| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 102/2021/00806/И |
| Дугаар | 102/ШШ2021/00791 |
| Огноо | 2021-03-25 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 03 сарын 25 өдөр
Дугаар 102/ШШ2021/00791
| 2021 оны 03 сарын 25 өдөр | Дугаар 102/ШШ2021/00791 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүргийн 31-р хороо, Б овогт Д-ын Д-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүргийн 22-р хороо, Ж зурхайч овогт Ц-ийн О-т холбогдох гэрлэлт цуцлуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Д, хариуцагч Ц.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болд-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Д шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Ц.О-тай 2013 оны 01-р сард танилцаж хамт амьдарсан. Танилцахаасаа өмнө би 1 хүүтэй байсан. Гэрлэлтээ 2016 оны 2-р сарын 19-ний өдөр батлуулсан. 2014 оны 11-р сарын 16-ны өдөр хүү О.Б төрсөн. Нөхөр архи уудаг байсан, бид хоёр зан харилцааны хувьд таарамжгүй, намайг хүндэлдэггүй, зоддог болсон. Миний хувьд ажлынхантайгаа гадуур орж гарч хааяа архи уудаг. Үүнийг ойлгодоггүй. Ц.О нь маш их архи уудаг байж байгаад архинаас гараад 3 жил болж байна. Нэгэнт зан харьцаа таарахгүй тул гэрлэлтээ цуцлуулахыг хүсч байна. Нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.
Хариуцагч Ц.О болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид 2013 онд танилцаад гэр бүл болсон. 2014 онд бага хүү маань төрсөн. 2 хүүхэд миний хүүхэд биш боловч би их дассан байна. Би архи уудаг байсан, сүүлийн 3 жил уухаа больсон. Энэ хугацаанд эхнэр архи уугаад гэртээ хонохгүй, заримдаа шөнө, үүрээр орж ирдэг болсон. Би кодлуулсан тул хажууд маань архи ууж болохгүй гэдгийг эмч хэлсэн. Би хөдөө ажилтай, хааяа сэтгэлээр унаад архи уух болсон. Өмнө нь архи уусны дараа юу хийснээ санадаг байсан, одоо юу ч санахгүй болсон. Эхнэр 2 удаа салах өргөдөл шүүхэд өгч байсан ч би зөвшөөрөөгүй. Одоо гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Д нь Ц.О-т холбогдох гэрлэлт цуцлуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Ц.О, Д.Д нар нь 2013 оноос хамт амьдарч байгаад 2016 оны 2-р сарын 19-нд гэрлэлтээ бүртгүүлжээ.
Гэр бүлийн тухай хуулинд зааснаар гэрлэгчид нь бие биедээ үнэнч байх, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, гэр бүлийн гишүүд нь бие биеэ халамжлах, хүндэтгэх, тэжээн тэтгэх, гэр бүлд шаардагдах эдийн засгийн нөхцөлийг бүрдүүлэх, хэн нэгнийхээ эрхийг зөрчихгүй, бие биеэ аливаа хэлбэрээр хүчирхийлэхгүй байх үүрэгтэй байна.
Харин гэрлэгчид хамт амьдрах хугацаанд нөхөр, эхнэр аль аль нь архи уудаг, нөхөр Ц.О нь хүчирхийлэл үйлддэг, хоорондын зан харьцааны таарамжгүй байдлын улмаас хэн аль нь цаашид хамт амьдрах боломжгүй гэж үзэж гэрлэлтээ цуцлуулахыг хүссэн байх тул эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлах нь зүйтэй.
Ц.О нь хүү О-ын Б, О-ын Б нарын биологийн эцэг нь биш боловч хүүхдүүд түүгээр овоглож төрсний гэрчилгээ авчээ.
Талууд гэрлэлтээ цуцлуулахдаа хүүхдийн асрамжийн талаар маргаагүй бөгөөд насанд хүрээгүй хүү О.Ба-ийг эхийнх нь асрамжинд үлдээж шийдвэрлэлээ.
Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5-р зүйлийн 5.3, Гэр бүлийн тухай хуулийн 26-р зүйлд зааснаар эцэг, эх нь гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд эцэг эхийн үүрэг хэвээр үлдэж хүүхэд тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх, хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх, хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглоно.
Талуудын хооронд эд хөрөнгийн маргаангүй, эвлэрүүлэн зуучлах ажиллагааг 2020 оны 5-р сарын 27-ны өдөр дуусгавар болгосон байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1 , 116, 118, 132-р зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14-р зүйлийн 14.1, 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан Ц-ийн О, Д-ын Д нарын гэрлэлтийг цуцалж, 2014 оны 11-р сарын 06-нд төрсөн хүү О.Б-ийг эх Д.Д-ийн асрамжинд үлдээсүгэй.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагч Ц.О-аас 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
Шийдвэрийг зохигч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА