэн байсан. Тэгээд хулгай орсон байна гэдгийг мэдээд Дэлгүүрийн эзэн Наранцэцэг гэх хүнд утсаар хэлсэн. Манай дэлгүүр “Баяндэлгэр” нэртэй хүнсний дэлгүүр юм...гэх мэдүүлэг /хх-ийн 61-64 тал/

Гэрч Ц.Алтанчимэгийн мөрдөн байцаалтанд өгсөн “... Тэр өглөө гэртээ байж байсан чинь хүнсний дэлгүүрийн худалдагч О.Загдцэсэм утсаар намайг дуудаж хулгай орсон байна гэдгийг хэлсэн... гэсэн мэдүүлэг /хх-ийн 65-66 тал/

  Насанд хүрээгүй шүүгдэгч С.Мөнх-Очирын мөрдөн байцаалтанд өгсөн “... 2016 оны 11 сарын 15-ны өглөө 09 цаг өнгөрч байхад Өмнөдэлгэр сумын төвд байдаг гэртээ байхад манай хамаатны Дашням гэдэг хүүхэд хоёулаа Дунгар эгчийнх рүү явчихаад ирье гэхээр нь хувцасаа өмсөөд хамт явсан. Тэнд очоод Дашням Дунгар эгч байна уу харчих гэхээр нь би цонхоор харахад байхгүй байхаар нь байхгүй байна гэхэд Дашням зөрөөд цонхон дээр очсон. Дашням мөрөөрөө түлхээд цонхыг онгойлгосноо намайг хүн харж бай гэсэн. Тэгэхээр нь би хашааны хаалганы үүдэнд очоод хүн харж зогссон. Хэсэг хугацааны дараа Дашням намайг дуудахаар нь Дунгар эгчийн байшин руу ороход гар утас барьчихсан сууж байсан. Тэгээд бид хоёр цонхоор гараад явсан. 2016 оны 11 сарын 17-ны орой гэртээ хоол хийгээд байж байтал Үнэнхүү, Энххүслэн нар манайд ирсэн. Тэгтэл Дашням, Үнэнхүүд Баяндэлгэр хүнсний дэлгүүр рүү хулгай хийхээр явья гэж хэлсэн. Тэгээд шөнө унтаж байхад 02 цагийн үед Дашням явья гээд биднийг сэрээсэн. Би явахгүй гэсэн чинь дагаад яв хүн хараад байж бай гэсэн. Тэгээд цуг явцгаасан. Очоод Баяндэлгэр хүнсний дэлгүүрийн цонхыг Дашням төмрөөр хөшиж онгойлгоод өөрөө түрүүлж ороод, түүний араас Үнэнхүү, Энххүслэн орсон.  Дараа би араас нь цонхоор дэлгүүр рүү орж, одоо болье гэж хэлэхэд  Дашням чимээгүй байж бай, гэрэл гаргаж болохгүй шүү гэж хэлсэн. Тэгээд тэд нар юмаа цүнхэнд хийж дуусгаад цонхоор гадагшаа гэр рүү харьсан. ...2016 оны 11 сарын 18-ны шөнө 00 цаг болж байхад Дашням намайг сэрээгээд Нэргүй эгчийн Наран дэлгүүр рүү явья гэсэн. Тэгээд бид хоёр явсан. Явж очоод Дашням Наран дэлгүүрийн цонхыг гараараа онгойлгох үед одоо больё нохой хуцаад байна хүн гараад ирнэ гэж хэлэхэд Дашням чимээ гаргахгүй байхад болно гэсэн. Тэгээд Дашням цонх онгойлгож эхэлж ороод араас би орсон. Дашням намайг хүн харж бай гэсэн. Авсан эд зүйлээ цонхоор дамжуулж өгөөд гарч ирээд цонхыг хаагаад бид хоёр манай гэр рүү харьсан. 2016 оны 11 сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Дашням намайг дагуулаад явсан. Дашням “Бадрах” хүнсний дэлгүүрийн цонхыг төмрөөр хөшиж онгойлгох үед нохой хуцаад байхаар нь би хүн гараад ирнэ болье гэхэд Дашням чимээ гаргахгүй  байвал болно гэсэн. Дашням өөрөө түрүүлж орсон. Би гадаа хүн хараад байж байсан. Дашням намайг дуудахаар нь би араас нь дэлгүүрийн цонхоор орсон. Ороход Дашням хүсний эд зүйлс аваад цүнх рүүгээ хийж байсан ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 118-119 тал/,

  Насанд хүрээгүй шүүгдэгч Э.Дашнямын мөрдөн байцаалтанд  болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “... 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өглөө Мөнх-Очирт Дунгар эгчийнх рүү явъя гээд дагуулаад хамт явсан. Тэнд очоод Дунгар эгч байна уу гээд Мөнх-Очирыг байшингийх нь цонхоор харуулахад байхгүй байна гэсэн. Би цонхыг мөрөөрөө түлхээд онгойлгоод Мөнх-Очирыг хүн харж бай гэсэн. Би Дунгар эгчийн байшин руу ороод хойд талын диван дээр нь байсан Sumsung маркийн гар утсыг авсан. Мөнх-Очир орж ирээд юун гар утас юм бэ гэхээр нь Дунгар эгчийн гар утас авчихъя гэж би хэлсэн. Мөнх-Очир яах юм бэ хамаатны эгч болъё гэж хэлсэн. Би авна гээд авсан. Бид 2 цонхоор гараад гэр рүүгээ явсан. Дараа нь 2016 оны 11 дүгээр сарын 17-ны орой гэртээ байхад Үнэнхүү, Энххүслэн нар ирсэн. Би Үнэнхүүд “Баяндэлгэр” дэлгүүрээс хулгай хийх талаар хэлсэн. Бид манайд хоол идээд унтацгаасан. Шөнө 2 цагт би тэднийг сэрээсэн. Мөнх-Очир явахгүй гэхээр нь чи дагж яваад хүн хар гэж хэлсэн. Би “Баяндэлгэр” хүнсний дэлгүүрийн цонхыг төмрөөр хөшиж онгойлгоод орсон. Араас Үнэнхүү, Энххүслэн нар орсон. Мөнх-Очир орж ирээд одоо болъё гэхээр нь чимээгүй байж бай, гэрэл гаргаж болохгүй шүү гэж хэлсэн. Бид нар тэгээд юм аваад цүнхэнд хийгээд цонхоор гараад явсан. Мөнр-Очирынд очоод авсан хүнсний эд зүйлээ Үнэнхүү бид 2 хуваасан. Боов, чихэр авсан байсан. Дараа нь 2016 оны 11 дүгээр сарын 18-ны орой 00 цаг өнгөрч байхад би Мөнх-Очирыг сэрээгээд Нэргүй эгчийн “Наран” дэлгүүр рүү явсан. Би дэлгүүрийн цонхыг гараараа онгойлгох үед Мөнх-Очир болъё, нохой хуцаад байна. Хүн гараад ирнэ гэхээр нь би чимээ гаргахгүй байхад болно гэж хэлсэн. Бид дэлгүүрээс хүнсний зүйл авсан. Чихэр, пичень, ундаа, гоймон гэх мэт зүйлс байсан. Маргааш нь авсан эд зүйлээ идэцгээсэн. Дараа нь 2016 оны 11 дүгээр сарын 19-с 20-нд шилжих шөнө би Мөнх-Очирыг Цэвэлмаа эгчийн дэлгүүр лүү явъя гэхэд явахгүй гэхээр нь дуугай дагаад яв, хүн харж бай гэсэн. Би “Бадрах” хүнсний дэлгүүрийн цонхыг төмрөөр хөшиж онгойлгоод орсон. Би дэлгүүрээс хүнсний эд зүйл авсан. Маргааш нь авсан эд зүйлээ идэцгээсэн. Түүнээс хойш 7 хоногийн дараа хэсгийн төлөөлөгчид баригдсан. Би хулгай хийхийг санаачилсан нь үнэн. Дахиж ийм хэрэг хийхгүй их гэмшиж байна гэсэн мэдүүлэг, /хх-ийн 121-122 тал/

Эд  зүйл түр хурааж авсан тухай тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 19-22 тал/,

Эд зүйлийн үнэлгээ /алдагдсан эд зүйлийг үнэлсэн үнэлгээ /хх-ийн 28, 33-34тал/,

Шүүгдэгч нарын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн  181-182  тал/ зэрэг нотлох баримтууд болно.

Шүүх шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтас хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг үнэлээд,  насанд хүрээгүй шүүгдэгч С.Мөнх-Очир, Э.Дашням нар нь бүлэглэн, давтан үйлдлээр буюу 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын төвд иргэн А.Дунгармаагийн байшинд хууль бусаар нэвтрэн орж Sumsung Glaxy 2 маркийн гар утас болон хүнсний эд зүйлс хулгайлж 219.900 төгрөгийн хохирол учруулсан, 2016 оны 11 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын нутагт “Баяндэлгэр” хүнсний дэлгүүрт хууль бусаар нэвтрэн орж хүнсний эд зүйлс хулгайлж иргэн З.Энхтуяад 480.350 төгрөгийн хохирол учруулсан, 2016 оны 11 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын “Наран” хүнсний дэлгүүрт хууль бусаар нэвтрэн орж хүнсний эд зүйлс хулгайлж иргэн Ц.Нэргүйд  278550 төгрөгийн хохирол учруулсан, 2016 оны 11 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын нутагт байрлах “Бадрах” хүнсний дэлгүүрт хууль бусаар нэвтрэн орж хүнсний эд зүйлс хулгайлж иргэн Ц.Цэвэлмаад 456.200 төгрөгийн нийт 1.435.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэгүүд болон насанд хүрээгүй шүүгдэгч нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр давхар нотлогдож байна гэж шүүх дүгнэв.

Иймээс шүүх насанд хүрээгүй шүүгдэгч С.Мөнх-Очир, Э.Дашням нарыг бүлэглэж, давтан үйлдлээр, орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан ял шийтгэлийг халдаах үндэслэлтэй байна.

Хохирогч  нар нь хулгайд алдсан эд зүйлээ буцааж авсан бөгөөд насанд хүрээгүй шүүгдэгч нараас нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн байх тул шүүх насанд шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүх насанд хүрээгүй шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа  анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлсөн,  үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн зэрэг нөхцөл байдлуудыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болгон харгалзав.

Шүүгдэгч С.Мөнх-Очир, Э.Дашням нар нь насанд хүрээгүй ба хувьд оногдох эд хөрөнгөгүй байх тул шүүх тэдгээрт эд хөрөнгө хураах нэмэгдэл ялыг хэрэглэх шаардлагагүй гэж үзлээ.   

Шүүх хуралдаанд насанд хүрээгүй шүүгдэгч нарын хууль ёсны төлөөлөгч Л.Сүхбаатар, Д.Баярбаясгалан нар нь насанд хүрээгүй шүүгдэгч нарыг хараа хяналтандаа байлгаж хүмүүжүүлэх үүргийг гүйцэтгэхийг зөвшөөрсөн байна.

Насанд хүрээгүй шүүгдэгч нар нь шүүх хуралдаанд нэг өмгөөлөгчтэй оролцсон бөгөөд шүүгдэгч Э.Дашням нь гэмт хэрэг хийхийг санаачилсан гэдгээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн тул шүүх шүүгдэгч нарыг эсрэг сонирхолгүй нэг өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцсон нь хуульд харшлаагүй гэж үзэв.

 Шүүх насанд хүрээгүй шүүгдэгч С.Мөнх-Очир, Э.Дашням нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, тэдгээрийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан тэдгээрийг нийгмээс тусгаарлахгүйгээр хүмүүжүүлэх боломжтой гэж үзэн хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах нь зүйтэй гэж үзлээ.  

Монгол Улсын Эрүүгийн Байцаан шийтгэх хуулийн 283, 284, 290 дүгээр зүйлийн 290.3, 297, 298, 374, 377 дугаар зүйлүүдэд  заасныг удирдлага болгон      

ТОГТООХ НЬ:

1. Насанд хүрээгүй шүүгдэгч Жонон овогт Сүхбаатарын Мөнх-Очир, Жонон овогт Энхбаярын Дашням нарыг бүлэглэж, давтан үйлдлээр, орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Мөнх-Очирыг эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жил, 01 /нэг/ сарын хорих ялаар, шүүгдэгч  Э.Дашнямыг эд хөрөнгө хураахгүйгээр 02 /хоёр/ жил 02 /хоёр/ сарын хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.2-д зааснаар насанд хүрээгүй шүүгдэгч С.Мөнх-Очир, Э.Дашням нарт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, тэдгээрийн биеийн байцаалттай холбоотой баримт бичиг шүүхэд ирээгүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүйг тус тус дурдсугай.  

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1, 62.2 дахь хэсэгт зааснаар насанд хүрээгүй шүүгдэгч С.Мөнх-Очир, Э.Дашням нарт хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 01 жилийн хугацаагаар хойшлуулж, насанд хүрээгүй шүүгдэгч нарыг хараа хяналтандаа байлгаж, тэдгээрийн засрал хүмүүжүүлд дөхөм үзүүлэх үүргийг хууль ёсны төлөөлөгч Л.Сүхбаатар, Д.Баярбаясгалан нарт хариуцуулсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан этгээд тогтоосон хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлж болохыг дурдсугай. 

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл  бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч С.Мөнх-Очир, Э.Дашням авсан батлан даалтын таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.          

 

 

                      

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Л.УЯНГА